| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 197/2026/0032/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/39 |
| Огноо | 2025-12-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.М |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Н.М*******г,
шүүгдэгч С.Ч******в нарыг оролцуулан тус шүүхийн “5” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ********* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2509 0066 41911 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Б*******н овогт С*******ын Ч*******в, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ****оны * дугаар сарын **-ний өдөр төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, хүү нарын хамт ******* дүүргийн **дугаар хороо, *** дугаар хороолол, ***дугаар байрны ** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар У**********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ч*******в нь фэйсбүүк цахим орчинд тоглоомын хэрэгсэл зарна” гэж зар оруулсны дагуу худалдан авалт хийдэг харилцагч болох Д.Ч*******ээс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ********* дүүргийн ** дугаар хороо *** дугаар байранд гэртээ байхдаа тоглоом худалдан авахаар Хаан банкны дугаарын данснаас 7.040.000 төгрөг шилжүүлснийг хаан банкны 5*********3 дугаарын дансаар өөртөө шилжүүлж авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдад багаас дээж хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Хохирогч Д.Ч******* нь шүүгдэгч С.Ч*******втай урьд өмнө цахимаар харилцан худалдан авалт хийдэг байсан байна. Улмаар С.Ч*******вын олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт “тоглоомын хэрэгсэл зарна” гэж зар оруулсны дагуу Д.Ч******* нь худалдан авалт хийхээр болж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ********* дүүргийн ** дугаар хороо ** байрны ** тоот гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5*******3 дугаарын данснаас шүүгдэгчийн “ХААН” банкны 5********4 дугаарын данс руу 7.040.000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл шүүгдэгч С.Ч*******в нь өөрт байхгүй эд хөрөнгийг хохирогч Д.Ч*******д худалдахаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 7.040.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Д.Ч*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч******* гэх хүнээс фейсбүүкээр харилцан юм хум худалдаж авдаг наймаа хийдэг таньдаг хүн байсан. Би гэхдээ харж байгаагүй царайг нь хараад мэдэхгүй байна тэгээд энэ удаад би тоглоомын хэрэгсэл худалдаж авах гээд тухайн хүнтэй харилцаж байгаад найзаас нь тухайн тоглоомын хэрэгслийг худалдаж авахаар болоод дансыг авсан чинь Ч******* нь надад өөрийнхөө дансыг өгчихсөн тэгээд би тухайн данс руу нь мөнгийг хийгээд эргээд мөнгө орсон уу гэж асуусан тэгэхэд мөнгө нь орсон байна гэж хэлээд намайг блок хийгээд алга болсон мөн фейсбүүк устгасан байсан. Би өөр аккаунтаар орж хайхад гарч ирээгүй. ..би тухайн хүний талаар мэдээлэл байхгүй ойролцоогоор үе эсвэл 25-26 настай хүн байх. Уулзаж байгаагүй өмнө зүгээр интернэтээр харилцан юм худалдаж авч өгдөг байсан л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- Шүүгдэгч С******* овогт Ч*******вын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд: “...2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр...орлого 7.040.000 төгрөг...гүйлгээний утга... Ч*******ээс гэх...” гэх дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
- Шүүгдэгч С.Ч*******вын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Фейсбүүк цахим орчноос Chinguun гэх хаягтай хүнээс тоглоомын хэрэгсэл зарна гэж 7.040.000 төгрөгийг авсан бид хоёр өмнө нь наймаа хийдэг байсан. Тоглоом зарах хүн маань алга болсон болохоор би санаа зовоод фейсбүүкээр блок хийсэн. Тухайн үед өөрөө өртэй байсан учраас дээрх мөнгийг өрөндөө өгөөд дуусгасан..би хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ч*******в нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Ч*******в нь шунахайн сэдэлтээр, өөрийн өр төлбөрийг төлж, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хуурч, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.Ч*******выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Ч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 7.040.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч С.Ч*******в нь төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, банкны гүйлгээний баримт (хавтаст хэргийн 44 дэх тал) зэргээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч С.Ч*******в нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Ч*******в нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч С.Ч*******в нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ч*******вт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2509 0066 41911 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******н овогт С*******ын Ч*******выг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч*******выг 600 (зургаан зуу) нэгж буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ч*******вт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч*******в нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ