Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01563

 

Г.Б, М.Т нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01384 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЖЭБК ББСБ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 36 762 088 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖЭБК ББСБ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ0300150227 тоот зээлийн гэрээг М.Т, Г.Б нартай байгуулж, 20 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай олгосон. Ийнхүү олгохдоо жилийн 42 хувийн хүүтэй, 100 000 төгрөгийн зээл олгосны шимтгэлийг урьдчилан суутгах зэрэг илт хохиролтой, хууль зөрчсөн дараах нөхцөлүүдийг тусгасан байна. Үүнд: Нэгдүгээрт, зээлийн гэрээний 3.1.7-д зээл олгосны шимтгэл 100 000 төгрөг гэж заасан бөгөөд үүний дагуу 20 000 000 төгрөгийн зээлийг олгосон даруйдаа 100 000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутган авсан. Энэ нь ББСБ-ын зүгээс үнэндээ 20 000 000 төгрөгийг биш 19 900 000 төгрөгийг олгосонтой утга адил зүйл болсон юм. Зээлдэгч бидний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр нь зээлийн хугацааны туршид ашиглах эрхтэй атал ББСБ-ын зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан байх бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд зааж, зээлээс суутгасан байгаа нь тус хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс зээлийн гэрээний 3.1.7 дахь заалт, 3.2 дахь заалтуудыг тус тус хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, зээлийн гэрээний 3.3-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө гэж тусгасан бөгөөд зээлийн гэрээний хавсралт №1 болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлбөр төлөх хугацаа болсон байхаар тохиролцож тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрөөс тэргүүн ээлжинд төлж эхлэх хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр юм. Энэ өдрөөс эхлэн тухайн өдөр төлөгдөх ёстой үндсэн зээлийн төлбөрийн хувьд төлөх хугацаа нь болсон өр гэж тооцогдох үндэслэл бүрдсэн байгаа юм. Үндсэн зээл болох 20 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 16 хэсэг болгон хэсэгчилж төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байна. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөх хугацаа болсон үндсэн зээлийн өрийг 16 хэсэг болгон хувааж тодорхойлсон болно. Гэтэл тухайн үед төлөгдсөн төлбөрийг зээлийн гэрээний 3.3-д заасны дагуу эхлээд хүүнд суутгасан байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна. Тодруулбал, төлбөр төлөх хугацааг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хэсэгчлэн тодорхойлсон гэрээний нөхцөлийн хувьд тухайн өдрөөс хойш төлсөн төлбөрийг тэргүүн ээлжинд үндсэн зээлд тооцох ёстой болно. Үүнээс өөрөөр тодорхойлсон зээлийн гэрээний 3.3 дахь заалт нь Иргэний хуулийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн байна. Гуравдугаарт, зээлийн гэрээний 4.7-д зээлийн хүүг жилийн 360 хоногоор бодно гэж тусгасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасан бөгөөд энэхүү хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд зээлийн хүүг жилийн 365 хоногоор бодохоор заасан байтал зээлийн гэрээнд 360 хоногоор тооцохоор бодож, 5 хоногийн хүүгийн зөрүүг нэмж тооцон авч байна. Иймээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Дөрөвдүгээрт, зээлийн гэрээний 3.1.5-т зээлийн ерөнхий хугацаа 18 сар гэж заасан байна. Мөн гэрээний 2.1.10-д хугацаа гэдгийг энэхүү гэрээний 3.1.5-д заасан зээл ашиглах хугацааг хэлнэ гэж тодорхойлсон байна. Эндээс үзвэл 18 сарын хугацаанд зээлийг ашиглах эрхтэй байхаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл зээлийн гэрээний 4.1-т талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 ёсоор харилцан тохиролцож, баталгаажуулна гэж, мөн зээлийн гэрээний хавсралт №1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн үндсэн төлбөрийг олгосон өдрөөс хойш 3 сарын дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 16 хувааж төлөхөөр заасан байна. Энэхүү өдрөөс эхлэн зээлдэгч бидний зүгээс зээлийн төлбөрийг төлж эхэлсэн болно. Энэ нь зээлийн ерөнхий хугацааг 18 сар гэж гэрээнд заасан боловч зээлийг 18 сарын хугацааны туршид ашиглах бодит боломжийг зээлдүүлэгч талын зүгээс огт олгоогүйг илтгэж байгаа хэрэг юм. Учир нь 20 000 000 төгрөгийг 18 сарын хугацааны дараа биш 3 сарын хугацааны дараагаас хэсэгчлэн төлж эхэлсэн. Ийнхүү төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох, гэрээг цуцалж зээлээ нэхэмжлэх эрхийн талаар заасан байгаа юм. Энэ нь зээлийн гэрээний хугацааны туршид 20 000 000 төгрөгийг бүтнээр нь ашиглах зээлдэгчийн эрхийг хөндхийн зэрэгцээ 18 сарын хугацаа нь бодит байдал дээр өөрөө дүр үзүүлсэн нөхцөл байгааг илтгэж байгаа хэрэг юм. Үндсэндээ бол 20 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай олгож, зээл төлөгдөх нөхцөлийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Энд 18 сарын хугацаатайгаар зээлийг олгосон гэх нөхцөл байдал огт тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь нэр төдий дүр үзүүлсэн заалт байна. Хэрэв үнэхээр зээлийн хугацаа 18 сар байсан бол энэ хугацааны туршид зээлийг бүхэлд ашиглах эрхтэй байх ёстой юм. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа 18 сар байсан бол хугацаанаас өмнө үндсэн зээлийг төлүүлэхээр зааж байгаа нь буруу юм. Бодит байдал дээр 18 сар биш харин 3 сар байх тул зээл олгосноос хойш 3 сарын дараагаас үндсэн зээлийн төлбөрийг шаардах боломжтой болж байгаа юм. Иймээс зээлийн гэрээний 3.1.5 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд “ЖЭБК ББСБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ0300150227 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7, 3.2, 3.3 дахь заалтууд, 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан шударга ёсны зарчимд харш, нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “ЖЭБК ББСБ” ХХК-иас зээлийн шимтгэлд төлсөн 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч Г.Б, М.Т нарт зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөг шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, тэр нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Тийм учраас зээлийн гэрээний үүрэгт 19 890 000 төгрөг шилжүүлсэн талаар маргахгүй, энэ дүнгээс зээлийн дүнг тооцсон байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу энэ гэрээ байгуулагдсан. “ЖЭБК ББСБ” ХХК-иас хариуцагч нарыг дагуулж ирээд манайхтай гэрээ байгуулж, зээл ав гэж шаардсан юм шиг зүйл ярьж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хэргийн материалд зээлдэгч нарын зээл авах хүсэлт хавсаргагдсан байгаа. Өөрсдөө 18 сарын хугацаатай, 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэлээр энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байна. Хэлцэл болгон гэрээ биш байдаг. 20 000 000 төгрөг зээлдүүлээч гэж хүсэлт гаргачхаад буцаагаад хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийг гэрээг хуульд заасны дагуу бичгээр хийж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж, зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд хэрэгт авагдсан баримтаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б, М.Т нар нь манай байгууллагад хандаж өөрийн эрхэлдэг бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 20 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр олгохоор зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 45 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203001082 дугаартай, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Манай байгууллагын зүгээс эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Г.Б болон хамтран зээлдэгч М.Т нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 18 275 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16 453 080 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 034 007 төгрөг, нийт 36 762 088 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний хугацааг 18 сараар тооцсон байна. Үүнээс үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар харагдаж байна. Гэтэл энэ хугацаанаас өмнө төлсөн төлөлтийг үндсэн зээлд тооцож авах ёстой байтал хүүнд тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн. Ингэхээр зээлийн гэрээний хугацаа 18 сарын хугацаатай гэдэг нь дүр үзүүлсэн хэлцэл байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцохгүй. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Зээлийн гэрээний хугацаа 18 сар байсан юм бол энэ 18 сарын хугацаанд зээлдэгч ямар нэгэн төлбөр нэхэмжлэх эрхгүй, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөх ёстой эсэхийг зөв тооцох нь тусгай мэдлэгт хамаарах асуудал тул шинжээч томилж тогтоолгох шаардлагатай байсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт чухам хэдэн төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа талаар хэлж мэдэхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7, 3.2, 3.3, дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, М.Т нараас 34 252 087 төгрөг гаргуулж хариуцагч “ЖЭБК ББСБ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 510 001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн 2203001082 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 10 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 961 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖЭБК ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б, М.Т нарт, нэхэмжлэгч Г.Б, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 329 210 төгрөг гаргуулж хариуцагч “ЖЭБК ББСБ” ХХК-д, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхээс гардуулсан шийдвэр гэх баримт бичгийг шүүхийн шийдвэр болж баталгаажаагүй. Учир нь шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, шүүхийн тамга тэмдэг дарагдаагүй. Тус баримт нийт 5 хуудас, 10 нүүр байсан бөгөөд эхний нүүрний толгойд “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр" гэсэн цэнхэр өнгийн бичвэр, төрийн сүлдтэй бланк ашигласан байсан ба баруун доод буланд '0010128" гэсэн дугаар бүхий дардас дарагдсан. Хамгийн арын нүүрэнд "даргалагч, шүүгч Б.Мөнхбаяр" гэсэн боловч ямар нэг гарын үсэггүй, тамгагүй байсан. Нэгэнт "шүүхийн шийдвэр" нь шүүгчийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй тул тухайн шийдвэрийн үндэслэлийн талаар маргахад бэрхшээлтэй болж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно." гэж заасан байна. Өөрөөр хэлбэл зээлийн хариу төлбөр нь зээлийн хүү байхаар зохицуулжээ. Зээлийн хариу төлбөрөөс гадна давхар ямар нэгэн үнэ төлбөр төлөх шаардлагагүй. Яагаад гэвэл зээлийн хариу төлбөрт бүхий л зардлыг үнэ өртгийг шингээсэн байх ёстой юм. Иймээс зээлийн үнэ болох хүүнээс гадна шимтгэл гэж авсан байгаа нь хууль бус. Энэ асуудлын хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө" гэж заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн байсан. Гэтэл энэхүү хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгэх хугацаа болсон тохиолдолд хэрэглэнэ гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Гэтэл 3 дах сараас эхлэн үндсэн зээлийн төлбөрийн хугацаа болсон байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг 3 дах сараас эхлэн төлж байхаар гэрээнд заасан байгаа нь тухайн өдрөөс эхлэн хугацаа нь болсон гэж тооцогдох бүрэн үндэслэлтэй болно. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-т "Зээлийн ерөнхий хугацаа 18 сар байна" гэжээ. Гэтэл 3 сарын дараагаас үндсэн зээлээ төлүүлж эхэлсэн. Зээлийг бүхэлд нь 18 сар ашиглах боломжийг огт олгоогүй. 18 сар гэдэг бол бодит байдал дээр 3 сар байсан юм. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэл муутай дүгнэсэн байна. Эргэн төлөлтийн хуваарь тохирч болно. Тэгэхдээ үндсэн зээлээс төлөх өдөр болсноор тухайн төлбөрийн хувьд хугацаа нь дууссан гэсэн үг юм. Зээлийн гэрээний хугацааг 18 сар гэж үзсэн учир тооцоолол болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн. Бодит байдал дээр 3 дах сараас эхлэн үндсэн зээл төлөгдөж эхэлсэн учир тухайн өдрөөс эхлэн тухайн төлбөрийн хувьд төлөх хугацаа нь болсон өр төлбөр гэж тооцогдоно. Иймээс 3 дах сараас эхлэн төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох эрх зүйн үндэслэлтэй байсан болно. Ийнхүү алдаа гаргаснаар тооцоололтой холбоотой бүхий л дүгнэлтүүд нь буруу. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс огт шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргаагүй байхад "Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлтийг хүлээн аваагүй болно" гэж заасан байна. Харин нэхэмжлэгчдийн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг гаргасан. Дээрх дүгнэлтүүдийг анхан шатны шүүхээс эцэслэн хийсэн гэж үзэхэд үнэндээ 5эрхшээлтэй болсон. Түүнчлэн дурдаад байгаа дүгнэлтүүдийг гомдол гаргахдаа эсэргүүцэж бичих нь бас учир дутагдалтай. Учир нь гардаж авсан шүүхийн шийдвэр нь эцэслэн баталгаажаагүй буюу шүүгчийн гарын үсэг зурагдаж, тамга дарагдаагүй байна. Товчхондоо дээрх дүгнэлтүүдийг шүүхээс хийгээгүй ч үзэж болно. Энэ нь хэргийн оролцогчийн биш шүүгчийн алдаа учир үүний үр дагаврыг нэхэмжлэгчид хариуцах учиргүй. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б, М.Т нар нь хариуцагч “ЖЭБК ББСБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 3.1.5, 3.1.7, 3.2, 3.3, 4.7 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 100 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 36 762 088 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүхээс гардуулсан шийдвэрт шүүгчийн гарын үсэг, тамга дарагдаагүй” гэх бөгөөд түүнд гардуулсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01384 дугаар шийдвэрийг давж заалдах гомдолдоо хавсаргажээ. /хх-н 124-128 дугаар тал/

Уг шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зурах шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 210 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

                                             ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

                                                                                      Г.ДАВААДОРЖ