Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0659

 

2023            08                 31              128/ШШ2023/0659

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж******* /РД:*******/,

            Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 2011/43 дугаартай гэрчилгээг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олгож, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Ж******* ХХК-ийн захирал нар байгуулжээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эдгээр иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан-ы дотор тушаалын хавсралтын 70 дугаарт нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэр оржээ.

3. Ж******* ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, хөгжлийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2016/002 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газрын гэрчилгээ сунгагдсан эсэх, мөн дахин сунгуулах тухай хүсэлтийг гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 09221 дугаартай албан бичгээс газар эзэмших эрхийг дуусгавар болсон талаар олж мэдсэн.

4. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газар ашиглах эрх сэргээлгэх хүсэлт гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09/853 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар танай газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

5. Иймээс нэхэмжлэгч Ж******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Ж******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анх шүүхэд гаргасан байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ж******* ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2011/43 дугаартай газар ашиглах гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ авсан. 2011 оноос эхлэн тухайн газартаа түр отоглох зориулалттай орон сууцыг барьсан. 6-7 орон сууц барьсан боловч одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байна. Газар ашигласан төлбөрийг тухай бүрд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт төлж байсан. Мөн дүүргийн газрын албатай гэрээ байгуулан холбогдох ажлыг хийж байсан. Газар эзэмших гэрээний хугацаа дуусах буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/02 дугаартай албан бичгээр газрын эрхийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаж байсан. Манай гаргасан хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалатын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн газарт холбогдох саналуудыг хүргүүлж байсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ж******* ХХК-ийн тухайн аялал жуулчлалын бүсэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт ирүүлснийг судалж үзээд үнэлгээ хийлгэхийг дэмжих саналыг яаманд хүргүүлсэн байдаг. 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 286 дугаар санал хүргүүлэх тухай албан бичгээр газар ашиглахад Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн төлбөр тооцоогүй гэж тодорхойлсон тул газар ашиглах 2011 оны 2011/43 дугаартай гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн саналуудыг яаманд хүргүүлж байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн өөрийн хүсэлтийг өгөөд уг саналуудыг хүргүүлсэн байсныг сүүлд мэдсэн.

Газрын гэрчилгээ сунгасан эсэх талаар огт хариу өгөөгүй, гэрчилгээгээ сунгагдахыг хүлээж байх явцад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газрын гэрчилгээ сунгагдсан эсэх, мөн дахин сунгуулах тухай хүсэлтийг гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09/221 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээс мэдэж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09/853 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Сайдын тушаалын хавсралт хэсэгт газар эзэмших эрхийг цуцалсан үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, бусад иргэн аж ахуйн нэгжийн газарт барилга барьсан гэдэг үндэслэлүүдийг заагаад манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/121 дугаартай тушаал гаргахдаа газар ашиглагч компанид аливаа байдлаар мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсон ажиллагаа хийгээгүй, гаргасан шийдвэрлээ албан ёсоор танилцуулаагүй, маргаан бүхий захиргааны актад дурдсан хууль зүйн үндэслэл болох газар ашиглах эрх буюу зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг тухайн цаг хугацаанд бүрэн төлж байсан тул үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж үзэж байна.

Тухайн үед бид газар дээр барилгаа барьсан байсан. Бусдын газар дээр барилга барьсан ямар нэг зүйл байхгүй зэрэг тайлбараа бичээд манай газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэсэн боловч 2 удаагийн 2 албан бичгээр татгалзсан хариу өгсөн тул шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан сайдын тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага газар ашиглах эрхийг цуцлахдаа маргаан бүхий газар дээр очин нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелээгүй, тодруулаагүй үндэслэлгүй тушаал гаргасан. Шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах явцад газрын төлбөрийн тооцоогүй талаар дурдсан байгаа. Бусдын эзэмшил газар дээр байшин, барилга барьсан зүйл байхгүй. Тухайн газар дээр танайх манай газар дээр байшин барилга барьсан гэсэн маргаан байдаггүй. 2 жил дараалан ашиглаагүй зүйл байхгүй. Шүүхээс үзлэг хийхэд тухайн газар дээр объектууд барьсан байгаа. Тиймээс бид хууль заасан хугацаанд зориулалтын дагуу газраа ашиглаад цаашид ашиглах нөхцөлөө бүрдүүлээд явж байсан. Газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Уг тушаалын Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн зүгээс тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримталсан гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар илэрхийлж байна. Гэтэл захиргааны акт гарахаас өмнө газар ашиглагчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан байгаа. Энэ хандсан үйл баримтыг манайх хүлээж аваагүй, манайх энэ асуудлыг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Яг энэ асуудлын хариуцдаг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэж байгууллага манай маргаан бүхий газар байдаг хэсэгт хамгаалалтын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг. Энэ байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу Тусгай хамгаалалтай газар нутгийн албанд гэж байгаад 2 албан бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ж******* ХХК-аас газар ашиглах гэрээгээ сунгуулах хүсэлтээ ирүүлснийг газар дээр нь шалгаж үзээд доорх дүгнэлтийг хийлээ гэсэн байгаа. Хэмжилтээ хийгээд, ямар ажил тухайн газар дээр хийсэн талаар 4 дэх хэсэгтээ тодорхой зааж өгөөд сунгахад татгалзах зүйлгүй гэдэг. 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг дээрээ нарийвчилсан үнэлгээ хийхэд татгалзах зүйлгүй гэдэг саналыг хүргүүлсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага эдгээр албан бичгүүдийг явуулаад байдаг. Миний зүгээс эдгээр албан бичгүүдийг хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч байгууллагаас эрх бүхий байгууллагад хандаж хүсэлтээ ирүүлсэн. Энэ хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй учир өнөөдрийн маргаан үүсээд байна. Энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хэр нь газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаад байна. Энэ маргаантай холбоотой хууль зүйн үндэслэлүүд дурдагдсан байгаа. Нөгөөтэйгөөр газрын төлбөр төлсөн санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдсан байгаа. Өмнөх хуралдаанаар даргалагчийн зүгээс энэ талаар тодруулж байсан. 2018 оны 5 дугаар сарыг дуустал 7 сарыг хүртэл төлбөрийг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, бусдын ашиглалтын газарт зөвшөөрөлгүй барилга барьсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаал гаргаж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тушаал гаргахдаа Хан-Уул дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргийг үндэслэсэн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан.

Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж, 54.1.3. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасныг зөрчиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж*******" ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд энэхүү албан бичиг манай яаманд ирээгүй. Бид хүлээж аваагүй. Нэгэнт ирээгүй, хүлээж аваагүй албан бичгийг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар шүүхээс үзлэг хийсэн байгаа. Үүгээр энэ нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шийдвэрлэхийг даалгах боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Байгаль орчин, аялал жуулчлалын 2018 оны А/121 дугаартай тушаалыг хүчингүй болгуулна гэж байна. Газар эзэмших эрхийг цуцалсан үндэслэл нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байна гэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу газрын төлбөрөө төлөөгүй гэдэгт Баянзүрх дүүргийн газрын албанаас газрын төлбөрөө төлөөгүй талаар мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлд Ж******* ХХК багтсан учир хүчингүй болгосон.

Зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлийн хувьд зориулалтын дагуу ашигласан, орон сууц барьсан гэж тайлбарлаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг зориулалтын дагуу ашиглана гэдэг нь отоглох, буудаллах зориулалтаар ашиглахыг хэлнэ. Түүнээс биш орон сууц барихгүй. Шүүхээс үзлэг хийсэн гэж тайлбарлаад байна. Шүүх үзлэгийг 2022 онд хийсэн. Гэтэл газрын эрхийг 2018 онд цуцалсан. Үүнээс өмнө барилга байгууламжийг барьсан байсан уу? 2018-2022 онд барьсан эсэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс сайдын шийдвэр үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзэв.

2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/293 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1,0 га газрын ашиглах эрхийг шилжүүлэн авснаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/43 дугаар гэрчилгээг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай олгожээ.

3. Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах гэрчилгээ сунгуулах тухай 2016/002 дугаар хүсэлтээр тус компани аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай авсан, ... газрын гэрчилгээг сунгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж Байгаль орчин, орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандсан /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/ гэх бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор маргасан ба,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 13 минутад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Архивын өрөөнд архивын эрхлэгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, хөндлөнгийн гэрч Б.О******* нарыг байлцуулан бичиг баримтын үзлэг хийж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 9, 10, 11 сар, 2016 оны 11, 12 дугаар сар гэсэн эдгээр хугацаанд хамаарах тус яамны хэмжээгээр ирсэн бичгийн архивын хадгаламжийн дөрвөн хавтас баримтад нэг бүрчлэн үзлэг хийхэд Ж******* ХХК-аас дээрх огноогоор ирүүлсэн албан бичиг байхгүй болох нь тогтоогдсоныг тэмдэглэж байна.

5. Иймээс, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаар хүсэлтээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ сунгуулах асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хариуцагчийн хувьд нотлогдохгүй байна.

6. Нөгөөтээгүүр, дээрх хүсэлт гаргасан бол ийнхүү гаргаснаасаа хойш нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарах хүртэл нэг жил зургаан сарын хугацаанд газар ашиглах хугацаагаа сунгуулах зэргээр зохих зөвшөөрлийг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

7. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэр тушаалын хавсралтын 70 дугаарт бичигдсэн ба,

8. Дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйл: газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3. шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж хуульчилсныг, мөн Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай 01 тоот албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар санал зэргийг үндэслэсэн ба эдгээрээс тухайлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэгжүүлж, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн мэдээллийн дагуу Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээр үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг хүргүүлсэн /санал/-ийг үндэслэж тухайн маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.

9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан, энэ утгаараа газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

10. Шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3148 дугаар албан бичгээр Ж******* ХХК /РД-*******/ нь 2016-2018 оны хооронд газрын төлбөр төлсөн эсэх талаарх баримтыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсан ба уг албаны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15/388 дугаар албан бичгээр Ж******* ХХК-ийн газрын төлбөрийн тооцоог 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцон хүргүүлж байна гээд №420170080 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад газрын төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор багтаан төлөхөөр тогтов гэсэн байна.

11. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн мэдээллийн дагуу дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй иргэн аж ахуй нэгжийн судалгааг хүргүүлсний дотор жагсаалтын 7 дугаарт нэхэмжлэгч Ж******* ХХК /РД:*******/ Байгаль орчны сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Хүрхрээд байршилтай, 0,97 га газар, бусад иргэн аж ахуй нэгжийн газарт барилга барьсан, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй гэж хүргүүлснийг хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэл болгосныг шүүх буруутгахгүй, тухайн үед шийдвэр гаргахдаа үнэлсэн гэж үзэхээр байна.

12. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөр төлөгч болох бөгөөд төлбөр ногдуулах газар нь Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарахаар байна. Энэ утгаараа Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Монгол Улсын газрын нэгдмэл санг дараах байдлаар ангилна, 10.1.6. тусгай хэрэгцээний газар, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна, 16.1.1. улсын тусгай хамгаалалттай газар, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг ... үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэж зааснаар уг газрын төлбөр нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээнд нь туссаны дагуу төлөх зохицуулалттай байна.

13. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тушаал гарсан өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцон газрын төлбөрийг төлсөн гэх боловч харин шүүхийн шийдвэр гарч байгаа өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

14. Шүүх, дуусаагүй барилгыг буюу барилгын суурь цутгасныг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байна. Тодруулбал, уг маргаан нь ердийн газрын маргаан биш бөгөөд дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдлыг харгалзан хуваасан хязгаарлалтын бүсэд ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах, мөн зүйлийн 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах зэргээр заасны дагуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулахаар байна.

15. Энэ утгаараа, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглахдаа нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж маргаан бүхий тушаалыг гаргасан хариуцагчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 27 дугаар зүйлийн 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж шүүх үзлээ.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-аас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ...Ж******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН