Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/01581

 

“ЖТ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЖТ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-т холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 8 616 120 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, “ЖТ” хотхоны 204 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах “Фемина” гоо сайхны газар, 205 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах эмийн сан, 205 дугаар байрны 2 тоот биллъярдны газруудыг эзэмшигч Д.Б нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 8 616 120 төгрөгийг төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу сууц өмчлөгчөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 245.9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 205 дугаар байрны 1 давхарт байрлах 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 205 байрны 2 тоот хаягт байрлах 245.9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус өмчилдөг. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь хэдийгээр тухайн орон сууцнуудын нэгдүгээр давхарт байрладаг боловч сууцны зориулалтгүй бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлсийг ашиглах шаардлагагүй, бүрэн тусгаарлагдсан сууц өмчлөгчдийн холбооноос ямар нэгэн засвар үйлчилгээ үзүүлдэггүй. Би тус байранд сууц өмчилдөггүй тул "ЖТ" СӨХ-ны гишүүн биш бөгөөд уг байгууллага нь надаас дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаар санал аваагүй, гэрээ байгуулаагүй болно. Иймд миний бие нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 7 816 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖТ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 799 220 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 138 868 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... Д.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны доторх сууцны бус зориулалттай, тухайн орон сууцны барилгын нийт талбайд хамаарч байх тул ... нийлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр Д.Б нь оролцох үүрэгтэй” гэснийг зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно” гэжээ. Гэтэл Д.Б миний бие тухайн орон сууцны "сууц өмчлөгч” биш тул, нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэг бүхий этгээд биш. Учир нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг сууц өмчлөгч гэнэ”гэж заасан бөгөөд би тус орон сууцны байшинд сууц өмчилдөггүй, харин үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилдөг. Түүнчлэн миний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь орон сууцны байшингийн "сууцны бус зориулалттай хэсэг"-т хамаарахгүй бөгөөд Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт”-т хамаарна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн "сууцны бус зориулалттай хэсэг” гэдэг тухайн орон сууцны байшингийн шат, хонгил, дээвэр, подвал, 00 болон техникийн өрөөнүүд хамаардаг. Мөн "ЖТ” СӨХ нь надад өнөөдрийг болтол ямар нэгэн засвар, үйлчилгээ үзүүлээгүй, цаашид ямар засвар, үйлчилгээ үзүүлэх нь тодорхой бус энэ талаар гэрээ байгуулаагүй, тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийг ашиглах боломжгүй байхад надад зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээлгэсэн нь хууль бус. Иймд миний бие "ЖТ” СӨХ-ны хамаарах байранд сууц өмчилдөггүй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бөгөөд уг хөрөнгө нь нийтийн орон сууцны байшингийн "сууцны бус зориулалттай хэсэг"-т хамаарахгүй, тус СӨХ-ны өмнө хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЖТ” СӨХ нь хариуцагч Д.Б-т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 8 616 120 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 дүгээр байр, 4 тоот хаягт байршилтай 245.9 м.кв талбайд үйлчилгээний зориулалтаар үсчин, гоо сайхан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 205 дугаар байр, 1 давхарт 52 м.кв талбайд эмийн сан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 дүгээр байр, 2 тоот хаягт 245.9 м.кв талбайд биллъярдны газар ажлуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд хариуцагч нь 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй нь зохигчдын тайлбар, бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, үйлчилгээний тариф, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-17, 34-36 дугаар тал/

Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2, 16 дугаар зүйлийн 16.5, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасантай нийцсэн боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, 204 дүгээр байр, 4 тоот хаягт байршилтай, 245.9 м.кв талбайд ногдох төлбөрт /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 245.6м.кв х 1 000₮ = 245 600₮, 245 600₮ х 12сар = 2 947 200₮/ 2 947 200 төгрөг, 205 дугаар байр, 1 давхарт байршилтай, 52 м.кв талбайд ногдох төлбөрт /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 51.6м.кв х 600₮ = 30 960₮, 30 960₮ х 12сар = 371 520₮/ 371 520 төгрөг, 205 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, 245.9 м.кв талбайд ногдох төлбөрт /245.9м.кв х 1 500₮ = 368 850₮, 368 850₮ х 12сар = 4 426 200₮/ 4 426 200 төгрөг, нийт /2 947 200₮ + 371 520₮ + 4 426 200₮ = 7 744 920₮/ 7 744 920 төгрөгийг хариуцагч Д.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч “ЖТ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 871 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... тухайн байранд орон сууц өмчилдөггүй, СӨХ-ны гишүүн биш, сууцны зориулалтгүй, орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлсийг ашиглах шаардлагагүй” гэж маргасан боловч уг гомдол, тайлбар нь үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ийг орон сууцны зориулалттай байрны талбайн өмчлөгч гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол бүх гишүүдийн хурлаар бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр зардлыг төлүүлэхээр тогтоосны дагуу төлбөр төлөх нь хуульд нийцсэн ба анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.4.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01557 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 7.816.900 ...” гэснийг “7 744 920” гэж, “... 799.220 ...” гэснийг “871 200” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                              ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                Г.ДАВААДОРЖ