Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, шүүгч Я.Урнаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э-ын,

Хариуцагч: С.Г-т холбогдох,

Гэм хорын хохирол 2,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.  

Хариуцагч С.Г, иргэдийн төлөөлөгч Х.Баатарсайхан нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн ............ УВА улсын дугаартай, Toyoto Prius 41 маркийн машинтай явж байгаад ....... УВА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн машинаар хажуу хаалга хэсгээрээ мөргүүлж зам тээврийн осолд орсон. Тухайн машины эвдрэлийг Гэрэгэ Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэж, 2,270,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Энэ хэргээс шалтгаалан өөрийн машинаар 2 удаа Улаангом орж, ирэхэд 105,000 төгрөгийн бензин хийсэн. Мөн Наранбулаг сумаас шүүх хуралдаанд оролцох гэж 2 удаа ирэхэд 80,000 төгрөгийн зардал гарсан. Иймд миний хохирол болох 2,455,000 төгрөгийг .......... УВА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн машины жолооч С.Гөөс гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Ч.Э нь надад холбогдуулан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2,170,000 төгрөгийн хохирол барагдуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Миний бие дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 52,950 төгрөг төлсөн баримт, НИК ХХК-с АИ-92 шатахуун худалдан авсан баримт, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 564 дугаартай зөрчлийн хэргээс хуулбарлан авсан хэргийн газрын үзлэгийн баримт, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний хуулбар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ЗШ/564 дугаартай шийтгэвэр, улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлсөн баримт, НИК ХХК-с 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болон 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр АИ-92 шатахуун худалдан авсан баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Хариуцагч С.Г нь ........ УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгчийн жолоодож явсан Prius 41 маркийн ......... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 2,270,000 төгрөгийн хохирол учруулсан

2.2. С.Гийн буруутай үйлдлийн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох гэж өөрийн машинаар Увс аймгийн Наранбулаг сумаас Улаангом сум руу ирэхэд 185,000 төгрөгийг шатахуун худалдан авсан гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Хариуцагч С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн ......... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Ч.Эын жолоодож явсан, түүний эзэмшлийн 26-31 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ЗШ564 дугаартай шийтгэвэрээр тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.

3.2. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд авагдсан нэхэмжлэгч Ч.Эын .......... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургаас үзвэл хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Ч.Эын эзэмшлийн 26-31 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн зуун урд болон зүүн хойд хаалга эвдэрсэн үйл баримт тогтоогдож байна.

Мөн хариуцагч С.Гийн буруутай үйлдлийн улмаас Ч.Эын жолоодож явсан 26-31 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоох зорилгоор Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд “.......... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хаалга, зүүн хойд хаалганд их хэмжээний эвдрэл үүссэн бол багажны салоны баруун хэсэгт дунд хэмжээний эвдрэл үүссэн дээрх эд ангийг засварлах боломжгүй, шинээр солиход 1,280,000 төгрөг шаардлагатай, Багана, Крыло, Доод хормойг засварлахад 360,000 төгрөг, будахад 90,000 төгрөг, машины сэлбэг, эд ангийг Улаанбаатар хотоос тээвэрлэн авч ирэх тээврийн зардал 80,000 төгрөг, эвдэрсэн эд ангийг засаж сэлбэх үйлчилгээни зардалд 460,000 төгрөг тус тус шаардлагатай, нийт 2,270,000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ.

Тухайн үзлэгийн тэмдэглэлд авагдсан гэрэл зураг болон шинжээчийн дүгнэлтийг хариуцагч С.Гт холбогдох 564 дугаартай зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хариуцагч С.Гийг нэхэмжлэгч Ч.Эын эзэмшлийн ........ УВА улсын дугаартай Toyota-Prius 41 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, 2,270,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байх тул дээрх үйл баримтыг мөн дахин нотлох шаардлагагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч С.Гөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн ........... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,270,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох зорилгоор худалдан авсан шатахууны үнэ 185,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гаргасан зардал байх тул хариуцагч С.Гийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,270,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 185,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гөөс 51,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гөөс 2,270,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гөөс 51,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эт олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БОЛОР

                                                       ШҮҮГЧ                      Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                              ШҮҮГЧ                       Я.УРНАА