Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0756

 

2023 10 12 128/ШШ2023/0756

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Л******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П*******,

Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Л******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримтын талаар

2.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар /х.х-73 дахь тал/ А.Л*******д Хан-Уул дүүрэг Нүхтийн аманд байрлах Богдхан уулын дархан цаазат газарт зуслангийн зориулалтаар 0,096 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

2.2. А.Л******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах эрх сунгах хүсэлт /х.х-29 дэх тал/ гаргахад 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/2979 дүгээр албан бичгээр хамгаалалтын захиргааны санал болон материал дутуу тул хугацаа сунгах боломжгүй хариу өгсөн. /х.х-33 дахь тал/

2.3.А.Л******* Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1213 дугаар санал /х.х-36 дахь тал/, газрын төлбөр төлсөн баримт /хх-39 дэх тал/, Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас /х.х-41 дэх тал/ зэргийг хавсарган 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дахин хүсэлт /х.х-34 дэх тал/ гаргасан.

2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/5913 дугаар /х.х-64 дэх тал/ албан бичгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн тул холбогдох тайлбар, баримт ирүүлэхийг мэдэгдсэн.

2.5. А.Л******* 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр /х.х-45 дахь тал/, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр /х.х-47 дахь тал/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр /х.х-53 дахь тал/ тус тус газар ашиглах эрх сунгах хүсэлт гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна.

2.6. Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2023/1507 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2023/1853 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар хянаад, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хариу өгч, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/3231 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

"Иргэн А.Л******* миний бие Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Нүхтийн аманд 1000 м.кв газар ашиглах эрхтэй болсон. Уг эрхийнхээ дагуу тус газар дээрээ Хашаа барьсан ба бохирын сефтик байрлуулж, Гүний худаг гаргуулан хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгийг бариад байна. Газар ашиглах эрхээ сунгах хүсэлтийг Коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас хөл хорио тогтоогдсон болон миний бие Коронавируст халдвар /ковид-19/-ын халдвар авч тусгаарлагдсаны улмаас хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр гаргасан болно. Уг хүсэлтийн хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас материалын бүрдүүлбэр дутуу гэсэн хариу өгсөн бөгөөд дутуу материалыг бүрдүүлэн тус оны 8 сард дахин хандсан болно. Гэтэл одоо миний газар ашиглах эрхтэй холбоотой материалыг олдохгүй байна гэсэн хариуг өгч байгаа болно. Уг асуудлаар 1111 төв дээр болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын иргэдтэй хийсэн уулзалтад миний бие өөрийн биеэр сайдад уг асуудлаа хэлэхэд сайдаас хариуцсан хүний утсыг нь өгч шийдвэрлэхийг тус хүнд даалгасан боловч тус хүн нь миний асуудлыг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа болно. Миний бие газрын эрхээ сунгуулахаар өөрт байгаа бүх материалаа эх хувиар нь өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл маш олон удаа өөрийн биеэр болон бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн хариундаа намайг газар ашиглах эрхээ шинээр авах ёстой гэсэн хариуг өгсөн байна. Иймд дээрх хариуг хууль бус болохыг тогтоож газар ашиглах эрхийг сунгахыг даалгаж өгнө үү.гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

"Газар ашиглах эрхийн хугацааг сунгахад газар ашиглах гурван талт гэрээг дүгнүүлсэн акт болон тухайн харьяалах газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглах эрхийн хугацааг сунгадаг. Нэхэмжлэгч А.Л******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах талаар хүсэлт ирүүлсэн байдаг. Дээрх хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/2979 тоот албан бичгээр материалын бүрдүүлбэр дутуу байх тул сунгах боломжгүй талаар хариу хүргүүлсэн. Түүнчлэн А.Л******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-д заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэх үүргээ хэрэгжүүлээгүй, харьяалах хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах талаар санал, бусад шаардлагатай баримтыг ирүүлээгүй байсан тул А.Л*******гийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны 01/5913 тоот албан бичгээр нэхэмжлэгч А.Л*******д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар ашиглах эрхийг сунгах боломжгүй болохыг мэдэгдэж тайлбар, саналаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг мэдэгдсэн. А.Л******* нь газар ашиглах гурван талт гэрээ дүгнэсэн акт, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар ямар нэгэн баримтыг тус яаманд ирүүлээгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг яаманд гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу цаг тухайд яамнаас хариу өгч байсан. Яагаад шийдвэрлэх боломжгүй байна вэ гэвэл 2023 оны 01 дүгээр сарын 31-нд хариу өгөхдөө Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөж байгаатай холбогдуулаад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр тусгагдсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж батлах төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгаж дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх талаар тухай бүр мэдээллийн хэрэгслээр зарлахаар төлөвлөж байна. 2023 онд нийслэлд газар олголт байхгүй байгаа учраас шинээр батлагдсан хуулийн дагуу тухайн дурдсан ажлууд байна. Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хавсаргах баримт буюу Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний байдлын тухай хууль зэрэгт заасан материал гэрээ дүгнэсэн акт газрын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайлан кадастрын зураг гэх мэтчилэн дутуу баримт байдаг тул хамгаалалтын захиргаанаас албан бичгийг хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.Л*******гаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

2.1. Газар ашиглах эрхээ сунгах хүсэлтийг Коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас хөл хорио тогтоогдсон, Коронавируст халдвар /ковид-19/-ын халдвар авч тусгаарлагдсаны улмаас хугацаа сунгуулах хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан.

2.2. Газар ашиглах эрхээ сунгуулахаар өөрт байгаа бүх материалаа эх хувиар нь өгсөн бөгөөд маш олон удаа өөрийн биеэр болон бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан боловч миний асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй.

3.А.Л******* нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар /х.х 73/ Нүхтийн аманд 1000 м.кв газар ашиглах эрхтэй болсон. Тэрээр 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг гаргахад тус яамны сайдын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/2979 дүгээр /х.х 62/ албан бичгээр шаардлагатай баримтыг бүрдүүлэн ирүүлэхийг мэдэгджээ.

4.Ийнхүү мэдэгдсэний дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1213 дугаар албан бичгээр Газар ашиглах эрхийн 2016/48 дугаар гэрчилгээний хугацааг сунгах тухай саналыг газар ашиглах эрхийн гэрчилгээ, ашиглаж байгаа газрын кадастрын зураг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийх гэрээ зэрэг баримтыг бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн. /х.х 139-148/

5.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/5913 дугаар албан бичгээр А.Л*******гийн газар ашиглах эрх сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй ... газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн тул газар ашиглах эрхийг сунгах боломжгүй. ... зөрчилтэй холбоотой годол саналаа гарган хамгаалалтын захиргаанд хандах... талаар мэдэгдсэн байна.

6.А.Л******* Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхээ сунгуулахаар дахин хүсэлт гаргахад 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр ... шинээр газар ашиглах талаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Хариуцагчаас энэхүү татгалзлын үндэслэлээ Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөж байгаатай холбогдуулаад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр тусгагдсан тул газар ашиглах эрхийг сунгах боломжгүй гэж тайлбарласан.

7.Тодруулбал, Хариуцагчаас А.Л*******гийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох; Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18.тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэж заасны дагуу татгалзсан нь үндэслэлгүй.

8.Түүнчлэн нэхэмжлэгчээс ашиглах эрх бүхий газар дээрээ хашаа болон бохирын сефтик байрлуулж, гүний худаг гаргуулан хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьсан гэдгээ нотолсон фото зургийг ирүүлсэн /х.х 89-91/ байгаагаас үзэхэд А.Л******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно., 34 дүгээр зүйлийн 1.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно. гэж заасан.

10.Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч А.Л*******гаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А.Л*******гийн газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Л*******гаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН