Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/01582

 

А.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01613 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б, Н.Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 2 230 800 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Алтанбилэг,

Хариуцагч: Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 сарын 26-ны өдрийн А/417 тоот шийдвэрээр 18643321873676, 18643321849669 дугаар бүхий 700 м.кв хоёр залгаа газрыг зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийг Б.Оюунтөгс, Б.Оюунбаяр нараас шилжүүлэн авч 000721674, 000721675 дугаартай гэрчилгээг албан ёсоор авсан буюу Сүхбаатар дүүргийн газрын албатай 2018 оны 2 сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх шинэчилсэн гэрээ, кадастрын зураг, эргэлтийн цэгүүдийг газар бэхэлсэн нэгж талбарын зургийн хамт шилжүүлэн авсан юм. Хавар дулаарахаар зуслангийн газраа очиж үзэхэд 4 тал хашаа, 2 давхар байшин бүрэн бүтэн байсан. Харин манай хашаан дотор бохирын ёмкосьт байрлуулахаар хэний ч зөвшөөрөлгүйгээр 4x4 хэмжээтэй ойролцоогоор 3 метр орчим гүн газар ухаад хажууд нь гаргасан шороогоо овоолоод ухсан нүх нь усаар дүүрсэн байдалтай байсан. Урд талын хашааны эзэн X.Б-аас энэ талаар асуухад наад хашааны айлын хүмүүс бүгд нас барсан далан давхарт байгаа, олон жил эзэнгүй байгаа, хүн тогтдоггүй, хий үзэгдэлтэй сүнстэй хашаа байшин гэж айлган сүрдүүлж эхэлсэн. X.Б нь манай хашаанаас 5 метр өргөнтэй, 63,2 м урттай шулуун газрыг манай газар юм шүү наад хашаа байшингийн эзэн нь мэдэж байсан юм. Би газар дээрээ юу хийх нь чамд огт хамаагүй гээд миний эхнэр, ач, зээ нарыг айлган сүрдүүлэхийн зэрэгцээ манай урд талын хашааг хөрөөдөж нураагаад овоолсон шороогоо ногоон зүлгэн дээгүүр тарааж байсан. Би X.Б-аа чи бид 2 хөрш айлууд болж байна хэрэлдэж муудаад яах вэ, газрын албанаас албан ёсоор хүн авч ирээд газрын цэгүүдээ заалгаж тодорхойлуулж авъя, би хүний газарт дураараа халдах хүн биш гэж эвээр хэлсэн ч уурлаж бухимдаад их дээрэнгүй зан гарган, газар дээрэмдэх хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй үргэлжлүүлж байсан юм. Сүхбаатар дүүргийн газрын албанд 2018 оны 4 сарын 12-ны өдөр хөрш айл маань манайхтай газрын маргаан үүсгээд байна, иймд хоёр айлын хүмүүсийг байлцуулан газрын цэгүүдийг зааж тодорхойлж маргааныг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргахад 2018 оны 4 сарын 13-ны өдөр албаны хүн авч явахаар тохирсон юм. Ингээд Сүхбаатар дүүргийн газрын албанд 60 000 төгрөг тушаагаад газрын инженер н.Энхбат гэдэг ажилтныг газрын цэг тогтоодог багаж хэрэгсэлтэй нь аваад Х.Б руу утсаар ярьж би газрын албаны хүнтэй очиж байна чи байж байгаарай хоёулаа асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэж яриад 15 минутын дараа яваад очиход Х.Б-ын машин нь хашаан дотроо байсан өөрөө байгаагүй. Эхнэр нь бололтой нэг эмэгтэйгээс асуухад мэдэхгүй гэв. Энэ эмэгтэйд газрын албанаас хүн аваад ирлээ та хамт байж байгаач танайхаас хүн байх хэрэгтэй байна гэхэд надад хамаагүй гээд гарч ирээгүй. Мөн Б-ыг хаана байгааг ч хэлж өгөөгүй юм. Газрын албаны инженер н.Энхбат нь танай газарт зөрчил байхгүй яг кадастрын зургийн дагуу байна би ажил ихтэй явна хөрш айлынхаа хүнийг газрын алба руу явуулчих гэж хэлээд явсны дараа 10 орчим минут болоод байхад Х.Б утсаар би гэртээ байна наад хүнээ буцаагаад аваад ир гэж даажигнаж байсан. Х.Баа чи яасан хариуцлагагүй хүн бэ. Би өөрөө санаачилга гарган Сүхбаатар дүүргийн газрын албанд 60 000 төгрөг тушаагаад албан ёсны хүн аваад газрын маргаанаа шийдэхээр ирж байхад алга болчих юмаа. Манай хашаа кадастрын зургийн дагуу байна гэхэд битгий солиор гээд загнаж орилоод эхэлсэн. Би X.Б-аас чи ер нь манай өмнөх хөрш айлтайгаа 7 жил газрын маргаангүй байсан мөртлөө манайхыг шилжүүлээд авахаар олон юм яриад дарамтлаад байдаг нь ямар учиртай юм бэ, ядаж надтай ярьж зөвшөөрөл авч болдоггүй юм уу гэхэд элдэв янзаар харааж зүхэж чамайг далан давхарт аваачиж булна, намайг яаж хөдөлдгийг хараарай чаддаг юм бол заргалдаад ав гээд томроод хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжлүүлж манай урд талын хашаа болон баруун талын хашааг санаатайгаар нураан алга болгосон юм. Мөн ухсан нүхээ дугуйгаар дүүргэж, овоолсон шороогоо зүлгэн дээгүүр тарааж цацсан юм. Би авсан газраа буцааж зарах шийдвэрт хүрч байна. Учир нь 2018 оны 5 сарын 26-ны өдөр маргалдсаны улмаас би X.Б-ыг нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон юм. Гэтэл тэр орой миний зээ хүү Дөлгөөн осолд орж хөлөө хугалсан, яг нэг сарын дараа 6 сарын 26-ны өглөө миний дүү Очиржав 49 настай унтаад сэрэлгүй нас барсан. Наадмын дараагаар миний өөрийн бие муудаж явж чадахаа больж хэвтэрт орсон. Эмнэлгийн тархи, зүрх судасны хагалгаанд 3 удаа орсон. Гэтэл Х.Б нь хамтран ажилладаг хөрш айлынхаа Н.Б-тайгаа нийлж 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр намайг алах санаатай модоор цохисон, ухаан алдуулсан, цагдаад хөөцөлдөж нөлөөлөл үзүүлсэн гэж худлаа ярьж миний нэр төрд халдаж худлаа ярьж гүтгэн гүжирдэж сэтгэл санааны хямралд олон удаа оруулаад байна. Уг нь би анхнаасаа буруугаа хүлээж 2 ч удаа уучлалт гуйхаар оролдсон боловч хүлээж аваагүй. Харин чамайг 5 жил шоронд суулгана эсвэл 5 сая төгрөг чамаас авна харж байгаарай гээд занаад байсан. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд огт эвдрэл гэмтэлгүй байсан миний 4 тал хашаа газар, хувийн өмч эд хөрөнгөнд хэний ч зөвшөөрөлгүй дур зоргоороо халдаж байгаа нь хууль бус үйлдэл. Иймд миний хувийн өмч, эд хөрөнгөнд санаатайгаар, дур зоргоороо халдаж сүйтгэсэн, миний сэтгэл санаа, санхүүгийн байдал, эд хөрөнгөнд маш их хэмжээний гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.2, 229 дүгээр зүйлийн 229.1.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн хохирлын үнэлгээгээр тогтоосон 2 073 000 төгрөг, хохирлын үнэлгээг хийлгэхэд төлсөн зардал 80 000 төгрөг, эргэлтийн цэгийг 2018 оны 4 сарын 13-ны өдөр тодорхойлуулсны зардал 60 000 төгрөг, баримтжуулсан зурагны төлбөр 4 000 төгрөг, нотариатын төлбөрт 13 800 төгрөг нийт 2 230 800 төгрөгийг хариуцагч X.Б, хариуцагч Н.Б нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Б-аас татгалзаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хайсыг эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй. Зүүн талын хайсыг өөрсдөө байшингаа буулгахдаа ачаад явсан. Бусад хайс нь хэвээрээ байгаа. Тэр хавийн хүмүүс гэрчилнэ. Мөн бохирын нүхийг буцааж булсан. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Алтанбилэг нь намайг нүх ухсан гэж үндэслэлгүй зодож гэмтээсний улмаас эрүүгийн шүүх хуралдаан болж зохих хариуцлагыг хүлээлгэсэн байдаг. Миний зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан зүйл байхгүй. Эдгээр хүмүүс нь өс хонзон санаж ийм зүйл хийж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин ч миний бие нэхэмжлэгчийн төлөөлөгч Алтанбилэгийн зодож гэмтээсэн нүднээс болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Мөн Болор мэлмий эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Иймд миний бие эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Х.Б-аас гэм хорын хохиролд 154 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, 2 076 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 20 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б-ыг нэхэмжлэгчийн эзэмшлийн зуслангийн газрын урд болон баруун талын хашааг эвдэж нураасан гэдгийг баримтаар нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн зуслангийн газрын хашаа нь анх ямар байдалтай байсныг нотлох баримт авагдаагүй. Нотлох баримтаар гаргаж өгсөн тайлбар бүхий гэрэл зургууд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаа өмнө нь ямар байдалтай байсныг харуулсан баримт биш байна гэжээ. Х.Б нь 60 гаран настай, нас чацуу, хөрш айлын маань хүн, манай хашааг зөвшөөрөлгүйгээр эвдэж нураана гэж огт бодоогүй, урьд нь 7 жил болоход огт эвдрээгүй хэвээрээ байсан учир түүнд хар буруу санаагүй, энэл хэвээрээ байх юм гэж бодсон тул анх байсан 4 тал хашааныхаа зургийг аваагүй. Харин 4 сард намайг очиход ухсан нүхээ өөрийнхөө хашаанд оруулах зорилготой хэний ч зөвшөөрөлгүйгээр манай хашааны зарим хэсгээр нь өөрийнхөө хашааг давуулан барьж үлдсэн хэсгийг нь хөрөөдөж нураагаад алга болгосон, дээврийн төмрөөр өөрийнхөө хашааг барьж байхад нь зургийг авч баримтжуулан нэхэмжлэл гаргахдаа нотолгоо болгож өгсөн. Х.Б-ын хамтрагч Б-ны хашаанд манай нурааж буулгасан хашаа байсан зургийг нотлох баримтаар авсан ба одоо энэ хашаанууд алга болсон. Б-ны дүү охин Байгалмаа Х.Б-т уурлаж арай дэндүү юм ахад дандаа архи уулгаж ашиглаад элдэв янзын ажил хийлгэх юм. Энэ хашаануудыг хаанаас авч ирснийг мэдэхгүй гэж байсан. Манай хашааны баруун урд талын булангийн зураг нь манай урд тал, баруун талын хэсгийн нураагаагүй үлдээд байсан хэсгийн зураг. Одоо энэ хашаа алга болчихсон байгаа. Х.Б, Б нар нь манай хамар залгаа хөрш айлууд өвөл зунгүй байнгын тэндээ амьдардаг хүмүүс мөртлөө 90 метр орчим манай хашаа нь үнэхээр салхи шороо, хүн малын хөлд 2 сарын дотор нурж унаад байгааг мэдсэн мөртлөө хашааг өөрийн хашааруу зөөж байхын оронд хашаан дотор нь бөөгнүүлж тавиад эзэнд нь алга болоод байна гэдгийг монгол хүний сэтгэл гаргаад яаж ийгээд мэдэгдэж болно доо. Өөрсдөө буруутай байсан учраас манай хашааг надад мэдэгдэлгүйгээр надаас зөвшөөрөл авалгүйгээр нураах ажилд Батсайхан идэвхтэй сайн оролцсон гэж би үздэг. Манай хашаа дээгүүрээ өргөст тороор, доогуураа бүдүүн төмөр утсаар холбож бэхэлсэн хүний гараар нураахаас өөр боломжгүй хашаа байсан. Манай хашааг давуулан хашаагаа барьж байгаа, 23 дугаар хуудасны 1 дэх зурган дээрээс харах, хашаагаа сунгаж байгаа нь зурган дээр харагдаж байгаа болно. Үнэн байдал ийм байхад анх бүтэн байсан хашааны зураг байхгүй байна. Х.Б-ын тайлбараар хашааг эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй, урд талын болон баруун талын хашаа нь бүтэн байгаа, тэр хавийн хүмүүс гэрчилнэ гэж өдий насны хүн хээв нэг санаа зовохгүй шүүх хурал дээр худлаа ярьж байх юм. Х.Б-ын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа хавсаргасан фото 3 ширхэг зураг нь хуурамч, шүүх хурал дээр нэг ч үнэн мэдүүлэг өгөөгүй 100 хувь худлаа мэдүүлэг өгч байгааг харахад маш их худлаа ярьдаг хүн байна. Манай урд талд дээврийн төмрөөр шинээр барьсан хашаандаа манай хуучин хашаанаас налуулан тавьж байгаад зургийг нь авсан байна. Мөн манай хойд талын бүтэн байгаа хашааны зургийг аваад баруун талын хашааг бүтэн байгаа гэж тайлбар бичсэн нь шүүхийг хуурч мэхэлж доромжилж чадаж байгаа хүний үйлдэл. Нэхэмжлэгч нь зуслангийн газрын эргэлтийн цэгийг тодорхойлуулахад 60 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч уг зардлын баримт дээр мөнгө тушаагчийн нэрийг Алтанбилэг гэж бичсэн байх тул нэхэмжлэгчийн төлөгдсөн төлбөр гэж үзэхгүй, мөн уг зардлыг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй төлөгдсөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас зуслангийн газрын эргэлтийн цэгийг тодорхойлуулахад гаргасан зардал 60 000 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Х.Б эхлээд манай газраас 63,2 метр урттай, 5 метртэй өргөн газрыг нь манай газар би өөрийн газартаа юу хийх нь чамд хамаагүй чаддаг юм бол заргалдаад ав гэж дураараа аашлан газрын маргаан үүсгэсэн нь нэхэмжлэл дээр тодорхой бичигдсэн байгаа учир 60 000 төгрөг газрын албанд төлж цэгийн тодорхойлолт хийлгэснээр газрын маргааныг шийдсэн. Нэхэмжлэгч А.Н нь Алтанбилэг миний төрсөн охин. Одоогоор нярайн чөлөөтэй байгаа тул албан ёсоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аавыгаа томилсон. Би охиныхоо бүх асуудалд өөрийн биеэр хуулийн дагуу оролцох бүрэн эрхтэй гэж бодож 60 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь зураг хэвлүүлэхэд төлсөн төлбөр 4 000 төгрөгийн зардал, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 13 800 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх боловч зардлын баримтууд мөнгө тушаагчийн нэр бичигдээгүй байгаа тул нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх боломжгүй уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Би өөрийн охины албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бичиг баримт дээр гарын үсгээ зурах бүрэн эрхтэй, шүүхэд хуурамч материал өгөх эрхгүй, үнэнч шударга байх ёстой гэдгээ сайн ойлгож шүүх байгууллагадаа итгэж явдаг хүн юм. Иймд фото зургийн төлбөрийн баримт нь и баримттай, нотариатын баримтад миний гарын үсэг зурагдсан байгаа тул нотлох баримтын шаардлагыг хангана. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал шударга болсонгүй нэг талыг хэт барьсан шүүх хурал болсон гэж нэхэмжлэгч хохирогч би үзэж байгаа учир нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон 2 076 800 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулах асуудлыг дахин хянан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Х.Б, Н.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2 230 800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б-аас татгалзжээ.

Нэхэмжлэгч А.Н нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар нийт 1 400 м.кв талбай газрыг эзэмшдэг бөгөөд хариуцагч Х.Б нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын 4 м.кв газарт нүх ухсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-19 дүгээр тал/

Анхан шатны шүүх хариуцагч Х.Б-аас нүх ухсан хэсгийг өмнө байсан байдалд нь сэргээхтэй холбоотой зардал 74 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 80 000 төгрөг нийт 154 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 076 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хашаа нураасан зардал, газрын эргэлтийн цэг тодорхойлсон, зураг хэвлэсэн, нотариатын зардал зэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх боловч энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Тодруулбал, хариуцагч Х.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааг нураасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм бурууг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Түүнчлэн, газрын эргэлтийн цэг тодорхойлсон 60 000 төгрөг, зураг хэвлэсэн 4 000 төгрөг, нотариатын зардалд 13 800 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн гэх боловч хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй бөгөөд дээрх зардлуудыг нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                             ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                 Г.ДАВААДОРЖ