Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/136

 

 

 

 

 

 

2022           02             08                                          2022/ДШМ/136

                                               

Н.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/1938 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Батзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Гт  холбогдох 2105001151761 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н овгийн Н-гийн Г, 1987 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, С-д орон нутаг хариуцсан менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж 228 цагийн нийтэд тустай ажил хийх ялын үлдэгдэлтэй байна;

 

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд “***” ХХК-д борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан 61.600.000 төгрөгийн борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд “***” ХХК-ийн борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан 61.600.000 төгрөгийн борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогдсон ба Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2105001151761 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа гэх утгатай зүйлийг бичгээр гаргаж өгсөн байдаг. Энэ хүсэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхний төлөлт 35.000.000 төгрөгийг төлсөн байна гэж бичсэн боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Н.Гаас болж хохирогч компани 18.000.000 төгрөгийн бусдад төлөх өр төлбөрийг өөрсдөө төлсөн байдаг. Үүнийг мөн адил Н.Г төлөөгүй байгаа. Бодит байдал дээр хэрэгжихгүй. Хохирол төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа. Иймд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... Хохирол төлөхөө илэрхийлсэн” гэж хуульд заасан байдаг. Эхний төлөлтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан үндэслэл бодитоор хэрэгжихгүй байна. Тиймээс хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Яагаад гэхээр 4 дүгээр сарын 7-ны өдөр 18.000.000 төгрөгийн хохирлыг компани өөртөө авсан. 18.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Б.Гын хувьд төлөх боломжтой. Ажил хөдөлмөр эрхэлдэг...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” нөхцөл шалгуур хангагдаагүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөх боломжтой эсэх талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж заасан тул хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж хуульд хуульчилсан заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зөвхөн яллагдагчтай, прокуророос харилцан тохиролцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар зохицуулагдсан ажиллагаа явуулж байхад шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гаргасан “хохирлын 61.600.000 төгрөгийг шүүгдэгчийг тохиролцсон, тогтоосон хугацаандаа өгөөгүй учир, Н.Гт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийн хүрээнд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам нь хуульд зааснаар яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдийг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсний дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн хүрээнд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ. Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь тусгай журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газар Н.Гын  2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд “***” ХХК-д борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан 61.600.000 төгрөгийн борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Н.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч “Энсада Истерн” ХХК-д учруулсан хохирол болох 61.600.000 төгрөгийг эргэн төлөлтийн графикийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг, үлдсэн 26.600.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд буюу сар бүрийн 20-ны өдөр 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагджээ.  

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Энхтунгалаг “...Н.Гын өмнөх шийтгэх тогтоолоор бусдад төлөх 18.000.000 төгрөгийн өр төлбөрийг компани төлсөн. Үүнийг мөн адил Н.Г компанид төлөөгүй байна. Хохирол төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй байгаа. ...эхний төлөлтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Түүний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодитоор хэрэгжих боломжгүй” гэж тайлбарласан байна.

Шүүх, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянах бөгөөд 4.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь хангагдаагүй гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Батзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/1938 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Батзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ