Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2024/00067/и |
Дугаар | 152/ШШ2024/00197 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00197
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: ХЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э-т холбогдох
Зээлийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,581,946.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Э нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр У-БЗГ/2022-56508 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,290,000 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар плитк, зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ц.Э нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Sharp KF-76FVDD22IM загварын плитк, Hisense 55A7200F загварын зурагтыг “ПСМ” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ц.Э нь У-БЗГ/2022-56408 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,206,749.17 төгрөг төлөх байснаас нийт 191,000 төгрөг төлж 3,015,749.17 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 425 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ц.Э нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Ц.Э нь У-БЗГ/2022-56408 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,183,964.59 төгрөг, зээлийн хүү 1,331,187.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,795.11 төгрөг, нийт 4,581,946.91 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Ц.Эээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,581,946.78 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт “ХЛ” ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Э нь “ХЛ” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3,290,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн зээлээр авсан нь үнэн. Одоо төлөх 4,581,946.78 төгрөгийг 6 сарын дотор буюу 2024 оны 9 дүгээр сарын дотор төлж барагдуулна. Зах дээр байгаа үйлчилгээний төвөө худалдан борлуулах зар өгсөн, тухайн үйлчилгээний төв зарагдахад тооцоогоо барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ХЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,581,946.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Э төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,581,946.78 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сард төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Ц.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,262 төгрөгийн тавин хувь болох 44,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,131 төгрөг, хариуцагч Ц.Эээс 44,131 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХЛ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,581,946.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Э 2024 оны 9 дүгээр сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,262 /наян найман мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийн тавин хувь болох 44.131 /дөчин дөрвөн мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44.131 /дөчин дөрвөн мянга нэг зуун гучин нэг/ төгрөг, хариуцагч Ц.Эээс 44.131 /дөчин дөрвөн мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХЛ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА