Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/137

 

 

 

 

 

 

 

2022           02             08                                          2022/ДШМ/137

                                               

О.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/772 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.Бт холбогдох 2009007591266 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн О-ын Б, 1998 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, “Happy Veritas” шинжилгээний эмнэлэгт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД:/,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21/905 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Шаас “утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье” гэж, мөн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “утсыг чинь байрны түрээсийн барьцаанд тавьчихсан, одоо барьж байгаа утсаараа яриулаач” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Самсунг эс-7 маркийн 2 гар утсыг авч, 340.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буурлууд овгийн Отгонбаярын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Бт анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Бээс 340.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Шт даруй олгож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Мөнхзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хязгаарлалтуудаас хэрэглээгүй, зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасанд нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж заасныг илтэд зөрчжээ. Мөн О.Бийн зорчих чиглэлийн хүрээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хязгаарлалтуудаас хэрэглээгүй, зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Шаас “утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье” гэж,

 мөн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “утсыг чинь байрны түрээсийн барьцаанд тавьчихсан одоо барьж байгаа утсаараа яриулаач” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Самсунг эс-7 маркийн 2 гар утсыг авч, 340.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Шын “...2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн үед О.Б нь над руу утсаар яриад “найзынх нь байрны түрээс нэхэгдээд болдоггүй ээ, одоо яах вэ, чам руу яваад очъё” гэж ярьсан, тэгээд Б нь өдөр 15 цагийн үед манай ажил дээр нэг махлагдуу шар, 40-45 орчим насны ахтай хамт ирээд... “найз нь байрныхаа түрээсийг өгөхгүй бол болохгүй байна, “өнөөдөр утсаар аав ээжтэйгээ ярьж холбогдож мөнгө авчихаад орой чиний ажлыг тарахаар утсыг чинь буцаагаад авчираад өгье” гэж хэлсэн. Би итгээд өөрийнхөө гар утсыг дугаартай нь хамт Бт өгөөд явуулсан. Орой 21 цаг болоход би өөр хүний утсаар Б руу залгаж холбогдоход Б чиний утсыг аваачиж өгнө гэсэн. Тэгээд хэсэг хүлээж байгаад дахиад залгахад ерөөсөө утсаа авахгүй дуудлаганд хариу өгөхгүй байсан. Маргааш өглөө нь би Б рүү залгаад “утсаа авъя” гэтэл “Их дэлгүүр дээр байна хүрч ирээд гар утсаа авчих” гэж хэлэхээр нь холбоо барих үүднээс хамт ажиллаж байсан найз Чойсүрэнгийн гар утсыг авч яваад тухайн гар утсаараа залгаж Бтэй холбогдоод Их дэлгүүрийн урд талд уулзсан, тэгсэн чинь Б “түрээсэлж байгаа байрныхаа эзний гэрт нь миний гар утсыг барьцаанд үлдээчихсэн байгаа” гэж хэлсэн, тэгэхээр нь би “утсаа авмаар байна” гэтэл “хоёулаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ороодохъё” гээд автобусаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очоод Б ганцаараа хэлтэс рүү ороод удалгүй гарч ирээд “Би урьд нь өөрийнхөө гар утсыг хулгайд алдчихсан байсан юм, тэгээд сая олоод авчихлаа одоо харин өөрийнхөө гар утсыг чиний гар утасны оронд байрны эзэнд үлдээгээд чиний гар утсыг авч өгье” гэж хэлсэн. Таксинд явж байхдаа Б миний барьж явсан найз Чойсүрэнгийн гар утсыг аваад “энүүгээр чинь хүнтэй яриад мөнгө аваад гараад ирье” гэж хэлээд Чойсүрэнгийн гар утсыг аваад буусан ба би таксиндаа 1 цаг гаруй хүлээсэн, тэгтэл сүүлдээ нөгөө таксины жолооч уурлаад мөнгөө нэхсэн. Тэгээд би Бийг гарч ирэхгүй болохоор нь гартаа зүүж явсан мөнгөн бөгжөө таксины жолоочид өгөөд явуулсан...” /хх 95-96/,

гэрч Х.Чойсүрэнгийн “...он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна, ажил тарах үед цуг ажилладаг Ш гэх залуу нэг охинд утсаа өгөөд явуулчихсан, тэрэнтэйгээ холбоо барьж утсаа олж авах гэсэн юм гээд миний утсыг гуйгаад маргааш ажилд ирэхдээ өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд Ш эргүүлж өгөөгүй. Ш надад хэлэхдээ тэр охинтойгоо уулзаад такси барьж явж байгаад миний утсыг бас гуйж аваад эргүүлж өгөлгүйгээр алга болчихсон гэж хэлж байсан...” /хх 101-102/,

шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнийх нь утсыг болохоор аав ээж хоёртойгоо фэйсбүүкээр холбоо барьчихаад өгье гэж хэлээд авч явсан, тэгтэл байрны мөнгө нэхээд байсан болохоор нь ломбарданд тавьчихсан юм. 2 дахь утсыг нь утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд тэр чигээр нь буцааж өгөлгүй авч яваад ломбарданд тавьчихсан юм.” /хх 113-114/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 82-83/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч О.Бийн хохирогч Н.Шаас “утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье”, “утсыг чинь байрны түрээсийн барьцаанд тавьчихсан, одоо барьж байгаа утсаараа яриулаач” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Самсунг эс-7 маркийн 2 гар утсыг авч, 340.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн “...О.Бийн зорчих чиглэлийн хүрээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

Шүүх, шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэхдээ өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэхдээ зорчих чиглэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч О.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 5 дугаар баг, Борхойн 13 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 309б дугаар байрны 102 тоотод оршин суудаг гэж мэдүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болохыг дурдаж шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Иймд прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/772 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

           “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хориглох, тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ