Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2023/0016

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

 

Хариуцагч: ... аймгийн Засаг даргын тамгын газар (цаашид “Засаг даргын тамгын газар” гэх),

 

Хариуцагч: ... аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгж Орон нутгийн өмчийн газар (цаашид “Орон нутгийн өмчийн газар” гэх),

 

Хариуцагч: “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо (цаашид “Үнэлгээний хороо” гэх),

 

Гуравдагч этгээд: “Т” ХХК,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал Х, хариуцагч Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Үнэлгээний хороог төлөөлж  дарга О, гуравдагч этгээдийг төлөөлж захирал Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас, ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан:

 

1.1. Засаг даргын тамгын газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

 

1.2. Орон нутгийн өмчийн газраас зарласан ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах,

 

1.3. ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Орон нутгийн өмчийн газарт даалгах,

 

1.4 Тендерийн баталгаа болох 1,178,500 төгрөгийг улсын орлогод хураан авсныг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүхээс 1.2-т заасан шаардлагатай холбогдуулан тухайн тендерийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог  хариуцагчаар, тус тендерт сонгон шалгарсан “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

 

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь, ... аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарласан ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцжээ.

 

2.2.Захиалагч аймгийн Засаг даргын тамгын газраас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн хянан үзэхэд ... 2021, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байгаа тул ... 27.4 заасны дагуу танай тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна” гэсэн хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн байна.  

 

2.3.Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээрх мэдэгдлийг хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23/А/025 тоот албан бичгээр “...тендерийн хариутай санал нийлэхгүй, ... манай компанийн оруулсан жагсаалт төсөвт өртгийн 50%-д хангалттай хүрч байгаа учир тендерийн үнэлгээг дахин үнэлж өгнө үү” гэх гомдлыг Сангийн яаманд гаргаж холбогдох хариуг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоот албан бичгээр авчээ.

2.4.Улмаар дээрх хариутай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/А/042 тоот албан бичгээр “...тендерт шалгарсан компанийн илгээсэн тендерийн материалыг дээрх аргачлалаар шалгаж үзэхэд дундаж төсөвт өртөг 50 хувиас бага байна, ... тендерийн үр дүнтэй санал нийлэхгүй байна” гэх гомдлыг Сангийн яаманд дахин гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/2277 тоот албан бичгээр “... танай байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэх хариуг авч, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна.

 

2.5. Шүүхээс, дээрх нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дахин гаргаж ирүүлэхдээ бүрдүүлбэрийг бүрэн хангаж ирүүлээгүй учир шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацааг дахин тогтоосон, гэвч нэхэмжлэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй учир тус хуулийн этгээдийг нэхэмжлэлийг нь буцаасан, улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 115/ШЗ2023/0032 дугаар захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээснээр мөн өдөр ... аймгийн Засаг даргын тамгын газрын 03/309 тоот дугаар бүхий 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, ... аймгийн Засаг даргын тамгын газрын ... аймгийн өмчийн газраас зарласан  ...дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендерийн үнэлгээг оролцсон нийт компаниудад явуулахыг ... аймгийн Өмчийн газарт даалгах, улсад хураалгасан тендерийн баталгааг буцаан олгохыг ... аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах шаардлага бүхий дээрх нэхэмжлэлийг нь шүүх хүлээн авсан.( 4дэх хавтаст хэргийн 58-63 дэх тал, 1 дэх хавтаст хэргийн 5-6)

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0035 дугаар захирамжаар тухайн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлснийг нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. (1 дэх хавтаст хэргийн 61-62, 132-133 дах тал )

 

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай “Г” ХХК нь 2023 оны 01 сарын 25-ны өдөр ... аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон болно.

Тус тендерийн хариу нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 03/309 тоот дугаартай албан бичгээр ирсэн бөгөөд тендер нээсэн өдрийн байдлаар 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байгаа тул уг тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн шалтгааны улмаас шалгараагүй болно гэсэн байсан. Тус хариутай санал нийлээгүй учир 2023 оны 03 сарын 27-ны өдөр Сангийн яаманд “тус хариутай санал нийлэхгүй байгаа бөгөөд дахин үнэлж өгнө үү” гэх гомдол гаргасан. Гомдлын дагуу Сангийн яам захиалагч талын дундаж өртөг гэдгийг нийт жилд бус, нийт гүйцэтгэсэн ажилд харьцуулан 52,075,350.75 төгрөг байна гэсэн үндэслэлээр гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн.

 

Сангийн яамны дундаж өртөг бодох аргачлалаар шалгарсан компанийн материалыг үзэхэд манайхаас бага буюу дундаж өртөг 31,029,352.93 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл Сангийн яам зөвхөн манай байгууллагын тендерийн бичиг баримтыг хянан үзсэн, шалгарсан компанийн тендерийн бичиг баримтыг шалгаагүй буюу үнэлээгүй байсан.

 

Захиалагчийн бэлтгэсэн тендерийн баримт бичигт дундаж өртгийг хэрхэн бодох аргачлалыг тодорхой тусгаагүй, Сангийн яамны аргачлалаар дундаж өртгийг шалгарсан байгууллагад хийж үзвэл тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнд хүрэхгүй байгаа тул тендерт оролцогч компаниудад эрх тэгш боломжийг олгоогүй болон тендерт оролцогч нарын дунд төөрөгдөл үүсгэн нэг талд илүү боломж олгосон гэж үзэж  тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин явуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

 

Бид нарын зүгээс манайхыг хасчихлаа гэдэг дээр маргаад байх юм байхгүй. Үнэлгээ хийж байгаа бол нэг аргачлалаар бодох хэрэгтэй. Нэг талд нэг аргачлалаар бодоод нөгөө талд нь нэг аргачлалаар бодоод байгааг болих хэрэгтэй  гэсэн шаардлага тавьж байгаа. Үнэлгээний хороо үнэлгээ хийж ажиллахдаа дээд шатны байгууллага буюу Сангийн яамны бодсон аргачлалаар бодоогүй. Нийт ажлуудын өртгийн нийлбэрийг нийт ажилд нь эргүүлэн хуваах байтал Үнэлгээний хороо нийт ажлын өртгийн нийлбэрийг тухайн онд нь хуваасан.

 

Сангийн яамнаас гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнээр манай байгууллага тус тендерт гаргасан цахим баталгаа болох 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк дээр гаргуулсан 1,178,500.00 /нэг сая нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийн тендерийн баталгааг улсад хураасан. Тендер шалгаруулалт нь шударга бус явагдсан,  шалгарсан компанид давуу эрх олгосон, Сангийн яам нь бидний гаргасан гомдлыг бүрэн шалгаж үзээгүй учир тендерийн баталгааг Орон нутгийн өмчийн газарт хураан авах үндэслэлгүй гэж үзэж байна. Дундаж өртөг бодох аргачлалыг үнэлгээний хороонд байгаа хүмүүс буруу зөрүү ойлголттойгоор бодсон нь дээд шатны байгууллагаар тодорхойлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

3.2. Хариуцагч Засаг даргын тамгын газрын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2023 оны А/64 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж ...дугаартай “Зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад нээхэд 5 компани тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал ирүүлсэнтэй Үнэлгээний хороо танилцаж нарийвчилсан үнэлгээ хийхэд дээр 5 компаниас “Т” ХХК нь тендер шалгаруулалтын бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан гэх дүгнэлтийг гаргасны дагуу манай байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/306 тоот албан тоотоор хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

 

Харин “Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагад: 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж заасны дагуу тендер нээсэн өдрийн байдлаар “Г” ХХК нь 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байна” гэх үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 дугаар албан бичгээр татгалзсан хариуг “Г” ХХК-д хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тендер шалгаруулалтад оролцож зохион байгуулдаггүй. Тусдаа эрх бүхий бүрэлдэхүүн буюу Үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эсхүл татгалзсан талаар албан бичгээр хариу мэдэгддэг.

 

“Г” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасантай холбогдуулан Сангийн яамнаас “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичиг ирсний дагуу холбогдох шаардлагатай баримт бичгийг [email protected] хаягруу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн.

 

Уг гомдлын дагуу тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д “Газар зүйн нэрийн тодруулалтын ажил геодизийн зураг зүйн чиглэлээр ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 он /Гүйцэтгэсэн ажлын гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн акт заавал хавсаргах/ гэж заасны дагуу “Г” ХХК нь тендерт 2021 онд 7 сая төгрөгөөр Ховд аймгийн Дарви суманд хийгдэх Зүүн хөшөөгийн уурхайн хяналтын хэмжилтийг гүйцэтгэх ажил, 10,710,000 төгрөгөөр хот төлөвлөлт, судалгааны институттай байгуулсан Туул голын эргийн тохижилтын ажлын зураг боловсруулах ажлын хүрээнд байр зүйн зураглалын ажил 2022 онд 14,630,000,00 төгрөг, 108,211,950,00 төгрөг, 8,062,560,00 төгрөг, 9,772,296,00 төгрөг, 54,600,000,00 төгрөгөөр Статик хэмжилтийн ажил гүйцэтгэх гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн акт тус тус ирүүлсэн бөгөөд 203,610,000,00 төгрөгөөр “Өлзийт Энсада” XXК-тай байгуулсан талбайн дэвсгэр зургийн ажил гүйцэтгэх гэрээ ирүүлсэн. Акт ирүүлээгүй.  Дээрх ажлуудын дундаж өртөг 52,075,350,75 төгрөг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан “2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна” гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоотоор хариу албан бичиг ирүүлсэн.

 

Иймд тендер сонгон шалгаруулалт нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж оролцогчийн гомдол гаргах эрхийг хангаж, гомдлын дагуу Сангийн яамнаас үнэлгээний хорооны гаргасан шийдвэр үндэслэлтэй гэх хариуг ирүүлсэн байх тул “Г” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хувьд нэмэлт тайлбар дээрээ аргачлалаа өөрөөр бодоод байгаа дээр гомдолтой байна. Тэгш бус байдал олгож байна гэж хэлж байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ дээр хоёр өөр аргаар бодсон асуудал огт байхгүй. Тендерийн үнэлгээний баримт бичгийн 17.6-д заасны дагуу ижил төстэй ажлын дундаж өртөг гэдэг зүйлээр л бодсон. Сая орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Бид нар үйл ажиллагаагаа явуулахын тулд ажлын туршлагатай компани сонгох гэж 2021, 2022 онд хийсэн ажлуудыг үнэлсэн гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тийм өртгөөр бодно гэж нарийвчлан тусгаагүй гэж ярьж байна. Гэтэл заавал тэгж тусга гэсэн зүйл байхгүй. Яг энэ аргачлалаар бодно шүү гэсэн эрх зүйн баримт бичиг байхгүй.

 

Нэгэнт бүх асуудал тодорхой болж харагдаж байна. Маргаж байгаа гол асуудал болох дундаж өртөг бодох аргачлал дээр Сангийн сайдын баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт дээр дундаж өртөг бодох аргачлалыг огт заагаагүй гэж шүүхэд мэдээлэл ирүүлсэн байна. Бид нар хамгийн боломжит байдлаар үр дүнтэй шуурхай, чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхийн тул тендерийг хууль ёсны дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.3. Хариуцагч Орон нутгийн өмчийн газрын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг удирдлага болгон аймгийн 2023 оны орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/06 тоот тогтоол гарч үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний А/64 дүгээр захирамжаар Үнэлгээний хороо байгуулагдсан.

 

Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж ...дугаартай зарим сумдын газарзүйн нэрийн тодруулалт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад нээхэд 5 компани тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал ирүүлсэнтэй үнэлгээний хороо танилцаж нарийвчилсан үнэлгээ хийхэд дээр 5 компаниас “Т” ХХК нь тендер шалгаруулалтын бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, харин “Г” ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагад: 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж заасны дагуу тендер нээсэн өдрийн байдлаар 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 дугаар албан бичгээр татгалзсан хариуг хүргүүлсэн.

 

Тус хариу мэдэгдлийн дагуу ...дугаартай “Зарим сумдын газарзүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Г” ХХК-иас гомдол гаргаснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1810 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичиг ирсний дагуу холбогдох шаардлагатай баримт бичгийг явуулсан.

 

Уг гомдлын дагуу тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас хянан үзээд “Г” ХХК-ийн ажлуудын дундаж өртөг 52,075,350,75 төгрөг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан “2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна” гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэн Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоотоор хариу албан бичиг ирүүлсэн.

 

Мөн Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2128 тоот албан бичгийн дагуу гомдол гаргагч “Г” ХХК-ийн тендерийн баталгааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийн баталгааны 1,178,500 төгрөгийг төрийн сангийн 100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор Сангийн яамны цахим хаяг руу орлого төвлөрүүлсэн нотлох баримтыг хүргүүлсэн.

 

Манай байгууллага нь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Үнэлгээний хороо байгуулагдсанаас хойш захиалагчаар тендерийн баримт бичгийг батлуулж, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт буюу тендерийг боловсруулах, тендерийн баримт бичгийг хэзээ нээж, хэзээ зарлах тухай, өгөгдлийн хүснэгтэд юу заах талаар оруулж өгдөг. Тухайн тендерийн ажил нь мэргэжлийн ажилтай холбоотой учраас бид  илүү чадамжтай компанийг сонгохын тулд 2021, 2022 онуудад ижил төстэй ажил хийсэн, ажлын өртөг нь тус тендерийн төсөвт өртгийн 50%-тай тэнцэх болон түүнээс багагүй борлуулалтай байх гэж оруулж ирсэн. Тиймээс 2021, 2022 онд хийсэн ажлуудыг нэмээд хоёр жилд нь хувааж дундаж өртгийг тодорхойлсон байгаа. Ер нь бүх тендер шалгаруулалтыг ингэж л бодож байгаа.

Шалгарсан групптэй гэрээ байгуулан ажил хийгдээд явж байгаа. Энэ тендерийг одоо хүчингүй болгуулаад дахин зарлах боломжгүй.

Сангийн яамны албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн тул хуульд зааснаар тендерийн баталгааг улсын орлого болгосон. Тиймээс тендерийн баталгааг буцаан олгох боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3.4. Хариуцагч Үнэлгээний хорооны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус хорооны даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... аймгийн 2023 оны орон нутгийн төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/06 тоот тогтоол гарч улмаар аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний А/64 дүгээр захирамжаар Үнэлгээний хороо байгуулагдсан.

 

Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж ...дугаартай зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарласан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад нээхэд 5 компани тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал ирүүлсэнтэй үнэлгээний хороо танилцаж нарийвчилсан үнэлгээ хийхэд дээр 5 компаниас “Т” ХХК нь тендер шалгаруулалтын бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байсан учраас аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/306 тоот албан тоотоор хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

 

Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагад: 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж заасны дагуу тендер нээсэн өдрийн байдлаар “Г ХХК нь 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 дугаар албан бичгээр татгалзсан хариуг “Г” ХХК-д хүргүүлсэн.

 

Үнэлгээний хорооноос нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан ажлуудыг хэрхэн яаж үнэлж, дундаж өртгийг хэрхэн яаж тооцсон талаар хариу тайлбар өгье. Нэхэмжлэгч нь тендерт оролцохдоо жагсаалтаар ирүүлсэн ажлын нийт 8 нь шаардлагад нийцсэн буюу гэрээ, актаа ирүүлсэн байдаг. Маргаан гарч байгаа хамгийн гол дундаж өртөгтөө хүрэхгүй байгаа асуудал нь энэ компанийн ирүүлсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт захиалагчийн 8985 га талбайд 1/5000 масштаб зургийг 203,000,610 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээгээ ирүүлсэн боловч тэрний акт байхгүй байсан учир Үнэлгээний хорооноос энэ ажлыг тооцох боломжгүй гэж хассан. Дараагийнх нь “М агро” компанийн захиалсан 20,000,000 төгрөгийн ажил хийсэн гэдэг боловч энэ дээр гэрээ болон акт байхгүй байсан.

 

“Т” ХХК-д давуу эрх олгосон гэж нэхэмжлэгч хэлдэг. “Т” ХХК 2021 онд 8 ажил хийгдсэн акт байгаа боловч гэрээ дутуу үндэслэлээр 6 ажлыг тооцсон. 2022 онд 14 ажлаас 9 ажлыг нь тооцсон байгаа.

 

Сангийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13/7333 тоот албан бичиг дээрх дундаж өртгийг хэрхэн яаж тооцсон талаар маргаан гарч байна. Энэ албан бичигт Сангийн сайдын баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон актад дундаж өртөг бодох аргачлалын талаар заагаагүй бөгөөд харин дундаж өртөг бодох аргачлалыг ерөнхий боловсролын сургуулийн математикийн сурах бичгийн агуулгад тусгагдсан байдаг гэжээ. Тэгтэл энэ арифметик дундаж гэдэг нь өгөгдлийн бүх гишүүний нийлбэрийг бүх тоонд хуваасан ноогдворыг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл энийг тооцож үзэхээр нэгж ажлын дундаж өртөг гэж байгаа. Жишээ нь тухайн өдөр 10 ажил хийж байсан бол 10 өөр дүнтэй ажил байгаа. Тэрний нэг жилийнх нь дундаж өртөг хэд вэ гэдгийг л бодож тооцож байгаа. Манайх нэгж ажил биш нийт ажлын дундаж өртөг гэж тендерийнхээ баримт бичиг, үнэлгээ дээрээ зааж өгсөн. Сангийн сайдын энэ албан бичиг дээр давхар дурдагдсан. Монгол хэлний их тайлбар толь дээр дундаж гэж ямар нэгэн тоо хэмжээний нийлбэрийг тухайн тоо нэгжид хувааж гаргасан тоог гэж байгаа. Тэгэхээр бид нар 2 жилийн хугацаанд хийсэн ажлын дундаж өртөг гэж заасан. Тэгэхээр 2 жилийн хугацаанд шаардлага хангасан гэрээ акт хийсэн бүх ажлуудын нийлбэрийг хоёр жилд нь хувааж байгаа.

 

Энэ арифметик дундаж гэдэг өгөгдлөөр тооцоог нь үзэхээр “Г” ХХК-ийн 2021 оны хийсэн ажлын дундаж өртөг нь 10,710,000 төгрөг байгаа. Тэгвэл 2022 оны дундаж өртгийг нь тооцож үзэхээр 28,912,174 төгрөг байгаа. Харин Үнэлгээний хороо хуралдаж нийт ажлыг хоёр жилийн хугацаанд нь дундаж өртгийг гаргахад “Г” ХХК нь 106,547,595 төгрөг байсан бол “Т” ХХК нь 236,009,303 төгрөг байхаар нь “Т” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн.

 

Сангийн яамны аргачлалаар дундаж өртгийг шалгахад шалгарсан байгууллага нь 31,000,000 орчим байгаа. Харин “Г” ХХК нь 52,075,350.75 төгрөг байна гэж заасан байдаг. Тэгтэл Сангийн яам манай зарласан тендерийн гол шаардлага дээр гүйцэтгэсэн ажлын гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн актыг заавал хавсаргана гэж хэлсээр байтал гүйцэтгэсэн ажлынх нь гэрээгээр дүгнэж 52,000,000 төгрөг гэж гараад байгаа. Энэ дээр “Г” ХХК-ийн хийсэн ажлын жагсаалтыг нэг бүрчлэн тооцож үнэлгээ гаргаж ирсэн байгаа болохоор энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Мөн тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлага гаргасан байна. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас 02/2041 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн гомдлыг хянаад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасныг үндэслээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд гэрээ байгуулснаар урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийг олгосон. Комиссын акт гаргасныг үндэслээд үлдэгдэл 70 хувийн санхүүжилтийг олгохоор байгаа. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 хувьтай, сумын судалгаа, хээрийн судалгааны ажил бүрэн дууссан. Боловсруулалтын ажлууд хийгдэж, бүх зүйл графикийн дагуу явж байгаа учраас энэ тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах боломжгүй гэж үзэж байна.

 

Компаниудын хэн нэгэнд давуу эрх олгож тус тусад нь өөр өөр аргачлалаар бодсон  зүйл байхгүй. Үнэлгээний хороо хуульд заасны дагуу тендерийн баримт бичгийг боловсруулахдаа 2021, 2022 онд хийгдсэн ажлын дундаж өртөг 50 хувиас багагүй байна л гэж заасан. Онцгойлон нэг шаардлага тавьсан нь хийж гүйцэтгэсэн ажлыг нотлох гол зүйл нь гэрээ байгуулсан байх ёстой. Хамгийн гол нь актаар тухайн ажлыг хүлээлгэж өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэгт авагдсан материалууд дээр энэ хоёр компаниудын хийсэн ажлын жагсаалт болон үнэлгээг нарийвчлан тооцсон байгаа.

Нэхэмжлэгч талаас маргаж байгаа гол асуудал нь нэг компанид нэг аргачлалаар нөгөө компанид нэг аргачлалаар бодож гаргалаа гэдэг маргаан юунаас гарсан гэхээр Сангийн яамны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 гэсэн тоот албан бичиг дээр нэгж ажлын дундаж өртгийг тооцож гаргаснаас гол маргаан үүссэн. Сангийн яамны энэ аргачлалаар бодох юм бол энэ тендерт тэнцэх компани, аж ахуйн нэгж ер нь байхгүй. Магадгүй хоёр жилдээ нэг, нэг ажил хийсэн байх юм бол Сангийн яамны энэ шалгуураар гарах байх. Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрсдийн нийт хийсэн ажлын тоог хүлээн зөвшөөрсөн. Энэ дээр аливаа нэгэн маргаан гаргах нь зохисгүй. Энэ ажил нь 2023 онд хийж гүйцэтгэж дуусгах ёстой ажил. Энэ онд хөрөнгө нь тавигдсан, түүнийхээ дагуу гүйцэтгэгч этгээдээр гуравдагч этгээдийг сонгож, шалгарсан компани графикт зааснаар ажлуудаа хийгээд явж байгаа. Шүүх энэ байдлыг харгалзаж үзэх байх гэж найдаж байна гэв.

 

3.5. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Манайхыг ихэнх газрууд “Т” гэж биччихээд байдаг. Манай нэршил бол “Т” ХХК юм. Энийг батлах баталгаа нь манай регистрийн дугаараар батлагддаг. Техникийн алдаа л гарсан юм шиг байна. Манайх “Т” ХХК-иар гэрээгээ ч хийсэн, бүх албан бичгүүд энэ нэрээрээ явдаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчид болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ... аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1.  Маргаан бүхий захиргааны акт болох ... аймгийн Засаг даргын тамгын газар (цаашид “Засаг даргын тамгын газар” гэх)-ын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн ... тал)-ээр, ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцсон нэхэмжлэгч “Г” ХХК-д “...танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн хянан үзэхэд ... 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байгаа тул ... 27.4-т заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна” гэж мэдэгджээ.  

1.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Захиалагчийн бэлтгэсэн тендерийн баримт бичигт дундаж өртгийг хэрхэн бодох аргачлалыг тодорхой тусгаагүй, Сангийн яамны аргачлалаар дундаж өртгийг шалгарсан байгууллагад хийж үзвэл тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнд хүрэхгүй байгаа тул тендерт оролцогч компаниудад эрх тэгш боломжийг олгоогүй болон тендерт оролцогч нарын дунд төөрөгдөл үүсгэн нэг талд илүү боломж олгосон” гэх агуулгаар тайлбарлаж байна.

1.3. Хариуцагчаас, дээрх шаардлагыг татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэлийг “Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 дугаар албан бичгээр татгалзсан хариуг хүргүүлсэн, ...Засаг даргын тамгын газрын зүгээс тендер шалгаруулалтад оролцож зохион байгуулдаггүй. Тусдаа эрх бүхий бүрэлдэхүүн буюу Үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эсхүл татгалзсан талаар албан бичгээр хариу мэдэгддэг” агуулгаар тайлбарлана.

 

1.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.2. “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” хэмээн тус тус заажээ.

1.5. Захиалагч Засаг даргын тамгын газрын даргын баталж, Үнэлгээний хорооноос боловсруулсан ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн II бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгт (цаашид “ТӨХ” гэх)-ийн ТШЗ 17.6-д Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: гэсэн хэсэгт (1 дэх хавтаст хэргийн 193 дах тал)

- Газар зүйн нэрийн тодруулалтын ажил, геодезийн зураг зүйн чиглэлээр ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 он /Гүйцэтгэсэн ажлын гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн акт заавал хавсаргах/

- 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна хэмээн тендерт оролцогчийн туршлагын талаарх шалгуур үзүүлэлт, шаардлагыг тодорхой заасан байх ба тухайн тендерийн төсөвт өртөг нь, 2023 оны орон нутгийн төсөвт 235,700,000 төгрөгөөр батлагдаж, тендерийн баримт бичигт томсгосон үнэлгээгээр 237,193,014 төгрөгөөр тусгагдсан байна. (3 дах хавтаст хэргийн 184,192 дах тал, 1 дэх хавтаст хэргийн 210 дах тал)

1.6. Хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн тендерийн баримт бичиг болон холбогдох бусад нотлох баримтууд (3 дах хавтаст хэргийн 13-15 дах тал)-аас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь, ТӨХ дэх дээр дурдсан шаардлагатай холбогдуулан ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх гэрээний мэдээлэлд 2021 онд 7 (1 ажлын төсөвт өртөг тусгагдаагүй), 2022 онд 8 ажил хийж гүйцэтгэсэн талаарх жагсаалтыг хүргүүлсэн, Үнэлгээний хороо тухайн оролцогчоос ирүүлсэн тендерийг хянан үзээд нийт 8 ажлыг ижил төстэй ажилд хамааруулсан ч 2021 онд 10,710,000, 7,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 ажил, 2022 онд 14,630,000, 108,211,950, 8,062,560, 9,778,296, 54,600,000 төгрөгийн өртөг бүхий 5 ажил, нийт 212,992,806 төгрөгийн төсөвт өртөг бүхий 7 ажлыг хийж гүйцэтгэснээр тооцож, (203, 610,000 төгрөгийн ажлыг холбогдох гэрээг ирүүлсэн ч хүлээлгэн өгсөн акт ирүүлээгүй гэх шалтгаанаар хассан) улмаар ижил төстэй ажлын дундаж өртгийг нийт гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг 2 жилд хуваан 106,496,403.00 төгрөгөөр тооцож, энэ нь “Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн нь 2 дах хавтаст хэргийн 31-32 дах талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү тооцоололтой маргаагүй мөн үнэлгээнд ороогүй хасагдсан 203, 610,000 төгрөгийн ажлын актыг тендерийн баримт бичигт хавсаргаагүй болохыг хүлээн зөвшөөрч байгааг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:”, 47.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заажээ.

 

1.7. “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар томилогдсон Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар, холбогдох материалаа ирүүлсэн нэр бүхий 5 компани /”Г”, “А”, “Ге”, “Х”, “Т” гэсэн ХХК-иуд/-ийн тендерийн материалыг хянан үзсэн үнэлгээний талаар хэлэлцээд “Т” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн тус оролцогчтой гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тайлан дүгнэлт болон зөвлөмжийг захиалагч Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. (2 дах хавтаст хэргийн 25-27, 39-42 дах тал)

 

Улмаар захиалагч Засаг даргын тамгын газар, тендер шалгаруулалтын үр дүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 5 дах тал)-ийг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;” гэж, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасанд нийцжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь захиалагчийн тогтоосон, тендерт оролцогчийн туршлагын талаарх шаардлага болох 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэсэн шаардлагыг хангаагүй нь захиалагчийн зүгээс тус хуулийн этгээдийн тендерээс татгалзах үндэслэл болохоор байна.

1.8. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс, тус тендерийн ижил төстэй ажлын дундаж өртгийг тодорхойлсон Үнэлгээний хорооны аргачлалыг буруу буюу дээд шатны байгууллага /Сангийн яам/-ын дундаж өртөг тооцох аргачлалаас зөрүүтэй хэмээн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог. Гэвч тухайн оролцогчийн ирүүлсэн тендерийн материал дахь ижил төстэй ажлын дундаж өртөг нь Сангийн яамны дундаж өртөг тооцсон аргачлалаар тооцсон ч мөн дээрх шаардлагыг хангахгүй байгаа нь Сангийн яамнаас тухайн компанийн гомдлыг хянаад хүргүүлсэн хариу албан бичигт “... “Г” ХХК-ийн тендерийг хянан үзэхэд ... дээрх ажлуудын дундаж өртөг 52,0765,350.75 төгрөг байх тул ... 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн дурдсан байгаагаар тогтоогдож байх ба энэхүү тооцоололтой нэхэмжлэгч нь мөн маргахгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан.

Нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй хэмээн татгалзсан шийдвэр болох маргаан бүхий захиргааны акт буюу Засаг даргын тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичиг нь, хууль бус гэж үзэх улмаар тендерт оролцсон нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

             2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.9-т “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг ойлгохоор тус тус тодорхойлжээ.

Мөн дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1-д” техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;”,  47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж заажээ.

2.2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, аймгийн Засаг даргын тамгын газар болон Орон нутгийн өмчийн газрыг тус тус хариуцагчаар тодорхойлж ирүүлсэн байх боловч тус хуулийн этгээдээс гаргасан “...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага нь  хуулийн дээрх тодорхойлолтод заасанчлан “хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагаа”-тай холбоотой байх тул энэхүү шаардлагатай холбогдуулан тухайн тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан Үнэлгээний хороог хариуцагчаар, тус тендерт хамгийн сайн үнэлэгдэж гэрээ байгуулах эрх авч, захиалагчтай гэрээ байгуулсан “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

2.3. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлийг “тендерийн баримт бичигт дундаж өртөг хэрхэн бодох аргачлалыг тодорхой тусгаагүйн улмаас тендерт оролцогчдод эрх, тэгш боломж олгоогүй, шалгарсан компанийн гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь Сангийн яамны аргачлалаар бодоход манай компаниас бага байна, шалгаруулалт шударга бус явагдаж шалгарсан компанид давуу эрх олгосон, дундаж өртөг бодох аргачлалыг Үнэлгээний хороо буруу зөрүү ойлголттойгоор бодсон нь дээд шатны байгууллагаар тодорхойлогдож байгаа” гэх зэргээр маргаж байна.

Маргаан бүхий тендерт шалгарсан гуравдагч этгээд “Т” ХХК нь, тендерийн баримт бичигтээ ТӨХ-ийн ТШЗ 17.6-д заасан “2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна” гэсэн шаардлагатай холбогдуулан өөрийн компанийн болон түншлэлийн гэрээний дагуу тус тендерт оролцож буй “То” ХХК-ийн 2021 он, 2022 оны нийт 36 ажил (үүнээс 2 нь төсөвт өртөг тусгаагүй) -ын гэрээний мэдээллийн жагсаалтыг хүргүүлснээс, тендерийн Үнэлгээний хороо тус компанийн 2021 оны 105,000,000.00 төгрөгийг 7 ажил, 2022 оны 537,083,311 төгрөгийн 10 ажил, нийт 642,083,311 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг нь үнэлгээнд хамруулж, ижил төстэй ажлын дундаж өртөг  321,041,656 гэж тодорхойлсноор тус хуулийн этгээдийн тендерийг шалгаруулжээ. (2 дах хавтаст хэргийн 62-64, 31-32 дах тал)

Харин Сангийн яамны аргачлалаар дээрх компанийн 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртгийг тооцоход нэхэмжлэгчийн маргаж байгаачлан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангахгүй байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байх ба энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч Үнэлгээний хороо “Сангийн яамны аргачлалаар дундаж өртгийг шалгахад шалгарсан компанийнх 31,000,000 орчим байгаа, Сангийн яамны нэгж ажлын дундаж өртөг тооцсон энэ аргачлалаар бодох юм бол энэ тендерт тэнцэх компани, аж ахуйн нэгж ер нь байхгүй. Магадгүй хоёр жилдээ нэг, нэг ажил хийсэн байх юм бол Сангийн яамны энэ шалгуураар гарах байх. Энэ арифметик дундаж өгөгдлөөр тооцож үзэхээр “Г” ХХК-ийн 2021 оны хийсэн ажлын дундаж өртөг нь 10,710,000 төгрөг, 2022 оны дундаж өртөг 28,912,174 төгрөг байгаа. Харин Үнэлгээний хороо хуралдаж нийт ажлыг хоёр жилийн хугацаанд нь хувааж дундаж өртгийг гаргахад “Г” ХХК нь 106,547,595 төгрөг байсан бол “Т” ХХК нь 236,009,303 төгрөг байхаар нь “Т” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн” гэх тайлбарыг гарган маргаж байгааг шууд буруутгах боломжгүй ч тус тендерийг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээргүй байна.

 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”,19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, ../-ыг/ тусгах”-аар заасан.

2.4. Мөн дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:”, 16.1.2-т “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;”, 16.2-т ”Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэжээ.

Захиалагч болон түүний байгуулсан Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулах эрхийнхээ хүрээнд тухайн тендерийн баримт бичгийг боловсруулж, ингэхдээ оролцогчийн туршлагын талаарх шалгуурт “2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна” гэж тусгасан нь хуулийн дээрх зохицуулалтад буюу 16 дугаар зүйлд заасанд нийцэж байх боловч нь  энэхүү дундаж өртгийг тооцсон аргачлал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т зааснаар “…худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг эрхлэх”, 52.1.2-т зааснаар “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага болох Сангийн яамны аргачлалаас зөрүүтэй, улмаар түүнийг хэрхэн тооцох аргачлалыг /ижил төстэй ажлын жилийн дундаж өртөг эсхүл нэгж ажлын дундаж өртгийн аль нь болох/ тендерийн баримт бичигт тодорхой зааж тусгаагүй, үүнээс үүдэн тендерт оролцогчдод тодорхойгүй байдал, эргэлзээ төрүүлж, маргаан дагуулжээ.

 

2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” 27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” хэмээн заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлавал нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хуулийн 16 дугаар зүйлд заасан туршлагын талаарх шалгуурыг нэгэнт хангаагүй тохиолдолд Үнэлгээний хороо шаардлагад нийцээгүй тухайн тендерт цаашид үнэлгээ хийх боломжгүй. Гэтэл Үнэлгээний хороо, нэхэмжлэгчийн тендерийг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй буюу хуулийн 16 дугаар зүйлд заасан туршлагын талаарх шалгуурыг хангаагүй гэж үзсэн атлаа 28 дугаар зүйлд заасны дагуу нарийвчилсан үнэлгээнд хамруулсан нь ойлгомжгүй, тендерийг хянан үзэх, үнэлэх талаарх хуулиар тогтоосон үйл ажиллагааны дарааллыг зөрчсөн байх ба энэ нь 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, нарийвчилсан үнэлгээнд хамруулсан тендерийг 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзаж байгаа захиалагчийн шийдвэрээр мөн нотлогдож байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Үнэлгээний хорооны “Сангийн яамны аргачлалаар дундаж өртгийг шалгахад шалгарсан компанийнх 31,000,000 орчим байгаа, Сангийн яамны нэгж ажлын дундаж өртөг тооцсон энэ аргачлалаар бодох юм бол энэ тендерт тэнцэх компани, аж ахуйн нэгж ер нь байхгүй” хэмээн тайлбарлаж байгаачлан бүх тендерийн  дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага гарах тохиолдолд захиалагч хуулийн 30.1-д зааснаар бүх тендерээс татгалзаж, улмаар 30.4.1-д зааснаар тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулах замаар дахин тендер шалгаруулалтыг явуулах хууль зүйн боломж байсныг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд энэхүү тендер сонгон шалгаруулалт нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй улмаар нэхэмжлэгчийн, тендерт оролцох тэгш боломжоор хангуулах, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт, ...бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор заасан.

           

Мөн “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг бүхэлд нь ойлгохыг Үндэслэх нь хэсгийн 2.1 дэх хэсэгт дурдсан.

 

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй энэхүү тендерт гуравдагч этгээд “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, улмаар тухайн этгээдэд гэрээ байгуулах эрх олгож, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр захиалагч болон тус компанийн хооронд “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба эндээс үзвэл маргаан бүхий тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нэгэнт хэрэгжсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэх 11 төрлийн 20 ажлаас, 12 ажил нь хийж дууссан, 3 ажил нь 50%-ийн, 1 ажил нь 20%-ийн гүйцэтгэлтэй, нэрийн зураг зохиох, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинэчлэн өөрчлөгдсөн газар зүйн нэрийг хэлэлцүүлж батлуулах, улмаар тайлан бичиж хүлээлгэн өгөх зэрэг 4 ажил  хийгдээгүй байгаа нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “тендерт оролцогчдод эрх, тэгш боломж олгоогүй, шалгарсан компанийн гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг Сангийн яамны аргачлалаар бодоход манай компаниас бага байна, шалгаруулалт шударга бус явагдаж шалгарсан компанид давуу эрх олгосон” хэмээн тайлбарласан улмаар энэхүү шаардлага болон түүний үндэслэл нь хэвээр болохыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэж маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нь “маргаан бүхий тендер шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоох” агуулгаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           

3. ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны акт гаргахыг буюу зохих үйл ажиллагаа явуулахыг даалгах шийдвэр гаргахад, захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой буюу тодруулбал, энэхүү маргааны хувьд ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг явуулах үүргийг захиргааны байгууллагын зүгээс биелүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл энэхүү даалгах нэхэмжлэлийн хувьд тухайн тендер сонгон шалгаруулалт нь нэгэнт хэрэгжсэн бөгөөд явагдаж дууссан болох нь дээр дурдсанаар тогтоогдож улмаар шүүхээс тус тендер шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах хууль зүйн боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Тендерийн баталгааг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь, Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас зарласан ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцох болсонтой холбогдуулан тендерийн баталгаа болох 1,178,500.00 төгрөгийн банкны баталгааг захиалагчид хүргүүлсэн байх ба улмаар энэхүү баталгааг “тус хуулийн этгээдийн Сангийн яаманд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”-тэй холбогдуулан улсын орлого болгосон байна. (3 дах хавтаст хэргийн  161, 220-221 дэх тал)

4.2. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлийг “Тендер шалгаруулалт нь шударга бус явагдсан, Сангийн яам бидний гаргасан гомдлыг бүрэн шалгаж үзээгүй учир тендерийн баталгааг Орон нутгийн өмчийн газарт хураан авах үндэслэлгүй” гэх агуулгаар, хариуцагч Орон нутгийн өмчийн газар “Сангийн яамны албан бичгийн дагуу гомдол гаргагч “Г” ХХК-ийн тендерийн баталгааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу төрийн сангийн 100900000753 тоот дансанд төвлөрүүлсэн” хэмээн маргасан.

 

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн  үнэт цаасыг ойлгохоор, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь .....захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ... гомдлыг  төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... гаргах”-аар, 20 дугаар зүйлийн 20.7.3-т “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн … /тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох/”-оор”, 55 дугаар зүйлийн 55.9-д “... Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгох”-оор тус тус зохицуулсан байна.

4.4. Мөн Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын Зургаа. Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх, шийдвэрийг мэдэгдэх гэсэн хэсгийн 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг, ... гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, Үүнд: 6.1.2. захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх”-ээр, Долоо.Тендерийн баталгааг улсын орлого болгох гэсэн хэсгийн 7.1-д “Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг ...улсын орлого болгохыг захиалагчид даалгана”, 7.2-т “Энэ журмын 7.1-д заасан мэдэгдэл хүлээн авсан захиалагч тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, ... нэр бүхий Төрийн сангийн дансанд төвлөрүүлж хариуг ...албан бичгээр мэдэгдэнэ” хэмээн журамлажээ..

 

4.5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд (3 дах хавтаст хэргийн 162, 1 дэх хавтаст хэргийн 149, 4 дэх хавтаст хэргийн 21-23 дах тал)-аар, нэхэмжлэгч “Г” ХХК нь, тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болох аймгийн Засаг даргын тамгын газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай “ ... 2021, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь төсөвт өртгийн 50 хувиас бага байгаа тул ... 27.4 заасны дагуу танай тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна” гэх агуулга бүхий албан бичгийг эс зөвшөөрсөн талаарх гомдлыг  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/025 тоот албан бичгээр Сангийн яаманд гаргасныг тус яамнаас хянан үзээд 2023 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн  03/2041 тоот албан бичгээр “....гомдолд дурдсаны дагуу “Г” ХХК -ийн тендерийг хянан үзэхэд ... 2021 он, 2022 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх хариуг гомдол гаргагчид хүргүүлжээ.

 

4.6. Улмаар Сангийн яам, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг дээрх байдлаар хянан үзсэнтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2128 тоот албан бичгээр “гомдол гаргагчийн тендер шалгаруулалтад ирүүлсэн Хаан банкны ...дугаартай тендерийн баталгааны 1,178,500.00 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлж, хариу мэдэгдэх”-ийг захиалагчид даалгаснаар, Орон нутгийн өмчийн газар тухайн тендерийн баталгааны орлогыг зохих дансанд төвлөрүүлэхийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 тоот албан бичгээр холбогдох Хаан банкинд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тендерийн баталгааны 1,178,500.00 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлсэн болох нь 1 дэх хавтаст хэргийн 150, 3 дах хавтаст хэргийн 219-221 дэх талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

4.7. Дээрх үйл баримтуудаас үзэхэд Сангийн яам нь, тендерт оролцогч “Г” ХХК-ийн гаргасан гомдлыг тухайн гомдлын хүрээнд хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус компанийн тендерийн баталгааг улсын орлого болгосон нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгаа 1,178,500.00 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болохгүй байна гэж үзэв.

 

4.8. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2.”Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” хэмээн заасан, улмаар Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын Дөрөв. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, гомдлыг хүлээн авах гэсэн хэсгийн  4.5-д “Сангийн яам ... дараах нөхцөл байдал бүхий гомдлыг буцаах ба энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Үүнд: 4.5.3. гомдол гаргасан асуудлаар өмнө нь Сангийн яам шийдвэрлэж хариу өгч байсан” хэмээн журамлажээ.

 

4.9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд (3 дах хавтаст хэргийн 163-164 дэх тал)-аар, нэхэмжлэгч “Г” ХХК нь, Сангийн яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  03/2041 тоот албан бичгээр ирүүлсэн гомдол хянасан хариутай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/А/042 тоот албан бичгээр “...тендерт шалгарсан компанийн илгээсэн тендерийн материалыг дээрх аргачлалаар шалгаж үзэхэд дундаж төсөвт өртөг 50 хувиас бага байна, ...тендерийн үр дүнтэй санал нийлэхгүй байна” гэх гомдлыг Сангийн яаманд дахин гаргасан улмаар тус яам 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/2277 тоот албан бичгээр “... танай байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэх хариуг өгсөн байх ба энэхүү нөхцөл байдлаас үзвэл Сангийн яам нь нэхэмжлэгчийн дахин гаргасан гомдлыг буцаасан нь үндэслэлгүй байна.

 

4.10. Учир нь дээр дурдсан хуулийн болон захиргааны хэм хэмжээний актын зохицуулалтаас үзэхэд, Сангийн яамнаас өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар   тендерт оролцогч дахин гомдол гаргавал тухайн гомдлыг буцаахаар заасан. Өөрөөр хэлбэл өмнө шийдвэрлээгүй асуудлаар тендерт оролцогч гомдол гаргавал буцаах үндэслэлгүй.

 

4.11. Гэтэл дээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Сангийн яамнаас өмнө шийдвэрлэж хариу өгсөн асуудал (зөвхөн өөрт хамаарах тендерийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан, Сангийн яам ч энэхүү гомдлын хүрээнд хянан үзсэн)-аар гомдол гаргаагүй, харин өмнөх гомдол дурдаагүй асуудлаар буюу тендерт шалгарсан оролцогчийн үнэлгээний асуудлаар гомдол гаргасан байхад тус яамнаас “... 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2041 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн” хэмээн тухайн гомдлыг хянан үзэлгүй буцаасан нь дээр дурдсан 4.8-д заасан зөрчиж байна.

           

Улмаар Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын Долоо.Тендерийн баталгааг улсын орлого болгох гэсэн хэсгийн 7.1-д “Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг ...улсын орлого болгохыг захиалагчид даалгана” хэмээн тендерийн баталгааг улсын орлого болгох асуудлыг нарийвчлан журамласан байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь, ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд 2 удаа гомдол гаргасан ч 2 өөр асуудлаар гомдол гаргасан, Сангийн яам тухайн оролцогчийн гаргасан эхний  гомдлыг хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн ч дараагийн гомдлыг шийдвэрлэлгүй буцаасан нь хууль болоод холбогдох журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд,  “Г” ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг шүүхээс нэгэнт тогтоосон тул нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгаа 1,178,500.00 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн болон гомдолд хариу өгсөн албан бичгүүдтэй шууд маргаагүй боловч эдгээр нь тендерт оролцогчийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд байх тул шүүх, нэхэмжлэгчийн  ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хууль бус гэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дагалдан гаргасан энэхүү шаардлагын үндэслэлтэй нь холбогдуулж эдгээрт зохих дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу Тодорхойлох нь хэсгийн 1.2, 1.4-т заасан шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг буюу Тодорхойлох нь хэсгийн 1.1, 1.3-т заасан шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.9, заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоож, тендерийн баталгааны 1,178,500.00 /нэг сая нэг зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ... регистрийн дугаартай “Г” ХХК-д олгосугай.

 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.4, 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Засаг даргын тамгын газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/309 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,  ...дугаартай, “... аймгийн зарим сумдын газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Орон нутгийн өмчийн газарт даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 23,400 (хорин гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулж, ... регистрийн дугаартай “Г” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА