Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 05 сарын 14 өдөр                                                Дугаар 2026/ШЦТ/97                                                                 Даланзадгад сум

                                                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж,

Улсын яллагч С.Анхбаяр,

Шүүгдэгч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр    

Нарийн бичгийн дарга А.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харцагууд овогт Ц-ын Цод холбогдох 2628000000111 тоот эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

        

Шүүгдэгч:

                           

Холбогдсон гэмт хэргийн талаар:     

Харцагууд овогт Ц-ын Б нь 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд согтуурсан үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Өгөөмөр багаас Цогтцэций сум руу явах авто замын 50 дахь километрт ......... ӨМҮ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч У.А-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас хохирогч У.А-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцоод хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа учраас прокурортой тохиролцсон хариуцлагын дагуу шийдэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч У.А-ын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Би өвөөгийн хажууд машины урд суудал дээр суугаад явж байсан, ...Манай өвөө жолоо барьж байсан, ...М ах хойд суудал дээр унтаад явж байсан, ...Би суудлын бүс хэрэглээгүй байсан, ...Осол болсны дараа өвөө надад хэлэхдээ өвөө нь архи уусан үедээ жолоо барьснаас болж ийм юм боллоо гэж хэлж байсан. М ах бид хоёрын хажууд өвөө ууж байгаа нь харагдаагүй болохоор хэзээ, хаана архи уусныг нь сайн мэдэхгүй байна” гэжээ. /хх-21-22/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Би 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум өнгөрөөд явж байтал би машины хойд талын суудал дээр унтаж явсан талаар юу ч мэдэхгүй нэг сэрэхэд машин дээшээ харсан байдалтай байж байсан. Тэгээд нэг машинтай ах ирээд өвөөг машинаас буулгасан. Тэгээд бид 3 машиныхаа хажууд сууж байтал 2-3 машинтай хүн тусламж дуудаад өгье гэж хэлээд явцгаасан. Тэгээд удалгүй манай эмээгийн дүү ирж Өмнөговь аймаг руу авч явсан. Тэгээд уг аймгийн эмнэлэгт үзүүлсэн..., би унтаж явсан болохоор мэдэхгүй байна.” гэжээ. /хх-36-38/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Тухайн үед толгой өвдөлттэй нуруу өвдөөд байна гэж ирээд эмнэлэгт үзүүлэхэд томографийн зураг авхуулахад нуруу хугаралтай байна гэсэн оноштой байсан. Тэгээд 2 өдөр хувийн эмнэлэгт очиж дусал тариа хийлгэсэн. Эмнэлэгт огт хэвтээгүй гэрээрээ кальц хэрэглээд байж байгаа. Одоо хичээлдээ явж байгаа. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-27-28/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед санагдаж байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумаас гарч яваад тамхи уначихаар нь тамхиа авах санаатай тонгойж байгаад жолоогоо алдан замын хажуу руу онхолдсон. Тухайн үед хажуугаар явж байсан хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан байсан, ...Би 2026 оны 03 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед цагаан сараар очоогүй байсан айлууд болох дүү нарынхаа гэрт очиж архи уусан. Яг хэдэн шил архи уусан гэдгээ мэдэхгүй байна.” гэжээ. /хх-62-64/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-14/,

 

Насанд хүрээгүй хохирогч У.А-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-62-64/,

 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0726/186 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. У.А-ын биед сээрний 12-р нугаламд хугарал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой байна, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” Гэжээ. /хх-46-47/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-70/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-71/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-72/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-73-74/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-86/,

 

Шүүгдэгч Ц.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-95/.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар.    

 

Улсын яллагч С.Анхбаяр  шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Б-д холбогдох 2628000000111 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоод дүгнэлт гаргаж байна. Харцагууд овгийн Ц-ын Б согтуурсан үедээ 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум, Өгөөмөр баг, Даланзадгад сумаас Цогтцэций сум руу явах замын 50 дахь километрт ...... ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч У.А-д хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд яллагдагч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байна. Яллагдагч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Яллагдагчийн хувийн байдал, нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцүүлэн яллагдагч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахыг зөвшөөрсөн тул хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Яллагдагч Ц.Б-д 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэрэгт битүүмжилсэн эд зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч Ц.Б-той хийсэн эрүүгийн хариуцлагын саналыг батлуулах хүсэлтийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас хохирогч У.А-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцоод хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа учраас прокурортой тохиролцсон хариуцлагын дагуу шийдэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

 

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

 

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд согтуурсан үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Цогтцэций сум руу явах авто замын 50 дахь километрт ........... ӨМҮ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч У.А-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл. /хх-9/,

- Насанд хүрээгүй хохирогч У.А-ын “...замдаа явж байгаад өвөө голын хайрцгаас тамхи гаргах гэж байгаад гэнэт эсрэг замын тал руу огцом дараад осолд орсон, ...Өвөөг машин барьж явах үед нь согтуу байсныг мэдээгүй. Осолд орсон дараа өвөө өөрөө хэлэхдээ өвөө нь архи уусан байсан гэж хэлсэн. Ц өвөө манараад байсан.” гэх мэдүүлэг (хх-31-32),

- Насанд хүрээгүй гэрч Б.М-н “...би машины хойд талын суудал дээр унтаж явсан талаар юу ч мэдэхгүй нэг сэрэхэд машин дээшээ харсан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг (хх-36-38) 

- Шүүдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед санагдаж байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумаас гарч яваад тамхи уначихаар нь тамхиа авах санаатай тонгойж байгаад жолоогоо алдан замын хажуу руу онхолдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-6-7 дахь тал),

- Гэрэл зургийн үзүүлэлт (хх-8-10),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-11),

- Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0726/186 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-46-47) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Уг зам тээврийн осолд холбогдолтой асуудал дээр манай зүгээс сэтгэл санааны хохирол, бусад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй байна” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. 

 

Улсын яллагчийн зүгээс “шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа учраас прокурортой тохиролцсон хариуцлагын дагуу шийдэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.    

   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

  

Шүүх шүүгдэгч Ц.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.           

  

Бусад асуудлаар.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж заажээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЗ/186 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдав. 

 

Шүүгдэгч Ц.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харцагууд овогт Ц-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнсэгдсэн 1 (нэг) жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

        

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.УРАНЧИМЭГ