| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2024/02049/И |
| Дугаар | 182/ШШ2024/02048 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02048
| 2024 05 07 | 182/ШШ2024/02048 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд би,
Нэхэмжлэгч: Ц ББСБ ХХК
Хариуцагч: Ш. М
зээлийн гэрээний үүрэгт 613,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.М (РД:.) нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМN цахим зээлийн үйлчилгээнд №5375 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 360,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 8,100 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч Ш.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 357,071 төгрөг,
Шимтгэл үлдэгдэл 7,142 төгрөг,
Хүүгийн үлдэгдэл 248,945 төгрөг,
Нийт 613,158 төгрөг байна.
Иймд хариуцагч Ш.Маас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №5375 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 357,071 төгрөг, шимтгэл 7,142 төгрөг, хүү 248,945 төгрөг, нийт 613,158 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,046 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн тайлбар, эвлэрэлдээ: Хариуцагч Ш.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 613,158 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар Ц ББСБ ХХК-тай эвлэрсэн байх ба зохигч хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Ш.Мд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 613,158 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 613,158 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар Ц ББСБ ХХК-тай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 613,158 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар Ц ББСБ ХХК-тай тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,046 төгрөгийн тавин хувь болох 9,523 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн 9,523 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 9,523 төгрөгийг хариуцагч Ш.Маас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.
3. Хариуцагч Ш.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БУД