Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/198

 

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

яллагдагч Н.Бы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Жаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2636 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Бд холбогдох 1903009600431 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Н Б, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Яллагдагч Н.Б нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “П” хүнсний дэлгүүрийн хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Celsior” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-т заасан Жолоочид хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Гт жолоочтой “Case 580 Super М” загварын - УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц.Гын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Н.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэгт ... - УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Гын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн асуудлыг эрүүгийн хэрэгт шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ... яллагдагч Н.Быг холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “жолооч Ц.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-6, 27.4а-д заасан заалтуудыг зөрчиж үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байна” гэж дүгнэснийг Ц.Гт холбогдох асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх боломжгүй юм. Учир нь, Ц.Гын дүрэм зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийн акт, шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах, улмаар уг шийдвэрт хэргийн оролцогчдоос гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрхийг хангах үндэстэй. Учир нь, эрүүгийн хэрэгт хэргийн оролцогчдоос - УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Гыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгслийг байршуулсан байхдаа тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж маргаж оролцсон. Иймд шинжээчийн дүгнэлтээр буруутгагдсан Ц.Гын үйлдлийг хуулийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэх учиртай.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон асуудлаар яллагдагчийн өмгөөлөгчид маргасан. ...Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч Ц.Гын төрсөн эцэг Д.Ц “...гэр бүл хүүхдүүдтэйгээ ярилцсаны үндсэн дээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон тул тогтоож өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг гаргаж /1хх 6З/ 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Ц тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /1хх 59/ Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Р.О нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтийг гаргаж, прокуророос 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Р.Ог хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан ... бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж хуульчилсан.

Иймд өмгөөлөгчдийн хүсэлт хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөх тухай агуулга биш байх ба харин тогтоогдсон хууль ёсны төлөөлөгчдийн хэн нь хор уршгийн зардлыг шаардах эрхтэй этгээд болох тухайд маргаж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн зардлыг амь хохирогчийн төрсөн эцэг, эсхүл эхнэр Р.О нарын хэн нь шаардах эрхтэй этгээд болохыг нягтлан тодруулж, хууль ёсны төлөөлөгчийг зөвтгөх, тэднийг тогтоосон тогтоолуудын аль нь хүчин төгөлдөр болохыг эцэслэн нэг мөр шийдвэрлэж хэргийг шүүхэд ирүүлэх шаардлагатай.

Яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 96 дугаартай захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба хэргийг прокурорт буцсаны дараа шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт гарсан байхад энэхүү дүгнэлт нь шүүхийн буцаасан захирамжийн өмнө буюу 1 дүгээр хавтаст хэрэгт /1хх 229/ үдэгдсэн бөгөөд үүнээс үзэхэд шүүхэд хянагдсан хэргийг задалж өөрчлөн үдсэн буюу шүүхээс буцсаны дараах ажиллагааг өмнө болгож оруулах гэх мэтээр хэргийн баримтуудыг эмх замбараагүй байдлаар өөр өөр газар оруулан үдэж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 дугаар хавтаст эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Н.Бд холбогдох хэргийн үдэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан дарааллаар зөвтгөж үдэх шаардлагатай. ...” гэж дүгнэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, яллагдагч Н.Бы АВС ангиллын 357177 дугаар жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт Тээврийн прокурорын газарт хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монголын Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн хувьд яллагдагч Н.Б нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “П” хүнсний дэлгүүрийн хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Celsior” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-т заасан Жолоочид хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Гт жолоочтой “Case 580 Super М” загварын - УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц.Гын амь насыг хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Техникийн шинжээчийн “...жолооч Н.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.5, 12.3, 3.5 а,б,г-д заасан заалт, жолооч Ц.Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5б, 27.4 а-д заасан заалтууд, Зам дээр ажил үйлчилгээ эрхэлж байсан /Хот тохижилтын газар ОНӨААТҮГ/ хуулийн этгээдийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4а-д заасан заалтыг тус тус зөрчиж үүргээ биелүүлээгүй үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт гарсан.

            Эдгээрээс яллагдагч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а,б,г-д заасан заалт, жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б, 27.4а-д заасан заалтууд, Зам дээр ажил үйлчилгээ эрхэлж байсан /хот тохижилтын газар ОНӨААТҮГ/ хуулийн этгээдийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 а-д заасан заалтыг тус тус зөрчиж үүргээ биелүүлээгүй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, тухайн зам тээврийн осолд шууд нөлөөлөөгүй буюу дээрх үйлдлүүдийг тус тус зөрчлийн шинжтэй байна” гэж дүгнэлт хийн Н.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

            Дээрх зам тээврийн осол нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх ба жолооч Ц.Гын зөрчлийн шинжтэй үйлдэл нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрын хуулийн этгээдийн зүгээс үүргээ биелүүлээгүй зөрчлийн шинжтэй үйлдэл нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус тус хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тодруулбал, жолооч Ц.Гын хувьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 19-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ зүйлийн 18 дахь хэсэгт зааснаас бусад замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 “Хүн, хуулийн этгээд: 52.2. зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, дээрх шийтгэлийг оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулахаар хуульчилсан болно.

            Иймд Ц.Гын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй: 1.1. “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн.”, Зам дээр ажил үйлчилгээ эрхэлж байсан /хот тохижилтын газар ОНӨААТҮГ/ хуулийн этгээдийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52. Хүн, хуулийн этгээд: 52.2. зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийг хуулийн дүйцүүлж тооцвол мөн зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн үндэслэл тогтоогдож байна. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.3 хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг ...” гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар “амь хохирогч Ц.Гын төрсөн эцэг Д.Ц нь гэр бүл хүүхдүүдтэйгээ ярилцсаны үндсэн дээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон тул тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн бөгөөд түүнийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” ба амь хохирогчийн буяны үйлд зарцуулагдсан нэхэмжлэлийн баримтуудыг түүний төрсөн эцэг нь гаргасан бөгөөд дээрх баримтуудыг нэхэмжлэх үүднээс шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурьнаас оролцсон, харин амь хохирогчийн гэр бүлийн хүн болох эхнэр Р.О нь 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн авах эрхтэй” гэж хуульчилсны дагуу өөрийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсан тэтгэмж зэргийг нэхэмжлэх хүсэлтэй байна, би энэ талаар өөрөө дэлгэрэнгүй ярьж хэлэх шаардлагатай, намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгчөөр тогтоож өгөн үү гэсэн тус прокурорын газарт гаргасан хүсэлтийг хүлээн авч Р.О нь амь хохирогчийн гэр бүлийн хүн болох нь гэрлэлтийн баталгаа болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон тул түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон болно.

            Тодруулбал, хэрэгт заавал нэг хууль ёсны төлөөлөгч байх ёстой гэж хуульчлаагүй бөгөөд энэ хэргийн хувьд амь хохирогчийн төрсөн эцэг болох Д.Ц нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нэхэмжилж хэрэгт оролцож байгаа бол эхнэр Р.О нь мөн хуулийн 508.2 дахь хэсэгт "Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан” ... хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн асуудлаар тус тус нэхэмжлэл гарган оролцож байгаа, хоорондоо ямарваа нэгэн хохирол дээр маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу дээрх хоёр хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2636 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч Н.Бы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт анхнаасаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй. Хоёр хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд өөр өөр байр суурийг илэрхийлдэг. Улсын яллагчийн зүгээс хүний ажил явдалд зөвхөн нэг тал дангаараа оршуулгын зардлыг гаргах боломжгүй гэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох байр суурьтай байдаг. Нөгөө талаар хэрэгт жолооч болон “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрын хуулийн этгээдийг зөрчлийн шинжтэй гэж үзсэн. Гэмт хэрэг, зөрчил хоёр хоорондоо хохирол, хор уршгаараа ялгагдана. Гэтэл адилхан Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхад нэгийг нь зөрчлийн шинжтэй, нөгөөг нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй. Зөрчлийн шинж байгаа эсэх, гэм бурууг тогтоохын тулд хоёуланг нь шүүхээр шийдвэрлэх боломжтой байсан. Жолооч Ц.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5б-д заасныг зөрчсөн гэдэг. Гэрчүүд “осол болсны дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлье, техник хэрэгслээ холдуулчих, амь насыг нь аврах боломжтой байна, дотор нь байгаа хүн амьд байна” гэхэд “үгүй, хэргийн газраас холдуулж болдоггүй” гээд холдуулахгүй байсаар хүний амь нас хохирсон гэдэг. Тухайн техник хэрэгслийг холдуулснаар амь насыг нь аврах боломжтой байсан эсэх талаар шалгах ажиллагаа хийгдээгүй. Мөн жолооч Ц.Г нь бичиг үсэг мэддэггүй хүн байхад түүнийг жолооч гэж үзэх эсэх, жолооны үнэмлэх хэрхэн авсан, бичиг үсэг мэдэхгүй хүн замын хөдөлгөөний дүрэм биелүүлж явах эсэх талаар тодруулж шалгаагүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээрх ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай. ...” гэв.

Яллагдагч Н.Бы өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг 2019 онд шүүхээр хэлэлцээд прокурорт буцаасан. Ингэхдээ Хот тохижилтын газар, ОНӨААТҮГазрын хуулийн этгээдийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлийг дурдсан. Өмгөөлөгч З.Бат-Эрдэнэтэй санал нэг байх тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Быг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “П” хүнсний дэлгүүрийн хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Celsior” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-т заасан Жолоочид хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Гт жолоочтой “Case 580 Super М” загварын - УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц.Гын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад зохих байдлуудыг нотлох талаар мөн зүйлд заажээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2636 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ