Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01596

 

“ХИБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ХИБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

8 016 844 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Сэлэнгэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэрэндаваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Бярзана

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХИБ” ХХК нь 2014 оноос хойш “А” ХХК-иар ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 2016 оны 12 дугаар сард монголд орж ирсэн чингэлэг нь усанд автсан байсан учраас Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хараат бус шалгалтын дүнгээр нийт 3 040 ам.долларын 12 ширхэг тавилга гэмтсэн болох нь тогтоогдсон. Үүнийг “А” ХХК өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгалт хийхэд хамтарч байлцаж, бүх шалгалтыг явуулсан. Гэвч одоо хүртэл энэ төлбөрийг “А” ХХК төлөөгүй байгаа учраас гэм хорыг арилгуулахаар шаардах эрхийнхээ үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас өмнө нь иргэний шүүх хуралдаанаар хэрэг шийдвэрлүүлсэн. Тухайн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга нь тээврийн хөлс төлөхтэй холбоотой “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэгдсэн иргэний хэрэг байгаа. Одоо бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга өөр. “А” ХХК-ийн гэрчилгээ хэргийн материалын 30 дугаар хуудаст байгаа бөгөөд 30 дугаар хуудаст авагдсан гэрчилгээн дээр “А” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхой заасан байна. Энэ дээр үндсэн үйл ажиллагаа бол Олон Улсын чингэлэг, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн байгаа. Хоёрдугаарт өмнөх Хан-Уул дүүргийн иргэний хэрэг дээр тээврийн хөлс төлөөгүй гэдэг дээр “А” ХХК өөрөө нэхэмжлэл гаргасан бол тус шүүх дээр бид ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг ачаа ачсан компани биш, тээвэрлэгч компани болох “А” ХХК төлбөр төлж байсан бөгөөд энэ компани бидэнд төлбөр төлдөг учраас тухайн үед төлбөр төлөөгүй гэдэг нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж, энэ асуудал шийдвэрлэгдсэн. Гуравдугаарт хэргийн материалын 9 дүгээр хуудаст байгаа “А” ХХК-ийн Индонез Улсын компанид явуулсан албан бичиг байгаа. Энэ дээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн хараат бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ачааг буулгаагүй байхад нь шалгасан бөгөөд 12 ширхэг тавилгын 3 040 ам.долларын бараа гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг индонезийн компанид явуулж байсан. “ХИБ” ХХК нь индонезийн компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, тэдэнтэй харилцаж байгаагүй. Шууд Олон Улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-тай 2014 оноос хойш ачаа тээврээ хийлгүүлж, энэ үндсэн дээр тээврийн хөлсөө төлж ирсэн. Харамсалтай нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар ачаа гэмтсэн тохиолдолд хариуцлагыг тээвэрлэгч компани бүрэн хариуцах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн дагуу хохирлыг бүрэн арилгуулж, 3 040 ам.доллар буюу 8 016 844 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХИБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбарыг өмнө нь ч өгч байсан. Одоо ч өгч байна. Учир нь тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч гэсэн 3 субьект оролцдог. Энэ 3 субьект тус, тусдаа үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээгээр тээвэрлэлтийн үүргийг “А” ХХК хүлээж, тээвэрлэлтийнхээ дагуу барааг заасан газар нь хүргэж өгөх үүрэг хүлээдэг. Өнөөдрийн шүүх хуралдааны бодит байдал, үйл явдлыг харвал Индонез Улсаас ачсан чингэлэг далайн тээврээр Тяньжинд ирдэг. Тяньжинаас нааш хоёр улсын хоорондох үйл ажиллагаанд тээвэрлэлтийн гэрээ хийдэг. Далайн тээврийн зардлыг тээвэр зуучийн компани хариуцдаггүй. Чингэлэг тутамд 3,600 ам.доллараар хөлсөө тохирч, зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, өгсөн хаягаар нь Улаанбаатар хотод авчирч өгсөн. Ачаа хүлээж авсан байгууллага гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа чингэлгийн дээвэр муудаж цоорсны улмаас борооны ус гоожсоноос болж гэмтэл учирсан гэж гомдол гаргасан. Энд “А” ХХК буруугүй гэж манай компани үзэж байна. Бороо гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл. Хэн нэгэн хааж чадахгүй. Тэр компанийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа, ирсэн зүйлд хамтран ажиллаж, харилцан туслалцаж бараа материалын шалгалт хийгдсэн нь үнэн. Энэ дээр хөндлөнгийн дүгнэлт гаргасан Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын хэлтсийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн 5-д чингэлгийн дээвэр зэвэрч цоорсон, муудсан. Тээвэрлэлтийн зориулалтын талаар шаардлага хангахгүй чингэлэгт ачаа тээвэрлэсэн байна гэж дурдаж өгсөн. 5-д чингэлгийн дээврийн гэмтэл нь ачаа ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж зориуд зааж өгсөн. Тэгэхээр ачаа ачсан илгээгч байгууллагын ачсан болохоос ил тодорхой гэм буруу энэ байна гэдэг асуудлыг “ХИБ” ХХК тавих ёстой. Тэндээс ачаагаа ачуулж, илгээж байгаа бол шаардлага хангасан чингэлгээр далайн тээврээр хүргэж өгөх үүргийг тэднийх биелүүлсэн. Түүнээс тээвэр зуучийн компани чингэлгийн тээвэр хийхэд зөвхөн тээврийн аюулгүй байдлыг хангах, хугацаа хожимдуулахгүй байх, тээврийн үед чингэлгийг унагаж гэмтээхгүй, чингэлгийн хаалга үүдийг онгойлгох буюу бараа материалыг хулгайд алдахгүйгээр хүргүүлэх үүргийг хүлээдэг болохоос биш чингэлгийг ямар гэмтэлтэй байна, ус орж ирсэн үү гэдгийг бэхжүүлдэггүй. Ийм, ийм онцлогуудтай байдаг. Тийм учраас тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага хамтарч шалгаад, зөвшөөрсөн гэж байна. Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.6 дахь хэсэгт тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй гэж заасан. Танайхаас явуулсан чингэлэг ийм учраас ингэж байна шүү гэж гэсний дагуу хуульд заасан харилцан туслах үүргээ хүлээж, үүргээ биелүүлсэн болохоос биш хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа биш. Гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан хохирлыг бүхэлд нь хариуцна гэж байна. Гэм хорыг хариуцахгүй байх үндэслэлийг 393.2 дахь хэсэгт зааж өгсөн байна гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлмээр байна. Энэхүү гэмтэл, гэмтлийн үр дагаврыг арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Тэгэхээр илгээгч байгууллага буюу Индонез Улсын чанарын шаардлага хангахгүй чингэлэгт ачсаныг мэдэх боломжгүй. Ийм учраас Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2 дахь хэсэгт зааснаар ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсныг тээвэрлэгч хариуцахгүй. Тийм учраас хариуцлагаас чөлөөлнө гэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд заасан. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийг “А” ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч нь “А” ХХК биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-т заасны дагуу хариуцагч “А” ХХК-иас 8 016 844 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХИБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ХИБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 143 220 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч гэсэн гурван субьект оролцдог. Энэ 3 субьект тус, тусдаа үүрэг хүлээсэн. Энэ гэрээгээр тээвэрлэлтийн үүргийг "А" ХХК хүлээж, тээвэрлэлтийнхээ дагуу барааг заасан газар нь хүргэж өгөх үүрэг хүлээдэг. Бодит байдал, үйл явдлыг харвал Индонез Улсаас ачсан чингэлэг далайн тээврээр Тяньжид ирдэг. Тяньжинаас хоёр улсын хоорондох үйл ажиллагаанд тээвэрлэлтийн гэрээ хийдэг. Далайн тээврийн зардлыг тээвэр зуучийн компани хариуцдаггүй. Чингэлэг тутамд 3 600 ам.доллараар хөлсөө тохирч, зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, өгсөн хаягаар нь Улаанбаатар хотод авчирч өгсөн. Ачаа хүлээж авсан байгууллага гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага чингэлгийн дээвэр муудаж цоорсны улмаас борооны ус гоожсоноос болж гэмтэл учирсан гэж гомдол гаргасан. Энд “А " ХХК буруугүй. Бороо гэдэг байгалийн давтагдашгүй хүчин зүйл. Хэн нэгэн хааж чадахгүй. Тэр компанийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа, ирсэн зүйлд хамтран ажиллаж, харилцан туслалцах бараа материалын шалгалт хийгдсэн нь үнэн. Энэ дээр хөндлөнгийн дүгнэлт гаргасан. Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын хэлтсийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн 5-д чингэлгийн дээвэр зэвэрч цоорсон, муудсан, тээвэрлэлтийн зориулалтын талаар шаардлага хангахгүй чингэлэгт ачаа тээвэрлэсэн байна гэж дурдаж өгсөн. 5-д чингэлгийн дээврийн гэмтэл нь ачаа ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж зориуд зааж өгсөн. Тэгэхээр ачаа ачиж илгээсэн байгууллага буруутай, гэм буруу энд байна гэдгийг "ХИБ" ХХК мэдэх ёстой. Тэндээс ачаагаа ачуулж, илгээж байгаа бол шаардлага хангасан чингэлгээр далайн тээврээр хүргэж өгөх үүргийг тэднийх биелүүлэх үүрэгтэй. Түүнээс тээвэр зуучийн компани чингэлгийн тээвэр хийхэд зөвхөн тээврийн аюулгүй байдлыг хангах, хугацаа хожимдуулахгүй байх, тээврийн үед чингэлгийг унагаж гэмтээхгүй, чингэлгийн хаалга үүдийг онгойлгох буюу бараа материалыг хулгайд алдахгүйгээр хүргүүлэх үүргийг хүлээдэг болохоос биш чингэлгийг ямар гэмтэлтэй байна, ус орж ирсэн үү гэдгийг шалгах үүрэггүй. Ийм онцлогуудтай байдаг. Тийм учраас тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.6 дахь хэсэгт тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биендээ харилцан туслах үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу Индонез Улсын ачаа илгээсэн байгууллага чингэлгийн гэмтлийн талаар албан тоот илгээсэн. Энэ нь гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл биш, тээвэрлэгч байгууллага гэм хорын хохирлыг хариуцахгүй байх үндэслэлийг Иргэний хуулийн 393.2 , 393.4 дэх хэсэгт зааснаар ачааны сав баглаа боодолгүй буюу түүний чанар муу байсан, тээвэрлэлтийн явцад эвдрэх, зэврэх, хатах, үрэгдэх, зэрэгт ачаа гэмтсэн нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн заалтыг шүүх хэрэглэсэнгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх экспорт ба импортын барааны хяналтын хэлтсийн 2006-12-09 ний өдрийн 0025369 дугаартай үзлэгийн гэрчилгээний гол үндэслэл болох 5-д заасан чингэлгийн дээвэр зэвэрч, цоорч, муудсан тээвэрлэлтийн зориулалтын талаар шаардлага хангахгүй чингэлэгт ачаа тээвэрлэсэн байна, чингэлгийн дээврийн гэмтэл нь ачаа ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан байна, гэсэн нотлох баримтыг бодитой дүгнээгүй ба дээрх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхисон. Энэ нь үйл баримтын гол үндэслэл. Мөн Иргэний хуулийн 393-р зүйлийн 393.4т заасан үндэслэл болох ачаа сав баглаа боодолгүй буюу, түүний чанар нь муудсан байдалтай холбоотой, ачаа илгээгч, хүлээн авагч, тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж тодорхой төрлийн онцлогоос хамаарч, эвдрэх, зэврэх, хатах, элгэдэх, хэвийн алдагдал гарах зэрэгт тээвэрлэгч буруугүйгээ нотолж чадвал хариуцлагаас нөлөөлнө, гэж заасан хуулийн заалтыг шүүх бүрэн хэрэглэх боломжтой байхад хуулийг буруу хэргэлж, Иргэний хуулийн 493-р зүйлийн 493.4.2-г баримтлан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Мөн "ХИБ" XXК нь Индонез Улсын ямар компианаас ямар үнэтэй, хэдэн ширхэг, ямар бараа авч хаанаас хаа хүртэл яаж тээвэрлүүлэх талаар гэрээ хэлцэл хийсэн, хэн ачуулах, хэн ачих үүргийг хүлээсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдаагүй, далайн тээврийг монголд тээвэр зуучийн байгууллага хариуцдаггүй зэргийг тогтоогоогүй шийдвэрлэсэн. Иймд гэм хорын хохирлыг “А" ХХК хариуцах нь тодорхой бус байхад шүүх шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны 102/ШШ2019/01945 дугаартай шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ХИБ” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 8 016 844 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ХИБ” ХХК нь 2014 оноос хариуцагч “А” ХХК-иар ачаа тээвэрлүүлж ирсэн байх бөгөөд 2016 онд талуудын байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу нэхэмжлэгч “ХИБ” ХХК-ний ачааг хариуцагч “А” ХХК нь Индонез Улсаас Монгол Улс руу тээвэрлэх явцад ачаа гэмтэж, нэхэмжлэгч “ХИБ” ХХК-д 3 040 ам.доллар буюу 8 016 844 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 8, 62-63 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч “А” ХХК-нийг ачаа тээвэрлэх явцад, ачаа ачсан чингэлэг нь стандартын шаардлагыг хангаагүй, 2-3 хэсэгтээ нүх гарсны улмаас нэхэмжлэгч “ХИБ” ХХК-ийн бараа буюу гэр ахуйн тавилгууд нь борооны усанд норж, хөлдөж, дахин хэрэглэх, худалдан борлуулах боломжгүй болсон ба дээрх гэмтлүүд нь чингэлгийн гэмтэл болон ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хараат бус шалгалтын дүнгийн баримтаар тогтоогдсон байна. /хх-8 дугаар тал/

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж зааснаар хариуцагч “А” ХХК-иас 3 040 ам.доллар буюу 8 016 844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХИБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2 дах хэсэгт “Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан боловч хариуцагч “А” ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн, хариуцагч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх боловч хуулийн дээрх заалтад заасан хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.9 дэх хэсэгт “Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна” гэж зааснаар хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулж шаардлага гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2.3 дах хэсэг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                            Г.ДАВААДОРЖ