| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 124/2016/0039/з |
| Дугаар | 221/MA2017/0330 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/MA2017/0330
2017 оны 05 сарын 10 өдөр Дугаар 221/МА2017/0330 Улаанбаатар хот
“******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: ““******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болж тус хуралдаанаас 08 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарсан.
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг дарга миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч "******* трейд" ХХК-д олгосон гэх газрыг анх 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 тоот Увс аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Биеийн тамир спортын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Тус газраас 4934 м2 газрыг нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Увс аймгийн Засаг даргын А/102 тоот захирамжаар нэхэмжлэгч "******* трейд" ХХК-д эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан боловч, уг захирамжийг Увс аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/274 тоот захирамж гарган А/102 тоот захирамжийг хүчингүй болгосон. Ингэснээр анх аймгийн Биеийн тамир спортын газарт 13427.16 м2 газар эзэмшүүлэхээр олгосон 2011 оны А/746 тоот захирамж хүчинтэй хэвээр болж, Биеийн тамир спортын газар уг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч хэвээр үлдсэн байна. Мөн Увс аймгийн Биеийн тамир спортын газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0178350 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээр байна.
Сүүлд буюу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын А/347 тоот захирамжаар нэхэмжлэгч "******* трейд" ХХК-д 1500 м2 газар эзэмших эрх олгохдоо анхны Биеийн тамир спортын газарт олгосон 13427.16 м2 газраас хасалт хийхгүйгээр нэхэмжлэгч талд газар эзэмших эрх олгосноор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна. Дээрх бүх захирамж нь хэрэгт авагдсан байхад шүүх уг захирамжийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгч талд газар эзэмших эрх олгосон захирамж болон нэхэмжлэгчийн бусад байгууллагатай хийсэн гэрээ зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн бусад байгууллагуудтай байгуулсан барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, техникийн нөхцөл зэргүүд нь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/102 дугаар захирамжаар 4934 м2 газар эзэмшүүлсний дараа хийгдсэн гэрээнүүд бөгөөд сүүлд буюу одоо нэхэмжлэгч талын эзэмшлийн газар гэж яриад байгаа 1500 м2 газрын хувьд хийгдсэн гэрээнүүд биш юм. Өмнө нь 4934 м2 газар байж байгаад 1500 м2 газар болж 3400 гаруй м2 газраар газрын хэмжээ бага болж байхад тухайн газар дээр баригдах барилгын зураг төсөл, оруулах хөрөнгө оруулалт, гүйцэтгэх ажил зэрэгт өөрчлөлт орохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх энэ бүхнийг харгалзаж үзээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хуулийн дагуу олгогдсон, хууль ёсны итгэлийг л хамгаалахад үйлчлэх ёстой, хууль бус итгэлийг хуулиар хамгаалах шаардлагагүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаар захирамжаар “бусдын эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн”, “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр “******* трейд” ХХК-д 1500 мкв газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/347 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “******* трейд” ХХК-аас хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн “...А/102 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Биеийн тамир спортын газарт 13427.6 м.кв газар эзэмшүүлсэн 2011 оны А/746 дугаар захирамж хүчинтэй болж тус газар маргаан бүхий газрын эзэмшигч хэвээр үлдсэн, ... газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй ... А/347 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 1500 м.кв газар эзэмших эрх олгохдоо Биеийн тамир спортын газрын эзэмшил газартай давхцуулсан зэрэг бүх захирамж хэрэгт авагдсан байхад шүүх харгалзан үзээгүй ... нотлох баримтыг буруу үнэлсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Увс аймгийн Биеийн тамир спортын газарт тус Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамж[1]-аар 13427.6 мкв газрыг “Спортын ордны” зориулалтаар эзэмшүүлжээ.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Биеийн тамир спортын газрын эзэмшил газраас “******* трейд ХХК”-д 4394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн А/102 дугаар захирамж нь мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар хүчингүй болсон, өөрөөр хэлбэл, Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамжийг хүчингүй болгосон нөхцөл байдал 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс үгүй болсон болох нь хэрэгт авагдсан тус захирамжуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу тус аймгийн Биеийн тамир спортын газар нь 13427.6 м.кв газрын хууль ёсоор эзэмшигч байх үед аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар “******* трейд” ХХК-д 1500 м.кв газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй байх тул хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий А/570 дугаар захирамжаар А/374 дүгээр захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий ... албан тушаалтан өөрийн шийдвэр, ...ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Хариуцагчийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон өөр нэг хууль зүйн үндэслэл болох “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн” гэх маргаан бүхий А/570 дугаар захирамжийн холбогдох хэсгийг буруутгах боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, зарчмыг, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж газар эзэмшүүлэхэд тавигдах хязгаарлалтыг, 20 дугаар зүйлийн 20.1-д “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлэх журам, батлах эрхтэй этгээдийг тус тус зааж хуульчилжээ.
Дээрх хуулийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтаас үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлэгч нь Засаг дарга, харин батлах эрх бүхий этгээд нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх ба, хэрэв газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагаагүй бол тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх бүхий этгээд нь тухайн газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий А/570 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн нэг үндэслэлийг “...тухайн газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаагүй байсан тул А/102 дугаар захирамжийг хүчингүй болгож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол гарснаар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар манай компанид 1500 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгосон ...” гэж тодорхойлон маргасантай холбогдуулан хариуцагчаас “...аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрхтэй болохоос бус газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдоогүй...” гэж мэтгэлцсэнийг нэхэмжлэгч няцааж маргаагүй, холбогдох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байдал болон хэрэгт авагдсан “******* трейд” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн хүсэлт[2], мөн Газар баталгаажилтын хувийн хэрэгт Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол гарахаас өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн хүсэлт, төлөвлөгөө хавсаргагдаагүй зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагчаас маргаан бүхий А/570 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг үндэслэснийг буруутгах боломжгүй байна.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/347 дугаар захирамжаар “******* трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар 1500 м.кв газар эзэмшүүлсэн нь дээр дурдсан үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33.1.2, 33.4-т заасантай нийцээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаар захирамжаар тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Увс аймгийн Биеийн тамир спортын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж заасан улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй:“, гээд 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан, харин мөн зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” байхаар, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж тус тус заасан хуулиар тогтоосон заавал биелэгдэх журам нь хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрх үүсэхэд давуу байдлаар “үйлчлэхгүй байх”-аар хуульчлагдаагүй байна.
Увс аймгийн Биеийн тамир спортын газарт анхнаасаа газрыг Спортын ордны зориулалтаар эзэмшүүлсэн байна. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө буюу иргэдийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэх, сайжруулах, биеийн тамир спортын талаарх төрийн бодлого чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болохынх нь хувьд тус байгууллагын газар эзэмшлийн хэрэгцээ шаардлагыг эзэмшүүлсэн шийдвэрт дурдсан зориулалтын хүрээгээр тодорхойлох үндэслэлгүй.
Хариуцагч нь маргаан бүхий А/570 дугаар захирамжид “төсвөөс санхүүждэг төрийн байгууллага нь эзэмшиж буй газрын эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргах боломжгүй буюу хэрэв хүсэлт гаргасан бол эрх бүхий этгээд нь газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар шийдвэр гаргах эрхгүй байх”-аар хуульчилсан Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслээгүй, энэ талаар маргаагүй хэдий ч нийгмийн соёлын бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “нийтийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлж, хамгаалах чиглэлээрх төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэгч” төрийн байгууллага болох /нийтэд илэрхий/ Увс аймгийн Биеийн тамир спортын газар нь “бусадтай ажилчдын орон сууц барихаар гэрээ байгуулсан” гэх зөвхөн өөрийн байгууллагын ажилчдын хэрэгцээ шаардлагыг үндэслэн төрийн байгууллагын эзэмшил газрыг бусдад шилжүүлэхээр хүсэлт гаргасан нь, мөн тус хүсэлтийг үндэслэн Увс аймгийн Засаг даргаас удаа дараа бусдад шилжүүлэн эзэмшүүлэх талаар шийдвэр гаргасан нь Газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд иргэн аж ахуй нэгж байгууллагад газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах дээрх хуулиар тогтоосон журамд нийцээгүйг, түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны /2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 369, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар/ хуулийн хүчин төгөлдөр тогтоолуудад “тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нягтлан шалгах, хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэх үүрэгтэй талаар буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага “өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй” байх талаарх хуулиар тогтоосон тус журам тайлбарлан хэрэглэгдсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “******* трейд” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Цэгмэдтэй байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ”, 2016 оны 03 дугаар сарын 23, 28-ны өдрийн Техникийн нөхцөлүүд, 04 дүгээр сарын 20, 26-ны өдрийн “Эрээнээс ирсэн Барилгын материалын жагсаалт”, Зарлагын баримтууд, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /2016 оны 4 дүгээр сар/ зэрэг баримтууд нь цаг хугацааны хувьд “******* трейд” ХХК-д 4934 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гарсан байх үед үйлдэгдсэн байх тул хариуцагчийн “... нэхэмжлэгчийн бусад байгууллагуудтай байгуулсан гэрээ ... зэрэг нь А/102 дугаар захирамжаар 4934 м.кв газар эзэмшүүлсний дараа хийгдсэн гэрээнүүд бөгөөд ... 1500 м.кв газар болж газрын хэмжээ сүүлд бага болсон байхад тухайн газарт баригдах барилгын зураг төсөл, хөрөнгө оруулалт, гүйцэтгэх ажилд өөрчлөлт ороогүй байдлыг шүүх харгалзан үзээгүй ... итгэлийг хамгаалах зарчим нь хууль ёсны итгэлийг л хамгаалахад үйлчлэх ёстой ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь Газрын тухай хууль зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг, түүнчлэн нэхэмжлэгч “******* трейд” ХХК-ийн хууль бус газар эзэмшлийг зөвтгөх үндэслэл болох хууль зүйн боломжгүй.
Харин нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хуулиар тогтоосон журмын дагуу холбогдох этгээдээс нэхэмжлэх, захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “******* трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* трейд” ХХК-ийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ