Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 414

 

Ж.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунням, иргэний хариуцагч Ц.Б-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 587 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар магадлалтай, Ж.М-д холбогдох 1803000010043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Б.Оюуннямын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй О овогт Ж-ы М.

Ж.М- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны зүүн замд Ц.Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж П.Э- болон Ж.Ц-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Ц.Б-ын амь насыг хохироож, С.Г-ы эрүүл мэндэд хүндэвтэр, П.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт 5.553.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.М-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Ж.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд, иргэний хариуцагч Ц.Б- нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ж.М-, иргэний хариуцагч Ц.Б- нараас 61.921.532 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.М-гаас 30.960.766 төгрөгийг, Ц.Б-ээс 30.960.766 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Ж.М- болон иргэний хариуцагч Ц.Б- нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Б.Оюунням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэгт байхгүй баримтад дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Орон сууцны зээлийн үлдэгдэл 53.00.000 төгрөгийн 50 хувь буюу 26.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.М-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 508, 509 дүгээр зүйлд заасан нарийвчилсан зохицуулалтыг яагаад хэрэглээгүй үндэслэлээ заагаагүй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг буруу хэрэглэн орон сууцны зээлийн төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалт нь гэрээний үүрэгт хамаарах зохицуулалт бөгөөд нас барсан этгээдийн бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдсэн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхээс амь хохирогчийн худалдаж авсан гэх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг шүүгдэгч, иргэний хариуцагч нар хамтран төлөх ёстой гэж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлэх үүргээ биелүүлээгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэн, хэзээ, хаанаас, хэдэн төгрөгийн үнэтэй орон сууцны зээл авсан талаар баримт хэрэгт огт байхгүй бөгөөд олох ёстой орлого гэдгийг эрүүгийн хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг гэж үзсэн таамаг төдий байдлаар шийдсэн нь буруу юм. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх” гэж заасныг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх эрх иргэний нэхэмжлэгчид хуулиар олгогдсон хэдий ч шүүх тухайн нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх нотлох баримт байна гэж үзвэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үнэлэх ёстой байтал хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Зээлийн гэрээний хувьд 50.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ч холбогдох нотлох баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тусгаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлээж шийдвэрлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюуннямын гаргасан гомдлыг үндэслэн Ж.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.М- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны зүүн замд Ц.Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж П.Э- болон Ж.Ц-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Ц.Б-ын амь насыг хохироож, С.Г-ы эрүүл мэндэд хүндэвтэр, П.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүнчлэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт нийт 5.553.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.М-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнтэй холбоотой гэм хорын талаарх иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ түүний үндэслэл, хэмжээ болон нотлогдсон байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, түүнчлэн иргэний нэхэмжлэлд хамаарах хуулийн заалтын агуулгыг буруу тайлбарлаж тодорхой тооцоо гаргах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага, мөн орон сууцны зээлийн харилцаа, үүргийн гүйцэтгэлд холбогдох төлбөрийн асуудлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.       

Иймд магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюуннямын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюуннямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН