| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2023/04069/И |
| Дугаар | 182/ШШ2024/02077 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/02077
| 2024 05 09 | 182/ШШ2024/02077 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд би,
Нэхэмжлэгч: Р.Ц
Хариуцагч: М. Б
зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Р.Ц миний бие мөнгө зээлж орон сууцанд суулгана гэсэн зарын дагуу М.Б гэж хүнтэй холбогдсон. Хан-Уул дүүргийн ..давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан газарт нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр очиж уулзсан.
М.Б нь надаас 25 сая төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хүүгийн төлбөрт нь өөрийн компаниар түрээслэн авсан байсан ... орон сууцанд үнэ төлбөргүй суулгаж, хугацаа дуусмагц надад зээлсэн мөнгөө буцаан өгөхөөр тохирсон. 25 сая төгрөгөө М.Бгийн хаан банкны данс руу хийсэн.
Мөнгөө өгөөд байранд сууж байтал 3 сарын дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байрны эзэн гэж хүн ирээд М.Б надтай Б ХХК-аар орон сууц хөлслөх гэрээг хийсэн эхний 3 сарын 1 сая төгрөгийн төлбөрөө 1 сарын барьцаатай нийт 4 сая төгрөгийг л өгсөн. Мөнгөө өгөхгүй алга болчихлоо. Та нар бас надтай адил хохирсон хүмүүс юм байна гэж хэлснээр бид М.Бд залилуулсан болохоо мэдэж авлаа.
М.Б нь надтай Бт ХХК-аар орон сууц хөлслөх гэрээг мөн хийсэн. Надаас авсан 25 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг байрны эзэнд өгсөн байсан тул 25 саяаас 4 сая төгрөгийг хасаж 21 сая төгрөгийг нэхэмжилж байна. Бид одоо мөнгөгүй, орох орон байргүй болоод маш их хохирч байна. Иймд М.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 21,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийн хамтаар гаргуулан Р.Ц надад олгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мягмарсүрэн овогтой Б нь Р.Цд нэхэмжилсэн 21,000,000 төгрөгийг буцаан төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Р.Цгийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.
Зохигч талууд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.Цгийн зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Цд олгосугай.
3. Хариуцагч М.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД