Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 259

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Б-,

хохирогч Ө.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 1710000000090 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан хотод төрсөн. 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, “Өнгөт төмөр” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Б

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Б.Б- нь  2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ,,,, тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.Э-ийг “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Б-ы: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ө.Э-ийн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ө.Э-ийн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 00 цаг өнгөрч байх үед ажлаас тараад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ согтуу байсан. Тэгээд би Б-ыг архи уулаа гэж загнахад миний архи уух чамд хамаагүй, би чиний үгэнд орохгүй гэж алгадаж унагаасан. Тэгээд би биеэ хамгаалах гээд зөрүүлээд нүүр рүү цохиход намайг сандлаар цохьсон. Тэгээд манай хоёр охин хажууд ирэхэд сандлаа газар тавьсан. Мөн нуруу руу канистертай ус шидсэн. Би ээж рүүгээ явлаа гээд гэрээс гарах үед намайг үсдэж унагаж байгаад нүүр лүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

 

- Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн 10376 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Б-ы: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ,,,,тоот гэрийнхээ гадаа найзуудтайгаа 1 шил 0.75 литрын архи уучихад гэртээ 22 цагийн үед ороход эхнэр Э- ирээгүй байхаар нь хоол ундаа бэлдээд байж байтал Э- ажлаасаа ирсэн. Тэгээд намайг архи уусныг мэдээд яагаад архи ууж байгаа юм бэ гэж  загнахаар нь “би их уугаагүй, маргааш амралтын өдөр учраас уучихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Э- архи уулаа гээд үглээд байхаар нь миний уур хүрээд миний нүүр лүү маажих гээд байхаар нь би алгадаад унагаасан. Тэгээд би гартаа таарсан бүхнээ Э- рүү авч шидсэн боловч оноогүй. Бас 20 литрын савтай усаар чиглүүлж шидэхэд оноогүй. Тэгээд би гэрийнхээ үүдэнд тамхи татаад зогсож байх үед манай эхнэр Э- бие засахаар явахаар нь би гэр лүүгээ орсон. Гэртээ байж байх үед Э- орж ирэхгүй болохоор нь гэрээсээ гарахад Э- хашаан дотор зогсож байхаар нь гэр лүүгээ орьё гэж хэлээд гэртээ оруулаад аргадаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тэгээд намайг аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б- нь  2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ,,,, тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.Э-ийг “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,  хохирогч Ө.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн 10376 дугаартай

  1. Ө.Э-ийн дух, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нурууны зөөлөн эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, хацар, дал, бугалга, шуу сарвуу, гуяанд цус хуралт, зовхинд зулгаралт, биет бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4.  Шүүх Эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 14 дүгээр хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Э-тэй эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-н Б-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ