Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/309

 

  2022             3              17                                       2022/ДШМ/309                                 

 

      М.Сд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч А.Туул,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямдэлэгийн бичсэн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр М.Сд холбогдох эрүүгийн 2110000001074 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

               Яллагдагч М.С нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морьтон цогцолборын 1 давхар “Т” ХХК-ийн К түргэн хоолны газрын ажилчдын хаалганы шатнаас О.Хийг түлхэж унаган О.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас О.Хэ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

              Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ. Хохирогчийн өмгөөлөгч А.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Амь хохирогч О.Хэ нь “Б” ХХК-нд ажилладаг байсан гэх ба “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө ажилдаа явлаа” хэмээн гэрээсээ гараад дахин эргэж ирээгүй бөгөөд тэрээр “Б” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг дэх барилга дээр талбайн инженерээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байдаг. Иймд талийгаач нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлын байран дээрээ хэзээ ирсэн, хэзээ буусан, тухайн өдөр барилгын талбай дээр /ажлын байран дээр/ хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа алдагдсан эсэх, хэвийн ажиллаж байсан эсэх, талийгаачийг хожим үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл ажлын байранд дээр үүсэж бий болсон эсэх зэргийг тодруулах нь зүйтэй байх тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Б” ХХК-ийн барилгын талбай дээрх ойр орчмын бүхий л хяналтын камерын бичлэг, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулахаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр талийгаач ажпын хамт олонтойгоо хоолны газар орсон, дараа нь караоке орсон талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд уг үйлчлүүлсэн газруудын хяналтын камерын бичлэг, Хан-Уул дүүрэг 19 хорооллын К сүлжээ хоолны газар очсон зэрэг ул мөрийг хөөж тогтоох үүднээс /талийгаач О.Хэ нь байгууллагын ажилчдын хамт 24 цагийн орчим караокеноос гараад 19 хороолол К сүлжээ хоолны газарт очсон байх бөгөөд шөнийн 02 цаг хүртэл хаагуур явж уг хоолны газар очсон/ дээрх зураглал маршрутаар тогтоож, хяналтын камерын бичлэгүүдийг олж, нотлох баримтын хэмжээнд хэрэгт авч ажиллагааг хийх нь зүйтэй байна. Мөн талийгаач нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Хан-Уул дүүрэг 19 хороолол К сүлжээ хоолны газрын урдаас хүн дуудлага өгснөөр цагдаагийн байгууллагын 2 ажилтан ирж эрүүлжүүлэх байранд хүргэсэн байх бөгөөд эрүүлжүүлэх байранд эмч үзлэг хийж хэрхэн хүлээн авсан, дуудлагын дагуу очсон цагдаагийн 2 алба хаагчийн энгэрийн хяналтын камер ажиллаж байсан эсэх, бичлэг хийгдсэн эсэх, хийсэн бол хуулбарлан авах, тухайн өдөр эрүүлжүүлэх байранд талийгаач анх ирсэн, шөнө ямар байдалтай хоносон, ар гэрт нь хэзээ мэдэгдэж ямар байдалтай тус байрнаас гарсан зэргийн хяналтын камерын бичлэгийг нотлох баримтын хэмжээнд хэрэгт авч зохих ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна. Талийгаач нь юнителийн 83070002 дугаарын /Самсунг6/ гар утас ашиглаж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн гар утас хаана, хэзээ алга болсон 83070002 дугаарын 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос хойш орсон гарсан дуудлага, мессеж илгээгдсэн мэдээлэл зэрэг дэлгэрэнгүй лавлагааг нэн яаралтай гаргуулах зэрэг ажиллагааг орхигдуулсан байна. Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2497 тоот дүгнэлтэд “...Талийгаач О.Хийн цогцост дух яс, баруун нүдний ухархайд дээд хана, титэм заадас, лямбда заадас, баруун чамархай ясны далд хугарал, тархины аалзан хальсан Доорх тархмал цус харвалт, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, зулай чамархай, дагзны хуйханд цус хуралт, баруун зүүн сарвуу, хуруу, баруун зүүн өвдөг, зүүн тохой, зүүн шуу, баруун өвдөг, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ.

Гэрч Ц.Пын өгсөн “...Тухайн хүнийг манай байгууллагын хойд үүдэнд байдаг хоёр хаалганы голд нь зогсож байхад С гарч ирээд хаалганы цаана гар гэж хэлээд мөр цээж лүү нь түлхсэн санагдаж байна тэгсэн чинь нөгөө хүн нь хойшоо халтирч унаад шатаар доошоо өнхрөөд уначихсан...” /хх 59-60/;

гэрч А.Өын өгсөн “...ерөнхий менежер мөр хэсэгт бага зэрэг түлхтэл хойшоогоо 1-2 алхаад унаад өгсөн:...” /хх 65-67/,

гэрч Н.Сын өгсөн “...ерөнхий менежер цаашаа бай гээд бага зэрэг мөр лүү нь түлхсэн чинь тэр залуу хойшоо хөл алдаад унасан гэсэн...” /хх 75/,

М.С яллагдагчаар өгсөн: “...тэр залуу гараа өргөөд дайраад байхаар нь очоод гарыг-нь цаашаа түлхсэн чинь 1-2 шат уруудаж алхаж байгаад хөл дээрээ тогтож чадахгүй арагшаа унасан...” /2хх 247-248/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байдаг ба дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн гэмтлүүд болон, гавал тархины битүү гэмтэл зэрэг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /Зураг №3/ авагдсан шатнаас унахад үүсэх боломжтой эсэх нь эргэлзээ төрөхүйц байна. Гавал тархины битүү гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөлийг тодруулах, мөн зулай чамархай, дагзны хуйханд цус хуралт, баруун, зүүн сарвуу, хуруу, баруун зүүн өвдөг, зүүн тохой, зүүн шуу, баруун өвдөг, баруун өвдөг, баруун шилбэнд цүс хуралт, зүун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл шатнаас унахад үүссэн эсэх, өөр бусад шалтгаанаар үүссэн талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй. Мөн дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн эсэх талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтэл согог судлалын эмчийн баг Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн дүрс, оношилгооны мэргэшсэн эмч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй. Амь хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлүүдийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан, гавал тархины битүү гэмтэл болон бусад хөнгөн гэмтлүүд нэг цаг хугацаанд учирсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ” гэж хуульчилсан бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, орхигдуулсан гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдпыг нэг мөр шалгаж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитой тогтоосноор гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад тул “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч М.Сд холбогдох эрүүгийн 2110000001074 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Нямдэлэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1.Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна. Шүүх М.Сд холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан байхад шүүхийн шийдвэр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн мэт эргэлзээ төрүүлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт... дараах асуудлыг хянан хэлэлцнэ” гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт: ...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ ...” гэсэн нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн гэж ойлгогдохоор байна. Яллагдагч М.С нь хүсэлт гаргаагүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн, захирамжинд яллагдагчийн биеийн байцаалтыг “шүүгдэгчийн” гэж алдаатай бичигдсэн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно...” гэж заасан байх ба шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэргийн сэргээн дүрслэх замаар хэрэг үйлдэгдсэн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

3. Хавтаст хэргийн 37-42 дугаар хуудсанд Ктүргэн хоолны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд уг бичлэгийг хэрэгт хавсаргасан байх ба дээрх бичлэгт М.С нь талийгаач О.Хийг түлхэж унагасан, талийгаач нь хэрхэн шатнаас унасан, шатнаас унасны дараа ямар байдалтай болсон талаар тодорхой тусгагдсан байна.

4. Хэрэгт мөн талийгаач О.Хийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн бөгөөд тухайн тэмдэглэлд талийгаачийн биед үзлэг хийж, биед учирсан гэмтэл шархны талаар тэмдэглэл үйлдсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн үед эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажиллаж байсан Ю.Лазмаа, дуудлагаар очсон гэх цагдаагийн албан хаагч Г.Баттөмөр, Х.Батдэлэг, С.Батдэлгэр нараас гэрчээр мэдүүлэг авч дуудлагаар очиход О.Хэ ямар байдалтай байсан, хэрхэн эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирсан гэх мэт зүйлийг тодруулж шалгасан. /хх 84-95/

5. Хоёрдугаар хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудсанд О.Хийн ажилдаа хэдэн цагт ирсэн, хэдэн цагт ажлаас гарсан талаарх цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хавсаргасан байх ба уг цагийн бүртгэлийн дэвтэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 30 минутанд ирж 19 цагт явсан, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагт ирж 18 цагт явсан талаар тусгагдсан байна.

6. Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Б” ХХК-ийн ажлын байран дээр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа алдагдсан эсэх, хэвийн ажиллаж байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж тухайн барилгын талбайн камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн холбогдох камерын бичлэгтэй 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргасан байна. Мөн түүнчлэн гэрчээр Д.Г, Б.Э, А.Б, Б.Е, Ч, Э.У, Б.С, Б.Н, Э.А нараас “Б” ХХК-ийн барилгын ажлын талбай дээр үйлдвэрлэлийн осол, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэх, хэзээ ажил тарж, хэн ямар шалтгаанаар хоолонд орох санаачилга гаргасан, хэн, хэн хаана хоолонд орж юу хийсэн талаар, цааш хэн хэн караокед орж, хэн ямар байдалтай байсан талаар дэлгэрэнгүй тодруулж мэдүүлэг авч шалгасан байна. /хх134-170/

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол Ксүлжээ хоолны газар очсон гэх ул мөрийг хөөж тогтоох үүднээс дээрх зураглал, маршрутаар тогтоож, хяналтын камерын бичлэгүүдийг олж, нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргах ажиллагааг хийж гүйцэтгэх захирамжийн заалттай холбоотойгоор цагдаагийн газраас Голден драгон ресторан, А төв, “Ж” ХХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн бөгөөд Голден драгон ресторанаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21/135 дугаартай албан бичгээр камерын бичлэг хадгалагдаагүй талаар хариу ирүүлсэн байна. Харин А төв, “Ж” ХХК-нд явуулсан албан бичгийн хариуг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байна. Түүнчлэн дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн энгэрийн хяналтын камер ажиллаж байсан эсэх, бичлэг хийгдсэн эсэх, хийсэн бол хуулбарлан авах, тухайн өдөр эрүүлжүүлэх байранд талийгаач ямар байдалтай хоносон талаар дээрх хэрэгт цагдаагийн байгууллагын ажилтнуудын буруутай үйлдэл байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс хэрэг бүртгэлтийн 211002303 дугаартай хэрэг нээн шалгасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийг уг шүүх хуралдаан болсноос хойш буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 62 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн байна. Дээрх хэрэгт М.Сд холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг тус хэрэгт хавсаргах боломжтой байна.

7. О.Хийн биед учирсан гэмтэл нь шатнаас унахад үүссэн эсэх, өөр бусад шалтгаанаар үүссэн талаар, тухайн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн эсэх талаар дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдол, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тохиолдолд дахин шинжээч томилохоор хуульчилсан байх ба хэргийн оролцогчдоос О.Хийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааны талаар маргаагүй, дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэн биш гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Талийгаачийн ашиглаж байсан гэх Юнител ХХК-ийн 83070002 дугаартай Самсунг 6 маркийн гар утас хаана, хэзээ алга болсон, тус дугаарын дуудлага, илгээсэн мессеж зэрэг дэлгэрэнгүй лавлагааг яаралтай гаргуулах гэх ажиллагаа нь М.Сд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр О.Хийн нас барсан гэх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий ямар үйл баримт тогтоогдох нь тодорхойгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв  

 

Прокурор Б.Хурц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн өмгөөлөгч А.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжтой цаг хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байгаа учраас миний үйлчлүүлэгч Л.О бухимдсан байдалтай байгааг хэлэх нь зүйтэй байх. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, амь хохирогчийн ажил хөдөлмөр эрхэлж байсан хугацааны 5-6 сиди байгаа боловч тухайн бичлэгийг бичгийн хэлбэрээр буюу зурган хэлбэрээр огт гаргаж өгөөгүй. Мөн шүүгчийн захирамжид заасан бусад ажиллагааг үнэн зөвөөр нь шалгуулах нь зүйтэй. Цаг хугацаа алдаж байхаар үнэн зөвөөр шалгаж, эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн яллагдагч М.Сг хорьж цагдахгүй байгаад гомдолтой байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч М.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр М.Сд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Сг 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морьтон цогцолборын 1 давхар “Т” ХХК-ийн К түргэн хоолны газрын ажилчдын хаалганы шатнаас О.Хийг түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас О.Хэ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Шүүгчийн захирамжинд заасан “... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр талийгаач ажлын хамт олонтойгоо хоолны газар орсон, дараа нь караоке орсон талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд уг үйлчлүүлсэн газруудын хяналтын камерын бичлэг, ...О.Хийн 24 цагийн орчим караокеноос гараад 19 дүгээр хорооллын К сүлжээ хоолны газарт очсон байх бөгөөд шөнийн 02 цаг хүртэлх түүний явсан газрын маршрутыг тогтоох, ...эрүүлжүүлэх байранд эмч үзлэг хийж хэрхэн хүлээж авсан, дуудлагын дагуу очсон цагдаагийн хоёр алба хаагчийн энгэрийн камерын бичлэг, ...83070002 дугаарын дэлгэрэнгүй лавлагаа, ... 2497 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн гэмтлүүд болон гавал тархины битүү гэмтэл шатнаас унахад үүсэх боломжтой эсэх, бусад хөнгөн гэмтлүүдийн үүссэн шалтгаан зэргийг тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтэл согог судлалын эмчийн баг Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн дүрс оношилгооны мэргэшсэн эмч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дахин дүгнэлт гаргуулах ...” ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

 

Харин амь хохирогчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлын байран дээрээ хэзээ ирсэн, хэзээ буусан, тухайн өдөр барилгын талбай дээр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсан эсэх талаар цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх 58-61/, тухайн барилгын талбайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сиди мөн гэрчээр Д.Г, Б.Э, А.Б, Б.Е, Б.Ч, Э.У, Б.С, Б.Н, Э.А нарыг асуусан мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дахин шалгах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийн нэг үндэслэлийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Нямдэлэгийн бичсэн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ