Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/60

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Д.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2640000790057 дугаартай хэргийг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........... аймгийн .......суманд төрсөн, .. настай, эрэгтэй, халх, ....... боловсролтой, мэргэжилгүй, .............., ам бүл ..., . хамт ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт ******* ******* /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 31 тоот гэртээ 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 03 цагийн орчим эхнэр ******* архи уусангүй гэх шалтгаанаар нүүр рүү архи цацаж маргалдан, улмаар түлхэж унагаан толгой руу нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 31 тоот гэртээ 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 03 цагийн орчим эхнэр ******* архи уусангүй гэх шалтгаанаар нүүр рүү архи цацаж маргалдан, улмаар түлхэж унагаан толгой руу нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан:

-Хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас),  

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ХЭН-БОР0726/050 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 39-40 дүгээр хуудас),

-Яллагдагч Н.*******ын мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас),

-Яллагдагч Н.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхүйц баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд уг хэргийн хүндрүүлэх шинжийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж заасан буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хуульчилсан байна.

 

Түүнчлэн гэм буруугийн санаатай хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчлан заажээ.

 

Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч *******ийн биед толгойн оройн хэсэг болон зүүн гарын 4-р хурууны хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон, хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд хохирогч *******ийн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ хэрэгт авагдсан  байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялын төрлүүдээс сонгон оногдуулахаар хуульчилсан ба торгох ялын доод хэмжээг 450,000 төгрөг, дээд хэмжээг 2,700,000 төгрөг байхаар хуульчилсан байна.

 

Прокурорын санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуульд нийцэж байна гэж шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:       

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч *******ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ