| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2107000000127 |
| Дугаар | 2022/ДШМ/199 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/199
Т.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
шүүгдэгч Т.Сгийнн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Сд холбогдох 2107000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Ты С, 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НУ86052058/;
Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед - тоотод Г.Гтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний хэвлий тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн дүүргийн прокурорын газраас: Т.Сн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Ты Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Сг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Т.Сн цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Сгаас 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болон цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20.3 сантиметрийн урттай, хүрэн өнгийн бариултай хутга, нийт 29.6 сантиметр урттай, мөнгөлөг бариултай, металл заазуур тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шүүгдэгч Т.Сн хохирол төлбөрийн хувьд “...хохирогч Г.Г нь нийт 1.819.900 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан /хх 157/ нийт 340.951 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1.000.000 төгрөгөөс хасаж илүү 659.049 төгрөг төлсөн байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй” гэж үзэж, улмаар эрүүгийн хариуцлага эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан хохирол, төлбөр нэхэмжилсэн болон түүнийг төлж барагдуулсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Г нь шүүгдэгч Т.Сгаас 1.819.900 төгрөг нэхэмжилсэн болох нь тогтоогддог ба үүнээс шүүгдэгч Т.С нь шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 819.900 төгрөгийг төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлж мэдүүлэг өгсөн атал шүүгдэгч Т.Сг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахгүй буюу төлөхөө илэрхийлсэн атал шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэснийг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Т.Сн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирол, хор уршигтай холбоотой тооцоог анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь талд хохирогч Г.Гийн мэдүүлэг авагдсан бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь талд авагдсан. Нийгмийн даатгалын сангаас 1.478.951 төгрөгийг гаргасан бөгөөд хохирогчоос гараагүй тул шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:
Хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх хохирогчоор “...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” /1хх 16-17/ гэж мэдүүлсэн боловч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...С нь огт хохирол төлөөгүй, эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /1хх 19-20/ гэж шүүгдэгч Т.Сд гомдолтой талаар мэдүүлж байжээ.
Түүнчлэн, хохирогч Г.Г нь шүүгдэгч Т.Сгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 1.830.000 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 830.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэжээ.
Хэдийгээр хохирогч Г.Г нь гомдол, саналгүй гэх боловч түүний эрүүл мэндэд учирсан хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт бүхий хүнд хохирлыг 1.000.000 төгрөгөөр төлөгдсөнөөр хохирол төлөгдсөн тооцож, мөн шүүгдэгч Т.С нь хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулан эмчилгээний төлбөр ор хоногийн төлбөрийн талаарх прокурорын саналыг анхаарч ажиллаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын хэмжээний талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсныг, мөн хохирлын 830.000 төгрөгийг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан атал шүүх, прокурор энэ талаар анхаарч ажиллаагүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцэхгүй байна.
Учир нь, шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялын төрөл хэмжээг сонгож хэрэглэх учиртай.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасантай нийцэх юм.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Аянагүлийн “эрүүгийн хариуцлага нь хуулийн шаардлагад нийцээгүй” талаар бичсэн эсэргүүлийг хүлээн авч, шүүгдэгч Т.Сд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Сд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Т.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэрээр нийт 140 /зуун дөч/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ