Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 260

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч А.Оюунгэрэл /томилолтоор/,

хохирогч Ё.О-, Э.Н-,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Б-н Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710001170026 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эцэг, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Б-н Т

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аеро” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, түүний улмаас иргэн Ё.О-, Э.Н- нарыг зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Ё.О-: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны орой Э-, Н-, Г- бид дөрөв айлаас гараад явж байсан. Хамт явсан Э-, Г- хоёр Аеро баар луу ороод гаръя гэж хэлсэн. За тэгвэл орчихоод гарна шүү гээд орсон. Тэр хоёр гадаа гарч тамхи татчихаад ирье гээд гарцгаасан бөгөөд орж ирэхгүй удахаар нь би санаа зовоод араас нь гарахад Г-, Э- хоёр энэ залуутай хамт зогсож байсан. Би та хоёр тамхиа татчихаад араас ороод ирээрэй гэтэл алга болсон. Эргээд гарч ирэхэд энэ залуу Э-ыг татаад байсан. Би “чи яах гээд байгаа юм бэ, манай энэ дүүг хаашаа авч явах гээд байгаа юм бэ” гэхэд Т- “чамд ямар хамаатай юм бэ”, би өөрөө мэдэж байна, Э-ыг би таньдаг юм” гэсэн. Э- тухайн үед надад “О- эгчээ намайг битгий өгч явуулаарай, би энэ хүнийг танихгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “чамайг танихгүй гэж байна, битгий авч явах гээд бай” гэтэл Т- “чамд ямар хамаатай юм бэ” гээд муудалцсан. Би Г-ийг Э-ыг дагуулаад цаашаа яв гэж хэлсэн. Бид нартай хамт явсан Н- гүйж ирээд “хүүе чи О- эгчийг яаж байгаа юм бэ, чи ямар сонин залуу вэ” гэхэд Т- “чамд ямар хамаатай юм, чи муу юу вэ” гээд шууд Н-тэй муудалцсан...” гэв.

 

Хохирогч Э.Н-: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны орой Э-, Г-, О- бид дөрөв хамт явж байсан. Би баарны гадаа тамхи татаад зогсож байтал шүүгдэгч О- эгчийг цохихоор нь би “болиоч чи яаж байгаа юм” гэхэд танд ямар хамаатай юм гэхээр нь “чи эмэгтэй хүн цохилоо” гээд бид хоёр муудалцсан...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Т-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ё.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид бааранд ороод нэг шил том архи авч түүнийгээ уугаад байж байсан. Хамт явсан Г-, Э- хоёр гадаа гарч тамхи татчихаад ирье гээд гарцгаасан бөгөөд орж ирэхгүй удахаар нь би санаа зовоод араас нь гарахад Г-, Э- хоёр баарны шатан дээр суучихсан тамхи татаж байсан. Тэр хоёр тамхиа татаж дуусаад бид гурав дотогшоо орох гэтэл байшингийн буланд зогсож байсан нэг хар цамцтай, дунд зэргийн биетэй халамцуу залуу гарч ирсэнээ “явья” гэж Э-д хандаж хэлсэн. Э- хариуд нь “Би ажлынхаа газрын эгч нартай хамт явж байна, буцаад орлоо” гэхэд тэр залуу “Явья гээд байхад яах гээд байгаа пизда вэ” гээд уурласан тэгэхээр нь би “Хүүе дүү тэгж болохгүй шүү, надтай явж байгаа юм, би аваад орлоо” гэхэд тэр залуу “Чамд ямар хамаатай юм, гичий авгай минь” гээд шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, дарж газарт суулгаад 2-3 удаа хавирга, цээж рүү өшиглөсөн. Энэ үед Н- гүйж ирээд “Хүүе эгчийг яаж байгаа юм бэ, чи ямар сонин залуу вэ” гэхэд тэр залуу “Чамд ямар хамаатай юм, чи муу юу вэ” гээд шууд Н-ийг тонгорч унагаад, дээр нь гарч суугаад нүүр чихийг нь жижиг хутгаар зүсэж, хэрчээд байсан. Жижиг хутга шиг л үзүүр нь харагдаад зүсээд байсан. Тэгтэл хамт явсан хүмүүс болон бусад хүмүүс салгасан. ...Иш нь харагдахгүй байсан, иш хэсгийг нь гартаа барьчихсан, ир нь ил гарсан байсан, жижиг тонгорог байсан байх. ...Би толгойгоо компьютер томографт харуулсан 120,000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Одоо гомдол санал байхгүй...” /хх-ийн 14-17/ гэсэн,

 

Хохирогч Э.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тамхи татах гээд гарахад баарны үүдэнд манай ажлын Э- гэх шинээр орсон хүүхэн тамхи татчихсан, үл таних нэг залуутай юм яриад зогсож байсан. Би тэр хоёроос ойролцоогоор 3-4 метр зайтай зогсож байсан. Тэр залуу нь Э-ыг авч явах гээд байх шиг байсан. Хоорондоо л юм яриад байсан. Тэгтэл баарнаас хамт явсан О- эгч гарч ирээд тэр залууд “Чи хүүхэд яах гээд байгаа юм” гээд Э-ыг татаад дотогш оруулах гэхэд тэр залуу “Чамд ямар хамаатай юм” гээд О- эгчийг шууд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон, унаж байхад нь дахиад өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би “Болиоч чи яаж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм, чамайг ална пизда” гэх мэтээр хэлж намайг дэгээдэж унагаад, дээр сууж байгаад гараараа нүүр, толгой руу цохиод байсан. О- эгч “Хүүе наад залуу чинь хутгатай байна” гэж хэлэхэд баарны гадна байсан хэсэг хүмүүс болон хамт явж байсан ажлын хүмүүс салгасан. ...Би тэр залуугийн хутгыг бол хараагүй. Ямар ч байсан яах ийхийн зуургүй л миний зүүн чихийг сэтэлсэн, нүүр урж зүссэн байсан. Гараараа бас цохисон байх. Би нилээн согтуу байсан. ...Би эмчилгээнд мөнгө зарцуулаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Зодуулсандаа гомдолтой байна...” /хх-ийн 19-22/ гэсэн,

 

Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т- намайг хамт явья гээд байсан. Би явахгүй гээд дургүйцсэн. Би нилээн согтсон байсан. Тэр үед О- эгч, Н- нар дотроос гарч ирээд намайг “орооч, юу хийгээд байгаа юм” гээд татаж оруулсан. Би ороод хамт явж байсан согтоод унасан нэг эгчийг сэрээж, юм хумаа аваад хэсэг хугацааны дараа буцаад гартал О- эгчийн зүүн нүд нь хавдчихсан, Н-йн зүүн шанаанаас цус гарч байсан. Өмнө нь зүгээр байсан юм. Юу болсон гээд асуухад түрүүн чамтай юм яриад байсан залуу зодчихлоо гэж байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э-тай хамт би баарны гадна тамхи татаад зогсож байхад Т- нь Э-ыг авч явна гээд Э- явахгүй, ажлынхантайгаа байна, чи яв гэж ярьцгааж байсан. Тэгээд зогсож байхад нь манай ажлын О- эгч “Чи юу юм” гэхэд “Чамд ямар хамаатай юм” гээд нэг хараалын үг хэлж муухай харьцсан. О- эгч уурлаад бид хоёрыг ор гэсэн. Т- О- эгч хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Э- бид хоёр дотогш орсон. Удаагүй байж байгаад эргээд гартал О- эгч өмнөөс орж ирээд “Э-аа чиний найз миний нүдийг ийм болгочихлоо” гээд уйлсан. Зүүн нүд нь хавдсан байсан. ...Тэгээд маргалдаад байж байтал Н- гэж манай мужаан гарч ирээд О- эгчийг өмөөрч Т- дээр очоод “Чи яагаад манай эгчийг ингэж байгаа юм бэ” гэхэд нөгөөх нь “Чамд хамаагүй” гээд тэр хоёр маргалдаад барьцалдаад, заамдалцаад авсан. Тэгээд Т- Н-ийг газарт унагаад дээр нь гараад суучихсан, дээрээс нь цохиод байх шиг байсан. ...Би Т-гийн гарт хутга байсан эсэхийг анзаараагүй...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Яармагт хоёр найзтайгаа 4 ширхэг 2 литрийн савалгаатай пиво хувааж уучихаад найзууд маань Яармагт үлдээд би ганцаараа Нисэх рүү явсан. Өдөр нь би өмнө нь хамт амьдарч байсан Э- гэх эмэгтэйтэй орой Нисэхэд уулзахаар ярьж тохирсон байсан юм. Орой ярихад Нисэхэд байрнуудын дунд байдаг “Аеро” гэдэг бааранд байна гэсэн. Би Э-тай утсаар яриад Э-ын гэрт нь хамт очихоор тохирсон байсан. Тэгээд би тэр бааранд 23 цагийн үед очиход Э- ажлынхаа хэдэн хүмүүстэй сууцгааж байсан. Намайг бааранд ороход Э- өөдөөс алхаад ирж явсан. Тэгээд Э-ыг “хоёулаа явья” гэхэд “тэгье” гээд явахаар болж бид хоёр баарны гадна гараад байж байтал хамт ажилладаг хүмүүс нь араас гарч ирээд түүнийг явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст “Э- манай эхнэр байгаа юм, бид хоёр өмнө нь хамт амьдарч байсан. Эхнэрээ авч явах гэж байна” гэж тайлбарлаж хэлсэн. Тэгтэл ойлгохгүй “Үгүй, явуулахгүй гээд бүгдээрээ араас нь зууралдаад, хувцаснаас зулгаагаад байсан. Урд гарч ирээд улаан галзуу өөдөөс дайраад, орилж чарлаад байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Намайг татаж унагаад байсан. Тэгэхээр нь би дайраад орилж чарлаад байсан нэг эмэгтэйг нүүр рүү нь нэг удаа цохисон, тэгээд цаашаа явах гэж байтал бүгд дахиад орилоод дайраад байх үед араас нэг эрэгтэй хүн гарч ирээд бас “Чи одоо яагаад байгаа юм” гэхээр нь болсон асуудлыг хэлэхэд мөн л “Үгүй гэж байна, явуулахгүй” гээд надтай заамдалцаад миний цамцыг ураад тал талаас нь дайраад байх үед тэр эрэгтэйг машины түлхүүртэй байсан гараараа нэг удаа алгадсан...” /хх-ийн 43-46/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07  дугаар сарын 24-ний өдрийн 9307 тоот дүгнэлт: “...Дүгнэлт 1. Ё.О-гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун өвдөгт цус хуралт, зүүн мөр, баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт цус хуралт, зүүн мөр баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 28/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07  дугаар сарын 24-ний өдрийн 9308 тоот дүгнэлт: “...Дүгнэлт 1. Э.Н-ийн биед дух, зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний гадна хэсгээс зүүн чихний дээд хэсэг хүрсэн, зүүн доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, эрүү, цээжинд зулгаралт, зүүн чихний гэдэс орчимд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.                                                                

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлтүүд,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12/,  

- Шүүгдэгч Б.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-54/,

- Хохирлын баримт /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аеро” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай маргалдаж, иргэн Ё.О-, Э.Н- нарыг зодож, Ё.О-гийн биед “зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун өвдөгт цус хуралт, зүүн мөр, баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт цус хуралт, зүүн мөр баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн, Э.Н-ийн биед “дух, зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний гадна хэсгээс зүүн чихний дээд хэсэг хүрсэн, зүүн доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, эрүү, цээжинд зулгаралт, зүүн чихний гэдэс орчимд өнгөц шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ё.О-, Э.Н-, гэрч Ц.Э-, Н.Г- нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9307, 9308 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.О-, Э.Н- нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч Ё.О- мөрдөн байцаалтын шатанд хохиролд 120,000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан, Э.Н- ямар нэгэн эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Т- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

 

Эрүүгийн 1710001170026 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ц овогт Баярцогтын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Баярцогтын Т-д 250 /хоёр зуун тавь/ цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710001170026 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНЖИГҮҮР