Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/63

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга -Эрдэнэ

Улсын яллагч Д.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2640000000053 дугаартай хэргийг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ......... боловсролтой, ............ мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл ....,  ..... хамт, ...................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гаьяа шагналгүй, ******* овогт ******* ******* (РД: ....................)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Бор Өндөр сумын 3 дугаар баг, Хангайн 7-712 тоот хашаан доторх гэртээ ******* тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотолж, яллах байр сууртай оролцсон ба хавтаст хэргээс 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн” судлав.

-Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ос: “…2026 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн хүү ******* зодсон. Маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.

            2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

   3. Шүүгдэгч ******* нь 2026 оны 5 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Бор Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-712 тоот хашаан доторх гэртээ өөрийн төрсөн хүү ******* тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбоотой дараах баримтуудыг шинжлэн судлав.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-3 дугаар хуудас),

-Насанд хүрээгүй хохирогч ******* “....Би 2026 оны 5 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн үед Мишээл гэх найзынхаа төрсөн өдөрт хөдөө явсан юм. Тэгээд хөдөөнөөс 18 цагийн үед ирээд ээжийн ажил дээр очоод байж байгаад гэр лүүгээ очиход аав пиво уусан бололтой унтах гээд хэвтэж байсан. Намайг аав дүүгээ олж авч ир гэхээр нь би гараад өөрийнхөө байшин руу дүүгээ авчирч байсан чинь аав гэрээс гарч ирээд чи наадахаараа явдаг болчихсон юм уу гээд намайг гэр лүү ор гэхээр нь би гэр лүү орсон. Гэр лүү ороод сандал дээр сууж байхад аав орж ирээд над руу чулуу шидсэн. Би чулуу шидэхээр нь би гараараа хамгаалсан тэгтэл  над руу 2 удаа чулуу шидсэн. Нэг чулуу нь миний гарт оноод нэг нь толгойд оносон. Тэгээд намайг сандал дээрээс түлхэж унагаад 4 удаа дэвссэн. Тэгээд би уйлсан чинь аав битгий уйлаад бай гэхээр нь гараад зугтчихсан.Тухайн үед манай гэрт аав, манай найз ******* бид 3 байсан ба манай аав нэлээн согтуу байсан. Гэрийн гадаа Агар нэртэй 0.75 литрийн архины шил байсан . Гэр дотор 1 ширхэг том пивоны сав байсан. Манай аав Э.Г урьд өмнө миний биед халдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ жоохон агсан зантай гэхдээ гар хүрдэггүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

-Хэнтий аймгийн Бор Өндөр сумын Нэгдсэн эмнэлгээс олгосон яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ХЭН-БОР0726/055 дугаартай “...******* биед толгойн баруун чамархай хэсгийн язарсан шарх, хамрын нуруу хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй  ...” гэх дүгнэлт (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

-Иргэний нэхэмжлэгч ******* “.. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 182584 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас)

-Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл (хх-ийн 41 дүгээр хуудас)

- Эрүүл мэндийн даатгалын санд 182,584 төгрөг төлсөн баримт (хх-ийн 85 дугаа хуудас)

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ******* төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-46 дугаар хуудас)

-Гэрч - “..хүү нь эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Хүүгийн сэтгэл зүй хэвийн байгаа тул тусламж үйлчилгээ авах шаардлагагүй. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн ааш авир гаргадаггүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас)

-Гэрч “..******* анги удирдсан багш байгаа юм. 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр уулзахад хүүхдийн хамар хавдсан байдалтай байхаар асуугаад аав нь байнга гар хүрдэг үү гэхэд үгүй гэж байсан. Сэтгэл зүй нь өмнөх шигээ хэвийн байгаа хичээлдээ хэвийн ирж ангийнхантайгаа инээлдэж тоглоод явж байгаа. Хүүхдийн хичээлийн ажилд ээж нь оролцоод явдаг, аав нь ер нь ирж уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57 дугаар хуудас),

 -Хүүхэд гэр бүл нийгмийн ажил хариуцсан ажилтан ярилцлагын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ. (хх-ийн 62-71 дүгээр хуудас)  зэрэг болно.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

5. Гэм буруугийн талаар.

5.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2026 оны 5 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Бор Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-712 тоот хашаан доторх гэртээ өөрийн төрсөн хүү ******* тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн   болох нь: “насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ХЭН-БОР0726/055 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

6. Хууль зүйн дүгнэлт.

6.1. Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 7-712 тоотод байрлах өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэтөгсийг ямар нэгэн шалтгаангүйгээр чулуу шидэж, толгой дээрээс нь дэвсэж, зодсон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэтөгсийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ХЭН-БОР0726/055 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч гэм буруутай үйлдлээс үүссэн хохирол тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

6.3. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Тухайлбал, шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч руу чулуу шидэж, толгой дээрээс нь дэвсэж, хохирогч тусламж хүсэж гэрээсээ гарч зугтаасан, насанд хүрээгүй хохирогчийн биед толгойн баруун чамархай хэсгийн язарсан шарх, хамрын нуруу хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субъектив талын санаатай байх шинжийг хангасан.

6.4. Энэ гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.

Шүүгдэгч  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчимд энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална хэмээн хуульчилсан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарлаж ойлгох  нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг зааж өгсөн ба мөн зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамаарахаар хуульчилсан.

Мөн хуулийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; ойлгоно хэмээн тус тус тодорхойлсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл “ Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”,  3 дугаар зүйлийн 3.1.1 эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хамааруулсан , мөн  хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон.

6.7. Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч төрсөн хүүхэд болох нь тогтоогдсон байна.

6.8. Шүүгдэгч ******* нь төрсөн хүүхэд ******* эрүүл мэндэд   халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос шүүгдэгч хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

7. Хохирол-хор уршиг. 

7.1.Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.

7.2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “…Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн байна. (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

7.3.Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 182,584 (нэг зуун наян хоёр мянга таван зуун наян дөрвөн) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

7.4.Иймд энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

8. Эрүүгийн хариуцлагын талаар. 

8.1. Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох  ял оногдуулах” санал гаргасан. 

            8.2.Шүүгдэгч *******ос: “...торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлөх боломжтой, торгох ял оногдуулж өгнө үү ...” гэв. 

          8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. 

  8.4. Шүүгдэгч  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа нөхцөл байдал, хохирогч нь гомдолгүй гэх хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гомбыг 600 (зургаан зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн  торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

  9.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч ******* овогтой ******* Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* Гомбыг 600 (зургаан зуун)  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулсугай.  

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

 5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6.Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ