Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 261

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч А.Оюунгэрэл /томилолтоор/,

хохирогч Ү.О,

гэрч С.Э-,

шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710001260034 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сэрүүн Сэлбэ” ХХК-д оператор ажилтай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-н М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.О-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ү.О: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 19 цаг 30 минутаас 20 цагийн хооронд хэрэг болсон, би “Мөнхийн үсэг” ХХК-д цагийн ажил хийдэг байсан ба ажлаа тараад гэртээ очиход ээж дэлгүүр яваад талх аваад ир гэсэн. Намайг дэлгүүр лүү ороход М- дэлгүүрээс гарч, Г- нь дэлгүүрийн гадаа цэвэр ус барьчихсан зогсож байсан. М- дэлгүүрээс гарах үедээ намайг мөрлөхөд нь би “та яаж байгаа юм бэ” гэхэд намайг заамдаж аваад Ланд крузер машин руу түлхээд “чи хужаа” гэж хэл амаар доромжилсон. Хамт явж байсан хар малгайтай ах нь бид хоёрыг харж байсан боловч салгаагүй. М- намайг заамдчихаад найздаа “би энийг яах уу” гээд намайг занасан байдалтай хэлсэн. М- намайг заамдаад “Жүр Үр” ХХК-ийн дэлгүүрээс чирээд аваад гарсан. Миний хоолой боогдож, амьсгалж чадахгүй байсан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч гарч ирээд бид хоёрыг салгасан. Салгасны дараа би гэртээ очиж ээжийг дуудаад хамт ирэхэд М-, Г- хоёр дэлгүүрийн тэнд байгаагүй, “Жүр Үр” ХХК-ийн хажуугийн дэлгүүрээс гарч ирсэн. Би ээжид “урдаас ирж байгаа хоёр хүн намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд ээж М-ы утсыг нь аваад дэлгүүр лүү ороход намайг “чи хужаа” гээд хүмүүсийн дэргэд доромжлоод байсан. Тэр өдрөөс хойш толгой өвдөж, бие сульдах болсон. Хүзүүний сорви их байсан болохоор би гадуур гарч чадахгүй байсан. Хүзүүний сорви наранд гарахад хорсож өвдөөд байхаар нь би хүзүүгээрээ алчуур ороогоод гадаа гардаг болсон. М- намайг боосон, өөрөөр цохиж зодсон юм байхгүй...” гэв.

 

Гэрч С.Э-: “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 19 цаг 30 минутаас 20 цагийн хооронд ажлаа тараад гэртээ ирсэн. Миний хүү бас ажлаа тараад гэртээ ирэхээр нь би талханд гаргасан. Тэгээд 30 гаруй минут өнгөрөхөд орж ирэхгүй байхаар нь гайхаад утас руу нь залгахад хүү маань утсаа гэртээ орхиод гарсан байсан. Тэгсэн хэсэг байж байгаад хүзүү, нүүр нь улайж, цамц нь урагдсан гэртээ орж ирээд “ээж танихгүй хоёр ах намайг зодчихлоо” гэсэн. Би шууд гэрийнхээ хувцастай гарахад М-, Г- хоёр харагдахгүй байсан. Тэгтэл О- намайг “Жүр Үр” дэлгүүр лүү дагуулж очиход хоёр согтуу залуу гарч ирсэн. Би шууд нэгнийх нь утсыг булааж аваад “цагдаад өгнө, та нар миний хүүг зодчихлоо” гэсэн, тэгээд цагдаа дуудчихаад дэлгүүрт хүлээж байх хооронд А, Г- хоёр “чи хужаа ш дээ” гээд миний хүү рүү дайраад доромжилсон. Би мөрдөн байцаалтанд А, Г- гэж мэдүүлэг өгсөн, тэгэхэд Г- нь яасан бэ, яагаад А гэж байснаа М- болчихсоныг ойлгохгүй байна. Би эх хүний хувьд маш их гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч М.М-: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Г-ын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жүр Үр” ХХК-ийн ойролцоо дэлгүүрт орох үедээ Ү.О-тэй мөргөлдсөн, би “чи яаж байна аа” гэхэд хохирогчийн хэл нь ойлгогдохгүй над руу харж яриад байхаар нь би “чи хужаа юм уу” гээд маргалдаж, заамдаж аваад чирч гадагшаа гарсан. Тэгсэн надтай хамт явж байсан найз Г- гүйж ирээд салгасан. Г- бид хоёр дэлгүүрт буцаж ороод зогсож байхад Ү.О-н ээж нь ирж, цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөд цагдаагийн хэлтэст очсон. Тэгээд бид хоёр эрүүлжүүлэхэд хоносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ү.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед гэрийн хажуугийн  “Жүр Үр” ХХК-ийн ойролцоо байрлах дэлгүүрээс талх авах гэж ороход үл таних хоёр залуу гарч ирээд таргандуу, цэнхэр футболктой залуу миний зүүн талын мөрлүү мөргөж, улмаар миний өмсөж явсан цамцны захаас барьж аваад хоолойг боосон. Тэгээд “би ахаа яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг хүчээр дэлгүүрээс чирч гараад, хамт явж байсан хар футболктой, хар өнгийн малгайтай, цагаан шорттой таргандуу залуутай бүлэглээд намайг хоёр талаас боож зодсон. Тэгэж байтал дэлгүүрийн худалдагч болох 2 эмэгтэй салгаж авсан, тухайн үед нөгөө хоёр залуу зугтах гээд байхаар нь ээж болох Э-ыг дуудаж цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Эхлээд цэнхэр футболктой залуу надтай маргаж, улмаар хоолойгоор боож, хүчээр чирч гадагшаа гаргаад хамт явж байсан хар футболктой залуутайгаа хамт хоолой боож, “чи муу монгол улсын иргэн мөн үү, хужаа байна” гээд хэл амаар доромжилсон. Миний хувьд бага зэргийн хэлний бэрхшээлтэй маш их гомдолтой байна...” /хх-ийн 08-09/ гэсэн,

 

Гэрч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед найз М-тай хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Жүр үр” ХХК-ийн хажууд байрлах дэлгүүр рүү орох гээд явж байхад дэлгүүрийн үүдэн дээр М- нь үл таних залуутай мөргөлдөж, маргалдаад, уг залууг заамдаж аваад гадагшаа гарсан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод салгаад байж байхад уг залуугийн ээж нь гэх эмэгтэй ирж Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөд, М- бид хоёр эрүүлжүүлэх байранд орсон. Тухайн үед М- бид хоёр ажлаас тараад 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. ...М- бид хоёр халамцуу, гэхдээ ухаанаа мэдэж байсан. Харин миний бие М-тай бүлэглэн уг залууг цохиж зодсон асуудал байхгүй, М- нь уг залууг заамдаж чирч гарахаар нь гүйж очоод салгаж авсан...” /хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед байх, сайн санахгүй байна, дэлгүүр дээр зогсож байхад үл таних хүмүүс хоорондоо маргалдаж хэрэлдэх дуу чимээ гарахаар нь дэлгүүрээс гарсан. Тэгсэн 25-30 орчим насны таргандуу биетэй өндөр, цэнхэр футболктой, ногоон өнгийн шорттой залуу нь 20-25 орчим насны улаан футболктой залуугийн цамцнаас нь бариад боосон байдалтай зогсож байсан. Тэгээд би гүйж очоод тавиач, чи яаж байгаа юм бэ? гэхэд цаанаас нь хар өнгийн нимгэн цамцтай 25-30 орчим насны туранхай, өндөр залуу дөхөж ирээд болиоч, одоо болно гээд салгаж авсан. Тэгээд би зодуулсан залууг дагуулаад дэлгүүр рүү орж ирээд байж байхад уг залуугийн ээж нь гэх эмэгтэй, зодсон гэх залуу болон хамт явж байсан залууг нь дагуулаад орж ирсэн. Ингээд тэд нар хоорондоо хэрэлдэж, маргалдахаар нь би цагдаа дуудсан, ...бүлэглэж зодоогүй. Намайг дэлгүүрээс гарахад таргандуу биетэй залуу нь нөгөө залуугийн цамцнаас барьсан, боосон байдалтай байсан. Харин хамт явж байсан залуу нь цаана зайдуу газар зогсож байсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Шүүгдэгч М.М- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед байх цагийг  нь сайн санахгүй байна, найз Г-ын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жүр Үр” ХХК-ийн ойролцоо байрлах дэлгүүр рүү орох үед үл таних залуутай мөргөлдсөн. Тэгсэн нөгөө залуугийн хэл нь ойлгогдохгүй над руу харж яриад байхаар нь би “Чи хужаа юм уу?” гээд маргалдаж заамдаж аваад чирч гадагшаа гарсан. Тэгсэн надтай хамт явж байсан Г- болон уг дэлгүүрийн худалдагч охин гүйж ирээд салгасан. Тэгэж байтал уг залуугийн ээж нь гэх эмэгтэй ирж, цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. ...Би найз болох Г-той хамт 0,5 литрийн 1 шил архи уусан ба ухаанаа мэдэж байсан,  ...бүлэглэж зодоогүй. Г- салгаж авсан. ...Би тухайн үед цэнхэр өнгийн футболктой, ногоон өнгийн шорттой явж байсан. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.А, Г.А нарын мэдүүлэг, тодорхойлолтууд /хх-ийн 18-19, 35-43/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07  дугаар сарын 25-ны өдрийн 9284 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. О-н биед тархины хаван,  хүзүүний шарх, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

- Сиди-нд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6/,

- Шүүгдэгч М.М-ы иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-40, 44/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 45-55/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас иргэн Ү.О-тэй маргалдаж, түүний өмсөж явсан цамцных нь захаар хоолойг боож, “тархины хаван, хүзүүний шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ү.О, гэрч Б.Г-, Б.М- нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9284 тоот дүгнэлт, шүүгдэгч М.М-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.О-н биед “тархины хаван, хүзүүний шарх, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр хохиролд 1.312.800 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргажээ /хх-ийн 45-55/.

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас дүгнэхэд тархины томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг /хх-ийн 54/, тархины бичлэг хийлгэсэн 30.000 төгрөг /хх-ийн 53/, эм худалдаж авсан 369.500 төгрөг /хх-ийн 53/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн хураамж 8.000 төгрөг /хх-ийн 51/, нийтдээ 527.500 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчид олгож, үлдэх 785.300 төгрөгийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь хохирогчийн ээж С.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүүхдээ асарч ажилгүй байсан хугацааны цалин /хх-ийн 55/, хохирогчийг эмнэлэгт үзүүлж, эм авахад зарцуулахаар зөөврийн компьютер ломбарданд тавьсан /хх-ийн 54/ 285.500 төгрөг, хохирогчид эм авсан 367.800 төгрөгийг /хх-ийн 52/ нэхэмжилсэн ба хохирогчийн ээж С.Э- цалин нэхэмжилсэн цалингийн тодорхойлолтоос өөр баримт ирүүлээгүй, хохирогчид эм авсан баримт давхардсан, зөөврийн компьютерийг ломбарданд тавьж, эм авсан гэдгийг баримтаар нотлож чадаагүй тул хангахгүй орхиж шийдвэрлэв. Хохирогч нь шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 1710001400014 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт М-н М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-н М-ыг 550 /таван зуун тавь/ цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.М-д оногдуулсан 550 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-аас 526.500 /таван зуун хорин зургаан мянга, таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ү.О-д олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн 1710001260034 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР