Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 262

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б овогт Б-н А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030554 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, мэргэжилгүй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,  ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар магадлалаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Б-н А

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ыг унтаж байхад нь пүүзийг нь нууцаар хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай ангийнхан заал аваад ирж байна гэж хэлэхээр нь би Нисэхийн pub-д ороод архи, пиво уусан. Тэгээд манай ангийнхан яваад Д-ын хамт Дурсамж караокед орсон. Тэгээд Д-тай 0,5 литрийн нэг шил архи худалдаж аваад, түүнийгээ тал болтол уугаад би нэлээн согтсон. Д- бид хоёр өөр газарт унтсан. Би тэкний баруун талын буйдан дээр унтсан байсан. Тэгээд би 10-20 минутын дараа сэрэхэд миний өмсөж явсан пүүз байхгүй, шөнийн 03 цаг 04 минутад пүүзээ алдсан байсан. Камерын бичлэгээс харахад үл таних залуу аваад гараад явсан байсан. Тэгээд би Д-ыг сэрээгээд “миний пүүз байхгүй байна” гэж хэлэхэд Д- “найз нь тасраад нам унтсан байсан, камерыг нь шүүлгүүлье” гэж хэлсэн. ...2017 оны 01 дүгээр сард Америкаас 250 доллараар захиж авчруулсан Nike брэндийн Garnet 2 Knick загварын пүүз байсан. ...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 19-20, 37, 87/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2 найзын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Дурсамж” караокед дуулахаар орсон юм. Тэгээд манай 2 найз караокед  дуулсан. Би тэкний хажууд зөөгчтэй юм яриад зогсож байхад тэкний хажуу талын буйдан дээр нэг залуу тасраад уначихсан байхаар нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор мөнгөтэй больё гэж бодоод   тэр залуугийн пүүзийг аваад ганцаараа гарсан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би тэр пүүзийг нь гэртээ аваачиж хувцастайгаа хамт цүнхэндээ хийсэн. Тэндээс гараад найзынх руугаа явсан. Уг пүүзийг зараад эхнэрийнхээ ажлын газрын түрээсийн мөнгийг нь өгөх гэж байсан юм. Би пүүзийг нь зарж амжаагүй байхад цагдаа нар намайг хүрч ирээд баривчлаад аваад явсан. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” /хх-ийн 25-29, 83-84/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 50/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 42/, 

- Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32/,

           - Ял шалгах хуудас /хх-ийн 31/,

- Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 52-58/,

- Шүүгдэгч Б.А-ийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 33-35/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.   

 

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” караокед үйлчлүүлж байсан Б.Б-ы пүүзийг түүнийг унтаж байхад нь хулгайлж, түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.А-ийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

 

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “...Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ...” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 350.000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 14/ ба хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан /хх-ийн 37/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа дуусч тэнсэн суллагдсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа өршөөгдсөн байна.

 

Шүүгдэгч Б.А-д ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилсан ба шүүгдэгч, хохирогч нар сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуулийн зохицуулалт байхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201726030554 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н А-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 130 /нэг зуун гуч/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Б.А-д оногдуулсан албадан ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь албадан ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 201726030554 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.А- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР