Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/200

 

 

Х.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У, Г.Батбаяр,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108000000912 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Хын М, 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим - “хоол ид гэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан А.Нийн толгойн тус газар чулуугаар цохиж, цамцнаас нь татаж унагаасны улмаас “гавлын баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн урд болон дунд хонхор хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /85мл/, зүүн тал бөмбөлгийн дотор гадаргуу болон дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины няцрал, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий амь нас аврагдах боломжгүй гэмтлийг учруулж амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Х.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Хын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Мын цагдан хоригдсон нийт 105 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Угийн “оршуулгын зардал 10 сая төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг түүнд мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдэл дээр маргахгүй. Гэм буруугаа ойлгож, ухаарч маш их харамсаж байна. Миний бие өдрийн 49 насан дээрээ ач, зээгээ харж хандан үр хүүхдүүддээ тус нэмэр болж сайн сайхан амьдрах насан дээрээ найз нөхдөө таньж нийлээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо маргалдаж, өөрийн тэвчээргүй, ухамсаргүй зангаасаа болж хүний татаж унагаан хүнд гэмтэл учруулан амь насанд нь хүрсэндээ итгэж чадахгүй, маш их харамсаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний гэр бүлийн гишүүдээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний бие хэрэг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл маш их айж, цочролд орж, даралт байнга 150-180 хүртэл ихсэж, зүрх өвдөж, эмнэлэгт хэвтэн, эмчийн хяналтад байгаа ба маш их хэмжээний эм хэрэглэж байна. Надад хүний халуун аминд хүрэх өс хонзон, сэдэлт, хорсол заналт байгаагүй. Өөртэйгөө адилхан эх хүнийг татаж унагаан хүнд бэртэл учруулсандаа өөртөө гомдож сууна. Миний бие дахиж алдахгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан үр хүүхэд, ач зээ нартаа тус дэм болон амьдрах боломж олгож, 10 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Х.Мд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн том охин Боос “том охин нь маш их гомдолтой байгаа, 3 жил эхтэйгээ уулзаж амжаагүй байсан. Бага охин нь бүтэн өнчин үлдсэн, харж хандах хүнгүй, оюутан болсон, амьжиргааны зардлаас эхлээд хэцүү байна. Бидэнд хохирол төлбөр төлөх нь байтугай хэн ч ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Хүний толгойг чулуугаар цохиж хагалаад нэмж цемент дээр савж унагасан ийм араатныг хаалттай хорих ангид ялыг нь эдлүүлмээр байна” гэсэн гомдлыг дамжуулж хэлсэн. Үүнийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр, тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараас үзэхэд хохирогчийг татаж унагааснаас хүнд гэмтэл учруулсан тул оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэх агуулга илэрхийлэгдсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзэхэд шүүх хуралдааны явц, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бүх үе шатуудад шүүгдэгч нь хохирогчийг чулуугаар цохисон нөхцөл байдлын талаар огт мэдүүлдэггүй. “Тэр талаар санахгүй байна” гээд өөрт ашигтай зүйлээ санаж, ашиггүй зүйлээ санадаггүй. Хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирогчийн ар гэрээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр төлөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон. Энэ бүгдээс үзэхэд анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх талаар ярьж байгаа ч уг заалтыг хохирол нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэнэ. Амь хохирогчийн хүүхдүүд эхийнхээ амийг мөнгөөр үнэлэхгүй ч гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гэж 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүгдэгчээс нэг ч төгрөг төлөөгүй байгааг үзэхэд гэм буруудаа маргаж, өөртөө дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулахгүй, уучлалт гуйхгүй, үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар маргаж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх дэглэмийг буруу тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хохирогчийн биед хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархайд учирсан гэмтлийг шүүгдэгч учруулаагүй, хамтран амьдрагч Нарангэрэл нь цохисон тул шалгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж оролцсон. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд амь хохирогчийн толгойд учирсан гэмтэл нь баруун болон зүүн хоёр талдаа цус хуралт үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, баруун талд нь 85 мг цус хуралт үүсч, гавал ясны цууралт, зүүн талдаа цус хуралт нь чулуугаар цохих болоод дараа нь татаж унагаасан хэд хэд удаагийн идэвхтэй үйлдлээр үүсгэгдсэн гэж үзэж байна. Харин ч хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвчин зовиурт хүргэсэн нөхцөл байдал уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.М нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн газрын үзлэг, насанд хүрээгүй гэрч Б, Д нарын мэдүүлэг, гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан С, гэмт хэргийн үйл явцыг харж байсан гэрч Г, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн Х, У нарын мэдүүлэг, мөн Х.Мыг шууд санаатай үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учруулж байгаа үйл явцыг тодорхой харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийж “гавал тархины битүү гэмтэл буюу хавсарсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй гэмтэл юм” гэж тодорхойлсон задлан шинжилгээний дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Сэргэлэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Иймд Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээ шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байх, учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буюу прокурорт буцаах байр суурьтай оролцож, өөрийн гэм буруугийн талаар маргадаг, учруулсан хохирлыг төлөхөөр санал, санаачилга гаргасан нөхцөл байдал байдаггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим - “хоол ид гэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан А.Нийн толгойн тус газар чулуугаар цохиж, цамцнаас нь татаж унагааж “гавлын баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн урд болон дунд хонхор хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /85мл/, зүүн тал бөмбөлгийн дотор гадаргуу болон дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины няцрал, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт” гэсэн амь нас аврагдах боломжгүй гэмтлийг А.Нт учруулан амь насыг нь хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Угийн “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7 цаг 15 минутын орчим талийгаачийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 7-1-3 тоотод очиход цагдаа нар ирчихсэн, Н эгч нас барчихсан байсан. ...” /1хх 50-51/,

насанд хүрээгүй гэрч Н.Бын “...2021 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цаг 47 минутад хотод орж ирээд 23 цаг 30 минутад найз залуугийн хамт гэртээ ороход ээж том өрөөний орон дээр цэнхэр өнгийн дээл нөмрөөд дээшээ хараад хэвтчихсэн, хамраас нь бага зэрэг цус гарч хатсан байдалтай байсан. Ээжийг сэрээх гээд гаранд нь хүрч “ээж, та унтаж байна уу” гэж хэлтэл “ммхм” гэж дуугарсан. Намайг гэртээ ирэх үед ээж архи уучихсан согтуу байдаг болохоор нээх тоогоогүй. Гал тогооны өрөөнд хувинд бөөлжчихсөн, бөөлжис болчихсон байсан. ...4 цаг 50 минутын орчим унтаж байхад гэнэт газарт юм унах чимээ гараад доргилт бага зэрэг өгсөн. Тэр үед би хальт зүүрмэглэж сэрчихээд буцаад унтчихсан. Тэгээд 6 цаг өнгөрч байх үед том өрөөнд аав С.Нарангэрэл нь ээжийг нэрээр нь дуудаад “Нараа Нараа” гээд яваад байсан. ...Би өндийж босоод харахад Нарангэрэл “ээжийнх нь бие муудаад байх шиг байна, аав нь эмийн сан ороод эм авчихаад ирье” гэж хэлээд гараад явчихсан. Би жоохон хэвтэж байгаад “ээж, ээж” гэж дуудтал огт хариу өгөхгүй байхаар нь босоод том өрөө рүү яваад ортол ээж орноос доошоо хараад уначихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд Д бид хоёр ээжийг дээшээ харуулж хэвтүүлээд хартал уруул нь хөхөрчихсөн, доод хэсгээрээ нойтон болчихсон, бие нь бүлээн байсан. Би сандраад 103-т дуудлага өгөөд эмч нар ирээд “нас барсан байна” гэж хэлсэн. ...” /1хх 57-58/,

гэрч Э.Дын “...би босоод яваад очиход том өрөөний орны урд А.Н эгч доошоо хараад хэвтсэн байдалтай дээл нөмөрчихсөн байсан. Тэгээд би эргүүлэх гэсэн чинь бие нь халуу мөртлөө уруул нь хөхөрсөн байдалтай байхаар нь зүрх нь цохилж байна уу гээд хүзүүний хэсэгт нь дарж үзэхэд зүрхний цохилт мэдрэгдэхгүй байсан. Тэгээд бид хоёр сандраад түргэн тусламж дуудаад түргэний эмч удалгүй ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...” /1хх 62-63/,

гэрч Г.Сы “...Н намайг олон хоног архи уусан манайд ороод халуун хоол идчих гэсэн. Тэгтэл хажуугаас М “хэнд нь хоол өгөөд, хэнд нь хоол өгдөггүй юм. Хүний авч ирсэн архи уучихаад” гэж хэрүүл өдсөн. Тэгтэл талийгаач Н “чи муу хог түүж олсон архиа их юманд бодоод байгаа юм уу” гэхэд М “чам шиг залуучууд гэртээ оруулж архидаж банзалдаггүй” гэж хэрүүл хийгээд байхаар нь Н бид хоёр урагшаа явж байхад араас М гүйж ирээд газраас чулуу аваад Нийн толгойн дагз руу нэг удаа цохичихоод буцаж алхаад явж байхад талийгаач араас нь чулуугаар цохиулсандаа шаралхаад орилсон чинь М буцаж ирээд талийгаачийг зүүн гарын мөрнөөс нь баруун гараараа хүчтэй татахад талийгаач хойшоогоо унахдаа толгойн ар дагзаараа газар хүчтэй унасан. ...” /1хх 67, 70/,

гэрч Д.Гийн “...Зүүн талын цонхны доор хүмүүс орилоод маргаад байгаа бололтой гэнэт “машины хаалга хаагдаж байгаа юм шиг” чимээ гарахаар нь би цонхоороо харсан чинь замын голд нэг эмэгтэй хүн ухаан алдаад унасан байдалтай, хэвтэж байсан. ...16 цаг 57 минутад 103 дугаарт дуудлага өгсөн. ...20 орчим минут болсны дараа гудмаар явж байсан нэг эмэгтэй анхны тусламж үзүүлж ухаан оруулчихаад явчихсан. ...” /1хх 80-81/,

гэрч Ш.Хын “...6 дугаар байрын хажууд байх засмал замын голд нэг эмэгтэй хүн ухаангүй байдалтай доошоо шээс алдсан юм шиг шингэн зүйл гоожсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би эмнэлгийн хүн учраас тэр эмэгтэйн биеийн байдлыг үзэх санаатай очиход уг эмэгтэйн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг туранхай өндөр 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Би тэр хүнээс “энэ эмэгтэй яасан юм бэ” гэж асуухад “манай таньдаг хүн байгаа юм бид хоёртой хамт архи уусан нэг эмэгтэй чулуугаар толгойг нь цохиод татаж газар унгаачихаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйг сэрээх гэж эхлээд дуудахад ямар нэг хариу үзүүлэхгүй ухаангүй байж байгаад хэд, хэдэн удаа дуудсаны дараа сэргэж би зүгээрээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнээс “гэр чинь хаана байдаг юм бэ, гэрийнхнийхээ утасны дугаарыг хэлээч” гэхэд надад хэлэхгүй байсан. Өөрийн 99027023 дугаарын утсаар түргэн тусламж болон цагдаагийн 102, 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгчихөөд хүүхдийн сургууль дээр нь ажил тарахаас өмнө ирж уулз гээд байсан тул яараад яваад өгчихсөн. ...Тухайн үед ухаан алдсан байсан эмэгтэйгээс архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан. ...Ил харагдах ямар нэг шинээр үүссэн шарх сорви, цус гарч байсан зүйл анзаарагдаагүй. ...Нүүрэнд нь хуучин тавшсан нэг зулгаралт байх шиг байсан. ...” /1хх 72/,

гэрч У.Угийн “...16 цаг 53 минутад “Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 6 дугаар байрын хажууд зодуулаад ухаан алдсан эмэгтэй байна” гэх дуудлагыг хүлээж аваад хэргийн газарт 17 цаг 10 минутад очсон. Намайг очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 50 орчим насны эмэгтэй хүн байрын хажуугийн замын боржур дээр сууж байсан. ...Тэгээд тухайн сууж байсан эмэгтэйд учирсан зовуурийг асууж үзлэг хийх гээд завдах үед тухайн эмэгтэй миний өөдөөс агсарч чамд үзүүлэхгүй гээд эсэргүүцэж гар хөлөө савчаад намайг цохих гээд байсан. Нэг буурал үстэй хөгшин эрэгтэй хүн хүрч ирэхээр нь “та энэ хүнийг таних уу” гэхэд “би нөхөр нь байна” гэж хэлсэн. “Энэ хүн яасан юм бэ, Зодуулсан юм байна уу, энэ хүн ухаан алдсан юм уу, хэд хоног архи ууж байгаа юм бэ” гэж асуусан чинь “бид зүгээрээ одоо архи нэмж уулгахгүй, зодуулсан юм байхгүй. Бид хоёр гэртээ орлоо уучлаарай” гэсэн. Би дахиж нөгөө эмэгтэйд үзлэг хийж биеийг нь үзэх гэсэн боловч тэр эмэгтэй дахин миний өөдөөс эсэргүүцээд намайг цохиж авах гэсэн болохоор нь нөхөр гэх хүнд нь “энэ хүн үзүүлэхгүй гээд эсэргүүцээд байна шүү. Та биеийг нь ажиглаад болохгүй бол эмнэлэгт хандаж үзүүлээрэй” гээд тэр хүнд үлдээгээд дараагийн дуудлагад явсан. Тухайн үед би үзүүлэхээс татгалзсан талаар бичиг тэр хүнээс авах гэсэн боловч надад юм бичиж өгөх нь битгий хэл өөрийн биедээ огт ойртуулахгүй байсан. ...” /1хх 74/ гэсэн мэдүүлгүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Х.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Х.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон дараа сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан шинж тэмдэг илрээгүй байна. Х.М нь хэрэг үйлдэгдэх үедээ болон дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Х.М нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Нийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн урд болон дунд хонхор хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /85мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн завсар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацар, дух, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний цус хуралт гэмтэл нь нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байна. Дээрх тархины гэмтлийг авснаас хойш тархи цусан хураанд дарагдаж нас барах хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. Талийгаачид учирсан гавлын баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн урд болон дунд хонхор хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /85мл/, зүүн тал бөмбөлгийн дотор гадаргуу болон дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины няцрал, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Э.Талийгаач нь гавлын баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн дух. зулай, чамархай, суурийн урд болон дунд хонхор хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /85мл/, зүүн тал бөмбөлгийн дотор гадаргуу болон дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины няцрал, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 25 минутын байдлаар нас бараад 7-9 цаг болсон байжээ. ...” гэсэн 1736 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх111-115/,

шинжээч Б.Сэргэлэнгийн “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, талийгаачийн цээжний цус хуралт нь нас барахаас өмнө 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Захаасаа шарлаж шимэгдэж буй цус хуралт, зүүн хацар дух, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гавал тархины гэмтэл авсан цаг хугацаатай ойролцоо үүсгэгдсэн байна. Талийгаачийн гавал тархинд үүссэн гэмтэл нь хязгаарлагдсан гадаргуутай, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүнд: чулуугаар цохиулах, савж унах үед үүсэх боломжтой. Талийгаачийн гавал тархины гэмтэл нь баруун чамархайн дунд хэсэгт хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн гэмтлүүд байна. Тухайн гэмтлийг авсан даруйд толгой хүчтэй өвдөх, ухаан алдах шинж тэмдгүүд илэрч болно. Гавал тархины битүү гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх120-122/,

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 2/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 37/, дуудлагын лавлагааны лавлагаа /1хх 38/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх 18-20, 179-182/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-13/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Х.Мын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Х.Мын хохирогч А.Нтэй “хоол ид гэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газар чулуугаар цохиж, цамцнаас нь татаж унагааж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан А.Нийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Мын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Х.Мын “хорих ял багасгах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/1232 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнх-Оргил нь нийт 180 /зуун ная/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ