Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 263

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Н.Пүрэвтогтох ,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Г-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710001070046 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Уламжлалт анагаах ухаан судлалын клиникт эм бэлтгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Г-н Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,,, байранд иргэн Д.М-ыг зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Б-: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Гачууртад ажиллаж байгаад гэртээ ирээд байж байхад надтай хамт ажилладаг Б- эгч манайд ирж, бид хоёр пиво уусан. Пиво уугаад сууж байхад манай хөрш У- эгч орж ирсэн, би У- эгчээс “та пиво уух уу” гэж асуухад “үгүй” гээд гараад явсан. Тэгээд удалгүй У- эгч над руу залгаад “Танай гэр шатаж байна” гэсэн. Би гарч харахад манай гэр шатаагүй зүгээр байсан. Тэгэхээр нь У- эгчийн гэрт ороод “Та яасан муу ёртой юм бэ? Манай гэрийг шатлаа гэж муу ёроллоо” гэхэд У- эгчийн нөхөр надад “Нялх хүүхэдтэй айлд орж ирчихээд битгий хэрүүл хийгээд бай, гар” гээд байсан. Тэгээд би гарахдаа М-ы хөл дээр гишгэчихсэн юм. Түүнээсээ болж М- бид хоёр маргалдаад гадаа гараад үснээсээ зулгаалцсан. М- миний үсийг зулгаагаад тавихгүй болохоор нь би хуруунаас нь хазчихсан юм. Дараа нь би ажил руугаа явчихаад ирсэн чинь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсээс над руу залгасан. Ийм л зүйл болсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.                                                 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний 21 цаг 40 минутын орчим  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод охин Э-, М- нарын хамт байж байтал миний төрсөн эгч У- надруу залгаад “Б-, Н-, Б- гурав манай гэрт орж ирээд надад агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь охин М-г дагуулаад эгч У-гийн гэрт очсон юм. Манай эгч У- манай гэрийн ойролцоо 100 метр зайд амьдардаг. Тэгээд би охин М-г дагуулаад эгч У-гийн гэрт ортол Б-, Н-, Б- гэх хүмүүс гэрийнх нь эд хогшлыг эмх замбараагүй болгосон байсан. Тэгсэн эгч У- намайг хараад “энэ гурав миний 7 сартай хүүхдийг орон дээрээс газарт унагаасан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Та нар яаж байгаа юм” гэхэд Б- нь намайг “Чи юу гээд байгаа юм” гэж хэлээд миний үснээс гараараа зулгаагаад, баруун гарын долоовор болон чигчий хурууг амандаа хийгээд хазсан. ...Миний толгой өвдөж, баруун гарын долоовор хуруунаас цус гарч, чигчий хуруу хавдсан. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан... /хх-ийн 06-08/ гэсэн,

 

Гэрч Д.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим гэртээ байж байхад миний утас руу огт танихгүй дугаараас залгаад “Танай үүдэн дээр гал гараад байна” гэсэн. Тэгэхээр нь гарч харахад гал гараагүй байсан. Урьд нь урд айлын Б- гэртээ архи уугаад байж байсан, тэгэхээр нь тэднийд гал гарч байж магадгүй гээд гэрийнх нь үүдэнд очиход Т- гэрийнхээ үүдэнд тэнд амьдардаг Н, Б- нарын хамт архи уугаад сууж байсан. Тэд нарт “Наана чинь гал гараагүй биздээ” гэж хэлээд гайгүй болохоор нь гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал араас Н, Б-, Т- нар гурвуулаа орж ирсэн. Б- нь “Манай гэрийг шатаах гээд тавлаад байгаа юм уу” гээд агсарч эхэлсэн. Т- намайг хэл амаар доромжилж, элдвээр хэлсэн. Б- гэрт орилоод байхаар нь нөхөр Ш.Уын хамт гэрээс гаргасан. Тэгээд дүү М-ыг утсаар дуудаж,  “Т- орж ирээд агсам, согтуу тавиад байна” гэж хэлсэн. Ингээд манай дүү М- хүрч ирээд “Чи яагаад байгаа юм бэ” гэхэд Б- дүү М- руу агсраад байсан. Т- М-ы үснээс нь зулгааж гартаа ороогоод, зууралдаад салахгүй байсан. Би салгах гээд дийлээгүй. Мөн М-ы хуруунаас нь хазсан, тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн чинь зугтаагаад явсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дүү М-тай ирээд, өргөдөл өгүүлсэн...” /хх-ийн 11-12/ гэсэн,

 

Гэрч Ш.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим гэртээ байж байхад эхнэр У-гийн утас руу огт танихгүй дугаараас залгаад “Танай үүдэн дээр гал гараад байна” гэсэн. Тэгээд би хүүхдээ харж гэртээ үлдээд, эхнэр У- гал гарч байгаа эсэхийг харах гээд гарсан. Удалгүй  буцаж орж ирээд байж байтал урд айлын Б-, Н, Б- нар нь орж ирээд, Б- нь “манайхыг шатлаа” гэж муу ёроллоо гээд У-д агсам тавьсан. Тэгээд агсраад байхаар нь “нялх хүүхэдтэй байна, гарч хэрүүлээ хий” гэхэд гарахгүй байсан. Манай эхнэр Б-г гаргах гээд дийлэхгүй болохоор нь 9 сартай зээ охин А-г орон дээр тавиад, У-гийн хамт Б-г түлхэж гаргасан. Гаргаж байх хооронд 9 сартай зээ охин орон дээрээс унаад, би буцаж ороод, хүүхдээ авсан. Б- дахин эргэж орж ирээд агсам тавиад  байхаар нь Н, Б- нарт “Б-г аваад гараач” гэхэд Б-г аваад гарцгаасан. Гадаа юу болсныг нь мэдэхгүй. Би хүүхдээ аваад гэртээ байж байсан. Сүүлд нь Б- нь У-гийн дүү М-ыг ирэхэд нь хуруунаас нь хазсан гэсэн. М- хуруунаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Ингээд Цагдаад дуудлага, өргөдөл өгсөн...” /хх-ийн 13-14/ гэсэн,               

 

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г.Б- бид хоёр Гачууртаас ирээд Г.Б-гийн гэрт нь очсон юм. Тэгээд гэрийнх нь ойролцоо байдаг дэлгүүрээс 2,5 литрийн пиво 2 ширхэгийг аваад гэрт нь хувааж уусан юм. Тэгээд эхний пивоо ууж байтал У- ирэхээр нь “пиво уух уу” гэж асуухад “үгүй, цагаан архи байвал ууна” гэж хэлээд гарсан. Тэгээд бид хоёр пивоо уугаад байж байхад Г.Б- гар утсаараа яриад, гарсан. Би гэрт нь үлдээд зурагт үзээд байж байтал Г.Б-гийн хүүхэд орж ирээд “манай ээжийг зодчихсон байна” гэж хэлэхээр нь гэрээс нь гараад хартал У-ын гэрийн хажууд Г.Б- зодуулчихсан, хажууд нь У-, нөхөр У, дүү М- болон нэрийг нь мэдэхгүй өөр дүү нар нь байхаар нь би Г.Б-г аваад гэрт нь оруулсан. Тэгтэл У- хэрүүл хийгээд байхаар нь Г.Б-г хүүхдийнх нь хамт гэр рүүгээ авч яваад орой нь  буцаагаад гэр рүү нь явуулсан юм... /хх-ийн15-16/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ажлаасаа буугаад гэртээ хариад хувцас угааж байтал гаднаас надтай хамт ажилладаг Б- эгч 1,7 литрийн пиво 1 ширхэгийг авч ирсэн. Тэгээд бид хоёр хуваагаад ууж байтал гаднаас манай хөрш болох У- эгч орж ирэхээр нь “пиво уух уу” гэж асуухад “үгүй, цагаан архи байвал ууна” гэж хэлээд пиво уулгүй гараад явсан юм. Тэгээд Б- эгч бид хоёр пивор ууж байтал 19 цагийн орчимд У- эгч над руу залгаад “танай гэр чинь шатаж байна” гэж хэлэхээр нь би гэрээс гараад хартал манай гэр зүгээр байсан. Тэгээд У- эгчийн гэрт нь ороод “манай гэр зүгээр байна, та ямар муу ёртой юм бэ” гэж хэлтэл У- эгчийн нөхөр нь “битгий нялх хүүхэдтэй айлд орж ирээд хэрүүл хийгээд бай” гэж хэлээд намайг түлхэхээр нь би “таньтай яриагүй” гэж хэлсэн бөгөөд намайг түлхэх явцад нь би санаандгүй М-ы хөлөн дээр гишгэсэн юм. Тэгээд У- эгчийн нөхөр нь намайг гэрээсээ түлхэж гаргахад араас М- гарч ирээд надтай хэрэлдэж байгаад намайг түлхэхээр нь би өмнөөс нь түлхээд бид хоёр зодолдсон. Хамт байсан У- эгч, нөхөр У, дүү М- болон охин нь миний үснээс зулгаахаар нь би М-ы үснээс зулгааж байтал манай хүү Э ирээд “манай ээжийг тавь” гэж хэлсэн бөгөөд тэд нар миний үснээс зулгаагаад унагахаар нь би М-ыг миний үснээс зулгааж байсан гарнаас нь хазаж тавиулсан юм. Тэгтэл манай гэрт байсан Б- эгч ирээд намайг авч яваад ажил дээр байж байгаад шөнө гэртээ буцаж харисан юм. ...Би пивоноос 2-3 аяга уусан байсан болохоор нэг их согтуу байгаагүй бөгөөд У-, М- нар эрүүл байсан. Маргаан У- эгч “манай гэрийг шатлаа” гэж хэлсэнээс болсон юм...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07  дугаар сарын 10-ны өдрийн 8866 тоот дүгнэлт: “...Дүгнэлт 1. М--н биед тархи доргилт, зулай, баруун сарвууны 5-р хурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун сарвууны 1-р хуруунд шарх үүсчээ.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.        

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19/,

- Шүүгдэгч Г.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 29, 30, 32/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 36-37/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,,, байранд иргэн Д.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М-, гэрч Д.У-, Д.Б-, Ш.У нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8866 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалтын шатанд 300,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Эрүүгийн 1710001070046 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ш овогт Г-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Г-н Б-г 451 нэгж буюу 451.000 / дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт  тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б- торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710001070046 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР