Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 264

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Д-н Т-т холбогдох эрүүгийн 201726030522 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо ,,,, тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналтгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Д-н Т

 

Холбогдсон хэргийн талаар

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АЕРО” баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Л-ийг зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

Мөн хавтаст хэргээс

1.Шүүгдэгч Д.Т- мөрдөн байцаалтанд 2017.06.15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн үед би О-, үеэл дүү Э- нарын хамт ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх “АЕРО” нэртэй бааранд очиж үйлчлүүлсэн. Тэгээд тамхи татахаар О- ахтай хамт уг баарны үүдэнд  зогсож байтал танихгүй залуу ирж тамхи асуусан чинь О- ах түүнийг “даварцан бацаан бэ, чамд өгөх тамхи байхгүй” гэж хэлэхэд “ганц тамхин дээр үхлээ юу” гээд хоорондоо маргалдсан. Уг залуу /Л-/ О- ахыг түлхээд фудволкийг урахаар нь миний уур хүрээд уг залууг /Л-/ заамдаж газар унагаан гараараа толгой, цээж хэсэгт нь 1-2 удаа цохисон. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас яг хаана нь цохиж байгаагаа мэдээгүй. Би Л-ийг цохиж зодъё гэж бодоогүй. Газар унагаахад миний хувцаснаас тавихгүй зуураад байсан бөгөөд бид 2 хамт газар унасан. Би түүнийг тавиулах гээд хэд хэдэн удаа цохисон ба удалгүй манай үеэл дүү Э- миний араас намайг татаж босгоод Л- бид хоёрыг салгасан. Тэр үед Л-ийн эхнэр цагдаа дуудсан байсан ба би цагдаа иртэл байж байя, үнэн учрыг нь олно биз гээд хүлээж байгаад цагдаа нар ирэх үед  хамт цагдаагийн газарт ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

2. Хохирогч Ц.Л- мөрдөн байцаалтанд 2017.04.29-ний өдөр   мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр М-, найз Т- нартай хамт Нисэхийн байранд байх “АЕРО” бааранд орсон. Бид 3 бааранд ороод тус бүр 2  шил 0.5л боргио шар айраг уусан. Би тамхи татахаар баарны үүдэнд гарахад баарны үүдэнд танихгүй олон хүмүүс байсан ба тэнд байсан жижиг биетэй цагаан фудволктай ахаас “тамхи байна уу” гэж асуусан чинь тэр ах “намайг даварцан бацаан бэ” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд “ганц ширхэг тамхин дээр үхлээ юу” гэж хэлснээс болоод хоорондоо маргалдсан. Бид хоёр нэг нэгнээ “гөлөг минь ална шүү” гэх зэргээр хоёулаа хэлж байсан. Тэгээд ах над руу ойртоод ирэхээр нь би цохих нь гэж бодоод цааш түлхтэл хойшоогоо бүдэрсэн. Тэр үед би тэр ахыг унах нь гэж бодоод фудволкнаас нь зуурсан  чинь фудволк нь урагдчихсан чинь цаанаас цэнхэр женсин яактай ах ирээд “чи яаж байгаан юм бэ” гэхээр нь “чамд хамаагүй” гэхэд тэр ах /Д.Т-/ намайг заамдаад авсан. Би бас зөрүүлээд заамдаад бид хоёр ноцолдож байгаад хамт газар унаад 5 минут орчим ноцолдсон. Ноцолдож байх үед тэр ах /Д.Т-/ хавирга руу гараараа цохиод байсан яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тэр үед манай найз Т- намайг салгах гэж байсан боловч тамхи асуусан цагаан фудволктай ах Т-ийг зодох гээд хөөж байсан. Манай эхнэр баарнаас гарч ирээд цагдаа дуудсан ба бид нарыг бөөнөөр нь ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирсан. Би хэрэг гардаг өдөр бааранд орохоос өмнө өөрийн найз болох О-, Б- хоёртой 0.75 л Хараа архи 2 шилийг уусан. Бааранд ороод 2 шил Боргио шар айраг уугаад нилээн согтолттой байсан учраас болсон зүйлийн талаар буруу мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед Т- биш  би тамхи асуусан юм. Надтай газар ноцолдсон ах миний хавирга руу, мөн нүүр рүү цохиод байсан. Өөр хүн цохиж зодоогүй. Одоо надад ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28–р хуудас/,

2017.05.05-ны өдөр: ...Намайг Т- “АЕРО” баарны гадна ганцаараа зодсон. Өөр хүн зодож цохиогүй. Хэрэг гардаг өдөр Т- намайг “АЕРО” баарны гадна талд заамдаад зогсож байх үедээ хавсарч газар унагаасан. Тэр үед би зүүн тохойгоороо газар унаж тохойндоо гэмтэл авсан. Мөн Т- миний дээрээс нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон бөгөөд газар нуруугаар чирээд байсан. Энэ үед миний хамрын нуруу болон нурууны арьс зулгарч гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29–р хуудас/,

2017.06.19-ний өдөр: ...Миний биеийн байдал сайн байгаа. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Хэрэг гардаг өдөр би архи уусан байсан ба танихгүй хүнээс тамхи асууснаас болж хоорондоо маргалдаж улмаар Т- намайг газар унагаан 1-2 удаа цохисон. Тухайн үед би Т-ыг “гөлөг минь, ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /xх-ийн 30-р хуудас/,

3. Гэрч Д.О- 2017.05.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн дүү Т-, Э- нарын хамт Нисэхийн  “АЕРО” нэртэй бааранд үйлчлүүлээд шөнийн 01 цагийн үед би Т-тай тамхи татах гээд баарнаас гарсан. Гадаа зогсож байхад Л- гэх танихгүй залуу тамхи гуйхаар нь “тамхи байхгүй” гэсэн чинь тэр залуу /Л-/ “ганц ширхэг тамхин дээр горойж үхлээ юу” гэхээр нь “даварцан бацаан бэ, зайл цаашаа” гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр залуу /Л-/ намайг гэнэт хойш нь түлхээд фудволкнаас зуураад өмсөж явсан фудволкийг урчихсан чинь Т- хажуунаас тэр залууг /Л-/ “чи муу давраад байгаарай” гэж хэлээд барьж аваад тонгорч газар унагаасан. Хамт газар унаад хэсэг хугацаанд ноцолдсон. Тэгэхээр нь би салгах гэтэл өөр нэг залуу араас татаад фудволк бүр том урсан. Би тэр залууг барьж авах гээд хөөсөн. Тэр хооронд Л-ийн эхнэр “би цагдаа дуудсан, та нарыг барьж хорино” гээд байхаар нь “би хэнийг ч зодож цохиогүй, цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бөөнөөр нь ХУД-ийн Цагдаагийн хэлтэст авчирсан. Тэгээд болсон талаар асууж байгаад намайг явуулсан. Би гэртээ хариад унтаж амарсан. Надаас Т- биш Л- гэх залуу анх тамхи асуусан. Л- тамхи асуух үедээ ганцаараа байсан. Би Т- гэх залууг мөргөж цохисон асуудал байхгүй. Харин би сүүлд Т-ийг салгах гэхэд нэг танихгүй залуу араас татаж фудволк урахаар нь би чиний ч гэсэн фудволкийг урна гээд хэсэг хугацаанд хөөсөн боловч зодож цохиогүй. Цагдаа дээр ирээд Т- гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

4. Гэрч Э.Э- 2017.05.07-ны өдөр  мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нагац болох О-, Т- нарын хамт Нисэхийн “АЕРО” бааранд хамт үйлчлүүлээд шөнийн 01 цагийн үед Т- ах “тамхи татчихаад ирье” гээд баарнаас гарсан. Намайг бааранд бүжиглэж байхад урд нь хамт нүүрс зардаг байсан хүн “гадаа ах чинь зодолдоод байна” гэхээр нь би баарнаас гарахад Т- ах танихгүй залуутай газар унасан ноцолдож байсан. Харин О- ахын өмсөж явсан фудволк нь урагдсан байдалтай Т- гэх залууг хөөж байсан. Т- ахыг очоод татаж босгоод Л-оос салгаж холдуулсан. Би Л-той юм яриад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн. Тэр үед Т- болон О- ах дахиж Л-той зодолдоогүй зүгээр зогсож байсан. Цагдаа нар ирээд бид нарыг бөөнөөр нь ХУД-ийн Цагдаагийн хэлтэст авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

5. Гэрч Ш.М 2017.05.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л-ийн хамт найз О-гийн  гэрт очсон. Бид 2-ыг очих үед О-гийн гэрт Б- байсан ба О-, Б-, манай нөхөр гурвуулаа 0.75л Хараа архи хувааж ууж байтал Төмкө /Т-/ гээд манай нөхрийн найз 2.5л Нийслэл шар айраг авчирсныг хувааж уусан. Төмкө /Т-/ нөхөр бид 2-ыг дагаад Нисэхийн “АЕРО” бааранд орж, тус бүр 2 шил Боргио шар айраг уусан. Манай нөхөр Л- “тамхи татчихаад ирье” гээд гарсан боловч орж ирэхгүй удаад байхаар нь яасан бол гэж бодоод Төмкө буюу Т-тай хамт араас нь гарахад Л- газар унасан байдалтай танихгүй хүнд зодуулж байсан. Т- тэр хоёрыг салгах гээд очтол хажуунаас нь цагаан фудволктай ах Т-ийг бариад авсан чинь Т- гарыг нь тавиулаад хойшоо ухраад зугтаад байсан. Цагаан фудволктай ах Т-ийг ална гээд барьж авах гээд хөөж байсан. Би баарнаас гарч ирээд нөхрөө хүнтэй зодолдож байгааг харчихаад шууд цагдаа дуудсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд тэд нарыг бөөнөөр нь аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

2017.06.22-ны өдөр: ...Тухайн үед манай нөхөр Л- эхлээд ганцаараа гарсан ба араас нь би, Т-тай хамт гарсан. Т-ийг цагаан ноосон цамцтай хүн мөргөөгүй, харин барьж авах гээд хөөгөөд байсан. Манай нөхөр “АЕРО” бааранд орохоосоо өмнө ямар ч хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Түүний биед ямар ч гэмтэл шарх үүсээгүй байсан. Уг бааранд үйлчлүүлж байх үедээ Т- гээд танихгүй хүнд цохиулснаас болж гэмтэл авсан. Л- зодуулснаас болж хамар, нуруу, зүүн гарын тохой шалбарч гэмтсэн. Намайг гарч ирэхэд Л- газар унасан Т- дээр нь гарсан байдалтай ноцолдож байсан. Эдгээр гэмтэл нь Т- зодсоноос л болж үүссэн. Т- гараараа манай нөхрийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж байсан. Зүүн тохойны гэмтэл, нурууны гэмтлийг Т-тай газар ноцолдож байх үедээ авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

6. Гэрч Д.Т- 2017.05.15-ны өдөр  мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би найз Ц.Л-, М нарын хамт ХУД-ийн 10 дугаар хороонд байх “АЕРО” нэртэй бааранд  орж, Л- бид хоёр тус бүр 2 шил Боргио шар айраг уусан. Шөнийн 01 цагийн үед Л- “гарч тамхи татчихаад ирье” гээд баарнаас гарсан боловч орж ирэхгүй удаад байхаар нь Л-ийн эхнэр М бид хоёр араас нь гарч хартал  Л- газар унасан танихгүй хүнд зодуулж байсан. Би салгах гээд очтол намайг цагаан фудволктой танихгүй ах /Т-/ “ойртвол ална шүү” гээд дайраад байхаар нь би ойртож чадаагүй ба өөр нэг танихгүй залуу хүрч ирээд Л-ийг зодож байсан хүнийг салгаад болиулсан. Тэр үед М цагдаа дуудсан байсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үед би Л-, М нартай юм яриад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

7. Гэрч Т.М 2017.06.10-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би нөхөр Т-тай 2000 оны 04 дүгээр сард танилцаж, түүнээс хойш 17 жил хамт амьдарч байна. Дундаасаа зургаан хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай, бага нь 2 настай. Миний нөхөр гэр бүлдээ халамжтай, 17 жилийн хугацаанд гэр бүлээ тэжээх гэж янз бүрийн ажил хийдэг байсан. Би энэ хугацаанд хүүхдүүдээ хараад гэртээ ихэнх цагаа өнгөрөөсөн учраас сурч боловсрох, ажил хийх боломж олдоогүй юм. Миний нөхөр Т- нь 17 дахь жилдээ сүмд явж байгаа, хүнд тусархуу, зөөлөн эелдэг зантай. Би 17 жил хамт байх хугацаанд нөхрийгөө хүнтэй хэрүүл маргаан зодоон хийж байсныг харж байгаагүй. Хааяа архи уудаг ба уухдаа тохируулж хэрэглэдэг. Архи уусан үедээ агсан согтуу тавьж байгаагүй. Хүүхдүүд маань аавдаа их хайртай байдаг. Аав ээжийнхээ хэнтэй нь цуг баймаар байна гэхээр бүгд л  аавтайгаа байна гэж хэлдэг. Би нөхрөө хүнтэй зодолдсон гэж сонсоод их гайхаж байна. Ах О-аа өмөөрөөд л тийм асуудал гаргасан байх. Миний нөхөр Т- найз олонтой, тэдэнтэйгээ сайхан харилцаатай байдаг. Найзууд нь Т-ыг хүндэлж харьцдаг юм. Миний нөхөр Т- архины хамааралтай гэр бүлүүдэд тусламж үзүүлэх зорилгоор сургалт семинар зохион байгуулж, өөрөө биечлэн хичээл заадаг. Мөн гэр бүлүүдийн нийгмийн байдлыг шийдэхээр нийтийн байранд амьдруулахаар хөөцөлдөж байгаа. Ажил нь дөнгөж л эхэлж  байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн  36-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн № 5410 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Ц.Л-ийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогтлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2843 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

- Цэнхэр женсэн хүрмэнд гарсан 13 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ сэтрэлт байна.

- Цэнхэр женсэн хүрмэнд гарсан 47х20 мм цагаан фудволканд гарсан 2х4мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд байна. Цэнхэр женсэн хүрмэнд гарсан 47х20 мм хэмжээтэй гогодолт нь хуучин, цагаан футволканд гарсан 2х4 мм хэмжээтэй гогдолт нь шинэ байна.

-Цагаан фудволканд гарсан 85х40мм, 75х145х40мм, 460мм хэмтжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүд нь оёдол гарсан байх тул хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Цагаан өнгийн фудволканд гарсан 28мм 81мм, шар захтай богино ханцуйтай цагаан цамцанд гарсан 120х80мм хэмжээтэй гэмтлүүд нь татач чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. /хх-ийн 18-21-р хуудас/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №4750 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн захтай, бор өнгийн хээтэй цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн женсэн хүрэм цус илрээгүй. /хх-ийн 22-р хуудас/,

11. Эд зүйл түр хураан авсан ба хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 13-14-р хуудас/,

12. Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-58-р хуудас/,

13. Шүүгдэгч Д.Т-ын урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АЕРО” баарны гадна хохирогч Ц.Л-ийг зодож биед нь “...зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал,  хамрын нуруу, нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Ц.Л-ийн “...Би тамхи татахаар баарны үүдэнд гараад жижиг биетэй цагаан фудволктай ахаас “тамхи байна уу” гэж асуусан чинь тэр ах намайг “даварцан бацаан бэ” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд “ганц ширхэг тамхин дээр үхлээ юу” гэж хэлснээс болоод маргалдсан. Бид хоёр нэг нэгнээ “гөлөг минь ална шүү” гэх зэргээр хоёулаа хэлж байсан. Тэр ах над руу ойртоод ирэхээр нь би цохих нь гэж бодоод цааш түлхтэл хойшоогоо бүдэрсэн. Би тэр ахыг унах нь гэж бодоод фудволкнаас нь зуурсан чинь фудволк нь урагдчихсан чинь цаанаас цэнхэр женсин яактай ах ирээд “чи яаж байгаан юм бэ” гэхээр нь “чамд хамаагүй” гэхэд тэр ах /Д.Т-/ намайг заамдаад авсан. Би бас зөрүүлээд заамдаад бид хоёр ноцолдож байгаад хамт газар унаад 5 минут орчим ноцолдсон. Ноцолдож байх үед тэр ах /Д.Т-/ хавирга руу гараараа цохиод байсан яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тэр үед манай найз Т- намайг салгах гэж байсан боловч тамхи асуусан цагаан фудволктай ах Т-ийг зодох гээд хөөж байсан. Тухайн үед Т- биш  би тамхи асуусан юм. Надтай газар ноцолдсон ах миний хавирга руу, мөн нүүр рүү цохиод байсан. Өөр хүн цохиж зодоогүй. Одоо надад ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28–р хуудас/,

2017.05.05-ны өдөр: ...Намайг Т- “АЕРО” баарны гадна ганцаараа зодсон. Өөр хүн зодож цохиогүй. Хэрэг гардаг өдөр Т- намайг “АЕРО” баарны гадна талд заамдаад зогсож байх үедээ хавсарч газар унагаасан. Тэр үед би зүүн тохойгоороо газар унаж, тохойндоо гэмтэл авсан. Мөн Т- миний дээрээс нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон бөгөөд газар нуруугаар чирээд байсан. Энэ үед миний хамрын нуруу болон нурууны арьс зулгарч гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29–р хуудас/,

2017.06.19-ний өдөр: ...Миний биеийн байдал сайн байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /xх-ийн 30-р хуудас/

2. Гэрч Д.О-ын “...Гадаа зогсож байхад Л- гэх танихгүй залуу тамхи гуйхаар нь “тамхи байхгүй” гэсэн чинь тэр залуу /Л-/ “ганц ширхэг тамхин дээр горойж үхлээ юу” гэхээр нь “даварцан бацаан бэ, зайл цаашаа” гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр залуу /Л-/ намайг гэнэт хойш нь түлхээд фудволкнаас зуураад өмсөж явсан фудволкийг урчихсан чинь Т- хажуунаас тэр залууг /Л-/ “чи муу давраад байгаарай” гэж хэлээд барьж аваад тонгорч газар унагаасан. Тэр хоёр газар унаад хэсэг хугацаанд ноцолдсон. Тэгэхээр нь би салгах гэтэл өөр нэг залуу араас татаад миний фудволкийг бүр том урсан. Би тэр залууг барьж авах гээд хөөсөн. Тэр хооронд Л-ийн эхнэр “би цагдаа дуудсан, та нарыг барьж хорино” гээд байхаар нь “би хэнийг ч зодож цохиогүй, цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бөөнөөр нь ХУД-ийн Цагдаагийн хэлтэст авчирсан. Надаас Т- биш Л- гэх залуу анх тамхи асуусан. Л- тамхи асуух үедээ ганцаараа байсан. Би Т- гэх залууг мөргөж цохисон асуудал байхгүй. Харин би сүүлд Т-ийг салгах гэхэд нэг танихгүй залуу араас татаж фудволк урахаар нь би чиний фудволкийг урна гээд хэсэг хугацаанд хөөсөн боловч зодож цохиогүй. Цагдаа дээр ирээд Т- гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

3. Гэрч Э.Э-ы “...Намайг баарнаас гарахад Т- ах танихгүй залуутай газар унасан ноцолдож байсан. Харин О- ахын өмсөж явсан фудволк нь урагдсан байдалтай Т- гэх залуу хөөж байсан. Т- ахыг очоод татаж босгоод Л-оос салгаж холдуулсан. Би Л-той юм яриад зогсож байхад цагдаа нар ирсэн. Тэр үед Т- болон О- ах дахиж Л-той зодолдоогүй зүгээр зогсож байсан. Цагдаа нар ирээд бид нарыг бөөнөөр нь ХУД-ийн Цагдаагийн хэлтэст авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

4. Гэрч Ш.Мын “...Манай нөхөр Л- “тамхи татчихаад ирье” гээд гарсан боловч орж ирэхгүй удаад байхаар нь яасан бол гэж бодоод Төмкө буюу Т-тай хамт араас нь гарахад Л- газар унасан байдалтай танихгүй хүнд зодуулж байсан. Т- тэр хоёрыг салгах гээд очтол хажуунаас нь цагаан фудволктай ах Т-ийг бариад авсан. Тэгтэл Т- гарыг нь тавиулаад хойшоо ухраад зугтаад байсан. Цагаан фудволктай ах Т-ийг ална гээд барьж авах гээд хөөж байсан. Би баарнаас гарч ирээд нөхрөө хүнтэй зодолдож байгааг харчихаад шууд цагдаа дуудсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд тэд нарыг бөөнөөр нь аваад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-р хуудас/,

2017.06.22-ны өдөр: ...Манай нөхөр “АЕРО” бааранд орохоосоо өмнө ямар ч хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Түүний биед ямар ч гэмтэл шарх үүсээгүй байсан. Уг бааранд үйлчлүүлж байх үедээ Т- гэх хүнд цохиулснаас болж гэмтэл авсан. Л- зодуулснаас болж хамар, нуруу, зүүн гарын тохой шалбарч гэмтсэн. Эдгээр гэмтэл нь Т- зодсоноос л болж үүссэн. Т- гараараа манай нөхрийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж байсан. Зүүн тохойны гэмтэл, нурууны гэмтлийг Т-тай газар ноцолдож байх үедээ авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 34-р хуудас/

5. Гэрч Д.Т-ийн “...Шөнийн 01 цагийн үед Л- “гарч тамхи татчихаад ирье” гээд баарнаас гарсан боловч орж ирэхгүй удаад байхаар нь Л-ийн эхнэр М бид хоёр араас нь гарч хартал  Л- газар унасан танихгүй хүнд зодуулж байсан. Би салгах гээд очтол намайг цагаан фудволктой танихгүй ах /Т-/ “ойртвол ална шүү” гээд дайраад байхаар нь би ойртож чадаагүй ба өөр нэг танихгүй залуу хүрч ирээд Л-ийг зодож байсан хүнийг салгаад болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас /

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5410 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.Л-ийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогтлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АЕРО” баарна гадна хохирогч Ц.Л-ийг зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Ганзоригийн мэдүүлэг, гэрч Д.О, Э.Э, Ш.М, Т.М, Д.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №5410 дүгнэлт, шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Л- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 30–р хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 49-р хуудас/ ял шийтгэлгүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Т- нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Т-т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, хуульд заасан дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ч овогтой Д-н Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  Д.Т-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлсүгэй.

                   

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР