Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 265

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн 201726030678 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ,,,, тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ,,,, тоотод түр оршин суух, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б- овогт Э-н Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,, тоот хашааны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Т.М-той маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,,тоот хашааны үүдэнд өөрийн дагавар охин насанд хүрээгүй хохирогч Т.М-г охин Б.Э-ийг авч явах гэхэд нь “...би охиноо өгч явуулахгүй, та нарт өгөхөөр өвчин тусгаад байна...” гэж маргалдан насанд хүрээгүй хохирогчийн гарыг нь мушгих, татах, биеийг нь түлхэх зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Манай хуучин эхнэрийн охин М- бид нар 9 жил хамт амьдарсан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11:00 цагийн үед гэрээсээ ажилдаа явах гээд охиноо дагуулаад гарч байтал үүдэнд М- ирээд Э-ийг авч явна гэсэн. Э-ийг авч явахаараа өвчин тусгаж, янз бүрийн айлд орхиод явчихдаг болохоор нь би охиноо өгч явуулахгүй, та нарт өгөхөөр өвчин тусгаад байна гэсэн чинь М- “би дүүгээ мэдэж байна, би насанд хүрээгүй хүүхэд, хууль надад үйлчлэхгүй, би яасан ч хамаагүй” гэх зүйл яриад Э-ийн гарнаас бариад би М-н гарыг тавиулах гэж гарыг нь мушгиж охин Э-ээ салгаж авсан. Тэгээд Ө гэх надтай хамтран амьдарч байсан эмэгтэй дундуур орж ирсэн. Би М-тай амьдарч байсан 9 жилийн хугацаанд өөрийн хүүхэд шигээ бодож нэг ч удаа гарч хүрч байгаагүй. Манай охин 6 настай, сургуульд орсон. Би М-н гарыг нь мушгиж цааш нь түлхээд Э-ийг салгаж авсан, М- миний нүүрийг самардсан. М- бид хоёрын дундуур Ө орж салгасан. Тэгээд хэсгийн ахлагч цагдааг дуудахад та нар Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очиж учраа ол гэсэн. Тэгээд М- түрүүлж очиж өргөдөл өгсөн байсан. Би дараа нь мэдээд хариу өргөдөл өгсөн...Би М-н гарыг нь мушгиад цааш нь түлхэж охиноо салгаж авсан. М-н биед өөр хүрсэн зүйл байхгүй...Миний үйлдлийн улмаас М-д гэмтэл учирсан байх боломжтой...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            2. Насанд хүрээгүй хохирогч Т.М-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний биед учирсан гэмтлийг Б- учруулсан. Миний гараас атгачихаад тавихгүй байсан. Хөлөн дээр хэн гишгэснийг санахгүй байна. Тухайн үед би шоконд орсон байсан...Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгчихвөл цаашид ямар нэгэн асуудалгүй энэ хэргийг дуусгая гэж бодож байна. Би шүүх хуралд суухгүй. Дадлагын ажлаар хөдөө 3 сарын хугацаатай явж байгаа болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

            3. Гэрч М.Ө-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Б-гийн хамт ажилдаа явах гэж байсан чинь манай нөхрийн охин болох Э- нь гаднаас М- аниа гадаа ирсэн намайг авч явна гэж байна аавыгаа дуудаадах гэж байна гээд Б- цуг гарсан. М- Э-ийг аваад явна гээд гарнаас нь татчихсан зогсож байсан. Би тэр хэдээс нилээн зайтай зогсож байхад хоорондоо өгч явуулахгүй гээд Э-ийг хоёр талаас гарнаас нь барьчихсан зууралцаад бие биеэ түлхээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр Э-ийг М-г бариад байсанг тавиулсан чинь М- манай нөхрийг алгадаад авах шиг болсон тэгэхдээ маажсан байх. Манай нөхөр Э-ийг аваад гэрлүүгээ орсон. Гэтэл тэр М- надад цагдаа үйлчлэхгүй гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7315/-ний дүгнэлт:

                        -Т.М-н биед сарвуу, хүзүүнд зулгаралт, хөлийн эрхий хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

                        -Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                        -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 16/

            5. Сэжигтэн Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Э.Т- гэдэг хүнтэй 2008 онд танилцаад нэг гэрт орсон. Тухайн үед Э.Т- нь М- гэдэг 3 дугаар ангид сурдаг охинтой байсан. Ингээд Т-тай 8 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд дундаасаа Э- гэдэг охинтой болсон амьдралын явцад таарч тохирохгүй байсан учраас 2016 онд салаад 2017 оны 2 дугаар сард охин Э-ийг өөрийн нэр дээр авсан ба 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед ажилдаа явах гээд гартал хашааны үүдэнд салсан эхнэрийн охин М- хашааны үүдэнд ирчихсэн зогсож байсан. Тэгээд юу хийж яваа юм гэхэд би Э-ийг авч явна гэхээр нь та нар удаа дараа авч яваад янз бүрийн буруу юм зааж өгч байна, өгч явуулахгүй гэтэл уурлаж Э-ийн гарнаас базаж хамт явна гээд татаад байхаар нь чи хүүхдийн гар хугаллаа, наадахаа тавь, чамд өгч явуулахгүй гэхэд Э-ийн гарыг тавихгүй татаж чангааж мушгиад байхаар нь М-н гарыг тавиулах гээд түүний гарнаас татсан. Тэгтэл М- миний нүүрийг маажсан. Ингээд бид зууралдаж авсан. Гэтэл манай эхнэр Ө дундуур орж ирж салгасан. М- салсныхаа дараа жаахан хүүхдэд хууль үйлчилдэггүй юм, та нар намайг зодсон, тэр цагдаагаа дууд гэж хэлсэн. Ингээд янз бүрийн юм болж магадгүй гэж бодоод 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд хоорондоо учраа ол, өргөдөл гаргах юм бол манай цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр оч гэж хэлээд явсан. М- цагдаа нартай уулзчихаад явсан. Би ч ажил дээрээ очоод ажлаа хийж байтал 9 дүгээр хорооны байцаагч байна ирж уулз гэхээр нь би ажилтай байна, би өөрөө наад хүнд чинь гомдолтой байна гэхэд маргааш цагдаагийн хэлтэс дээр очиж уулзаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Б- нь урьд 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50, 53-54/-аар тогтоогдлоо.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг ялгүй болсон гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7315/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,,тоот хашааны үүдэнд өөрийн дагавар охин насанд хүрээгүй хохирогч Т.М-г охин Б.Э-ийг авч явах гэхэд нь “...би охиноо өгч явуулахгүй, та нарт өгөхөөр өвчин тусгаад байна...” гэж маргалдан насанд хүрээгүй хохирогчийн гарыг нь мушгих, татах, биеийг нь түлхэх зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь сарвуу, хүзүүнд зулгаралт, хөлийн эрхий хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б- нь бие махбодийн хувьд насанд хүрээгүй эмэгтэй хүний гарыг мушгих, татах, биеийг нь түлхэх зэрэгт гэмтэл учирч болзошгүй гэдгийг мэдсэн атлаа насанд хүрээгүй хохирогч Т.М-н бие махбодид хөнгөн гэмтэл бүхий хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Т.М-д 200.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-ийн 48/, насанд хүрээгүй хохирогч Т.М-, түүний хууль ёсны төлөөлөгч эх Э.Т- нарын шүүхийн шатанд гаргасан хүсэлт /хх-ийн  65, 70, утсаар ярьсан тэмдэглэл/, ахуйн хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б- овогт Э-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Э-н Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Э.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР