Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/238

 

 

З.Х холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Хд холбогдох 2103000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            З овгийн Згийн Х, 1997 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

            Шүүгдэгч З.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 12-ны 02 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамжны “Гэгээнтэн цогцолбор төв”-ийн баруун хойд замд Toyota Crown маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: - а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, - мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, - 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Жг мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: З.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З овогт Згийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар З.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Хд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Хын цагдан хоригдсон нийт 44 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан З.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч З.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 26.934.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс амь хохирогчийг оршуулсны дараах 21, 49 хоног хураах зардлын 5.255.282 төгрөг, амь хохирогчийн авах байсан цалин олговор 57.574.880 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн зээл тооцооны үүрэгтэй холбоотой 22.304.311 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 4 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №- дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгож, энэ хэрэгт З.Хын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2021/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна. Шүүгдэгч З.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас Н.Ж амь хохирсон нь маш ноцтой, нөхөж баршгүй хохирол бөгөөд амь хохирсонтой холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь хор уршигт тооцох учиртай юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасныг үндэслэн амь хохирогчийг оршуулахтай холбоотой монголчуудын зан үйлийн нэг хэсэг болох хоног хураахтай холбогдуулан гарсан 5.255.282 төгрөгийн зардал нь амь хохирогчийн ар гэрийнхэнд учирсан хор уршиг гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа ... олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулахтай болон оршуулсны дараах үйл ажиллагаатай холбогдон гарсан бүх зардал нь гэм хорын хохиролд тооцох юм. Амь хохирогч Н.Ж нь Цагдаагийн байгууллага буюу төрийн тусгай албанд удаан жил ажиллаж, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласны төлөө ажил олгогчоос /гөрөөс/ олгосон хөдөлмөрийн хөлс авдаг байсан бөгөөд амь хохирогчийн цалин орлого нь гэр бүлийн орлого байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаас харагддаг. Иймд амь хохирогч Н.Ж цагдаагийн байгууллагад 22 жил 4 сар ажилласан бөгөөд цаашид тэтгэвэрт гарах хүртэл ажиллах хугацаа нь 2 жил 8 сарын хугацаа үлдсэн байдаг. Үүнийг сүүлийн ажилласан 1 жилийн хугацаан дахь цалингийн дунджаар /1.799.115 төгрөгөөр/ тооцоход 57.574.881 төгрөг болж байгаа. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х болон шүүгдэгчийн эх Ц.З нар нь амь хохирогчийн гарсан зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа зардлыг төлж барагдуулах талаар илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Иймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч З.Хаас амь хохирогчийн оршуулгын зардлын нэг хэсэг хоног хураахтай холбогдон гарсан зардал 5.255.282 төгрөгийг, амь хохирогчийн тэтгэвэрт гартал ажиллаж олох ёстой байсан орлого буюу цалин хөлсөнд 57.574.881 төгрөг, нийт 62.830.163 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгох, эсвэл дээрх хор уршгийг Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүхийн шийтгэх тогтоолын 6 хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч З.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм хороо нөхөн төлсөн. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хохирогч талд мөнгөн хэлбэрээр байнга тусалж дэмжиж байхаа илэрхийлж байна. Би гэмт хэрэг үйлдэж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо туйлын их харамсаж байна. Үүнээс болж 3 хүүхдээ өнчрүүлсэндээ маш их, өдөр бүр гэмшиж байна. Толгойн өвчний улмаас эм рүүгээ яаран гэр рүүгээ машинаа барьж явсан нь маш том алдаа боллоо. Тухайн үед такси дуудах, дуудлагын жолооч дуудах, ээж рүүгээ залган өөрийн эмийг авч ирүүлэх боломж байсаар байтал үйлдэл хийж, бусдын амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Би тархины судасны хатангиршвал, Венийн судасны ангиома буюу тархины хавдартай бөгөөд үүнийг мэс засал хийлгэн авахуулах шаардлагатай юм. Тархины хавдар маань маш хүчтэй өвдөж, удаан хугацаагаар үргэлжилдэг тул хүчтэй эм, тариагаар түр зуур өвчнөө намдаадаг. Миний урдаас талийгаач гэнэт гараад ирсэн учраас би тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй, тулаад ирсэн тул мөргөсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг 2-оос 3 жилээр тогтоож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч З.Хын өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Х нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ венийн судасны ангиома өвчин сэдэрч гэнэт маш хүчтэй өвдөлтийн үед гэр рүүгээ өвчин намдаах эмэндээ яарч явахдаа Гэгээнтэн хотхоны баруун хойд талын зам дээр явган зорчигчийг мөргөж, түүний амь насыг нь хохироосон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа өөрөө хүлээн зөвшөөрч бусдад учруулсан гэм хорын төлбөрт 26.934.000 төгрөгийг нөхөн төлж, цаашид хохирогч талд гарах гэм хортой холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч энэхүү хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа дараах зөрчлийг гаргасан байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. /1хх 211 хуудсанд/ Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаагаар амь хохирогч Н.Жамъяаныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12-ийн б/ заалтыг зөрчсөн байна гэсэн байх боловч амь хохирогч явган зорчигч нь уг дүрмийн а/; б/; в/; д/-д заасныг бүгдийг нь зөрчсөн байхад энэ талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, явган зорчигч нь согтуугаар замын хөдөлгөөнд саад учруулан замын голоор удаан хугацааны турш утсаар ярьж, гараа өргөн гүйж явсан. Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйсэн байх болзошгүй бөгөөд энэ байдлыг Гэгээнтэн хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан “gegeenten 2021.09.21-001” гэсэн сидиг үзэхэд мөрдөгчийн хөтөлсөн шиг үйл явдал огт гарч ирээгүй. Хэрэгт ач холбогдолтой гэх ямар ч бичлэг байхгүй. Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж байгаа нэг ч бичлэг байхгүй байхад байгаа мэтээр үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна. З.Хын унаж явсан “Тоёота Кроун” загварын хар хөх өнгийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийг иргэний хариуцагчаар татсан боловч түүнээс ямар нэгэн байдлаар гэм хорыг нөхөн төлүүлэх ажиллагааг огт хийлгээгүй, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгаа эсэхийг тодруулаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж чадаагүй гэж дүгнэхэд хүргэж байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, цаг хугацааг нарийвчлан цаг минут секундээр зөв тооцоолон гаргаж чадаагүй байна. Хяналтын камерын бичлэг болон З.Х нь гэмт хэрэг гарсан даруйд өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээ зогсоож, цагдаа руу өөрөө очиж, болсон асуудлыг хэлж, ярьж, тайлбарлаж буй бичлэг хэрэгт авагдсан байдаг. Үүний дараа, удалгүй нэг минут ч бололгүй 2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө 03 цаг 09 минутад З.Х нь өөрийн ээж Ц.З руу залгаж болсон асуудлын талаар ярьсан болох нь гэрч Ц.Згийн мэдүүлгээр нотлогддог. Миний үйлчлүүлэгч З.Х нь өөрийн гэм буруугаа сайтар ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэрбээр гэм хорын төлбөрийг нөхөн төлсөн, цаашид ч уг гэм хортой холбоотой төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа байдал, түүний хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан зэргийг нь харгалзан үзэж хуульд зааснаар түүнд 2-3 жилийн хөнгөн хорих ял оноож, хохирогч талд шүүгдэгч 3.Х нь өөрийн ажил хөдөлмөрөөрөө олсон орлогоосоо тодорхой хувийг төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Эрүүгийн цагдаагийн газарт дэд хурандаа цолтой хүн байсан. Хохирогч анхны буруутай хүн юм уу, эсхүл согтуу явсан жолооч хамгийн анхны буруутай хүн юм уу. Урсгал сөрж давхиж явсан. Замын голоор талийгаач явсан. Замын голоор явахдаа урдуур хойгуур нь хэрж гүйсэн асуудал гаргаагүй. Би шүүгдэгч З.Хыг урсгал сөрж яваад мөргөсөн бичлэгийн үзэж, цаг минутыг нь харсан. Замын голоор яваад 20-30 секундийн дараа автомашины хамар дээр тохогдоод байранд ирээд зогсож байгаа. Сүүлд гар нь унаж байгаа бичлэг байдаг. Хохирогч замын голоор явсан нь буруутай гэж ярьж байна. Мөн талийгаачийг яагаад замын голоор явсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригддаг. Бид хоёрт гэр бүлийн маргаантай асуудал байгаагүй. Талийгаач хамгийн сүүлд охинтойгоо утсаар ярьсан. “...Аав нь очиж явна. ...” гэж хэлсний дараа 6-7 минутын дараа золгүй зүйл тохиолдсон. Би энэ асуудлыг талаар өглөө үүрээр мэдсэн. Талийгаачийг хэнтэй утсаар ярьсныг мэдэхгүй. Тухайн үед амралтын өдөр байсан учраас хүмүүстэй архи уусан байдаг. Хүмүүстэй муудалцсан асуудал байхгүй талаар гэрчүүд мэдүүлдэг. Манай нөхөр огцом ууртай хүн байгаагүй. Ямар ч асуудлыг тайвнаар шийдвэрлэдэг маш тайван хүн байсан. Яагаад замын голоор явсныг мэдэхгүй байна. Миний нөхөр нас барсан өдрөөс хоног хураах 49 хоногийн хугацаанд гарсан зардал 31.939.151 төгрөгийг эхний удаа нэхэмжилсэн. Үүнээс 26.931.000 төгрөгийг хувааж өгсөн. Ажил явдлын үеэр шүүгдэгч З.Хын ээж нь “Буяны ажилдаа нэмэрлээрэй” гэж 100.000 төгрөг өгөөд явсан. Энэ мөнгийг энэ дүнд оруулан тооцсон. 31.939.151 төгрөгөөс 26.931.000 төгрөгийг өгөөд 5.008.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр “...Бид нар одоо өгөх гэж байгаа. Яг одоо өгнө. Данс руу чинь хийчих үү. Бэлэн өгөх үү. ...” гэж хэлж байсан мөртлөө 5.008.000 төгрөгийг өгөөгүй. Түүний дараа 49 хоног хураах хүртэл зардал нь 5.255.282 төгрөг байгаа. Зан үйлтэй холбоотой зардал гэж байгаа боловч хэрэг гараагүй байсан бол хоног хураах 49 хоног гэж хийх үү. Амьд хүн дээр хийхгүй нь тодорхой биз дээ. Гандан, хийд дээр очихоор бүгд үнэ төлбөртэй болчихсон байгаа. Эдгээр баримтуудаар 5.255.282 төгрөгийн зардал гарсан. Гэртээ лам авч ирж ном уншуулчихаад баримт нэхнэ гэж байхгүй. Зарим нэг зардлуудыг баримтгүй гэсэн учраас оруулж тооцоогүй. Миний орлого гэвэл тэжээгчээ алдсаны тэтгэмж 866.630 төгрөгийн тэтгэвэр тогтсон. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж энэ мөнгийг авч эхэлсэн. Энэ мөнгөөр би өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би байрны ипотекийн зээлтэй. Би зээлийн мөнгөө нэхээгүй байгаа. Өнөөдөр байрныхаа сард төлдөг 220.000 төгрөгийг би төлж чадахгүй, төрсөн эгчээрээ төлүүлж байгаа. Талийгаачийг амьд байхад зээлүүдээ цаг тухайд нь төлөөд явдаг байсан. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө компьютер зээлээр худалдаж авсан байсан. Компьютерийн зээлээ цаг алдахгүй төлж явсаар байсан. Энэ удаа би үнэхээр төлж чадахгүй байна. Энэ мөнгө миний амьдралд хаана нь ч хүрэхгүй байна. Өнөөдөр Дарьфинанс банк бус санхүүгийн байгууллагаас над руу залгаж “...мөнгөө төлөөч ээ. ...” гэж залгаж байна. Хаан банкид зээлийн үлдэгдэлтэй байсан. Цалинтай холбоотой 57.574.880 төгрөг, мөн ажил явдлын зардал 5.255.282 төгрөг, дутуу 5.008.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дуусаж шүүгдэгч З.Хыг хорих руу ачиж явах гэхэд би санаа зовоод араар тойроод орсон. Би санаа зовоод шүүгдэгч З.Хын ээжид нь “...одоо яанаа эгчээ. ...” гэхэд “...одоо яахав дээ. Нэг нь шороонд нэг нь шоронд ордог юм байна. ...” гэж надад хэлсэн. Үнэхээр муухай хатуу үг хэлсэн. Тэр үед би уйлаад л яваад өгсөн. Нэг ч үг дуугарч чадаагүй. Сүүлд нь би шүүгдэгч З.Хын ээжид нь утсаар хэлсэн. “...Та ямар өөдгүй сэтгэлтэй хүн бэ. Таны хүүхэд өнөөдөр танд амьд мэнд хэрэгтэй байгаа бол миний нөхөр өнөөдөр алга. Би яаж ч хүсэж мөрөөдөөд нөхөртэйгөө уулзаж чадахгүй. Миний 3 хүүхэд өдөржингөө эцгийгээ нэхэж ярьж байна. Нэг ч өдөр мартахгүй байна. Ярихгүй өдөр алга байна. Та бол хүссэн цагтаа хүүхэдтэйгээ уулзаж чадна. Таны хүүхэд 4 жил 6 сарын хугацаатай явсан шүү. Ирнэ шүү. ...” гэж хэлж байсан. ...” гэв.

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилгүй байгаа. Амь хохирогчийн буруутай үйл ажиллагааг шалгасан. Мөрдөгчийн магадлагаан дээр дурдагдсан байгаа. Амь хохирогч зорчих хэсэгт гүйж явсан нь буруутай гэсэн магадлагаа хавтас хэрэгт авагдсан. Осол гарах болсон шалтгааныг жолооч З.Х согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгалд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж осол гарч хүний амь нас эрсэдсэн байна гэж дүгнэлт гарсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед нотлох баримтын шаардлага хангасан хохирол төлбөрийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олох ёстой байсан цалин, хөлс орлогоос өнөөдөр авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн үнийн дүн хасагдаж бодогдох ёстой. Эдгээр хохирлын асуудлуудаа тооцоолоод, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхээс бүх хохирлыг гаргах боломжгүй гэж дүгнээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.Х нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 12-ны 02 цаг 55 минутын орчим Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамж, “Гэгээнтэн цогцолбор төв”-ийн баруун хойд замд “Toyota Crown” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: - а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, - мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, - 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Жг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн “...Би Н.Жгийн эхнэр байгаа юм. Талийгаач 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад “ажлынхантай уулзаад ирье” гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Би нөхөртэйгөө орой 20 цагийн үед ярихад “удахгүй очлоо” гэж байсан. 00 цагийн үед дахин утсаар ярихад “ажлынхаа хүмүүстэй уулзаж байна, хүргэж өгчихөөд яваад очно” гэсэн. Манай том охин 3 цагийн үед утсаар ярихад “аав нь яг одоо очиж явна” гэж хэлээд утсаа тасалсан гэсэн. Би талийгаачийн оршуулгын зардалд гарсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгнө.” /1хх 57-58/,

иргэний хариуцагч М.Дүүрэнжаргалын “...Би “Toyota Crown” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд танихгүй хүнд зарж байсан. Хэн гэдэг хүнд зарж байснаа санахгүй байгаа ба ямар нэгэн гэрээ хийгээгүй. Автомашин миний эзэмшлийнх биш учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн ... би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Би машиныг зараад бүртгэл дээр нэрээ шилжүүлээгүй байсан юм. ...” /1хх 61, 64/,

гэрч Н.Мөнхтуяагийн “...Би ажилдаа унаж хэрэглэдэг Х.Стракс загварын 92-09 УНЕ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод 9 дүгээр сарын 12-ны шөнө 3 цаг өнгөрч байхад Зайсанд хүн буулгаад, буцаад ажил руу явахаар Зайсангийн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй яваад Оргил супермаркетын зүүн замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад миний машины зүүн талд урсгал сөрөөд хар өнгийн Т.Кроун загварын машин их хурдтай яваад өнгөрсөн. Би араас нь харахад тэр машин урсгал сөрсөн хэвээрээ яваад л байсан. 120 мянгатын уулзвар дээр ирэхэд тэр машин уулзвар дээр байх цагдаагийн постын наана зогсож байсан ба жолооч нь байх, хар өнгийн малгайтай цамцтай залуу машинаасаа гарч ирээд, толгойгоо бариад зогсож байхаар нь би хажуугаар нь гараад яваад өгсөн. Би өөрөө 40-50 км/цагийн хурдтай явж байхад тэр машин хажуугаар нэлээн хурдтай яваад өнгөрсөн, хурдыг нь мэдэхгүй байна. Би осол болохыг хараагүй ээ. Би араас нь ирэхэд осол болчихсон байсан. ...” /1хх 68-69/,    

гэрч М.Аюушжавын “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би ажлынхантайгаа Тэрэлж рүү явж зуны хуралд оролцоод, орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт З.Х ирчихсэн, Э.Гэрэлбатын хамт том өрөөнд сууж байсан. Тэр хоёр пиво уугаад, зурагт үзээд сууж байсан. Ширээн дээр байсан 6-7 ширхэг лаазтай Tiger нэртэй пиво байсныг тэр хоёр уусан байсан. Харин уугаагүй 8-9 ширхэг пиво байсан юм. Би түүнээс нь 3 лааз пиво уугаад, үлдсэнийг тэр хоёр хувааж уусан. Тэгээд ... хэдэн цагт гэдгийг мэдэхгүй, би буйдан дээр унтчихсан байсан. Шөнө сэрээд сүүлийн пивоо уугаад сууж байхад манай найз залуу буйдан дээр унтах гээд байхаар нь би түүнийг унтлагын өрөө рүү явуулсан. З.Х ариун цэврийн өрөө рүү орж гараад шууд хувцсаа өмссөн. Тухайн үед би “чи хоноод яваа, дотор чинь муухай болоод агаарламаар байвал гадаа сууж байгаад буцаад ороод ирээрэй” гэж хэлээд гаргасан. Тэгэхэд З.Х “зүгээрээ” гээд гараад явсан. Өмнө нь З.Х байнга машингүй ирдэг, дийлэнхдээ хоноод явдаг байсан болохоор тухайн үед мөн машингүй ирсэн, хоноод явах байх гэж бодоод машинтай явж байгаа эсэхийг нь асуухгүйгээр гаргачихсан юм. З.Х орж ирэхгүй байхаар нь такси бариад явчихсан юм болов уу гэж бодоод унтсан. ...Манай гэрээс гарахдаа их хэмжээний согтолттой биш байсан. ...” /1хх 72-73/,

гэрч О.Гэрэлбатын “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байхад З.Х бид хоёр уулзаж, пиво ууна гэж ярьсан. Орой 20 цаг болж байхад З.Х яриад “гэрээсээ гарч байна, одоо яваад очно” гэж хэлээд манайд 21 цагийн үед ирсэн. Орж ирэхдээ 15 ширхэг 0.5 литрийн Tiger нэртэй пиво бариад ирсэн. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан юм. Бид хоёр суугаад пиво ууж байхад манай эхнэр орой 22 цагийн үед ирээд, мөн пивоноос 2 ширхгийг уусан. Би 7 ширхэг, З.Х 6 ширхэг пиво ууцгаасан. Шөнө 02 цагийн орчимд пивоо ууж дуусахад З.Х “удалгүй гэртээ харилаа” гэхээр нь би “чи хоноод явахгүй юм уу” гэхэд “үгүй, харилаа” гээд гараад явсан. Тэгээд манай эхнэр М.Аюушжав бид хоёр унтаад өгсөн. Өглөө хүн хаалга цохихоор нь онгойлгоход цагдаагийн газраас хүмүүс ирсэн байсан. ...” /1хх 76-77/,

гэрч Ц.Анх-Одын “...Би 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын үед Зайсангийн Оргил супермаркетын зүүн замд хойшоо явдаг чиглэлийн автобусны буудал дээр дуудлага хүлээгээд зогсож байхад замын эсрэг талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байгаад над дээр ирээд эмэгтэй нь “явах уу” гэхээр нь “явна” гэж хэлсэн. Тэгэхэд эмэгтэй нь үлдээд эрэгтэй нь машины хойно суухад эмэгтэй нь “энэ хүн цагдаа байгаа юм, гэрт нь хүргээд өгөөрэй, би таксины мөнгийг төлнө” гээд надад 99905738 гэсэн утасны дугаараа үлдээсэн. Би тэндээс хөдлөөд Оргил худалдааны төвөөс ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад “хаашаа явах вэ” гэхэд “чигээрээ явна” гэж басан. Тэр хүн нэлээн согтуу мөртлөө зүгээр ярьж байсан бөгөөд ууртай байх шиг байсан. Би 120 мянгатын уулзвар өнгөрөөд дахин “хаашаа явах вэ” гэхэд “чи миний дуудсан такси биш юм уу” гэхээр нь “биш ээ, би таныг замын хажуугаас авсан” гэж хэлэхэд “тэгвэл зогс, би бууна” гэхээр нь автобусны буудлын явган хүний гүүрэн гарцын доор зогсоход тэр хүн утсаар яриад буугаад явсан. Би утсаар ярьж дуусаад ирэх байх гээд хүлээгээд хэсэг зогссон боловч ирэхгүй болохоор нь би суулгаж өгсөн эмэгтэй хүнтэй яриад “энэ хүн чинь 120 мянгатын автобусны буудал дээр буугаад үлдчихлээ, таксины мөнгө 2.000 төгрөг болсон гэхэд” “өө тийм үү, ямар баларсан юм бэ, наад хүн чинь уухаараа аймаар хүн байна, дансаа явуулчих” гээд тасалсан. ...” /1хх 80-81/,

гэрч Б.Ирмүүний “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө “Land Criuser 200” загварын 7979 УБК улсын дугаартай аавын машинаар найз Анужинг ажлаас нь аваад, Жуковт хүргэж өгөөд гэртээ харих гээд 3 цагийн үед Энхтайваны гүүрийг ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд даваад явж байхад 120 мянгатын автобусны буудлын орчим замын голын үргэлжилсэн цагаан шугам даваад хар өнгийн куртиктэй, куртикний дотор талд улаан өнгийн цамц өмсчихсөн, 35 орчим насны эрэгтэй хүн, согтуу юм шиг хоёр гараа дээшээ өргөөд орилоод гүйж явсан. Би Гэгээнтэн цогцолборын баруун хойд гэрлэн дохиотой уулзвар дээр улаан гэрэл асахаар нь зогсоод ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байхад голоор гүйж явсан эрэгтэй хүн шууд уулзварын голоор машины урдуур гүйж уулзвар нэвтрээд Зайсангийн чиглэлд үргэлжилсэн цагаан зураас дагаад гүйж явахад урдаас нь буюу ертөнцийн зүгээр Зайсангаас хойшоо Гэгээнтэн цогцолборын уулзвар руу явж байсан бараан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж, хурдтай орж ирээд явган зорчигчийг мөргөөд, машиныхаа копуд, дээвэр дээрээ тогтоогоод, уулзварын гол руу орж ирээд зогссон. Тухайн үед бороо ороогүй, цаг агаарын байдал зүгээр, зам хуурай, эвдрэл гэмтэл байхгүй, замын гэрэлтүүлэг тусгал багатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...” /1хх 86-87/,

гэрч Ц.Цэрэнчулууны “...Бид нар ороод сууж байхад удалгүй Алтанбагана ирээд, бид дөрөв 1 литрийн савлагаатай виски аваад хувааж уусан. Тэгээд цаг 00 өнгөрч байхад Түвшинбаяр түрүүлээд явсан. Тэгэхэд Алтанбагана нэлээн согтоод унтаад өгсөн ба ба Ж “наад Алтанбаганаа хүргээд өгөөрэй, би түрүүлээд явлаа” гэхээр нь би “хамт явъя” гэхэд “үгүй ээ, охин залгаад байна” гээд түрүүлээд гараад явсан. Би авсан юмныхаа тооцоог хийгээд, ... зөөгч залуутай хамт Алтанбагана хошуучийг өргөөд, такси бариад гэрт нь хүргэж өгсөн. Намайг тэндээс гарах гэж байхад зөөгч охин “түрүүний гарсан ахыг ямар ч байсан таксинд суулгаж өгсөн шүү” гэсэн...” /1хх 99/,

З.Хын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед найз Гэрэлбатын гэр болох Зайсангийн Хан түшээ хотхонд өөрийн унаж хэрэглэдэг Т.Кроун - улсын дугаартай машиныг жолоодоод очсон. Ингээд найзын хамт 10 лааз пиво хувааж уусан. Толгойныхоо өвчнийг намдаах зорилгоор пиво уусан. Ингээд шөнө 01 цаг 30 минутын үед унтаж амрахаар хэвтсэн боловч толгой өвдөөд байхаар нь гэр рүүгээ явж, эмээ уухаар машинаа бариад явсан. Зайсангийн гүүр даваад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад 120 мянгатын уулзвар дөхөж ирэхэд миний зүүн гар талаас улаан хувцастай хүн хурдан алхаад урдуур орж ирээд, машины зүүн урд хэсэгт мөргүүлсэн. Би зогсоод машинаас буугаад харахад хүн дээвэр дээр тогтсон байхаар нь сандарч шоконд ороод, ээжийгээ дуудсан. Хан түшээ хотхоноос такси олддоггүй, дуудсан ч ирдэггүй юм. Би тухайн үед 40 км/цагийн хурдтай явж байсан. Би явган зорчигчийг гэнэт ороод ирэхэд нь харсан. Тэгээд мөргөсний дараа тоормослоод гишгээд зогссон. ...” /1хх 108-109, 230-232/,

15. Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний хүрлээнгийн “...Химийн шинжилгээний 5611 тоот хариунд: Цусанд 1.4 промилли, ходоодны шингэнд 6.4 промилли спиртийн зүйл илэрсэн. ...” гэсэн шинжээчийн 1877 дугаартай дүгнэлт /1хх 112-115/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжилгээний газрын “...Н.Ж-н цогцост баруун зулайн аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7-р нугалам, сээрний 10-р нугалмын салалт, нугасны бүрэн тасралт, баруун уушгины авчилт, голч, уушгины угийн цус харвалт, элэгний баруун дэлбэнгийн язралт, зүүн шуу, баруун шилбэний далд хугарал, зүүн шилбэний ил хугарал, нүүр, бүсэлхий, мөчдийн олон тооны шарх, зулгаралт, хамар ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь босоо байрлалд автомашинд мөргөгдөх, савж мөргөх үед үүснэ. Цогцост үүссэн гэмтлүүд нь амьд байхад нь үүсжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Талийгаач нь хүзүүний 7-р нугалам, сээрний 10-р нугалмын салалт, нугасны бүрэн тасралт гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Цус нь АВО системээр АII-р бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн шинжээчийн 5612 дугаартай дүгнэлт /1хх 112-115-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний “...Шинжилгээнд ирүүлсэн хар савхин хүрэм 30мм, 12 мм, 10мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 20мм, 10мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэлт, улаан өнгийн юүдэнтэй цамц 170х80мм, 160х50мм хэмжээтэй талбайд хатуу хурц иртэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн зүсэлтүүд, цайвар улаан футболка 3х3мм эдэлгээний явцад үүссэн цооролт, хар өмд 45х55мм, 55мм, 50х85мм, 35мм хэмжээтэй татаж чангаах хүч үйлчлэх үед үүссэн шинэ урагдалт, 20х15мм хэмжээтэй гогдогдон татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдсон гэмтлүүдтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар савхин хүрэмд үүссэн ханзралт, улаан юүдэнтэй цамцанд үүссэн зүсэлтүүд, хар өмдөнд үүссэн урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. Бусад хувцаснууд ямар нэгэн гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн шинжээчийн 2595 дугаартай дүгнэлт /1хх 127-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын “...”З.Х -” гэж хаягласан цусанд 2.3 спиртийн агууламж илрэв. Цусанд 2.3 спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Жич: Шинжилгээнд илрүүлсэн цусыг спиртийн зүйл тодорхойлоход зарцуулж дууссан тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тогтоох боломжгүй байна.” гэсэн шинжээчийн 4198 дугаартай дүгнэлт /1хх 151-153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний “...Уг автомашины урд бамбай, нүүрний хаалт, хөргөлтийн радиотор, урд дээд хөндөл төмөр, капот, салхины шил, дээвэр, голын дотор толь, дээвэр зэрэг эд ангиуд ослын үүссэн эвдрэл байна. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон, 4 дугуйн тоормосны хавчигчууд шахаж ажиллаж байна. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн автомашин явах боломжгүй тул ул мөр үүсгэж тогтоох боломжгүй. ...” гэсэн шинжээчийн 2754 дугаартай дүгнэлт /1хх 164-186/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын “...Шинжилгээнд тэнцсэн 2 дугаартай гарын мөр нь папилон санд MN005610010322 дугаараар 1 удаа бүртгэгдсэн З овогтой Хын зүүн гарын ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Уг гарын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэсэн шинжээчийн 09/13 дугаартай дүгнэлт /1хх 202-206/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн “...Toyota Crown маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог зам эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн шинжээчийн 234 дугаартай дүгнэлт /1хх 211/,

дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-18/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 19/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-24/, - улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа баримт /1хх 25-29, 30-31/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агаас гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой, хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд /2хх 29-92, 169-210/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба З.Хыг согтуугаар “Гэгээнтэн цогцолбор төв”-ийн баруун хойд замд “Toyota Crown” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Н.Жг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн “...Шүүгдэгч З.Хаас амь хохирогчийн оршуулгын зардлын нэг хэсэг хоног хураахтай холбогдон гарсан зардал 5.255.282 төгрөгийг, амь хохирогчийн тэтгэвэрт гартал ажиллаж олох ёстой байсан орлого буюу цалин хөлсөнд 57.574.881 төгрөг, нийт 62.830.163 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгох, эсвэл дээрх хор уршгийг Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүхийн шийтгэх тогтоолын 6 хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардлыг Иргэний хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй бөгөөд ном уншуулах, хоног хураах зэрэг шашны зан үйл нь хүний сүсэг бишрэлтэй холбоотой тул зайлшгүй зардал биш ба гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй.

Анхан шатны шүүх хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжлэлээс амь хохирогчийг оршуулсны дараах 21, 49 хоног хураах зардлын 5.255.282 төгрөг, амь хохирогчийн авах байсан цалин олговор 57.574.880 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн зээл тооцооны үүрэгтэй холбоотой 22.304.311 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч З.Хын “Миний өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм хороо нөхөн төлсөн. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хохирогч талд мөнгөн хэлбэрээр байнга тусалж дэмжиж байхаа илэрхийлж байна. Надад оногдуулсан хорих ялыг 2-оос 3 жилээр тогтоож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч З.Хын өмгөөлөгч С.Чинзоригийн “Миний үйлчлүүлэгч З.Хд 2-3 жилийн хөнгөн хорих ял оноож, хохирогч талд шүүгдэгч 3.Х нь өөрийн ажил хөдөлмөрөөрөө олсон орлогоосоо тодорхой хувийг төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч З.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт, цаашид хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулан төлүүлэх бодит байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар З.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар З.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Хд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Хд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ