Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 266

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н С-д холбогдох эрүүгийн 201726030759 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, “Гоёо” ХХК-д сантехникийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,,,, оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Б-н С

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ,,,, орчим иргэн Б.Т-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.С- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ,,,, орчим иргэн Б.Т- болон хамт явж байсан гэрч нарт хандан “бацаанууд явж байна, энэ орой юугаа хийж явдаг байна” гэхэд нь хохирогч “юу гээд байгаа юм бэ” гэж маргалдахад түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Би хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            2. Хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017.06.10-нд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ,,,, байрлах “Од” караоке бааранд би найз Б-, Бо, У- нарын хамтаар сууж байгаад шөнийн 01 цаг өнгөрөөд гарахад гадаа 4-5 залуу сууж байсан. Тэд нарын дундаас бид нарыг цагаан футволк, жинсэн өмдтэй Б.С- гэж байсан шар залуу нь бацаанууд гарч ирж байна гэхээр нь би юу гээд байгаа юм бэ гээд маргалдахад С-ийн найз нар болиулах гэхэд гүйж ирээд намайг хамарлуу цохьсон, тэр үед би газар уйлаад сууж байгаад цагдаа дуудахад С- нэг найзтайгаа зугтаагаад араас нь цагдаа нар ирээд барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 50/

            3. Гэрч О.Б-ий мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найз охин У-, түүний төрсөн эгч Т-, мөн ажлынх нь газрын Бо нарын хамт ,,,, караокед 23 цагийн орчим орж үйлчлүүлсэн юм. Ингээд гадаа ганцаараа би тамхи татаад зогсож байсан чинь караокены үүдэнд 6 залуу зогсож байснаа нэг нь хүрч ирээд надаас гал асуусан. Тэгэхээр нь гаргаж өгсөн чинь ямар хэгжүүн бацаан бэ гээд намайг нүүр лүү 2 удаа алгадсан. Тэгсэн чинь найзууд цаанаас хүрч ирээд салгасан юм. Ингээд буцаж ороод тэндээ дуулж байгаад бид 4 цаг дуусгаад 02 цагийн орчим гарсан чинь гадаа нөгөө залуучууд зогсож байсан. Хажуугаар нь бид 4 өнгөрсөн чинь та нар бацаанууд энэ орой юу хийж яваа юм бэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бид 4 зөрөөд хэрүүл хийгээд хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан чинь миний найз охины эгч Тамирыг нэг залуу нь хамар луу нь нэг удаа цохьсон. Тэгээд бид нар эмэгтэй хүн цохьлоо гээд хэрүүл хийж байгаад цагдаа дуудсан юм. Цохьсон залуу нь зугтаад байхаар нь Бо араас нь очиж барьж авсан. Удалгүй цагдаа нар ирээд цохьсон залууг нэг залуутай нь хамт авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/

            4. Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 6 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим би найз залуутайгаа өөрийн төрсөн эгч Т-, түүний ажлын газрын Бо бид 4 уулзсан. Уулзаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ,,,, караокед цаг авч дуулахаар болоод тэндээ эхлээд нэг цаг авсан юм. Тэндээ хүний 2 пиво уусан юм. Дуулж байх хооронд манай найз залуу гадаа тамхи татахаар гарсан юм. Удалгүй орж ирээд коридорт шуугиан болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад харсан чинь миний найз залуу Б- нилээн хэдэн залуучуудтай маргалдчихсан Б-ийг буланд шахчихсан зогсож байсан. Тэгээд бид 3 юу болов гээд явж хэрүүл маргааныг дуусгаад өрөө өрөөндөө орсон юм. Тэрнээс хойш ариун цэврийн өрөөнд орох үед зарим нэгтэй нь таарах үед хэл амаар доромжлоод байсан. Ингээд өрөө авсан цаг дуусаад 2017 оны 6 дугаар сарын 10-ны 01 цагийн орчим караокеноос гарахад нөгөө залуучууд бөөнөөрөө зогсчихсон, тамхи татаад байж байсан. Ингээд бид 4 лүү янз бүрээр хэлээд, нөгөө бацаанууд  чинь явж байна гээд байхаар нь бид 4 тэвчээр алдаад зөрөөд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэр үед манай эгч нөгөө залуучууд руу дөхөж очоод хэрэлдэж байхад нь шаравтар, ногоон нүдтэй, намхавтар биетэй, казак байрын залуу баруун гараараа нэг удаа манай эгчийн хамар луу цохьсон. Тэгэхэд нь манай эгч чи намайг цохьдог хэн бэ гэхэд эргүүлээд хана руу түлхэж байсан. Ингээд бид нар шууд цагдаа дуудсан чинь нөгөө цохьсон залуу нь зугтаахаар нь Бо түүний араас очоод барьж авсан юм. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/

            5. Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Т-тай 4 замын Bull ресторанд хамт ажилладаг байсан юм. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр бид хоёр ажил тараад хамт явж байгаад Т-гийн дүү болон дүүгийнх нь найз залуутай уулзахаар болоод номын сан дээр уулзацгаасан юм. Ингээд уулзаад ,,,, байдаг караокед орж дуулахаар болсон. Тэндээ бид нар 2 цаг болсон бөгөөд энэ хугацаанд хүний 2 пиво ууцгаасан. Өөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Караокед ороод дуулж байхад У-ын найз залуу Б- тамхи татахаар гарсан бөгөөд удалгүй коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь гарч харсан чинь Б-ийг хэдэн залуучууд тойрчихсон зарим нь дайраад, зарим нь салгах гээд оролдож байсан. Тэгэхээр нь Т-, У- бид 3 очоод салгаж, хэрүүл маргааныг зогсоож өрөө өрөөндөө орцгоосон. Ингээд караокед дуулж байх хугацаанд ариун цэврийн өрөө ороход зарим нэгтэй нь таарахад хэл амаар доромжлоод байсан бөгөөд караокенд 2 цаг дуулж дуусаад гарцгаасан. Гадаа гарах үед нөгөө залуучууд тамхи татаад зогсож байсан юм. Хажуугаар нь гарахад бид 4 лүү бацаанууд явж байна, энэ орой юугаа хийж явдаг байна гэх зэргээр хэрүүл маргаан өдөөд байсан. Тэгэхэд Т- нөгөө залуучууд дээр очоод та нар юу гээд байгаа юм бэ гэх зэргээр хэрэлдээд сүүлдээ Т-г янхан гэх зэргээр хэл амаар бөөнөөрөө доромжлоод байсан. Ингээд хэрүүл хийгээд зогсож байхад шар царайтай, ногоон нүдтэй, намхавтар биетэй, хүрэн футболктой, бага зэргийн буржгардуу үстэй казак царайтай залуу Т-гийн хамар луу нэг удаа баруун гараараа хүчтэй зангидаж цохьсон чинь Т- газар унасан. Тэгээд эргээд босож ирээд чи намайг цохьдог хэн бэ гэхэд дахиж хана руу түлхсэн. Тэгэхээр нь би та нар эмэгтэй хүн цохьдог хэн бэ гээд нөгөө цохьсон залуу руу очих гэтэл хажууд нь байсан залуучууд намайг болиулах гээд байхаар нь ноцолдож байж байтал нөгөө цохьсон залуу зугтахаар нь араас нь хөөж очоод барьж адаад буцаад хамт ирсэн чинь цагдаа ирчихсэн байхаар нь цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7689/-ний дүгнэлт:

                        -Т--н биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн талын өвдөг, зүүн тохойны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16/

            7. Яллагдагч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сарын 09-ний орой найз болох Ба- Солонгос улсаас ирэхээр нь би хамт ажилладаг найзууд болох М-, Т- нарын хамтаар уулзаж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны хажуу талын пабад ороод хоёр цаг орчим сууж архи авч уусан. Тэндээс 23 цагийн орчим гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ,,,, байрлах Од караоке руу орсон. Од караоке руу орохоос өмнө Т-, Ба-, М- бид 4 үүдэнд нь тамхи татахаар зогсоод би хамт явсан найзуудаасаа тамхи асуухад үүдэнд тамхи татаад зогсож байсан танихгүй 2 залуугийн нэг нь надад ирээд өгөөд надад тамхи асааж өгсөн. Тэгээд тэр тамхи өгдөг залуу хүнтэй муудалцаад хараал хэлээд яваад байсан тэр залуу 4-үүлээ явж байсан. 2 залуу, 2 хүүхэн байсан. Тэгсэн надтай цуг явж байсан М- тэр залууг алгадаад авсан. Тэгсэн хамт явж байсан хүүхэн нь манай нөхрийг зодчихлоо гээд орилоод байсан би тоохгүй караоке руу яваад орсон. Хэсэг хугацааны дараа бид хэд караокедоо дуулж сууж байгаад тамхи татахаар гарахад өмнө үүдэнд зогсож байсан 2 залуу 2 хүүхэн дахин гарч ирээд хэрүүл өдөөд бид нар руу дайраад байсан. М-т алгадуулсан залуугийн эхнэр орилоод бид нар руу дайраад байхаар нь би түүнд хандан чи болохгүй бол намайг алгадчих гэж хэлэхэд намайг алгадсан тэгээд бид нар буцаад караоке руу буцаад орсон. Хэсэг хугацааны дараа бид нар буцаад тамхи татахаар гадагшаа гарахад үүдэнд нөгөө 2 залуу 2 хүүхэн байж байсан тэд нар манай ажлынхантай муудалцаад байж байсан. 2 эмэгтэй нь тойроод хүн бүхэн рүү дайрч орилж байсан. Ингээд байж байтал цагдаа ирээд Бадрах бид 2-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.С- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7689/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.С- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ,,,, орчим иргэн Б.Т- болон хамт явж байсан гэрч нарт хандан “бацаанууд явж байна, энэ орой юугаа хийж явдаг байна” гэхэд нь хохирогч “юу гээд байгаа юм бэ” гэж маргалдахад түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн талын өвдөг, зүүн тохойны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Т-д 165.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-ийн 52/, хохирогчийн шүүхийн шатанд гаргасан хүсэлт /хх-ийн  75, 76/ зэргийг харгалзан Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Хохирогч Б.Т-гийн шүүхэд гаргасан хүсэлтэд дурдагдсан ажилгүй байсан үеийн цалин хөлс 396.000 төгрөг, өдрийн нэмэгдэл буюу 1 гарааны 10.000 төгрөг, цаашид гарах хамрын хагалгааны төлбөр 1.259.755 төгрөг, эмнэлгийн ор, хоногийн төлбөр, эм тариа, эмчилгээний зардал зэрэг хохирлыг гаргуулах боломжгүй байна.

Учир нь хамрын хагалгааны төлбөр, эмнэлгийн ор, хоногийн төлбөр, эм тариа, эмчилгээний төлбөр зэрэг цаашид гарах зардлыг шүүхээс урьдчилан тодорхойлох боломжгүй, мөн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг тодорхойлсон нотлох баримтууд хангалтгүй байгаа тул шүүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй юм.

Харин хохирогч Б.Т- нь ажилгүй байсан үеийн цалин хөлс, хамрын хагалгааны төлбөр, эмнэлгийн ор, хоногийн төлбөр, эм тариа, эмчилгээний зардал буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа /хагалгаа, эмчилгээ хийлгэсэн баримт, мөн ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гэх мэт/ бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Б-н С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б-н С-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Б.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.С- нь хохиролд 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР