Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/169

 

 

 

 

 

    2022           02             15                                          2022/ДШМ/169

                                               

 

С.С, А.А нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

яллагдагч С.Сын өмгөөлөгч Ж.Туяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2921 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлээр С.С, А.А нарт холбогдох 1818005220517 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн С-ийн С, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Б овгийн А**ын А, 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ** дугаар хэсэг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/;

 

            1. Яллагдагч С.С нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Алтанцэцэгээс “Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхөд тусална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Р” төвийн гадна хохирогч Б.Лд Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, эд зүйл ашиглан 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            3. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Чыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн Ланд Крузер-100 маркийн 00-62 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж, эзэмших эрхийг шилжүүлэн авч залилсан,

             4. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 37 байрны 6 тоотод 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Нд “Д” зах дээр япон машины сэлбэг зардаг гэж хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон тээврийн хэрэгслийн обуд, дугуй хямд үнээр авч өгнө гэж цахим банкны үйлчилгээ ашиглан 2.900.000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

             5. Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот Б.Зоригтбаатарын хашаанаас 2018 оны 8 дугаар сард хохирогч Б.Тгийн эзэмшлийн 6075 СЭҮ улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

             6. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 68 зээлийн төвд ажилтан Т.Батдэлгэрийг хуурч, хуурамч эд зүйл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Айфоне 8 плас гар утсыг 1.200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Айфоне X маркийн гар утсыг 1.400.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 2.600.000 төгрөг залилсан,

             7. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг И ХХК-ийн 68 зээлийн төвийн ажилтан Т.Тыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурч, хуурамч эд зүйл ашиглаж, Iphone X загварын 3 ширхэг гар утсыг тус тус 1.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 3.900.000 төгрөг залилсан,

             8. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10-р хэсэг 5-02 тоотод 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Аэд Тоёота коруан-171 маркийн автомашин зарна гэж хуурч, эд зүйл ашиглаж, 2.800.000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

             9. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ж.Мг “...манай ээж П.Долгормаа Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг, байгууллагаас манай ээж П.Долгормаад хоёр өрөө байр өгсөн манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгоё...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа төлбөрт нийт 18.700.000 төгрөгийг Хаан банкны 5132032673 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

               10. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас хохирогч Г.Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны билет гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 2019 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр нийт 1.982.000 төгрөгийг Хаан банкны 5025928490 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,

               11. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоноос хохирогч Б.Батбаатараас 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны хооронд Г.Шийн эзэмшлийн ХААН банкны 5045436142 дугаарын дансаар Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 1.430.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авч залилсан,

              12. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их цайз” захын орчмоос хохирогч Н.Дыг Унгар улс руу ажиллах хүч гаргана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 385.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 260.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60.000 төгрөг нийт 705.000 төгрөгийг Хаан банкны 5046062810 дансаар шилжүүлэн залилсан,

             13. 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр фейсбүүк нийгмийн сүлжээнд “Dominoc Torett” гэх нэрээр 4 ижил тээврийн хэрэгслийн дугаар зарна гэж зар байршуулж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.Анхбаяртай уулзаж өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж танилцуулан, иргэн Г.Дын эзэмшлийн Тоётота Приус-30 маркийн 9999 УАА улсын дугаартай авто машиныг ашиглан, уг тээврийн хэрэгслийн 99-99 УАА улсын дугаарыг 21.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч, Нийслэлийн нутгаас 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр нийт 15.820.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, нийт 94.407.000 төгрөгийн хохирол учруулсан,

             14. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд хохирогч П.Цийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            15. 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр А.Аын эзэмшлийн 51-33 УНВ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор нуугдаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

             16. Яллагдагч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын холбооны улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр өөрийн эзэмшлийн 51-33 УНВ улсын дугаартай Тоёота Апфард маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор С.Сыг нууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Боржигон овогт Соёл-Эрдэнийн Сод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Боржигин овогт Александрын Аптанбаярт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Гэтэл Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1930 00178 0331 дугаартай хэрэгт яллагдагч С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтыг явуулж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж тус тус заасан байх тул яллагдагч С.Сод холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй ба яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх үзэв.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр С.Сод холбогдох эрүүгийн 1818 00522 0517 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцах хүртэл яллагдагч С.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг гар утсыг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол” гэсэн заалтыг удирдлага болгосон нь шүүгчийн захирамжийн үндэслэл болох яллагдагч С.Сод холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй ба яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэнтэй нийцээгүй буюу эрүүгийн 1818 00522 0517 дугаартай С.С, А.А нарт холбогдох хэргээс эрүүгийн хэрэг тусгаарлагдаагүй байна.

Мөн 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан бөгөөд орсон бүртгэлд авагдаагүй гэсэн лавлагаа,

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/3793 дугаартай албан бичгээр С.С нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олгосон Т0032338 дугаартай буцах үнэмлэхээр Оросын холбооны улсын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын тал руу 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18:25 цагт 51-33 УНВ улсын дугаартай Тоёота машинтай нэвтэрсэн лавлагаа зэрэг хэрэгт нотлох баримтуудад бэхжүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1930001780331 дугаартай хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр С.С нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Батбаярын хамт Дархан-Уул аймгийн нутагт авто засварын үйл ажиллагаа явуулж, улмаар Н.Батбаярын Баагийн Баагийн “Baagii Baagii” нэртэй фэйсбүүк цахим хаягт Т.Марк2 маркийн тээврийн хэрэгслийн мотор худалдан борлуулах зар байршуулж, улмаар 85891515 утасны дугаар тавьж хохирогч Ө.Стой утсаар харилцаж. түүнээс Н.Батбаяраар дамжуулан түүний найз П.Отгонтуяагийн Хаан банкны 5045539385 тоот харилцах дансны цахим картыг ашиглан 300.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилан Улаанбаатар хот руу Н.Батбаярын хамт явсан гэж хууль зүйн үндэслэл, логикгүй дүгнэлт хийж, яллагдагч С.Сод холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан байна.

Яллагдагч С.С нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг гэмт хэргийг үйлдээгүй талаар мэдүүлсэн.

Иймд шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2921 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийн үндэслэл болсон Дархан-Уул аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг баримтаар гаргаж өгч байна. Баянзүрх дүүргийн прокурорын газарт яллагдагч нь өмгөөлөгч Б.Буянт прокурорт өгнө гэж ар гэрээс нь их хэмжээний мөнгийг авсан учраас прокуророос татгалзаж байгаа талаар хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Прокурорын газар Авлигатай тэмцэх газар уг асуудлыг гомдлын дагуу шалгаж байгаа учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол” гэсэн заалтыг шийдвэрийнхээ удирдлага болгосон. Ямар нэгэн эрүүгийн хэргийг тусгаарласан зүйл байхгүй. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас зарим яллагдагч буюу С.Сод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болсон. Яллагдагч нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын хилээр нэвтэрсэн байхад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт бусдын банкны харилцах дансны цахим картыг ашиглан мөнгө шилжүүлэн авч, Улаанбаатар хот руу явсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагаас энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг, прокуророос хянаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хэргийг нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч С.Сын өмгөөлөгч Ж.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт 2 жил өмгөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон. Магадлалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитойгоор зөв тогтоох шаардлагатай гэж дүгнээд хэргийг буцаасан. Одоог болтол хохирлын тооцоо үнэн зөв гараагүй. Анхны хохирлын тооцоог нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар бичигдээгүй байсан учраас яллах дүгнэлт, шийтгэх тогтоол буруу гарсан. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд 28.000.000 төгрөг гэж буруу бичигдсэн. 28.000.000 төгрөгийн хохирлыг 20.000.000 төгрөг болгож өөрчилсөн. Үүний учрыг одоо болтол олоогүй. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хэргийг буцаасан. Хэргийг тусгаарлах талаар бичсэн байгааг нь техникийн шинжтэй алдаа болсон. Хэргийг удаашруулах гэж тогтоол авчирсан гэдэг. Өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар зүйл хийхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр яллагдагч С.С, А.А нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Дархан-Уул аймгийн Прокурорын газар  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул яллагдагч С.Сод холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулахаар 1818005220517 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байна.

 Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 1 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор С.Сод холбогдох дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол ирүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах шаардлагагүй гэж үзэв.

Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 64 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол /9хх 1/-д С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татсан байна.

Прокурорын энэ тогтоолтой шүүгдэгч С.С нь танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...яагаад амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэнийг ойлгохгүй байна. Прокурорын үндэслэлийг зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Өмгөөлөгч ирээгүй учраас...” /9хх 97/ гэсэн байхад яллагдагчаар дахин мэдүүлэг авалгүйгээр 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт /9хх 28/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ”Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасныг зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн ямар шинж тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. 

Түүнчлэн яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч С.Сын сүүлийн үйлдэл нь  хохирогч Б.Анхбаярыг залилсан гэмт хэрэг байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэрэг хаана төгссөнийг тогтоогоогүй байх тул шалган тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2921 дугаартай  шүүгчийн захирамжид дурдсан С.Сод холбогдох хэргийг прокурорт буцаасан үндэслэл арилсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсон тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг агуулгын хувьд хэвээр үлдээж магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр С.Сод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/2921 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, С.С, А.А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорын газарт очих хүртэл яллагдагч С.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ