Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01514

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01514

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Х овогт Ч.Б/РД: ....................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******,,,, УГ оффист байрлах, УГ ХХК/РД: .........., гүйцэтгэх захирал Л.З/,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай, Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дүгээр шийдвэрээр Ч.Бгээс 139,082,817 төгрөгийг гаргуулж УГ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/18862 дугаартай мэдэгдлээр ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн И ХХК-ийн 40 хувийн хувьцааг үнэлсэн үнэлгээг бидэнд мэдэгдсэн билээ. Тухайн компанийн нэр дээр Хан-уул дүүргийн .... дүгээр хороо, Зайсан орчим нийт 5,5 гектар газар бүртгэлтэй бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний компанид Б.Л хүч хэрэглэж орж ирсэнээс хойш өнөөдрийг хүртэл эрүү болон иргэний журмаар маргаантай. Үүнээс болж 2009 оноос хойш санхүүгийн тайлан нэг ч удаа гаргаж байгаагүй юм. 2009 оноос хойш Б.Л нь өнөөдрийг хүртэлх хугацаанд олон хууль бус аргаар миний 40 хувийн хувьцааг авах гэж оролдож байгаа бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж байгаа хувьцаа хураах, үнэлэх одоо цаашилбал дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь бас л хууль зөрчиж явуулж байгаа нэг хэлбэр билээ. ХЭ ХХК нь И ХХК-ийн 40 хувийн хувьцааг компанийн үүсгэн байгуулах дүрэмд заасны дагуу 1,200,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цааснаас төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх эрхтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасны дагуу И ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 153-р тойрог /*******/-ийн шийдвэр гүйцэтгэгч Д.Д нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр миний эзэмшдэг И ХХК-ийн 40 хувийн хувьцааг төлбөрт хураан авсан талаар ..../19280324-011 дугаартай тогтоолыг үйлдсэн. Энэхүү эд хөрөнгө хураах тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цааснаас төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх, мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 үнэт цаас" гэж энэ хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгслийг, 5 дугаар зүйлийн 5.2 Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан санхүүгийн хэрэгсэл энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй:, 5.2.1 хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа гэж заасны дагуу И ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байхад хураах тогтоол үйлдсэн нь дээрх хуульд заасныг ноцтой зөрчөж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08-р сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү. Урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлсэн талаар 2023.08.07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг шийдвэр гүйцэтгэгч Д.Д нь 2023.09.07-ны өдөр миний амьдарч буй гэрт гэрч гэх хүмүүсийн хамт орж ирэн биечлэн гардуулсан юм. Уг хураах тогтоолыг эс зөвшөөрч миний бие 2023.09.11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ямарваа нэгэн хариу ирүүлэгүй тул 2023.10.02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаж хариуг 2024.04.05-ны өдөр гардаж авсантай холбоотойгоор ийнхүү шүүхэд гомдлоо гаргаж байна.

Бээжинхүү мөнгөгүйгээс болж УГаас зээлснээс болж өрөнд орсон. 40 хувийн хувьцааг авах нь асар их сонирхол байгаа. Энэ газар хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө боссон. Үүнийг үнэлээд Бээжинхүү авах ёстой гээд маргаж байгаа. Бүх асуудал шийдвэрлэгдээгүй байхад анхны 400,000 долларын үеийн үнээр авах нь хаана ч байхгүй хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Энэ насны хөрөнгө, гэр бүлийн эрх ашиг хохирч байгаа. 40 хувийн хувьцаа эзэмшигч учраас бүх зүйлийг зогсоож сууж байна. Барьсан барилгын улсын комисст хүлээлгэж өгөх гэж байхад 40 хувийн хувьцаа эзэмшигч учраас зогсоож байгаа. Өнөөдөр 1,200,000 төгрөгөөр үнэлүүлээд байхгүй болчих юм бол ямар ч эрх ашиггүй болчихно. Хэн хамгаалах юм бэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Бгийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт нэг талруу туушруулж явдаг. Өмнө гомдол гаргахаар нөгөө тал руу утсаар хэлээд болоод л байдаг. Тэгш эрхийн оролцоог нь яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. 8 сарын 7-ны өдөр гэсэн огноогоор бидний нэхэмжлэлд өгсөн хураах тогтоол. 8 сарын 07-ны өдрөөс 9 сарын 11-ны өдөр гомдол гарахаар угаасаа хугацаа нь дууссан юм шиг харагдана. Хариуг нь харах юм бол албан бичгийн стандарт гэж байдаг. 2023 оны 10 сарын 10-ны өдөр хариу өгч байгаа. Таны гомдлын хариу гэж дэлгэрэнгүй зүйл байхгүй. Бээжинхүү зөндөө гомдол гаргадаг. Энэ гомдлын хариу энэ гээд өгчих баримт байхгүй. Өнөөдөр бид нарт 2023 оны 10 сарын 11-ны өдрийн хариу гээд өгсөн. Манай гомдлын хариу эсэхийг мэдэхгүй. Тэрийг яг тогтоосон баримт байхгүй. Шийдвэр гүйцэтгэх алба, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гомдлын хариу ирсний дараа ахлах нь хариу өгч байгаа юм. Бид нар энэ нөхцөл байдлыг мэдэх боломжтой юу, бид нар асуухаар хариу  явуулсан гэж хэлдэг. Тэгээд бөөн хэл ам болж байж өгдөг. Тэгээд санаатайгаар хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж гаргаж өгдөг. Бид нар 11 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг авсан. Авсныхаа дараа тодруулсан. Энэ шийдвэрүүдийг авах гэж ажиллагаа хийж байгаа. 3 сарын 05-ны өдөр архиваас авч байгаа. 2024 оны 4 сарын 08-ны өдөр УГ ХХК-ийн шийдвэрийг авч байгаа. Тэгээд баримтаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргасан. Хураах тогтоол гарсан. Тогтоолын дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээтэй холбоотой ямар асуудал байгаа вэ гэхээр үнэлгээ нь түрүүн хэлсэнчлэн компанийн хувьцаа, санхүүгийн тайланг харсан бол хөрөнгө тогтоогдож үнэлгээ гарах боломжтой. Тэр үүргээ хэрэгжүүлээгүй. Харьцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасны дагуу жишиж үнэлсэн гэсэн. Газрын эрхийг үнэлээгүй, бусад компанийн дүрмийг харьцуулж үнэлээгүй. Компанийн хувьцааг үнэлэхдээ жиших боломжгүй. Компани бүр өөрсдийн хөрөнгөөр үнэлэгдэх боломжтой. Жишиж харьцуулах боломжгүй. Үнэлгээ гаргах аргачлал буруу байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Бгийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зах зээлийн хандлагын арга хэрэглэсэн гэж байна. Батзаяа үүнийг мэдэхгүй байгаа юм уу. Би эсхүл өөрөөр ойлгоод байгаа юм уу. Зах зээлийн хандлага бол үнэлэх гэж байгаа зүйлийг жишиг байдлаар 2-3 зүйлтэй харьцуулж үнэлгээ гаргадаг гэж байна. Тэгээд буцаад дүрэмд заасан үнэлгээгээр тавьсан гэж байна. Ядаж үнэлгээ хийж байгаа газар нь хүртэл хуулиа хэрэглэхгүй. Ямарч баримт байхгүй, 4 санхүүгийн тайлан, гэрчилгээ аваад, мэргэшсэн үнэлгээчдийн байгууллагын үзлэгийн тайланг хөдлөхгүй. Ядаж загварын дагуу үзлэгийн тайланг хөдлөхгүй. Үнэлгээчин аргаа хэрэглээгүй юм байна. Тайлан гаргах стандарт шаардлагыг хэрэгжүүлээгүй юм байна. Хуулийн дагуу ажлаагүй нь тодорхой байна. Хөрөнгө хураах тогтоолын хувьд гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар үнэт цаас биш гэж байгаа юм. Тэгвэл ядаж холбогдох төвөөс үнэт цаас гэж юу юм бэ, энэ компанийн хувьцааг үнэт цаас гэж үзэж болох юм уу гээд тодорхойлолт авсан бол бид гомдохгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны лавлагааг гаргаж өгдөг юм уу гэхэд нээлттэй хувьцаат компанийн лавлагааг л гаргаж өгдөг. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг гаргаж өгдөггүй гэж байгаа юм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Бодит байдалтай нийцэхгүй байгаад л гомдолтой байна. Тэгээд хэр хэмжээний хөрөнгө байгааг тодорхойлсон бол гомдохгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/шш2018/00519 дүгээр шийдвэрээр Ч.Бгээс 139,082.817 төгрөгийг гаргуулж УГ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар таны өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкнууд дахь дансыг тодруулж, суутгал хийхээр тогтоол хүргүүлэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй нь тогтоогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ч.Бд төлбөр төлөх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөр төлөөгүй тул Ч.Бгийн эзэмшлийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авахад "И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдсон бөгөөд хувьцаанаас өөр эд хөрөнгөгүй тухайгаа та эд хөрөнгийн мэдүүлэгтээ мэдүүлснийг үндэслэн дээрх хувьцааг битүүмжлэн, хурааж үнэлгээ тогтоож талуудад танилцуулсан тул ажиллагааг хуулийн дагуу явагдаж байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шинжээчээс үнэлээгүй зүйлийг шаардаж байгаа юм. Өөрсдөө нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Шүүхээр шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой. Шүүхийн баримтын явцад ийм ийм хөрөнгийг шинжээч үнэлээгүй гээд гаргаж өгөхгүй байгаа юм. Шүүхийн баримтад үүнийг л үнэлүүлнэ гээд байгаа боловч хотхоны талаар баримт өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны оролцогч, төлбөр төлөгч нь Бээжинхүү, итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхзаяа төлөөлөгчөөр оролцож байгаа. Эцсийн үр дүнд би ажиллагаагаа баталгаажуулах арга хэмжээг Мөнхзаяад мэдэгдээд Бээжинхүүд мэдэгдээгүй бол шүүх дээр дахиад гомдол гаргана. Төлөөлөгч учраас төлбөр төлөхгүй гэсэн хандлагыг гаргадаг. Үнэт цаасан дээр маргаж байна. Ихэр ниваа нь ХХК байгаа юмаа. Үнэт цаасны тухай хуульд үнэт цаасыг тодорхойлсон. Үнэт цаас нь санхүүгийн хэрэгсэл байгаа юм. Зөвхөн хувьцаат компанийн хувьцааг гээд заачихсан. ХК, ХХК-ийг ялгаж ойлгож байгаа байх. Төлбөр төлөгч өөрөө хөрөнгө орлогоо мэдүүлж байна. Үүнд нь ажиллагаа явуулж байгаа болохоос биш өөр хүний хөрөнгөд ажиллагаа явуулах боломжгүй. Ер нь бол төлөөлөгч байсан ч эцсийн үр дүнд 2023 он хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлээд ажиллагаа хийгээд ирэхээр намайг аль дүүргийн шүүхэд, улсын бүртгэлээс ч юм уу, цагдаагийн байгууллагаас хориг тавьж байгаагүй. Улсын бүртгэл дээр л манай хориг явж байгаа. Төлбөр төлөгчийн төлөөлөгч тухай нь хүний эрх ашгийг өмгөөлж байгаа ч гэсэн төлбөрийн төлүүлчих хэрэгтэй. Хувьцааг 1,200,000 төгрөгөөр үнэлчихсэн байна. 60 хувийн хувьцааг үнэлэхгүй байгаа юм. Энэ хүмүүс ийм бодол эрх зүйтэй байгаа юм бол шаардуулахгүйгээр төлбөрөө төлчихгүй байгаа юм бэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээд УГ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн 1285 дугаар магадлал, МУДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.11.13-ны өдрийн 1623 дугаар тогтоолын дагуу Ч.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 138,223,699 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 849,118 төгрөг гаргуулж УГ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрлэсний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.12-ны өдрийн 113 дугаар гүйцэтгэх хуудас, 1856 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн явагдаж байгаа билээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол 2019 онд гарснаас хойш төлбөр төлөгч Ч.Б нь өр төлбөрөө сайн дураар төлөх нэг ч санаачилга гаргаж байгаагүй, өр төлбөрөөс зайлсхийх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оргон зайлах, хаяг байршил нь тогтоогдолгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, эрэн сурвалжлах ажиллагааны үндсэн дээр албадан авчирч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулдаг болно. Ч.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо өөрийн гэсэн тодорхой оршин суух хаяггүй, түр оршин сууж байгаа Зайсан дахь хаягтай, тэрээр төлбөр төлөх бэлэн мөнгө, хадгаламжгүй, ямарваа үнэ хүрэх хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй буюу зөвхөн И ХХК-ийн 40 хувийн 400 ширхэг хувьцаа байдаг талаар мэдүүлдэг. Ингээд байгаа хөрөнгө буюу И ХХК-ийн 40 хувийн хувьцаа нь эд хөрөнгийн эрх болохын хувьд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэлээс мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний компанийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн компани болох ХЭ ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, компанийн дүрэм, компанийн сүүлийн жилүүдийн санхүү байдлын тайлан, холбогдох бичиг баримтуудтай танилцаад И ХХК нь өөрийн гэсэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй санхүүгийн тайлан баримтаар X тайлан гаргадаг, өр төлбөртэй компани болохын хувьд тус компанийн 40 хувийн хувьцааг албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газар бүртгэлтэй Компанийн дүрэмд заасан нэрлэсэн үнээр буюу нэгж хувьцааг 3000 төгрөгийн үнэтэй буюу 40 хувийн 400 ширхэг хувьцааг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс И ХХК дээр ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэхдээ компанийн нэр дээр БОАЖЯ-наас олгосон Богдхан уулын дархан цаазат газарт байрлах ашиглах эрхтэй газрын гэрчилгээ байдаг учир төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд И ХХК-ийн 40 хувийн 400 ширхэг хувьцааны үнэлгээг гаргахдаа тухайн тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг үнэлж өр төлбөр барагдуулах ажиллагаанд хамааруулах ёстой гэдэг. Гэтэл Ч.Б нь И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч, үлдсэн 60 хувийн хувьцааг нь иргэн Б.Л эзэмшдэг болно. Мөн компанийн санхүү байдлын тайлангаас үзвэл тус компани дээр тухайн компанийн өмчлөлийн гэх эд хөрөнгөгүй болох нь харагддаг ба харин ч хувьцааг хангалттай хэмжээнд нэрлэсэн үнээр нь хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээтэй, газар ашиглах эрхтэй компани нь газрыг түр хугацаагаар, гэрчилгээнд заасан Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг газар ашиглагчид хориглодог. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зөвхөн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх зохицуулалтай буюу газар ашиглах эрхийг шилжүүлэх зохицуулалтгүй буюу хориглодог. Иймээс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны үнэлгээг гаргахад төрийн өмч буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах эрх нь тус компанийн хөрөнгө болохгүй учир ямарваа хэлбэрээр үнэлгээ тогтоох, бусдад шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхгүй учир Хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийхдээ газар ашиглах эрхийг оруулаагүй нь хуулийн дагуу үндэслэлтэй болсон. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэж заасан зарчмын дагуу үнэлгээчин нь дээрх хууль тогтоомжид нийцсэн, мөн үнэлгээний стандартад нийцсэн үнэлгээг хийсэн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь: Нэхэмжлэлд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цааснаас төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх эрхтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасны дагуу И" ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цаасыг битүүмжлэх тухай зохицуулсан бөгөөд манай тохиолдолд буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани(ХХК гэх)-ийн хувьд хамаарахгүй зохицуулалт болно. Учир нь Үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8' болон 5 дугаар зүйлд зааснаар ХХК-ийн хувьцаа нь Үнэт цаасанд хамаарахгүй. Харин Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэж зааснаар ХХК- ийн хувьцаа нь эрх болно. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж зааснаар хөрөнгө гэх ерөнхий ойлголт дотор эдийн бус баялаг болох эрх хамаарч буйн хувьд төлбөр гаргуулах ажиллагааны үндсэн дээр төлбөр төлөгч Ч.Бгээс хураан авсан И ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмших эрхийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-д зааснаар үнэлгээчнээр үнэлүүлэхээр заасан учир тус ажиллагаа нь хууль заасны дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Ч.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/18862 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-153/21892 дугаар албан бичгийн хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185 дугаар шийдвэрийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаар Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууцны хорооллын барилга барих төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээний хуулбар, 0171356 дугаар Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01211 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ГХ2018/00113 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2019/01856 дугаар захирамжийн хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1285 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын дээд шүүхийн 001/ХТ2018/01623 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19280324 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 153/01 дугаар, 153 дугаар, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдэх хуудасны хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгийн лавлагааны хуулбар, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-153/14144 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-153/1524 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/13358 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/8605 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22300002003919 дугаар хуулийн этгээдтэй тухай лавлагааны хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 153/01 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НШШГГ-т гаргасан хүсэлтийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/13280324 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19280324/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, тодорхойлолт, тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4-153/1448 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4-153/1447 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/022 дугаар УГ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/28 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 155/01 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/21 дугаар ХЭ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Баттүшигт гаргасан гомдлын хуулбар, тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/20 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар, мөнгөн журналын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн НШШГГ-т гаргасан хүсэлтийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Баттүшигт гаргасан гомдлын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаад гаргасан гомдлын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/469 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01-153/8675 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 555 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 501 дугар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн ..../19280324-011 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/207 дугаар УГ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-183/16903, 4-153/16904 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23/227 дугаар УГ ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлын хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн а/342 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтын хуулбар, ХЭ ХХК-ийн 05/30 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягтын хуулбар, ХЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/18862 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3-1/2620 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/38 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-150/21892 , 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-153/21893 дугаар албан бичгийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 30-ный өдрийн 211 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод албан бичгийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2347 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар И ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 085/6426 дугаар Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/21 өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгийн хуулбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч НШШГГ-т холбогдуулан ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УГ ХХК ажиллагаа нь хууль заасны дагуу явагдсан байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар Шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01623 дугаар Тогтоолоор Ч.Бгээс 138,233,699/нэг зуун гучин найман сая хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 849,188/найман зуун дөчин есөн мянга нэг зуун наян найм/ төгрөгийг гаргуулан УГ ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 181/ШЗ2019/01856 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 181/ГХ2018/00113 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдон, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар Шийдвэрийн болон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01623 дугаар Тогтоолын хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/01856 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 181/ГХ2018/00113 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын болон 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19280324 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь И ХХК-ийн энгийн нийт хувьцааны 40/дөч/ хувь буюу 400/дөрвөн зуу/ ширхэг хувьцааг эзэмшдэг болох нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа И ХХК-ийн 40/дөч/ хувийн хувьцааг битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19280324/02 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолыг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/20 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа И ХХК-ийн 40/дөч/ хувийн хувьцааг хураасан болох нь 153/19280324 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон ..../19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/20 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь үнэт цааснаас төлбөр гаргуулах ажиллагаа хийх эрхтэй, хувьцаанаас төлбөр барагдуулах ажиллагаа явуулах боломжгүй гэж маргаж байна.

 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 5 дугаар зүйлийн 5.1-т Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна:, мөн хуулийн 5.1.1-т хувьцаат компанийн хувьцаа /цаашид хувьцаа гэх/; гэж заасан.

 

И ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байх тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1 дэх заалтад зааснаар И ХХК-ийн хувьцаа нь үнэт цаасанд хамаарахгүй байна.

И ХХК-ийн хувьцаа нь үнэт цаасанд хамаарахгүй байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй ... хуулийн этгээдийг компани гэнэ., Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг тул хувьцааг хөрөнгө гэж үзэх ба нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа И ХХК-ийн хувьцааг эд хөрөнгө гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний ... хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна., 86.4-т Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл ... хүрэлцэхгүй бол ... 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байгаатай холбоотой хариуцагч нь И ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 400/дөрвөн зуу/ ширхэг хувьцаанаас төлбөр гаргуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн И ХХК-д эзэмшиж байгаа 400/дөрвөн зуу/ ширхэг хувьцаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь заалтад заасан хураан авч болохгүй хөрөнгөд хамаарахгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа И ХХК-ийн 40% хувийн хувьцааг талуудын саналыг харгалзан бие даан үнэлэхэд хүндрэл учирсан болох нь төлбөр авагч УГ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилуулах тухай № 23/227 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Төлбөр авагч УГ ХХК нь санал өгөөгүй байх ба шинжээч томилуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ:, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх ... үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө. гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ХЭ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч ХЭ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн а/342 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өдөр № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шинжээч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өдөр № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар ажлын 3/гурав/ өдрийн дотор нэхэмжлэгчид Хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 4-153/18862 Мэдэгдлийн хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Магадлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь заалтад зааснаар хариуцагч нь мэдэгдэх хуудсаар Хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь үнэлгээний тайланд газрын эрхийг үнэлээгүй, энэ газарт хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө боссон гэж маргаж байна.

 

И ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5/тав/ жилийн хугацаатай ашиглах эрхтэй болох нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0171356 дугаар Гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс ... дурсгалт газраас ... аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор ... гэрээгээр ашиглуулж болно., 39 дүгээр зүйлийн 1-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа ... байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 1-ийн 1-т ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; гэж заасан.

 

И ХХК нь дээрх 2.5 га талбайтай газрыг ашиглах эрхтэй ба уг газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах эрхгүй байх ба захиран зарцуулах эрхгүй байна.

 

ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1-ийн 1.8-д И ХХК-ийн нэр дээр ашиглах эрхийн газартай тул үнэлгээнд оруулаагүй болно. гэжээ.

 

И ХХК нь 2.5 га талбайтай газрыг ашиглах эрхтэй байх тул уг газрыг И ХХК-ийн өмч гэж үзэхгүй ба ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1-ийн 1.8-д газар нь ашиглах эрхтэй тул үнэлгээнд оруулаагүй талаар тусгажээ.

 

И ХХК-ийн ашиглах эрхтэй 2.5 га талбайтай газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь И ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан мэргэшсэн үнэлгээчин Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгө ... бүртгэгдээгүй учраас үнэлээгүй ... тухай гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Хөрөнгийн үнэлгээний тайлан ... дараах зүйлийг тусгана:, 8.3.7-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл;, 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл;, 8.3.10-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал; гэж заасан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.7, 8.3.9, 8.3.10 дахь заалтад зааснаар ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж байгаа үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшлийн талаар, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл буюу И ХХК-ийн дүрмийг хавсаргаж, үнэлгээ хийсэн арга буюу зах зээлийн хандлагын арга, компанийн дүрмийн санд үндэслэн үнэлсэн талаар тусгажээ.

 

ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй, тусгах зүйлийг тусгасан байх тул ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 01/51 Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол гэсэн байх боловч уг ..../19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн ... ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг ... 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр миний амьдарч байгаа буй гэрт гэрч гэх хүмүүсийн хамт орж ирэн биечлэн гардуулсан юм. гэх нэхэмжлэлд дурдсан тайлбар, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын болон 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь И ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хураах тухай тогтоол үйлдсэн болохыг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр миний амьдарч байгаа буй гэрт гэрч гэх хүмүүсийн хамт орж ирэн биечлэн гардуулсан гэх тайлбар, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг эс зөвшөөрч 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гагасан болох нь нэхэмжлэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гомдлоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ямарваа нэгэн хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан болох нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Гомдлоор тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлээгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан гомдлоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн ХЭ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..../19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ