Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 267

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-ийн М-д холбогдох эрүүгийн 1710000000123 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Хишиг арвин индистрал” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Б овогт Х-ийн М- нь:

 

- 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд шалтгаан- гүйгээр иргэн Б.Э- руу стакан авч шидэн, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Э-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /  хх  6 /,

 

Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Бид нар тус бааранд ороод хүний ганц нэг пиво авч уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би ширээн дээрээ суух гээд явж байтал гэнэт миний толгойруу минь нэг залуу шилэн аяга шидээд миний хөмсгийг оносон. Тухайн үед толгой манараад зогсож байтал манай найзууд хажуунаас минь барьсан. Тэгээд юу болов гээд ухаан ортол баарны хамгаалагч нар ирээд миний толгойруу аяга шидсэн залууг барьж аваад явсан. ...Нийт надаас 492.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. ...Тэр хүнийг танихгүй учир маргалдаагүй...” гэжээ. / хх 8-9, 10-11/,

 

Гэрч Э.Т мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...Бид нар бааранд ороод хүний ганц шил пиво авч уугаад тэндээ бүжиглээд, хоорондоо юм ярьцгааж сууцгаасан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай найз Э-ын толгойруу нь нэг танихгүй залуу архины хундага шидсэн байсан. Тэгээд юу болов гээд очтол толгойгоо бариад зогсож байсан. Баарны хамгаалагч нар ч ирээд хундага шидсэн залууг бариад цаашаа өрөө рүү аваад явсан...” гэжээ. / хх 12-13 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10541 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Э-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус бүхий гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 15 /,

 

Хохирогч Б.Э-ын биед учирсан гэмтлийг тодорхойлсон баримтууд / хх 16-18 /,

 

Гэрч Г.У мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Бүжгийн талбай дээр явж байтал миний баруун талын мөр нойтон оргиод явчихсан. Тэгтэл зүүн талд байсан эмэгтэй толгой хагарчихлаа гээд толгойгоо барьсан. Эргэн тойрныг харахад ар талын буйдан дээр сууж байсан 40 орчим насны эрэгтэй ганцаарааа сууж байсан. Уг хүнийг стакан шидсэн байж магадгүй гээд дагуулаад камерын өрөө рүү дагуулж орж камер шалгахад уг ганцаараа сууж байсан залуу бүжиглэж байгаа эмэгтэй рүү стакан шидэж байсан…” гэжээ. / хх 42-43 /,

 

Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тогтоол / хх 49-51 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М- мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 3 найзтайгаа “Минт” бааранд орж үйлчлүүлсэн. “Минт” бааранд үйлчлүүлэхдээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж иргэн Б.Э- руу стакан шидэж Цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ямар нэгэн өс хонзон байгаагүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй. Хохирогч Б.Э-д 492.500 төгрөг өгсөн. Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хууль зүйн үр  дагаварыг ойлгож байгаа гэв.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, ял шалгах хуудас /хх-25/, эвлэрлийн гэрээ / хх 72/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-64 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.М- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд шалтгаан- гүйгээр иргэн Б.Э- руу стакан авч шидэн, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10541 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.М- нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.М-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон үзэв.

 

Шүүгдэгч Х.М- нь хохирогч Б.Э-д эмчилгээний зардалд 492.000 төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Б овогт Х-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн М-ыг 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.М-д оногдуулсан  500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хугацаагаар хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД