Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

М.Сид холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдулам, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Б.Буянбаярын хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламын гаргасан давж заалдах гомдлоор М.Сид холбогдох 2108 00000 1352 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Мөнхзаяагийн Сангидорж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монсо” коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 23 дугаар гудамжны 12-б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП03211115/;

М.С нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон дахь сагсны талбайд иргэн Б.Буянбаяртай “бөмбөг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гайморын хөндийд дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.......... овгийн М....ийн С.....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотоос явахыг 1 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, эрүүгийн 2108 00000 1352 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламын “эмч нарт өгсөн 500.000 төгрөг, замын зардал, хоол хүнсэнд зарцуулсан 500.000 төгрөг, нэг сарын цалин 850.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага”-ыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүү Б.Буянбаяр нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт М.С гэгчид зодуулж “зүүн гайморын хөндийд дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлээс үүдэн Монгол-Японы хамтарсан эмнэлэгт 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 20-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлж, нүд, эрүү, хамрын хавсарсан хагалгаанд орсон. Мөрдөгч энэ хагалгааны талаарх өвчтөний түүхийг авч давтан шинжээч томилохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай болсон. Хэргийг шалгаж байсан мөрдөгч байцаагч, хяналтын прокурор нар нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүйгээс хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол ихээр хөндөгдөж байна. Одоог хүртэл хүүхдийн маань биеийн байдал дээрдэхгүй, хамар нь байнгын битүүрэлтэй, хүнд зүйл өргөж болохгүй, хацрын ясыг яс орлуулагчаар хийсэн бөгөөд дахин хагалгаанд орох шаардлагатай талаар эмч зөвлөсөн. Иймд хүүхдийн биед учирсан гэмтлийн хөнгөн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хагалгаа хийлгэсэн өвчтөний түүхийг үндэслэн дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Анхан шатны шүүхийн туслах нь шүүх хуралдаан болох өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад 95190007 дугаарын утсаар залгаж шүүх хурал 09:00 цагт болох гэж байгаа талаар надад мэдэгдсэн. Тэр үед нь би Замын цагдаагийн зүүн талд байрлах өөрийн ажил дээрээ ирсэн байсан тул очиж амжихгүй талаараа хэлсэн. Гэтэл 08:39 цагт “ирж байна уу” гэсэн мессэж явуулсан. Тэр үед нь би эргэн залгаж “манай ажил өглөө 08:00 цагт цугладаг, би ажил дээр ирсэн очих ямарч боломжгүй байна, шүүх хуралдаан болох цагаа өмнөх өдөр юм уу хэдэн хоногийн өмнө хэлж болдоггүй юм уу яагаад тулгаж хэлж байгаа юм бэ” гэтэл “би шүүгчид танилцуулаад эргээд хэлье” гэсэн. Тэгээд эргээд хэлэх юм болов гээд хүлээж байтал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрийн хаягаар шүүхээс бичиг ирсэн байхаар нь задалж үзтэл шүүх хурлын шийдвэр ирсэн. Тэгээд би шүүх хурал болсон талаар мэдсэн. Миний хувьд маш их гомдолтой шүүх хуралд биечлэн оролцох талаараа шүүхийн туслахад хэлсэн боловч намайг оролцуулалгүй, бидний санал хүсэлт гомдлыг сонсолгүйгээр анхан шатны шүүх хурал болсонд маш их гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж миний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.Чанцалдуламын хууль ёсны эрхийг эдлүүлээгүй байгаа. Иймд хохирогчийн хууль ёсны эрхийг нь хангаж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хохирогч Б.Буянбаяр нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хэвтсэн. Хавсарсан 3 гэмтлийн улмаас хагалгаанд орсон байдаг. Зүүн хацрын яс нь цөмөрсний улмаас хагалгаанд орж төмөр тавиулсан байгаа. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч эмч дүгнэлт гаргахдаа ганцхан гэмтлийн эмнэлгийн үзлэг болон “Эм Жи Жи” эмнэлгийн үзлэгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийг нь үндэслэж дахин дүгнэлт гаргах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Сид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Буянбаярын хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлье. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү. Хөнгөн гэмтэл гарсан нь учир дутагдалтай байна гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн дүгнэлтийг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан. Мөн шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан. Мөн шинжээчээс авсан мэдүүлгийг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, саналгүй гэсэн бичгийг авч хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн хувьд эргэлзээгүй, бодитой гарсан учраас дахин шинжээч томилж гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй гэсэн асуудал яригдаж байна. Шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас мэдэгдсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн товлосон хугацаанд оролцоогүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учраас шүүгдэгч М.Сид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдулам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангагдах ёстой.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/2301 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 76-77/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламд тухайн хурал болох өдөр хурлын тов мэдэгдсэний /хх 78/ улмаас шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулжээ. /хх 81/

Анхан шатны шүүх хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламд 2021 оны 11 дүгээр сарын 16-нд болох шүүх хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр буюу 12 хоногийн өмнө утсаар мэдэгдэж, үүнээс өөр хурлын тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болно.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул “...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй...” гэсэн агуулга бүхий түүний гомдлыг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч М.Сид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чанцалдуламын гаргасан давж заалдах гомдлын “...дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэх хэсгийг хэлэлцэхгүй нээлттэй үлдээж байгааг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Сид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч М.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ