Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Л.С-ийн

Б.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.А нь 1966 онд төрсөн, 58 настай. Тэрээр 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэгдлийн конторын цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орж, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Аймгийн архиваас 1990, 1991, 1992, 1995 оны цалингийн тодорхойлолт, 1993-1994 оны холбогдох баримтууд шүүлгэхэд олдохгүй байгаа. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох тушаалууд байхгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд Б.Аийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ .

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Л.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, төлбөрийн далгавар, 1995 онд Б.А хамт олонтойгоо авхуулсан зураг гэх тайлбартай гэрэл зураг, Б.Аийн 126914 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 400 дугаартай тодорхойлолт, 698 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, гэрч Г.Ө-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 282626 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Ганбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Энх мэндийн харуул эрүүл мэндийн төвийнхэн гэх номыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Л.Сгийн хүсэлтээр Г.Ө, Ц.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.

Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Аийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Аийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.Сгийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Л.С нь шүүхэд хандаж 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Л.Сгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгаас Б.Аийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн ба тус баримт нь цаг хугацааны хувьд 1990 оны 3 дугаар сараас 1992 оныг дуустал, 1995 оны 1-12 дугаар сарын хооронд хүсэлт гаргагч Б.А нь Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж, цалин хөлс авч байсан болохыг нотолж байна. Харин Зүүнхангай сумын Хүн эмнэлгийн 1993-1994 оны цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Б.Ад холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болохыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 400 дугаартай лавлагаагаар тодорхойлжээ.

3.2. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Аийн ХААТР-1 маягтад түүнийг 1988 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ. Дээрх баримт нь 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх ба Б.Аийг 1990-1994 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход хамааралгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй баримт байна.  

3.3. Хэрэгт авагдсан Увс аймгийн Зүүнхангай сумны Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулж бүтээсэн, тус Эрүүл мэндийн төвийн 1937-2017 оны түүхийг өгүүлэх “Энх мэндийн харуул Эрүүл мэндийн төвийнхэн” номын 74-76 дугаар талд Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэг буюу Эрүүл мэндийн төвийн даргаар 1986-2000 оны хооронд ажиллаж байсан Я.Алимаагийн дурсамж нийтлэгдсэн байх ба тус нийтлэлд хамт ажиллаж байсан “...Б.А...” гэж тэмдэглэжээ. Мөн тус номны 41,100, 132 дугаар талд тус тус Б.А гэж тэмдэглэгджээ.

Дээрх баримт нь Б.Аийг 1990-1995 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсан эсэхийг нотлоход хамааралтай бөгөөд ач холбогдолтой байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Түүнчлэн хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл “1995 онд...” гэх тайлбартай гэрэл зургийг Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 1995 онд авхуулсан, тус гэрэл зурагт Б.А нь цагаан нөмрөг, малгайтай гурав дахь эгнээний зүүн гар талаас нэгдүгээрт зогссон байх тул тухайн гэрэл зурагт үндэслэн Б.А нь 1995 оны байдлаар Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв буюу Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан гэж үзэх боломжтой байна. Тус гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлж ,шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.4. Гэрч Ц.Г шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1988 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгсөж ирээд Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Намайг тус эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажиллаж байхад Б.А 1990 онд асрагчаар ажилд орсон. Тэр цагаас хойш 2004 он хүртэл бид хамтдаа Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд ажилласан. Би 2004 онд Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэг рүү эх баригч, бага эмчээр шилжин ажилласан. Намайг Өндөрхангай сум руу шилжиж байх үед Б.А Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвдөө асрагчаар ажиллаад үлдсэн. Тухайн үед Зүүнхангай сумын Хүн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвд  4 сувилагч, 4 асрагч ээлжээр ажилладаг байсан. Би эх баригч, бага эмч болохоороо өдрийн 8 цагаар ажилладаг ба эх төрсөн үед тухайн үеийн байдлаас шалтгаалан хэдэн цаг, хэдэн өдөр ч хамаагүй хамтран ажилладаг байсан. Б.Аийн нотлох баримтаар өгсөн гэрэл зураг нь 1995 онд намайг жирэмсний амралттай байх үед хамт олны гэрэл зураг хэрэгтэй байна гээд дуудагдаж ирж авахуулж байсан зураг байна. Тухайн зургийн урд эгнээний баруун гар талаасаа бага эмч Пүрэвдорж, их эмч Дэжээхүү, эрхлэгч эмч Мянганбаяр, бага эмч Лена, дунд эгнээний баруун гар талаас тогооч Цэндсүрэн, асрагч Оюунгэрэл, эх баригч Ганбаатар /би/, сувилагч Наранхүү, сувилагч Баасанжав, арын эгнээний баруун гар талаас асрагч Бадмаа, сувилагч Пүрэвжаргал, асрагч Жавзанпагва, сувилагч Отгонжаргал, асрагч Алтанүдэл нарын гэрэл зураг байна. Зүүнхангай сумын Хүн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Алимаа, Насанжаргал, Мянганбаяр гэх эмч нар ажиллаж байсан” гэжээ.

3.5. Гэрч Г.Ө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1976-2005 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тус эмнэлэгт бага эмчээр ажиллаж байхад Б.А 1990 оны 01 дүгээр сард асрагчаар ажилд орж байсан. Түүний аав нь Бат-Эрдэнийх манайхан нэг сумын ойролцоо байдаг байсан ба ээж нь Б.Аийг бага байхад нас барсан, тэрээр аавтайгаа хамт амьдардаг байсан. Б.А нь 8-р анги төгсөөд сургуульд сурахгүйгээр сумын Захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байгаа эмнэлэгт асрагчаар ажилд орж олон жил сумынхаа эмнэлэгт ажилласан. Манай эмнэлэг нь ээлжийн 4 сувилагч, 4 асрагчтай байсан. Намайг 2005 онд өндөр насны тэтгэвэрт гарахад Б.А асрагчаар ажиллаад үлдсэн. Сүүлд 2009 онд ажлаасаа  гараад Улаанбаатар хот руу шилжиж байсан бид нэг сумын нэг байгууллагад хамт ажилдлаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн үед Зүүнхангай сумын Хүн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Алимаа, Насанжаргал, Мянганбаяр гэх эмч нар ажиллаж байсан” гэжээ.

3.6. Гэрч Г.Ө нь анх 1976 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажилд орж 2005 оныг хүртэл ажилласан бол гэрч Ц.Г нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажилласан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Б.Аийг 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шүүхээс хүсэлт гаргагч Л.Сгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Баяндалай овогт Б.А-ийн (РД:ОЕ66011624) 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА