Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 268

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц овогт Б-ийн Н-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030578 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа “44” зах дээр ачаа зөөдөг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ,,,,,тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Б-ийн Н

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,,, тоотод оршин суух иргэн Н.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж, орон байранд нэвтэрч орон панасоник загварын 40 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Н-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн ,,,, тоотод ганцаараа оршин суудаг. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 10-11 цагийн үед “Цолмон” нэртэй дэлгүүр ороход араас танил Н- гэх залуу орж ирсэн. Тэгээд Н- надад 0,75 литрийн архи, нэг ундаатай авч өгөхөөр нь хамт уухаар болж хажуугийн цайны газарт орж архиа хувааж уугаад дуусгасан. Ингээд бид хоёр дахин архи авч уухаар ярилцаад би 0,75 литрийн архи авсан. Тэгээд Н- бид хоёр манай гэрийн хашаанд очиж ууя гээд явж байхад гудамжинд Шагдар, хөргөгч засдаг нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуу, бас нэрийг нь мэдэхгүй бор царайтай 50 орчим насны эрэгтэйтэй тааралдаж манай хашаанд орж, авсан архиа хувааж ууцгаасан. Тэгээд байж байхад манай найз 14 цагийн үед гаднаас автомашинтайгаа ирээд намайг аваад явсан. Би тухайн үед хашаандаа тэд нарыг үлдээгээд явсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ хулгай орсоныг мэдээд ирсэн юм. Манай гэрийн хаалганы цоожийг хөшиж, эвдэж ороод панасоник маркийн 40 инчийн зурагт авсан байсан. ...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан...” /хх-ийн 36-38/ гэсэн,

 

Гэрч Ц.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун хусны эх” хүнсний дэлгүүрийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс түрээслэн ажлуулж байгаа юм. Манай дэлгүүрт 2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн үед үл таних 30 орчим насны, 175 см өндөртэй, махлаг эрэгтэй хар өнгийн корпустай панасоник маркийн зурагт тэврээд орж ирсэн. Тухайн үед тэр эрэгтэй надад “мөнгөний хэрэг гарчихлаа, гэрийнхээ зурагтыг 80,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би “Чи гэрийнхээ ажилладаггүй зурагтыг зарах гэж байгаа юм уу? 80,000 төгрөгийн үнэтэй зурагт гэж юу байдаг юм бэ” гэхэд тэр залуу зүгээр ажиллана гээд зурагтаа асааж үзүүлсэн. Тэгэхээрнь “Чи янз бүрийн хулгайн зурагт зарах гэж байгаа юм биш биздээ, би тийм хулгайн эд зүйл авах дургүй, хүнд битгий гай болоорой” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “Үгүй, эгчээ хулгайн эд зүйл бишээ манай гэрийн зурагт байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 80,000 төгрөгөөр зурагтыг худалдаж авсан. Тэр залуу надаас мөнгөө аваад л шууд дэлгүүрээс гараад явсан...” /хх-ийн 42/ гэсэн,

 

Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-н 7-49 тоотод өөрийн эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт хүүхдээ сахиж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ амрахаар ирсэн. Намайг автобуснаас буугаад ирж байхад хөрш Б-ийн хамтран амьдрагч эмэгтэй нь залгаад “Б-тай яриулаад өгөөч” гэхээр нь “за” гээд гэр рүү нь орох гэж байхад танил Н- гэх залуу Б-ийн хашаа руу миний өмнө орж байгаа харагдсан. Тухайн үед би араас нь очоод харахад Н- эхлээд байшингийн хоёр давхарын хаалгыг татаад, дараа нь гражийн хаалгыг татаж үзээд явж байснаа сүүлд гэрийнх нь хаалгыг татсан, тэгээд цаана байх амбаар руу ороод гарч ирсэн. Би хараагүй юм шиг хашаа руу нь явж ороод бие засчихаад “Б- байна уу” гэж асуухад Н- согтуу юм шиг царайлаад “Б- ах байхгүй байна, би амбаарт нь тасраанд унтсан байна” гэж хэлэхээр нь “Чи яагаад худлаа яриад эзэнгүй айлын хаалгыг татаж үзээд яваад байгаа юм бэ?, одоо хашаанаас нь гар, яв” гээд гаргасан юм. Тэгээд би шууд гэртээ ороод амарсан. Намайг гэртээ орсны дараа гадаа харанхуй болсон ба намайг гэртээ орсоны дараа Н- буцаж Б-ийн гэрт орсон байх, маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед Б-ийн хамтран амьдрагч нь дахиад над руу залгаад яриулаад өгөөч гэхээр нь дахин Б-ийн гэрт ороход, гэрийнх нь хаалга нь онгорхой, үүдний амбаар дотор зурагтны антенны хар суурь унасан байсан. Тухайн үед Б-ийн гэрийн хаалгыг эвдэж онгойлгосон, цоож зүүлттэй байсан. Би шууд 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгч Б-ийн хамаатны хүмүүст мэдэгдсэн...”/хх-ийн 43-44/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн ,,,,, тоотод өөрийн эхнэр Б.М- болон 3 хүүхдийн хамт оршин суудаг юм. ...Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед Морингийн даваанаас Нисэхэд ирээд явж байхдаа танил ах Б-тай тааралдаад “ганц шил архи авч уух уу” гэхээр нь тэгье гээд хамт яваад тэдний гэр болох Хан-Уул дүүргийн ,,,, тоот хашаанд орж, хувааж уусан. ...Ингээд архи ууж байгаад Б-ийн хашаанаас гараад Нисэхээр явж байгаад 11 цагийн үед буцаж Б- ахын гэрт ирэхэд эзэнгүй байхаар нь хашааны баруун талд байх амбаарт нь ороод, матрас дээр унтсан. Ингээд орой 21 цагийн үед сэрээд, амбаараас гарахад Б- ахын хажуу айлын залуу орж ирсэн.  Тэр залуу “Чи эзэнгүй айлын хашаанд юу хийж байгаа юм бэ” гэхээр нь амбаарт унтсан байна гэж хэлсэн. Тэгсэн намайг хашаанаас нь гар гээд хөөсөн. Тэгээд Нисэх хавиар тэнэж явж байгаад дахиад архи уумаар санагдаад архины мөнгө хэрэгтэй болж, Б- ахын гэрт дахин очиход эзэнгүй байсан. Б- ах Монгол гэрийнхээ хаалгыг төмөр даруулгаар дарж, цагаан өнгийн төмөр цоожоор цоожилсон байсныг нь би шууд татаж онгойлгоод дотогш орж, хар өнгийн корпустай 40 инчийн ЛСД зурагтыг нь авч гарсан. Тэгээд Мини маркет дэлгүүрт очиж зурагтыг 80,000 төгрөгөөр зараад 5,000 төгрөгийг нь таксинд өгч явуулсан. Харин үлдсэн мөнгөөр архи ууж дуусгасан. /хх-ийн 62-64, 68-69/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.М, Б.Ж нарыг мэдүүлэг, баримтууд /хх-ийн 39-41, 79-83/,

           - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70/,

- Сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих тухай захирамж /хх-ийн 54, 57, 60/,

- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамж /хх-ийн 122/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 74-78/,

- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 126/,

- Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух иргэн Н.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж, орон байранд нь нэвтэрч панасоник загварын 40 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б, гэрч Э.Э, Ц.Л нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

 

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...энэ гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч...үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Н-т 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-т 300.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан /хх-ийн 27, 126/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй байна.

 

Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Н- урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-78/-аар тогтоогдож байна. 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заажээ.

 

Шүүх энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа болон түүний бага насны хүүхдүүдтэй зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 73 хоног /хх-ийн 54-60/ цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 201726030578 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 03 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Н-ын биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 03 жил 03 сарын хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн 201726030578 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.АЛТАНЖИГҮҮР