Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 120/2017/0015/з |
Дугаар | 202 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 202
Г.С-гийн нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0102 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгч Г.С,
Хариуцагч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын өмгөөлөгч Х.Нямдэлгэр нар,
Хариуцагч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-г мөн аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 4.948.065.00 /дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран тав/ төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан Г.С-д олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0102 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын өмгөөлөгч Х.Нямдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0102 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлээр хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэснийг зөрчиж, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасныг шалган тогтоолгүйгээр албан тушаалаас халжээ” гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. 2017 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Ханхонгор сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч М.Оюун-Эрдэнээс тус тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.С-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу аймгийн Ёс зүйн хороо тус суманд ажиллаж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, 5.3.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэдгийг тогтоосон.
6. Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 18 тоот тогтоол, Ёс зүйн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт болон тус тамгын газрын нэр бүхий 13 ажилтны тайлбараар Г.С- нь хууль болон дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдсон тул Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг тус тус үндэслэж Г.С-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулж “Ажлаас халах тухай” захирамж гаргасан.
7. Г.С- нь тамгын газрын даргаар ажиллаж байх явцдаа өөрийн шууд удирдлага доор ажилладаг төрийн албан хаагчдад байнга дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхаж хавчих, Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан нягтлан бодогч М.Оюун-Эрдэнийг ажлаас үндэслэлгүй халсан болон бичиг хэргийн ажилтантай гэр бүлээс гадуур хувийн харилцаа тогтоох зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж байсан нь дээр дурдсан эрх бүхий байгууллагын тогтоол, дүгнэлт, алба хаагчдын тайлбараар нотлогдож тогтоогдсон байх тул Засаг даргын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй’’ гэж заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
8. Уг ажлаас халах захирамжийг гаргахаас өмнө Засаг дарга Э.Баяр-Эрдэнэ нь Г.С-тай биечлэн уулзаж захирамжийн агуулгыг зохих ёсоор танилцуулж Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4-т заасныг зөв хэрэгжүүлж арга хэмжээ авч хариуцлага тооцсон байтал давж заалдах шатны шүүхээс “...ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасныг шалган тогтоолгүйгээр ажлаас халжээ. Тиймээс маргаан бүхий захиргааны акт болох Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны Б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцэхгүй байх бөгөөд...” гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь нэхэмжлэгч Г.С-гийн төрийн албыг үл хүндэтгэж удаа дараа хууль, дүрэм зөрчсөн үйлдэлд нь тохирсон хариуцлага тооцсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Засаг дарга нь ажлаас халах захирамжийг зөвхөн Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гаргаагүй Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг давхар баримталсан гэдгийг дурдах нь зүйтэй.
9. Иймд, дээрх хууль зүйн үндэслэлээр эрх бүхий байгууллага буюу Төрийн албаны салбар зөвлөлийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гаргасан дүгнэлт, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчдын тайлбарыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу өөрт нь зохих ёсоор мэдэгдэж, ажлаас халах болсон үндэслэлийг танилцуулж хуульд үндэслэж гаргасан захирамжийг хүчингүй болгох Г.С-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.С-г төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан тус сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцээгүй байна.
12. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай М.Оюун-эрдэнээс гаргасан гомдлын дагуу тус тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хороо шалгалт хийж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр дүгнэлтээр Г.С- нь төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан нь 13 албан хаагчийн тайлбараар нотлогдсон, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь хэсгүүдэд “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж тогтоосныг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолоор үндэслэлтэй гэж үзжээ.
13. Нэхэмжлэгч нь “...ёс зүйн зөрчил гаргасныг тогтоогоогүй, ...дүгнэлтийг танилцуулаагүй, ...тайлбар нотолгоо гаргах боломжоор хангаагүй, ...гомдол эцэслэн шийдвэрлээгүй байхад ажлаас халсан...” гэх үндэслэлээр маргажээ.
14. Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэлд хамаарах 12 иргэний тайлбараас өөр нотлох баримт үгүй байхад хариуцагч зөвхөн эдгээр иргэдийн тайлбарт үндэслэж, хэт өрөөсгөл шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
15. Мөн хариуцагчийн шийдвэр гаргасан үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл болон Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д нийцэж хэрэгжээгүй болохыг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой зөв дүгнэжээ.
16. Тодруулбал, захиргааны байгууллага дээрх журмын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй”, 12-т “...харъяалах дээд шатны төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл ...Төрийн албаны зөвлөлд, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж журмыг зөрчсөн байх тул Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлгүй.
17. Шүүх “...сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагатай...” гэж дүгнээгүй тул энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн, маргаанд хамааралтай Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ