| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02515/И |
| Дугаар | 182/ШШ2024/02242 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/02242
2024 05 20 182/ШШ2024/02242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Бын Ц /РД: *****/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Сартуул овогт Бын Ц би БНМАУ-ын Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 тоот тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуулийн Тооны багшаар томилогдож 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан.
Гэтэл одоо тэтгэвэрт гарах гэсэн чинь тухайн үеийн хөдөлмөр дэвтэр байдаггүй. Тухайн үедээ залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтрийг хэрэгтэй гэж бодоогүй болохоор ерөөсөө авч байгаагүй. Архиваас баримт шүүлгэсэн боловч ажилд томилсон тушаал л байна, ажлаас халсан тухай тушаал байхгүй байна гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-4/, Б.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 648 дугаартай тодорхойлолт /хх-6/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 340 дугаартай тодорхойлолт /хх-7/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаартай тушаал /хх-9/, Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай тушаал /хх-10/, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/571 дугаартай тодорхойлолт /хх-11/, гэрч Б.Огийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-13/, гэрч В.Дгийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-14-15/, фото зураг /хх-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрч В.Д, Б.О нараас гэрчийн мэдүүлэг /хх-21-24/ авсан тэмдэглэлүүд хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Б.Ц нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооны багшаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Миний бие залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр хэрэг болох тухай бодоогүй. Гэтэл өндөр настны тэтгэвэрт гарах болтол нийгмийн даатгалын байгууллагаас шаардаж байна. Одоо архиваас баримт шүүлгэхээр зөвхөн ажилд томилсон тушаалын хуулбар л олдсон гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооны багшаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаартай Багш томилох тухай тушаалын 1-т Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 3-аас Б.Ц тооны багшаар...тус тус томилж гэж,
Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт Багш нарт анги, кабинет хариуцуулах тухай тушаах нь: ... 5Б-Ц, 2 дахь хэсэгт ... физикийн кабинетийг Ц нарт тус тус хариуцуулсугай гэж тус тус заажээ.
3.2 Гэрч В.Д ... Би Дөрвөлжин сумын хүн бөгөөд усны тэрэгний жолооч хийдэг байсан. 1981 оны намар нэг залуу багш ирсэн гэсэн нь Б.Ц байсан. Би эхлээд таньдаггүй байсан ч дараа нь сагс тоглох байдлаар танилцаж байлаа. Б.Ц нь 1984 онд Орос руу сургуульд суралцахаар явахдаа сургуулиас гарсан байх гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Б.О ... Би 1977 оноос эхлэн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажилласан. Тэр үед Ц гэх хүүхэд ирээд 2-3 жил багшаар ажилласан. Манайд тооны багшийн дутагдалтай гээд сургуулиа төгсөөд шууд ирж ажиллаж байсан. Манай хажуу талын айл болох н.Бат-Өлзий багшийн гэрт амьдарч байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
3.3 Хавтас хэргийн 16 дугаар талд авагдсан фото зураг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Б.Цгийн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооны багшаар ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 648 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 340 дугаартай тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/571 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Б.Цг Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооны багшаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бын Ц /РД: *****/-г Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооны багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА