Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 269

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-н Х-д холбогдох эрүүгийн 1710000000079 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Х

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б-н Х- нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 24:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Арьс ширний 80 айлын орон сууцны орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних Э.Л-ы зүүн нүд орчимд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-гийн өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч Э.Л-ыг таньдаг, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө, орцны үүдэнд Э.Л-ы эгч Т-тэй юм яриад байж байхад Э.Л- ирээд эхлээд эгчтэйгээ хэрэлдээд байсан. Тэгэхэд нь би “ахын дүү хэрүүл маргаанаар яах юм бэ, зодооноор яах юм бэ, хоёулаа хэрэлдэж маргалдахгүй, асуудлаа шийдье” гэж хэлж байсан.

Би эхлээд хэвлий хэсэг рүү нь хальт цохисон. Дараа нь Э.Л-ы нүд рүү нь цохисон. Одоо хохирогч Э.Л-ы бие эрүүл болсон. Хохирогч нь надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би тухайн үед айраг уусан байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000079 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Э.Л-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн орой 23 цаг 50 минут өнгөрч байх үед гэрээсээ гараад иртэл манай төрсөн эгч Т- байшингийн гадаа Х- болон 3 найзынхаа хамт архи уугаад сууж байсан. Эгчийг “наанаа юу хийгээд байгаа юм, гэртээ орооч” гэсэн чинь манай эгч “би эд нартай юм яриад сууж байна” гэхээр нь “наадуултайгаа юу ярьдаг юм бэ” гэсэн чинь Х- надад хандаад “ахын дүү, чи одоо яагаад байгаа юм бэ” гэхээр нь “яасан юм, зүгээр эгчтэйгээ ярьж байна” гэсэн чинь Х- “эд нартай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ” гэсэн. Тэгээд над руу дөхөж ирээд “ахын дүү хоёулаа ийшлэе” гэж хэлсэн. Би “тэгье” гээд хамт яваад байшингийн булан тойроход Х- хувцасаа тайлж, тавиад над руу дайраад байхаар нь би ухраад явж байтал гэнэт хойшоо үл ялиг хөл алдах үед миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод, мөн нүүрэн тус газарт гараараа хэд, хэдэн удаа цохиод, цээж рүү өшиглөсөн. Энэ үед манай эгч ирээд бид хоёрыг салгасан. Би Х-д нэг ч удаа гар хүрээгүй. Х- л намайг цохиж зодсон.

Тухайн үед би эрүүл байсан, харин Х- архи уусан байсан. Болсон асуудлыг манай эгч Т- харсан. Одоо миний зүүн нүд хавдаад нээж болохгүй байна, мөн зүүн нүднээс цус гоожоод, толгой өвдөөд байна.

Надад Х-гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нүдний гэмтэл хэд хоноод хаван нь буугаад өөрөө зүгээр болчихсон. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-9х/,

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9917 тоот дүгнэлтэд:

1. Э.Л-ы биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

3. Шүүгдэгч Б.Х-гээс мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Хан-Уул дүүргийн ,,,,, гэх газар амьдраад 3-4 жил болж байна. Одоо надад зодуулсан гээд байгаа Л- болон бусад надтай хамт архи уух гэж байсан хүмүүс бүгд хоорондоо ерөнхийдөө найз нөхдийн холбоотой гэж ойлгож болно. 2017 оны 08 дугаар сарын 01-ний орой 23:00 цаг өнгөрч байх үед би, манай найз охин М, найз М, Л-ы төрсөн эгч Т- нарын хамт 0,33 литрийн Монгол Стандарт нэртэй архи аваад хувааж уух гээд сууж байтал Т- надад хандаад “дараа нь чамтай тухтай ярих юм байна, хүмүүс чи бид хоёрын талаар буруу юм яриад байх шиг байна” гээд ярилцаад зогсож байсан.

Гэтэл Т-ийн төрсөн дүү Л- гарч ирээд эгчийгээ загнаад “наанаа юу хийгээд байгаа юм бэ, орооч” гэхэд эгч нь “чи өөрөө орооч” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад, мөн Л- “Хашаа ах таныг угаасаа наагуур чинь янз бүрээр яриад яваад байгаа юм байна лээ” гэхээр нь би уурлаад “ахын дүү чи юу яриад байгаа юм бэ, би худлаа ярьдаг хүн биш шүү” гэхэд “та угаасаа тэгж хэлсэн л биздээ” гээд байхаар нь “чи ер нь юу гээд байгаа юм бэ, хүмүүсийн хажууд маргалдаад яахав арай зайтай газар очоод ярилцъя” гэж хэлээд Л-ыг дагуулаад хамт байсан хүмүүстээ харагдахааргүй булан тойроод зогссон.

Би Л-д хандаад “ахын дүү яагаад байгаа юм бэ” гэхэд “та угаасаа эгчийн талаар буруу зөрүү юм яриад яваад байгаа биздээ” гээд надтай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь “за ахын дүү хоёулаа зодолдоод яахав, эр улсууд шиг учираа олчихъё” гэсэн чинь Л- “яасан ч яахав” гээд бугуйн цагаа тайлаад, хоёр гараа өргөөд намайг тойроод байхаар нь “ахын дүү чи арай надтай зодоон хийх гээд байгаа юм биш биздээ” гэж хэлээд айлгах санаатай хэвлий хэсэг рүү нь нэг удаа зөөлөн цохисон. Мөн хоёр дахь удаа одоо миний санаж байгаагаар зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохитол нүдээ бариад доошоо суучихсан. Би Л-ыг цохиод дууссаны дараагаар Т- ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/, болон шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 27х/, гэрч Ц.Б-н мэдүүлэг /хэргийн 12х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч Б.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Л- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус  прокурорын хяналтын шатанд гаргаж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 24 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, орчимд зүс таних Э.Л-ы зүүн нүд орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Э.Л-ы мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Б.Х-гийн хохирогч Э.Л-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Энэ хэргийн хохирогч Э.Л- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  тухай хүсэлтээ илэрхийлсэн /хэргийн 34-35х/ тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт  тооцож төлөх төлбөргүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Энэ хэрэгт Б.Х- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогч Э.Л- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, ялтан тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Х нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Э.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД