Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

 

А.Дд холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхзул, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогч П.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Дд холбогдох 1908 06506 1145 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б. овгийн А.ын Д., 20... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... дүүргийн ... дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

А.Д нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-10 тоотод 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Анударийг согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.. овгийн А.ын Д-г хохирогчийг согтуурсны улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар А.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Д нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогч П.А нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.А нь иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч А.Дгийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...П-гийн А миний бие А.Дд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор байцаагдаж, хянан шалгах ажиллагаанд оролцсон юм. А.Д, А.Марал-Эрдэнэ, О.Жанлавцогзол бид дөрөв 2017 оноос найзалж байгаа найзууд бөгөөд цагдаад өгсөн өргөдөл, мэдүүлэгт дурдсан байгаа. Мөн А.Д бид хоёр 2019 оны 4 сараас хойш ойролцоогоор 7 хоногт 3 удаа уулздаг байсан. А.Д 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө нэг удаа “хоёулаа унтъя” гэж хэлсэн. Тухайн үед би “миний биений юм ирсэн, тэгэхээр одоо болохгүй шүү дээ” гэж хэлээд бид 2 дараа унтахаар болсон юм. Энэ талаар А.Дгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн юм. Би энэ талаар мэдүүлэх гэсэн боловч аав, ээжээс айгаад хэлээгүй. Тэр өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Д, А.Марал-Эрдэнэ, О.Жанлавцогзол бид дөрөв А.Марал-Эрдэнийн амьдардаг гэх байранд очиж 2.5 литрийн пиво 3-г аваад уусан. Ууж байхдаа хөзөр тоглосон, хожигдсон нь хувцсаа тайлахаар мөрийцсөн. А.Д бид 2 хувцсаа тайлаад цээжин бие нүцгэн болсон. А.Д бид 2 дундаа нэг одъяал нөмрөөд сууж байсан. А.Марал-Эрдэнэ, О.Жанлавцогзол хоёр гарах хооронд бид 2 үнсэлцэж байсан. Энэ талаар А.Д мөрдөн байцаалтад мэдүүлсэн байдаг. А.Марал-Эрдэнэ явсаны дараа пиво ууж дуусгаад А.Д бид хоёр дахин явж 2.5 литрийн пиво нэгийг авч уусан. Тэгээд А.Д бид хоёр хоёулаа нилээн согтсон, архиа гаргах гээд бид хоёр цуг том өрөөнд унтсан. Цуг нэг орон дээр унтаж байхдаа А.Д бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Би түүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагаа мэдэж байсан. Би түүнийг болиулах гээгүй, дургүйцээгүй. Мөн надад хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, айлган сүрдүүлээгүй бөгөөд надад гомдол санал байхгүй талаараа би 2 удаагийн өргөдөл, удаа дараагийн байцаалтад тогтвортой мэдүүлсээр ирсэн. А.Д нь урьд өмнө нь ч, одоо ч намайг дарамталж байгаагүй. Би түүний эрхшээлд нь орох нөхцөл байдалд байгаагүй. Би түүний эрхшээлд байгаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа билээ. Тийм ч учраас А.Дг оюутан цэргээс ирэхэд бид дөрөв дахин уулзаж, караоке орж тэмдэглэж байсан. Хэрэгт энэ талаар баримт байгаа. 2019 оны 6 дугаар сарын 11-нд намайг гэртээ согтуу ирсэнийг аав мэдээд “...аав, ээжийгээ амьд байхад согтуу ирлээ” гээд зодсон. 10 дугаар сарын сүүлээр жирэмсэн болсноо мэдээд А.Марал-Эрдэнэ, А.Д нарт хэлэхэд тоогоогүй. Тэгээд яахаа мэдхээ байж байтал ээж ажиглаж мэдээд намайг загинаад шээ гэж шээлгээд тестээр шинжлээд намайг жирэмсэн гэдгийг мэдчихсэн. Тэгээд манай гэрт бөөн асуудал болсон. Тэгээд ээж цагдаад гомдол гаргачихсан. Надаар гомдол бич гээд бичүүлсэн. Ингээд сүүлд нь А.Дд шүүхээс ял өгсөн. Ийм юм болно гэж би бодоогүй. Би хүнийг хэлмэгдүүлмээргүй байна. “Согтуу байхдаа унтсанд гомдолтой байна” гэж хэлэхээс өөр хэлэх үг надад олдохгүй явсаар байсан. Бид хоёр адилхан согтуу байсан. Гэхдээ өөрийгөө хянах, хамгаалах, эсэргүүцэх чадвар надад байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Дтай бэлгийн харьцаанд орж байгаагаа мэдэж байсан. Бид хоёр өмнө нь бэлгийн харьцаанд орох гэхэд миний биеийн юм ирчихсэн байсан учраас унтаж чадаагүй, хөзөр тоглоод хувцсаа тайлсаар байгаад бид 2 цээжин бие нүцгэн байсан, үнсэлцэж байсан бөгөөд нэг одъяал нөмөрч байсан болохоор цуг том өрөөнд нэг орон дээр архиа гаргах гээд хэвтэхдээ бэлгийн харьцаанд орж унтсан юм. Би дургүйцээгүй, надтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, би түүний эрхшээлд байгаагүй, надад гомдол санал байхгүй. Ийм учраас хэрэгт цугларсан нотлох баримтуудад олон талаас нь сайн дүгнэлт хийж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. П.А би ажил хийдэг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хурлаа хийж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1064 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Найз охин болох П.А, хүү А.Бямбадалай нартай хамт амьдарч байсан. 2020 оны 9 дүгээр сард прокурорын шатанд хаагдсан байсан хэргийг дахин нээж намайг ялласанд маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяа 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнээд, хэрэг бүртгэлтийн 190806506 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийг 3581 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 19 дугаартай тогтоолоор дүүргийн ерөнхий прокурор хэргийн хохирогч гэх П.А бусдад хүчиндүүлсний улмаас жирэмсэн болж ...хүү төрүүлж, төрүүлсэн хүү А.Бямбадалайгийн биологийн эцэг нь ...дүгнэлтээр тогтоогдсон гэх хэрэгт хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байх тул хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарантуяа 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “О.Жанлавцогзол нь А.Дтай бүлэглэн хохирогч П.Анударийг хүсэл зоригийн эсрэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсныг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул” гэж дүгнээд тус дүүргийн прокурорын газраас О.Жанлавцогзол, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганбаатар “Яллагдагч О.Жанлавцогзол нь яллагдагч А.Дтай бүлэглэж, “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнээд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганбаатар “Яллагдагч А.Д нь хохирогч П.Анударийг согтуурсан, мансуурсан эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүчиндэж, жирэмсэн болгосон” гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж “Яллах дүгнэлт” үйлдсэн.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд өөрчлөгдөөгүй “Хүчиндэх” гэмт хэрэг мөн эсэхийг тогтоох чухал ач холбогдол бүхий шинэ нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад дөрвөн прокурор 5 өөр шийдвэр гаргасан байна. Энэ нь А.Дг “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй байгааг шууд харуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь анхан шатны шүүх “Шүүгдэгч А.Дг хохирогчийг согтуурсны улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэж ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн 12.1 Хүчиндэх, 1. “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар А.Д, А.Марал-Эрдэнэ, О.Жанлавцогзол, П.А нар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Дг оюутан цэрэгт, А.Марал-Эрдэнийг Испани улс руу тус тус явах гэж байгааг гаргаж өгөхөөр 4 найз уулзаж, нийт 2.5 литрийн 4 ширхэг пиво А.Марал-Эрдэнийн байранд уух явцад А.Д, П.А нар бэлгийн харьцаанд орж, П.А жирэмсэн болж, А.Дгийн хүүг төрүүлсэн гэх үйл явдал тогтоогдсон байна. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Д, П.А нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орсон уу, хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон уу. Мөн А.Дгийн эрхшээлд П.А байсан уу, П.А өөрийгөө хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан эсэх зэрэг үйл баримтуудыг хөдөлгөөнгүй тогтоосны эцэст А.Д гэх этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн эсэхийг тодорхойлох ёстой. Гэтэл А.Д, П.А нар бэлгийн харьцаанд орохоос өмнө А.Марал-Эрдэнэ яваад өгсөн байдаг. Ингэхээр энэ үйл явдлын талаар бодитой үнэн зөв мэдүүлэг өгөх хүн ганцхан О.Жанлавцогзол байгаа юм. О.Жанлавцогзол энэ хэрэгт гэрчээр, яллагдагчаар байцаалт өгсөн байдаг. Мөрдөгч түүнээс “Тухайн үед Анударь, Даваасамбуу нар хэдий хэмжээний согтолттой байсан талаар ярина уу” гэж асуухад “...Тухайн үед Анударь, Даваасамбуу нарыг харахад биеэ хянах чадвартай харагдаж байсан...” гэж мэдүүлсэн байдаг.

Харин нөгөө нэг гэрч болох А.Марал-Эрдэнээс байцаалт авахад энэ үйлдлийн талаар мэдэхгүй, гараад явчихсан байсан ба дараа нь түүнд энэ асуудлын талаар хэн ч, юу ч яриагүй талаар мэдүүлдэг. Шүүхийн шинжилгээний 2 дүгнэлт хэрэгт байх бөгөөд нэг нь Анударь жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчингүй, охин хальс үлдэцгүй талаар, нөгөө нэг дүгнэлт нь А.Д нь П.Анударийн хүү Бямбадалайгийн биологийн эцэг гэдгийг тогтоосон байдаг.

Хохирогч гэх П.А “2019 оны 6 дугаар сарын 11-нд гэртээ ирэхэд аав намайг согтуу байгааг мэдээд “аав, ээжийгээ амьд байхад согтуу ирлээ” гээд зодсон, 10 сарын сүүлээр жирэмсэн болсноо мэдээд, Марал-Эрдэнэ, Даваасамбуу нарт хэлсэн... Тэгээд айгаад нуугаад яваад байсан ... харин ээж намайг жирэмсэн болсныг мэдээд, шээлгээд тестээр шинжлээд намайг жирэмсэн гэдгийг баталсан. ...А.Д надад хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, айлган сүрдүүлээгүй, хүчээр бэлгийн харьцаанд ороогүй надад гомдол, санал байхгүй. Бид найзууд, уулздаг байсан. ...Даваасамбуу тэр өдөр надтай унтсан. ...Харин согтуу байхад бэлгийн харьцаанд орсонд гомдолтой байна...” гэж цагдаад өргөдөл гаргахдаа ч удаа дараа байцаалт өгөхдөө ч тогтвортой мэдүүлсээр ирсэн.

Харин А.Д “...Анударь бид хоёр 2019 оны 4 сараас хойш 7 хоногт ойролцоогоор 3 удаа уулздаг байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө нэг удаа Анударьд “хоёулаа унтах уу” гэхэд “миний биений юм ирсэн байгаа гээд дараа болохоор болсон. ...2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Марал-Эрдэнэ, Жанлавцогзол, Анударь бид дөрөв Марал-Эрдэнийн амьдардаг гэх байранд очиж 2.5 литрийн пиво 3-г аваад уусан. Ууж байхдаа хөзөр тоглож хожигдсон нь хувцсаа тайлахаар тохирсон. Анударь бид хоёр хувцсаа тайлаад цээжин бие нүцгэн болсон. Анударь бид хоёр дундаа нэг адьяал нөмрөөд сууж байсан, Марал-Эрдэнэ, Жанлавцогзол хоёр гарах хооронд бид 2 үнсэлцэж байсан. Анударь надад сайн байсан. ...Шинжилгээгээр миний хүүхэд гэж гарсан бол маргах зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байдаг.

Тэгэхээр П.А нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан. А.Д түүнд хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, айлган сүрдүүлээгүй, хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, А.Дд гомдох гомдол, санал байхгүй, Анударь Даваасамбуутай бэлгийн харьцаанд тэр өдөр орсон талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн, мөн Анударь нь эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас А.Дгийн эрхшээлд байгаагүй, хоёулаа адилхан уусан, адилхан согтуу байсан, хэн аль нэгнийхээ эрхшээлд оруулахаар харилцаатай хүмүүс биш, уулздаг найзууд болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь дээрх болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Харин согтуу байхдаа бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйд тооцохгүй. Харин согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсныг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцно. Гэтэл ийм үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч, хохирогч П.А нараас гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хэргийн бодит байдал бол хохирогч П.А согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь шүүгдэгч А.Д нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Түүний улмаас хохирогч П.А жирэмсэн болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаад явахад шүүгдэгч А.Д нь хохирогч П.Атай бэлгийн харьцаанд орсон. П.А нь жирэмсэн болсон учраас хүүхдээ төрүүлсэн. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.А мэдүүлэхдээ “...тухайн үед пиво уугаад унтаж байсан. Сэрэхэд миний өмсөж байсан өмд буруу харчихсан байсан. Юу болсон талаар асуухад мэдэхгүй гэсэн тайлбаруудыг хамт байсан хүмүүс өгсөн.” гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгээс үзвэл одоо энэ гомдол гаргаснаас нь зөрүүтэй мэдүүлэг байдаг. Давж заалдах гомдолдоо бүх зүйлийг мэдэж байсан, өөрөө хүсэж шүүгдэгч А.Дтай бэлгийн харьцаанд орсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө яг давж заалдах гомдолд дурдсан зүйлийг ярьдаг. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгийг болсон хэргийн бодит байдалтай нийцэж байна, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Д нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “тухайн үед П.Анударийг унтаж байсан газраас нь өргөөд өөрөө өмд хувцсыг нь тайлаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байна. Хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгийг өгсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, хохирогч П.А, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.Д нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-10 тоотод 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Анударийг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Анударийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад найз А.Марал-Эрдэнэ Испани улс, А.Д цэрэгт явна гэж байсан болохоор бид нар уулзаж агаарт гарахаар болсон. Тухайн өдөр А.Марал-Эрдэнийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Улаан дэлгүүрийн баруун талд байдаг гэрт нь очиход О.Жанлавцогзол байсан ба араас нь А.Д орж ирсэн. Бид нар уул руу гарах гэж байгаад болиод дэлгүүрээс “Сэрүүн” гэх нэртэй 2 литрийн пивоноос авч гэрт нь очиж ууцгаасан. Би пивоноос 4-5 аяга уусан. А.Марал- Эрдэнэ хонхны баярынхаа дээл хувцсыг бэлдэнэ гэж хэлээд явсан. Харин би уусан пивоо гаргаж байгаад гэртээ харъя гээд гэрт нь А.Д, О.Жанлавцогзол нартай хамт үлдсэн. А.Марал-Эрдэнийн гэрт унтаж байгаад сэрсэн чинь миний өмссөн өмдийг буруу харуулаад өмсгөсөн байсан. “Миний өмд яагаад буруу харсан байгаа юм бол” гэж А.Д, О.Жанлавцогзол нараас асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би А.Марал-Эрдэнийн гэрээс гараад гэртээ хариад дотуур хувцсаа солих үед доошоо цус гарсан байсан. Энэ үед хэн надтай бэлгийн харьцаанд орсон юм бол гэж бодож байсан боловч хүнд хэлэхийг хүсээгүй. Үүнээс хойш миний сарын тэмдэг ирэхгүй байхаар нь 2019 оны 8 дугаар сард А.Марал-Эрдэнэтэй уулзаад энэ талаар хэлэхэд “арай жирэмсэн болоогүй байлгүй дээ” гэж хэлсэн. Түүнээс хойш доошоо цус гараад байхаар нь сарын тэмдэг алдагдалтай ирээд байгаа юм байхдаа гэж бодоод явж байсан чинь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ээж шээсээр жирэмсний тест үзэж намайг жирэмсэн болохыг мэдсэн. Одоо би жирэмсний 29 долоо хоногтой. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бэлгийн харьцаанд орсноос хойш өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Би бодохдоо надтай А.Д бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна. Намайг хэн нэгэн айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орохыг шаардаагүй. Харин намайг биеэ хамгаалах чадваргүй байхад бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосонд би маш их гомдолтой байна. ...” /1хх 37/ гэсэн,

гэрч О.Жанлавцогзолын “...Даваасамбуу намайг жижиг өрөөнд дагуулж ороод “би Анударьтай бэлгийн харьцаанд ороодхоё” гэсэн утгатай зүйл хэлээд Анударийн унтаж байсан том өрөө рүү орсон. ...” /1хх 52/ гэсэн,

гэрч Л.Энхтуяагийн “...А.Д надад хэлэхдээ айлын охиныг жирэмсэн болгосон гэж шалгагдаж байгаа гэж хэлсэн. ...” /1хх 60/ гэсэн,

шүүгдэгч А.Дгийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. П.Анударийг газар хэвтүүлж байгаад дээр нь гараад өмд болон дотуур өмдийг нь тайлаад бэлгийн харьцаанд нэг удаа орчихоод хэсэг унтаж байгаад О.Жанлавцогзол, П.А нарыг сэрээгээд гэр гэртээ харьсан. Тухайн үед П.Атай бэлгийн харьцаанд орохдоо би нэлээн согтуу байсан. Мөн П.А бас согтуу байсан. ...” /1хх 178-179/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 486 дугаартай “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тун-Энэр” эмнэлгийн ургийн эхо шинжилгээнд 29 долоо хоног, 2 хоногтой жирэмсэн гэжээ. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Тун-Энэр” эмнэлгийн ургийн эхо шинжилгээнд 30 долоо хоног, 5 хоногтой жирэмсэн гэжээ. П.Анударийн бэлэг эрхтэн төрөх зам төрөлтөнд бэлтгэгдсэн, охин хальс үлдэцгүй болсон байна. ...” /1хх 68-69/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2471 дугаартай “...Хүний геномын микросателлитийн 14 локусын аллелиар А.Д нь А.Бямбадалайн биологийн эцэг байх боломжтой байна. А.Д нь А.Бямбадалайн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.98 хувийн магадлалтай байна. ...” /1хх 75-76/ гэсэн дүгнэлтүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 29-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Дг хохирогчийг хүсэл зоригийн эсрэг согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Шүүгдэгч А.Дгийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэж, жирэмсэн болгосон 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн зарчмын дагуу тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч П.А “...Бид хоёр адилхан согтуу байсан. Гэхдээ өөрийгөө хянах, хамгаалах, эсэргүүцэх чадвар надад байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Дтай бэлгийн харьцаанд орж байгаагаа мэдэж байсан. ...том өрөөнд нэг орон дээр архиа гаргах гээд хэвтэхдээ бэлгийн харьцаанд орж унтсан юм. Би дургүйцээгүй, надтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, би түүний эрхшээлд байгаагүй, надад гомдол санал байхгүй. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч А.Д “...2020 оны 9 дүгээр сард прокурорын шатанд хаагдсан байсан хэргийг дахин нээж намайг ялласанд маш их гомдолтой байна. ...” гэсэн,

шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “...хохирогч П.А нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан. А.Д түүнд хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, айлган сүрдүүлээгүй, хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, А.Дд гомдох гомдол, санал байхгүй, П.А А.Дтай бэлгийн харьцаанд тэр өдөр орсон талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн, мөн П.А нь эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас А.Дгийн эрхшээлд байгаагүй, хоёулаа адилхан уусан, адилхан согтуу байсан, хэн аль нэгнийхээ эрхшээлд оруулахаар харилцаатай хүмүүс биш, уулздаг найзууд болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Хавтас хэргээс үзэхэд, хохирогч П.А нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...унтаж байгаад сэрсэн чинь миний өмссөн өмдийг буруу харуулаад өмсгөсөн байсан. “Миний өмд яагаад буруу харсан байгаа юм бол” гэж А.Д, О.Жанлавцогзол нараас асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би А.Марал-Эрдэнийн гэрээс гараад гэртээ хариад дотуур хувцсаа солих үед доошоо цус гарсан байсан. ...ээж шээсээр жирэмсний тест үзэж намайг жирэмсэн болохыг мэдсэн. ...Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бэлгийн харьцаанд орсноос хойш өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. ...” гэж тогтвортой мэдүүлсээр иржээ.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс хойш “...Би дургүйцээгүй, надтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. ...” гэж мэдүүлгээ өөрчилсөн хэдий ч хохирогч П.Анударийн гаргасан өргөдөл, “А.Д нь А.Бямбадалайгийн биологийн эцэг байх мадагдалыг тооцоолж үзэхэд 99,98%-ийн магадлалтай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Д хохирогчийн ээж Ц.Пүрэвсүрэн нарын хооронд бичсэн фэйсбүүк чат /1хх 83-84/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 85/ зэрэг нотлох баримтуудад шүүгдэгч А.Д нь “...би Анударьтай унтаагүй, Жанлавцогзол нь Анударьтай унтсан...” гэж бичигдсэн байгаа нь харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ороогүй болохыг нотолсон байх тул хохирогч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгож, шүүгдэгч А.Дгийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...хохирогчийг согтуурсны улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөр шинжээр гэм буруутайд тооцсон байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогч П.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч Б овгийн А-ын Д-г хохирогчийг согтуурсны улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б овгийн А-ын Д-г хохирогчийг хүсэл зоригийн эсрэг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “...А.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “...А.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогч П.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ