Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0686

 

2023 09 13 128/ШШ2023/0686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:2*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г /РД:УХ6/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Б /Үнэмлэхийн дугаар:2/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э /Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/

Маргааны төрөл: Ашигт малтмалын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан 1."М*******" ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын талбайг улсын тусгай хамгаалалтад авч, ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон харилцаа байсныг тогтоолгох, 2.Ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3.Талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргуулахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, тодруулсны эцэст 1.Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, 2.Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

2.Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг холбогдох ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

2.1.Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/5163 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт ...Энэхүү аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах... саналтай байгааг бичгээр уламжилсан бөгөөд дээрх хууль батлагдах хүртэл танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэх хариуг хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч М******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654,27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид эзэмших, ашиглах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, мөн Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэгт холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Тус нэхэмжлэлүүдэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/1577 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШТ2023/0238 дугаар тогтоолоор тус тус хэрэг үүсгэсэн билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

1.Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэгт холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аргачлал саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэснийг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэж өөрчилж байна.

Манай компани 2002 онд хайгуулын, 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө тус тус авсны дараа 2011 онд УИХ-ын 18 дугаар тогтоол, 2012 онд Засгийн газрын 194 дүгээр тогтоол тус тус гарч манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байх бөгөөд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нэрээр бүхэл бүтэн 10 жил биднийг хүлээлгэж, хохироож байгаа нь тодорхой харагдана.

Ингээд бид Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн яам, тэдгээрийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын өргөдлийн байнгын хороо гэх мэт маш олон байгууллага, албан тушаалтанд нөхөн олговорын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа өргөдөл, гомдол, санал, хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл нөхөх олговрын асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/09 тоот, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/153 тоот албан бичгүүдээр мөн л хүсэлт өгсөн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 тоот албан бичгээр хариу өгсөн бөгөөд уг хариуг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр М******* ХХК гардан аваад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анх тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 тоот албан бичиг манай компанийн урьд өмнө гаргаж байсан хүсэлтүүдийг шийдвэрлэхээс татгалзжээ. Ингэхдээ тус албан бичигт ... бөгөөд дээрх хууль батлагдах хүртэл танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэжээ.

Энэ нь захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргах ёстой байсан захиргааны шийдвэрийг гаргахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахаас татгалзсан үндэслэлээ уг асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хууль өөрчлөгдөж байгаа тул хууль батлагдах хүртэл шийдвэр гаргахгүй гэсэн агуулгаар татгалзжээ. Гэтэл манай компанитай яг адилхан асуудалтай ашиглалт болон хайгуулын зөвшөөрөлтэй бусад компанийн асуудлыг нэгэнт шийдвэрлэж, тэдгээр нь одоо Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговороо авах гээд /талбайг нөөцөөр болон талбайн хэмжээгээр дүйцүүлэн/ хүлээж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан суурь эрх, зарчмын хүрээнд хууль хувь хүн, хуулийн этгээдүүдэд нэгэн адил бүгдэд тэгш үйлчилнэ гэж ойлгож байгаа. Гэтэл зөвхөн манай компанийн асуудлыг олон жил шийдвэрлэхгүй байгаад, улмаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэхээс татгалзаж байгаад гомдолтой байна. Тус хууль нь хэзээ батлагдах, хэрхэн өөрчлөлт орох зэрэг нь хууль тогтоогчийн хүсэл зоригийн асуудал бөгөөд манай компанийн асуудлыг шийдвэрлэхэд дээрх асуудал нь нөлөөлөхгүй юм. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/138, 200 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаанаар М******* ХХК, Ж******* ХХК, М******* ХХК-ийн асуудлуудыг шийдвэрлэсэн байх бөгөөд манай компанийн 2019 оны 172, 173 дугаар хүсэлтүүдийг хүлээн авч 654,27 гектар талбайд харилцан тохиролцох зарчмаар хүсэлтийг хүлээн авч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжлах байдлаар шийдвэрлэжээ. Гэтэл дээрх шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй. гэв.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ: М******* ХХК нь МҮ-0******* тусгай зөвшөөрөлтэй талбайд 2002-2003 онд хайгуулын зардал 22,109,000 төгрөг, 2007 онд 3,925,000, 2008 онд 3,100,000 хайгуулын ажлын тайлан баталгаажуулсан. Хайгуулын ажлын нийт зардалд 172,970,000 төгрөг, үйл ажиллагаа, хайгуул үнэлгээний хөрөнгийн зардалд 692,747,000 төгрөг, 2002-2009 онуудад ХҮ-0******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 8,656,601 төгрөг төлсөн. 2011-2018 онуудад МҮ-0******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 32.355.458.17 төгрөг төлсөн. 2010 оны батлагдсан ТЭЗҮ-ээр ашгийн тооцооны үнэлгээгээр 2012-2013-2014 онуудад манай компани үйл ажиллагаа явуулсан бол 4.525.421.004.72 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Үүнийг одооны зах зээлийн ханшаар тооцвол илүү ашиг олох байсан. Нөхөх олговор болон талбай дүйцүүлэн авахаар асуудлаа шийдүүлэх гэж 10 гаруй жил хөөцөлдөж байгаа боловч одоо хүртэл шийдүүлж чадахгүй хохирч байна. Иймд тус асуудал шийдвэрлэгдэхүй байснаар манай компанид эдийн засгийн шууд хохирол учирч байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт ... зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ..., 7 дугаар зүйлийн 7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах үндсэн чиг үүрэгтэй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй захиргааны байгууллага юм. Харин захиргааны байгууллага буюу хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс санал, дүгнэлт гаргахгүй байгаа, аж ахуйн нэгж байгууллагаас өгсөн өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ зөрчиж, улмаар хууль бусаар татгалзсан нь Үндсэн хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх билээ. Энэ талаар талууд маргадаггүй бөгөөд гагцхүү тус хуулийн үйлчлэлд хамаарахын тулд тодорхой журмын дагуу шат шатны процессын дагуу төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагуудад хандах ёстой билээ. Энэ нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэгт заасан тус тусын эрхлэх асуудлын хүрээнд, хуульд заасан чиг үүргээр дээрх асуудалд оролцож байгаа билээ. Тус хуульд заасан процессын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ашигт малтмалтай холбоотой асуудлаар шууд Засгийн газарт хандах эрхгүй бөгөөд агентлагийн дарга нь яам буюу сайдаар дамжуулж Засгийн газартай, сайд буюу яам нь шууд Засгийн газарт хандах эрхгүй бөгөөд Монгол Улсын сайд бөгөөд Хэрэг эрхлэх газрын даргаар дамжуулж ханддаг процесстой. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын санал, дүгнэлт уламжилж буй захиргааны актгүйгээр Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шууд хандах эрх зүйн боломжгүй юм. Хэрэв шууд Монгол Улсын Засгийн газарт хандсан тохиолдолд шууд татгалзсан хариу авах бөгөөд тус хариуг захиргааны хэргийн шүүхээр хянуулах аваас урьдчилсан нөхцөл буюу санал, дүгнэлт бусад холбогдох шийдвэр гараагүй байхад шууд хандсан нь буруу гэх агуулгаар шийдвэрлэгдэх магадлалтай. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг процессын талаар талууд маргадаггүй билээ. Иймд дээрх процессын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон ажлын хэсгээс эхлээд аргачлалаа батлах юм. Аргачлал гэдэг нь дээрх хуулийн үйлчлэлд орсон талбайг талбайн хэмжээгээр эсхүл тогтоогдсон нөөцийн хэмжээгээр олгох эсэх тухай шийдвэр юм. Үүний дараа тус хуулийн үйлчлэлд орсон аж ахуйн нэгжээс санал тавьсан тодорхой талбай, нөөц бүхий газруудад судалгаа хийж үзсэний үндсэн дээр боломж хувилбар бүхий газрыг сонгох бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжлах юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Татварын ерөнхий газар, Сангийн яам гэх мэт бусад газруудаас санал авсны дараа Монгол Улсын Засгийн газарт уламжилна. Ингээд Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн дагуу холбогдох шийдвэрийг гаргах юм. Дээрх хуулиуд болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар тус хариуцагч байгууллагууд нь бүгд тус тусдаа эрх, үүрэг хэрэгжүүлдэг захиргааны байгууллага билээ. Мөн өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох шийдвэр гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тохиолдолд дээд шатны байгууллага мөн дараагийн шийдвэрийг гаргахгүй байх эрх зүйн үр дагавартай. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлд хамаарах улмаар талбай дүйцүүлэн авах дараагийн хүсэлтийг гаргах эрх зүйн үр дагавар үүсэх юм. Ингэснээр манай компани нь олон жил зогссон хохирлоо арилгах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломж бүрдэх юм. гэв.

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрд нь үндэслэлээ хэлнэ. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэрэгт цугларсан баримтын хүрээнд М******* ХХК хайгуулын лиценз авсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө тогтоолгосон, дүгнэлт нь гарсан, тусгай зөвшөөрөлтэй байсан. Тусгай зөвшөөрлийнхөө үндсэн дээр МҮ буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэдэг баримт материалууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнтэй холбоотой маргадаггүй. Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу М******* ХХК-ийн 654,27 га талбай улсын тусгай хэрэгцээнд авсан. Тус тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тогтоолын хавсралт дээр М******* ХХК-ийн шийдвэр, дэлгэрэнгүй мэдээллүүд хүснэгтээр байгаа. Үүнтэй холбоотой хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас хариу тайлбарыг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1/895 дугаар хариу тайлбар байдаг. 1 дүгээр хавтас хэргийн 46 дугаар хуудас дээр байгаа. Үүнийг нэг хэсэг дээр тусгай зөвшөөрлийн давхцалын тухайд гэж байгаа. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэхдээ тусгай зөвшөөрлийн давхцалын тухайд Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Байгалийн экологийн тэнцвэр хадгалах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцаж байгаа гэдэг хариу тайлбарыг хариуцагчаас өгсөн байгаа. Хариу тайлбарыг үзэхээр нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг ирүүлсэн гэж ойлгож байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж ойлгож байна. Төрийн албан хаагч учраас дараа нь давуу байдал үүсэх нарийн ширийн зохицуулалтууд байдаг учраас хариуцагчийн зүгээс итгэмжлэлийг өгсөн байх гэж ойлгож байна. 2011 оны тогтоол системд 2015 онд бүртгэгдсэн тухай баримт хэрэгт ирсэн. М******* ХХК 2012 онд нарийвчилсан үнэлгээгээ батлуулах гэж Ашигт малтмал, газрын тосны газарт очиход Их хурлын тогтоол гарчихсан үнэлгээг баталж өгөхгүй гэдэг асуудлаас анхны маргаантай харилцаа үүсэж өнөөдрийг хүртэл явж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөхдөө ийм агуулгатай хариу тайлбар өгсөн гэдгийг заавал дурдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар 106, 52 дугаар зүйлүүдэд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгож байгаа нэхэмжлэлийн шаардлагад тавигдаж байгаа форма шаардлага, эрх хууль ёсны ашиг сонирхол нь бий болох гэдгийг нэхэмжлэгч шүүхэд заавал энэ тухайгаа тайлбарлах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дутуу ярьсан учир дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. М******* ХХК-ийн 654,27 га талбай гурав нь хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Энэ талаар хариуцагч талаас хэлдэг. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэгдүгээрт, 654,27 га талбай бүхэлдээ Улсын Их Хурлын тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхардаж байгаа. Хоёрдугаарт, талбайн урд талын хэсэг ойн сан бүхий газартай давхардаж байгаа. Гэвч бүхэлдээ биш хэсэгчилсэн байдлаар давхардаж байгаа. Гуравдугаарт, голын хэсгээр зурвас газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай давхардаж байгаа. Гурван давхардал үүссэн ийм асуудал байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Бидний зүгээс яагаад энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан бэ? гэвэл талбай нь бүхэлдээ давхардаж байгаа буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны, ашиг сонирхол нь хамгийн их хэмжээгээр хөндөгдөж байна. Энэ нөхцөл байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэгдүгээрт гаргаж байна. Хоёрдугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад зааснаар нөхөх олговор авах эрхийн асуудал байгаа. Нөхөх олговор буюу эрхийн асуудал 2022 онд Дээд шүүхийн тайлбар гарсан. Түүний өмнө шүүхээс энэ талаар янз бүрээр шийдэж байсан. Аль давхцал дээр аль хуулийг барих вэ гэдэг дээр шүүхийн практик хэрэглээнд тогтоогүй. Ийм нөхцөл байдалтай явж байсан. Манай нэхэмжлэлийн шаардлага Улсын Дээд шүүхийн тайлбар гарахаас өмнө гарсан. 3 хуулийн аль дээр нь шийдүүлэх ёстой вэ гэдэг асуудал гарч байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэлээ гэхэд Ашигт малтмал, Газрын тосны газраас яам руу материал явуулна. Яам Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд ажиллагаа хийж Засгийн газар руу манай материалуудыг хүргүүлнэ. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах асуудал яригдана. Нөхөн олговор авах эрх нэхэмжлэлийн хүрээнд хамгаалагдаж байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газарт ирээдүйд хандах үед энэ шүүхийн шийдвэр ийм нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь нэхэмжлэгч нөхөн олговроо 100% буюу бүхэлдээ хамаарч байгаа талбайн хүрээнд авах нь зүйтэй гэдгийг тогтоосноор энэ шийдвэр өөрөө Засгийн Газарт бид нарыг ямар нэгэн маргаангүйгээр нөхөн олговроо авах эрхийг баталгаажуулж байгаа. Засгийн газарт бид хүсэлтээ өгөөд тэрийг шийдэх, шийдэхгүй байх асуудал дараагийн асуудал. Бид нар нөхөн олговор авах эрх үүсэж байгаа энэ нөхцөл байдлыг тогтоолгоё, эрхээ хамгаалуулъя гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нөгөө хоёр давхцалтай газрын тухайд бид нар ойн сантай гэдэг юм уу урт нэртэй хуулийн хүрээнд нөхөн олговор авъя гэдэг хүсэлтийг аль ч байгууллага, яам, агентлагт гаргаагүй. Яг л одоо бүтэн давхцалтай хэсэг буюу хууль ёсны, эрх, ашиг сонирхол бүхэлдээ хөндөгдөж байгаа хэсэг дээр маргаан үүсгээд явсан байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2022 оны тайлбар тодорхой гарсан. Ашигт малтмалын тухай хуулийг Улсын Их Хурал, Засгийн Газрын шийдвэрийн нөлөөгөөр тайлбарласан. Энэ талаар нэмэлт тайлбарын хүрээнд яриад явах болно. Энэ нөхцөл байдлыг тогтоолгосноор бид нөхөн олговрынхоо асуудлыг 100 хувь буюу бүтэн давхцалтай талбайгаараа шийдвэрлүүлэх эрх нээгдэж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нэлээн олон удаа өөрчлөгдөж янз бүрийн байдлаар хариуцагчийг нэмж хасаж явсан. Миний хувьд тус хэрэг дээр 2023 оны 1 сард өмгөөлөгчөөр орж ирж хэргийн материалтай танилцаад явсан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн шалтгаан нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл байдаг. Тус шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулж байсан. Манай зүгээс ажлын хэсэгтэй маргаж байсан боловч ажлын хэсгээс шийдвэр гаргасан баримт шүүхэд нотлох баримтаар ирсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр даргалагчаас асуулт асуусан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ажлын хэсэг хэлэлцэж үндэслэлтэй байна гэх шийдвэр гарсан байна. Түүнээс цааш эс үйлдэхүй гарсан гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2022 оны А/98 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийг хариуцагчаар тодорхойлж байна. 2019 оны шийдвэрийг 2022 онд ажлын хэсэгт гаргасан юм уу?. Энэ талаар тайлбар байна уу гэсэн асуултыг асуусан. Үүнд н.Батцэнгэл өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох хэсэг дээр алдаа гаргаж байсан асуудал байдаг. Энэ талаар засаж хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт ажлын хэсэг шийдвэрээ гаргасан. Шүүгч шийдсэн байхад яагаад эс үйлдэхүй байна гэж маргаж байгаа вэ гэдэг талаар өмнөх хуралдаан дээр яригдаж байсан. Мөн Давж заалдах шатны шүүх дээр захирамжтай холбоотой гомдлын хүрээнд Давж заалдах шатны шүүгч асууж байсан. Эс үйлдэхүй байна гэж маргаж байнгаа нь зөв үү, үүнийгээ анхаарах талаар хэлж байсан. Үүний хүрээнд ажлын хэсэг шийдвэр гаргасан учир ямар нэгэн байдлаар даалгах боломж байхгүй. Мөн бид нарын хүссэн шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2 дугаар хавтаст хэрэгт 2019 оны А/138-200 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг шийдвэр гаргаж манайхыг 654.27 га талбайг харилцан тохиролцох замаар хүсэлтийг хүлээн авч Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамд уламжлах ёстой гэдэг байдлаар шийдсэн. Ажлын хэсгээс ямар аргачлал, ямар дүгнэлт гаргах вэ гэхээр 1. Нөхөн олговортой асуудал шийдвэр гаргах уу, үгүй юу гэдэг асуудал. Бидний хүсэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасантай холбоотой асуудлыг Засгийн Газраас өмнө хэрэгжүүлэгч агентлаг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх үү, шийдвэрлэхгүй юу гэдэг асуудал байгаа. Мөн аргачлал буюу талбайн хэмжээгээр дүйцүүлж өгөх үү, эсвэл Эрдэс баялгийн зөвлөлөөр ороод батлагдчихсан нөөцийн хэмжээтэй дээр нь дүйцүүлж өгөх юм уу гэдгийг л ажлын хэсэг шийдэж байгаа. Ажлын хэсэг талбайг талбайн хэмжээгээр нь дүйцүүлж өгье гэдэг байдлаар манай хүсэлтийг шийдсэн. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой ажлын хэсгээс татгалзсан байдаг. Ажлын хэсгийн чиг үүрэг нь аргачлалд санал дүгнэлт гаргах үүрэгтэй. Сайдын тушаалаар байгуулагдаж байгаа нэгж гэж ойлгож болно. Ажлын хэсэгт хариуцагчийг тодорхойлох асуудал дээр Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 тушаалаар нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл 2019 онд байгуулагдсан ажлын хэсэг манай асуудлыг аль эрт шийдчихсэн байсан. Шийдвэрээ манайд мэдэгдээгүй асуудал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 08 сарын 24-ний А/98 дугаар тушаал нэг дэх заалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуул гэсэн байдаг. Ашигт малтмал газрын тосны газрын даргын байгуулж байгаа хариуцагч байж магадгүй гэж хэлээд байгаа ажлын хэсэг дараах чиг үүрэгтэй. Түүнээс биш саналыг агентлагийн даргын өмнөөс сайд руу уламжлах эрх үүргийг, зөвхөн бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд хуулийн үндэслэл үүрэг болгож чиглэл олгож байгаа эрх хэмжээнүүд нь өөрчлөгдөөгүй. Зөвхөн бүрэлдэхүүн хүний солигдоход өөрчлөгдсөн. Нийтдээ 4-5 удаа өөрчлөгдсөн байдаг. Цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулах бид нарын хэлээд байгаа аргачлалын санал. Талбайг талбайгаар олгоё гэдэг шийдвэрийг сайдаас өгсөн тушаалаар олгосон эрх хэмжээний хүрээнд 2019 онд гаргасан. Нэгэнт саналыг яам руу уламжлах эрх олгоогүй байхад бид нар хариуцагчийг яам руу уламжлахгүй байгаа татгалзал байна. Мөн хариуцагч ажлын хэсэг байна гэдэг агуулгаар хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжгүй болчхоод байгаа. Дараагийн асуудал хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөөд байгаа юм бэ гэдэг асуудлыг шүүхэд бид ярих ёстой. Нэгдүгээрт манай компани Хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай хүрээнд хайгуулаа хийгээд түүнтэй холбоотой зардлаа гаргаад тэрийгээ Уул уурхай эрдэс баялгийн зөвлөлд танилцуулаад зөвлөлийн хурлын тэмдэглэл дүгнэлт гараад, нөөцөө батлаад ашиглалтын зөвшөөрлөө авчихсан байгаа. Эдгээр баримтыг хавтаст хэрэгт хавсаргаад өгчихсөн. Санхүүгийн хувьд бид нар маш их хэмжээний зардал гаргасан байгаа. Нөөц тогтоосон Ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрөө хөрөнгө байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хөрөнгийн лицензээр олгогдож байгаа эрх дээр манай эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг асуудалд хариуцагчийг маргахгүй байх гэж бодож байна. Хэрэгт компанийн аудитын дүгнэлтийг гаргаж өгсөн. Эрдэс баялгийн зөвлөлтэй холбоотой тусгай зөвшөөрөл, өөрчлөлттэй холбоотой бүх шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Одоо дэлгэрэнгүй яривал нэлээн цаг авах учраас ингээд орхиё. Мөн манай ямар эрх ашиг сэргэх вэ гэдэг асуудал яригдана. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар Ашигт малтмал газрын тосны газрын дарга гэдэг тухайн байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээд байгаа. Мөн тус байгууллага хуулийн хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцдаг. М******* ХХК-ийн нөхөн олговрыг эцсийн байдлаар шийдвэрлэх субьект Монгол улсын засгийн газар болж байгаа. Монгол улсын засгийн газар руу тухайн салбарын асуудал хэрхэн уламжлагдаж дамжиж явдаг вэ гэдэг маргаан болж хувирч байгаа. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиар агентлагийн дарга шууд Монгол Улсын засгийн газартай харьцдаггүй. Сайдаар дамжуулж харьцдаг. Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газраар дамжуулж харьцдаггүй. Монгол Улсын сайд Засгийн Газрын хэрэг эрхлэлтийн газрын даргаар дамжуулж Засгийн Газрын хуралдаанаар асуудлаа оролцуулдаг. Тэгэхээр М******* ХХК шууд энэ үе шатуудыг мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлт, тооцоо, судалгааг болно, болохгүй, давхцалтай, давхцалгүй гэдэг маш олон шүүлтүүрүүдийг алгасаад нөхөн олговрын асуудлыг Засгийн Газарт тавих хууль эрх зүйн боломж бид нарт байхгүй. Энэ ч агуулгаараа Засгийн Газарт шууд нөхөн олговор авъя гэдэг агуулгаар хандаагүй. Дээрээс нь Засгийн Газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага явж байсан. Тэрэнтэй холбоотой хууль өөрчлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлага энэ хуулийн процесстой холбоотойгоор нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаад шаардлагаа зөвтгөөд явж байна. Агентлагийн дарга ажлын хэсэг дээр дүгнэлт гарчихсан байдаг. Агентлагт байршлууд, нэгж талбар бүхий газруудыг авах хүсэлт өгсөн. Нийт 10 гаруй газарт хүсэлтээ өгсөн. Хүсэлтүүдтэй холбоотойгоор аль газар боломжтой байгаа талаар албан бичгийг яам руу уламжлаад өгөөч гэсэн агуулгатай ханддаг. Хууль батлагдаагүй бид нар хэм хэмжээ тогтоосон акт батлагдаагүй журам гараагүй. Иймд танай хүсэлтийг шийдэхээс татгалзаж байна гэсэн хариу өгсөн. Татгалзал хууль бус байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж маргаж байгаа. Хариуцагчаас хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзалцсан хариу тайлбар өгсөн. Тус хариу талбарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг хэрхэн яаж шийдвэрлэх талаар Төрийн захиргааны байгууллага хэм хэмжээний акт тогтоож, журам батална гэж хэлдэг. Журам батлахаар хуулийн хүрээнд хэм хэмжээ тогтоосон акт олгох материаллаг хуулийн эрх олгоогүй байна. Иймд хууль батлагдах хүртэл танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн. Мөн Нэхэмжлэлийн шаардлагын тайлбар болгож ийм хариу өгсөн. Үүнтэй холбоотой манай талаас нэхэмжлэл гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа. Энэ асуудал Захиргааны хэргийн маргаан гэж манай талаас үзэж байгаа. Захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдол хүсэлтийг шийдвэрлэхгүй байх ямар ямар нөхцөл байдал байдаг вэ буюу Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шийдвэрлэхгүй байх 4 үндэслэлд энэ хамаарч байна уу гэдэг асуудал дээр шүүх дүгнэлт хийх байх гэж ойлгож байна. Хариуцагч талаас гаргасан хариу тайлбар, татгалзалтай холбоотой юу гэж маргаж байгаа вэ гэхээр нэгэнт ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. Түүнийг яам руу уламжлахад юу болохгүй байгаа вэ?. Ингэснээр хариуцагчийн хувьд хууль зөрчсөн, аль нэг хуулийн этгээдэд давуу байдал олгосон, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан нөхцөл байдал үүсэхгүй. Тэгвэл яагаад хайгуулын лицейтэй байсан бусад 8 хуулийн этгээдийн асуудал өнөөдөр шийдвэрлэгдэж, яамаар шийдүүлж, одоо Засгийн газарт Засгийн газрын хуралдааныг хүлээгээд байж байгаа вэ. Нөгөө тэгш байдлын зарчим буюу Ашигт малтмалын тухай хуулийн зарчим, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нээлттэй, ил тод байх тэгж байдлын зарчим зөрчигдөж байгаа юм шүү гэдэг үндэслэл байгаа. Хайгуулын лицензтэй байгууллагуудаас шүүхэд хандсан асуудал байдаг. Шүүх тэрийг шийдсэн байгаа. Энэ үндэслэлтэй холбоотой асуудал яригддаг. Өөр шүүгчийн шийдсэн асуудлыг энд ярих нь шүүхэд нөлөөлсөн асуудал болох тул ярьж чадахгүй байна. Гэвч тэр хүмүүс асуудлаа шийдүүлж одоо Засгийн газар дээр байж байгаа. Манай зүгээс Яам руу уламжлуулах хүсэлтэй байгаа. Яамны эрх үүрэг тодорхой байгаа. Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг бусад газруудаас яам лавлагаа авдаг. Өмнө нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдсэн талбай дээр М******* ХХК хүсэлт гаргасан байна. Тус газар дээр татгалзах үндэслэл байна уу гэдэг дээр татгалзах үндэслэл байна уу гэдгийг Яамны зүгээс шалгаж, сонгох боломжтой 1-2 хувилбар дээр Засгийн газрын хуралдаан руу Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Хэрэг эрхлэх газраар дамжуулж хуралдаанд хэлэлцүүлж Засгийн газар М******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан олговор олгох уу, олгохгүй юу гэдэг асуудлаа шийднэ. Үндсэн 3 үе шат дамжлаг шийдэж байж Ашигт малтмалын тухай хуулийн нөхөн олговрын асуудал шийдэгдэн. Бидний хувьд анхан шат дээрээ зогссон асуудал байна. Хариуцагчийн зүгээс хууль батлах хүртэл хүлээх талаар хариу өгсөн. 2023 оны 01 дүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. М******* ХХК-ийн ашиг сонирхол шийдэгдэхгүй байдаг гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй ашигт малтмалын хайгуулын 4397Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2002 онд М******* ХХК-д олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу М******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын 4397Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

М******* ХХК Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654,27 га талбайгаас 564,27 га талбайг буцаан өгөх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг буцаан авч 90,00 га талбай үлдсэн байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан байна.

Нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тус компанийн эзэмшиж байсан Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгалийн экологийн тэнцвэр хадгалах зориулалтаар Улсын тусгай хэрэгцээний газартай мөн Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн байна.

УИХ-ын дээрх тогтоолыг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байна.

УИХ-аас 2015 оны 02 дугаар сард урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах мөн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан.

... М******* ХХК нь өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэний дараа Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай журмын дагуу холбогдох хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж, нөхөх олговрын хэмжээг тодорхойлсон тодорхойлолт болон холбогдох бусад баримт материалыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

... Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын ... үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах, тусгай зөвшөөрөл олгож болно гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Учир нь нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн байна. Тиймээс урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрын асуудлыг зохицуулах зорилгоор Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг баталсан байх тул тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан энэхүү журмын дагуу нөхөх олговор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай.

Мөн МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын талбайг Улсын тусгай хамгаалалтад авч, ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон харилцаа байсныг тогтоолгосноор нэхэмжлэгчийн шууд сэргээн тогтоогдох эрх ашиг сонирхол байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. М******* ХХК 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан. Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоол, 2012 оны 06 сарын 05-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор бүхэлдээ ойн сантай давхацсан. Ажлын хэсэг удаа дараа солигдсон. 2019 онд байгуулагдсан бүрэлдэхүүнээс ямар ч хүн байхгүй байна сүүлд байгуулагдсан ажлын хэсэг арга аргачлалыг хуульд дусгаж өгөөд шийдвэрлүүлье. Хууль одоо 10 дугаар сард Улсын Их Хурлаар орох хэлэлцүүлэгт орсон байгаа тодорхой саналуудаа гаргаад өгсөн байгаа. Хууль батлалдагдсаны дараа шийдвэрлэе гэж байгаа болохоос биш шийдвэрлэхгүй гэсэн асуудал биш юм. Хариу тайлбартаа нэхэмжлэгч талд танилцуулсан байгаа дахин дахин тайлбарлах нь илүүц байх. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан 1.Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, 2.Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3.М******* ХХК-д Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 4397Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2002 онд олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу М******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын 4397Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

3.1.Улмаар М******* ХХК Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654,27 га талбайгаас 564,27 га талбайг буцаан өгөх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг буцаан авч 90,00 га талбай үлдсэн байна.

Хэргийн оролцогчид дээр дурдсан үйл баримттай маргаагүй, харин дараах байдлаар тогтоох болон үүрэг хүлээлгэх нэхэмжлэл гаргажээ.

4.Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:8.1.3.улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:1/газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; гэж тус тус заасан байна.

4.2.Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Б******* аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, С******* сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

4.3.Ийнхүү нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан Б******* аймгийн С******* сумын нутагт орших Т******* гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь байгалийн экологийн тэнцвэр хадгалах зориулалтаар Улсын тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай, нэхэмжлэгчийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсан Улсын Их Хурлын дээрх тогтоолыг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тойм зургаар тус тус тогтоогдож байна.

4.4.Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/6899 дугаартай албан бичгээр Б******* аймгийн С******* сумын нутагт оршин МҮ-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол мөрний урсац бүрэлдэх эх болон Ойн сан бүхий газрын хилийн заагтай /бүтэн/ тус тус давхцалтай байна.

Мөн 2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын Сайд, Барилга хот байгуулалтын Сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу Зүүн Т******* голын хамгаалалтын бүс/Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүс/-ийн хилтэй давхцалтай байна.

Мөн Улсын тусгай хамгаалалттай газар /Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ/-ын хилийн заагтай бүтэн давхцалтай байна. гэх лавлагаа, түүний хавсралт зурган мэдээлэл (хэргийн 1 дүгээр хавтас, 137-138 дахь тал) хэрэгт авагдсан байх ба тус яамнаас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10/2931 тоот Лиценз цуцлуулах тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхдээ ... М******* ХХК-ийн МҮ-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй алтны шороон орд бүхий Б******* аймгийн С******* сумын Зүүн тарвагатай гэх газар нь бүхэлдээ Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагтай бүтэн давхцалтай мөн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцаж байна. ... М******* ХХК-ийн МҮ-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газарт орж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуулиудыг зөрчиж байна.

Түүнчлэн аливаа хуульд Улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл болохгүйг мэдэгдэж байна. Иймд хууль зөрчин Улсын тусгай хамгаалалттай газар нутагт алтны шороон ордны олборлолт хийлгэхгүй тул нөхөн олговрын асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.5.Нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... хариуцагч нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр биш. Системд гарч ирсэн зургаар М******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл ямар байдалтай байгаа тэрийг гаргаж өгч байна. Хуулиараа давхцалтай байгаа үйл ажиллагаа явуулж болохгүй гэж тайлбарласан байна.

4.5.Дээрх нөхцөл байдал болон хуулийн хэм хэмжээнд дүгнэлт хийж үзвэл М******* ХХК-ийн ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг тусгай хамгаалалтад авсны улмаас нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулж боломжгүй болсон буюу цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

4.6.Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаснаар тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаа ашиглах, эзэмших боломжгүй болсноос үүсэх үр дагавраа шийдвэрлүүлэх эрх үүсэх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

5.Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулан, эцсийн байдлаар өөрчлөн тодорхойлохдоо ...хэрэгт 2019 оны А/138-200 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг шийдвэр гаргаж манайхыг 654.27 га талбайг харилцан тохиролцох замаар хүсэлтийг хүлээн авч Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамд уламжлах ёстой гэдэг байдлаар шийдсэн. Ажлын хэсгээс ямар аргачлал, ямар дүгнэлт гаргах вэ гэхээр 1.Нөхөн олговортой асуудал шийдвэр гаргах уу, үгүй юу гэдэг асуудал. Бидний хүсэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасантай холбоотой асуудлыг Засгийн Газраас өмнө хэрэгжүүлэгч агентлаг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх үү, шийдвэрлэхгүй юу гэдэг асуудал байгаа. Мөн аргачлал буюу талбайн хэмжээгээр дүйцүүлж өгөх үү, эсвэл Эрдэс баялгийн зөвлөлөөр ороод батлагдчихсан нөөцийн хэмжээтэй дээр нь дүйцүүлж өгөх юм уу гэдгийг л ажлын хэсэг шийдэж байгаа. Ажлын хэсэг талбайг талбайн хэмжээгээр нь дүйцүүлж өгье гэдэг байдлаар манай хүсэлтийг шийдсэн. учир цааш нь уламжлахаас татгалзах үндэслэл байхгүй буюу хариуцагчийн татгалзал хууль бус гэж маргаж байна.

5.2.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:16.1.1.улсын тусгай хамгаалалттай газар; гэж, 17 дугаар зүйлийн 17.1.Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:17.1.3.энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох гэж тус тус заасан.

5.3.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.,

14 дүгээр зүйлийн 14.4.хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5.энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, мөн хуулийн 14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар тус тус хуульчилсан байна.

5.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/49 дугаартай тушаалаар Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А/100 дугаар тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

5.4.2019 онд байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс тусгай зөвшөөрлийн талбайг нөхөх олговроор хэлэлцэн тохиролцож олгох аргачлалын дагуу нэр бүхий 11 компанид хугацаатай мэдэгдэл өгч хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн, үүний дагуу нэхэмжлэгч М******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 172 дугаартай албан бичгээр Ажлын хэсэгт хүсэлт гаргасан байх ба хүсэлтдээ 2010 онд ашиглалтын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг авсан, ингэхдээ 1103 га газраас 448,26 га талбайгаа хасаж, 654,74 га талбайтай болсон талаараа дурдаж, нөхөх олговор авахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлж тусгай зөвшөөрлөө эх хувиар нь хураалгасан ч нөхөх олговрын асуудлыг Засгийн газар мөнгөгүй гэх үндэслэлээр огт шийдэж өгөөгүй тухайгаа тайлбарласан байна.

5.5.Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/138, 200 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдааны[1] тэмдэглэл (хэргийн 2 дугаар хавтас, 30-32 дахь тал)-ээс үзвэл М******* ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 172 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг судлан үзэж 654,27 гектар талбайд харилцан тохиролцох зарчмаар хүсэлтийг хүлээн авч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжлах(үндсэн хайгуулын 1103 гектар талбайд хүсэлтийг хүлээн авах боломжгүй)-аар шийдвэрлэжээ.

5.5.Нэгэнт хариуцагч байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн чиг үүрэг тодорхой, энэхүү үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрлийн талбайг нөхөх олговроор хэлэлцэн тохиролцож олгох аргачлалын дагуу нэр бүхий 11 компанид, үүний дотор нэхэмжлэгч М******* ХХК-д хугацаатай мэдэгдэл өгч хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн байх ба үүний дагуу М******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа ... энэ асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Шинээр байгуулагдсан ажлын хэсэг арга, аргачлал батлагдсаны дараа түүний дагуу нөөцийн хэмжээгээр эсхүл талбайн хэмжээгээр нөхөх олговор олгох эсэх, ямар хэмжээгээр олгох эсэхийг шийдвэрлэнэ[2] гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

5.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбарын хүрээнд байна уу, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих шийдвэр гаргахгүй байна уу гэсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөх учиртай.

6.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан 1.Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу М******* ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын МҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 654.27 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, 2.Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5163 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоож, аргачлал, саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА