Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 270

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ц-н Ц-д холбогдох эрүүгийн 1710000000076 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,  Хан-Уул дүүргийн 12 хороо ,,,, тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поларис” зоогийн газарт, тус газарт үйлчлүүлж байсан иргэн Б.М-тэй маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд нь уруулын зөөлөн эдийн няцрал шарх, дотор салстын язрал, цээжинд цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ц- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц-ын өгсөн: 

“...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11:00 цагийн үед гал тогооны өрөөнд мах янзлаад зогсож байсан. Би тухайн өдөр хоёр тогоочдоо “хүн авчирч ази хоол хийх арга заалгах гэж байхад махаа гаргаад гэсгээгээд байж байхгүй, хөлдүү байна” гээд тогооч нартайгаа хэрүүл хийгээд зогсож байтал текний цаанаас Б.М- “чи юу яриад байгаа шээс вэ” гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхэд нь би “тантай юм яриагүй байна, энд юм ярьж байна” гэхэд Б.М- “чам шиг хужаагийн шээс ийм юм ярьдаггүй юм” гэхээр нь “та чинь ямар балай хүн бэ, тантай юм яриагүй байна” гэхэд Б.М- “чи намайг балайгаар нь дууддаг хэн бэ, чам шиг хужаагийн шээсийг би мэднэ” гэж хэлэхээр нь би “та чинь ямар сонин хүн бэ, гар” гэхэд Б.М- шууд гал тогооны хаалга онгойлгоод орж ирээд намайг” гараад ир” гээд гарнаас базаад татсан.

Би тухайн үед Б.М-ийг орж ирнэ гэж бодоогүй, тогоон дээр хоол хутгаад зогсож байсан. Тэгээд миний хүзүү рүү хоёр цохиод авахаар нь “та гал тогооноос гар” гээд түлхэх үед бөгсөөрөө арагшаа газарт унасан. Тухайн үед ухаан алдаагүй. Дараа нь би Б.М- гэх хүнтэй утсаар “тантай юу ч яриагүй байхад хэрүүл үүсгэж ийм асуудал болгочихоод намайг ажил хийлгэхгүй цагдаагаар явууллаа, таниас л болсон биз дээ, тантай ямар ч холбогдолгүй зүйл ярьж байхад дундуур орж ирсэн” гээд маргалдсан. Тэгэхэд Б.М- “чам шиг муу шээсийг арьс махтай чинь хатааж чадна” гэхээр нь “та өргөдлөө бичээд өг, цагдаа нь яаж шийдэх юм” гээд орхисон.

Тэр өдөр хохирогч миний гар хүзүүнээс базахад, миний хүзүү зулгарсан байсан. Байцаагч намайг “шүүх эмнэлэг рүү явах уу” гэхээр нь хүнээр хоол заалгах гээд авчирсан байсан болохоор “надад тэгж явах зав байхгүй” гэж хэлээд үзүүлээгүй. Тухайн үед зоогийн газарт хоёр цэрэг байсан боловч тэр хоёр хүнээс би өөрөө хоолны захиалга авч үйлчилсэн, тэдэнтэй маргаж муудалцсан зүйл огт болоогүй. 

Хохирогч Б.М- миний гарнаас базаж зууралдаж байхдаа хоол хутгаад гартаа барьсан байсан хусуурын үзээрээр уруулаа цохиулсан. Би Б.М-ийг шууд далайж, цохиж аваагүй. Хохирогч Б.М-эд учирсан гэмтэл миний үйлдлээс гэмтсэн байх боломжтой. Би хохирлын мөнгө гэж нэхсэн 450.000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс руу нь хийсэн. Гэм буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710 0000 00076  дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Поларис нэртэй зоогийн газарт ганцаараа орж ирсэн. Би хоолоо захиалж байхад гадны хувцастай залуу гал тогооны өрөөнөөс тухайн газарт хоол идэж байсан 3 цэргийг хэл амаар доромжлоод, наад угаадсаа гудар, пизда нар минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр тогооч залууд хандаад “чи юу гээд байгаа юм бэ наад хүмүүсээсээ уучлалт гуй” гэж хэлтэл дахин цэрэг залуусыг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би тэдгээр цэргүүдээс уучлалт гуйлгах санаатай гал тогооны өрөө рүү явж орсон. Тэгээд гал тооны өрөөнд ороод нөгөө залууг татаж гаргаж ирэх гэхэд тэр залуу хутга барьж, миний уруулын дээд хэсэгт зүссэн. Тэгээд намайг цамцны хэсгээс боогоод газарт унагаасан. Тэр үед би ухаан алдаж унасан, нэг сэрэхэд миний уруулын дээд хэсгээс цус гарсан, цамц маань урагдсан байдалтай босож ирсэн. Тэгээд би яаралтай цагдаа дуудсан нь дээр юм байна гэж бодсон.

Тэр үед би тэр залууд хандаад чамайг хүмүүжүүлнэ, өгдөг газарт нь өгнө гэхэд намайг барьж аваад заамдаад дайраад байсан. Тэр үед гар утсаа гаргаж ирээд чамайг баримтжуулж байгаа шүү гэж хэлтэл нөгөө залуу ухаан орох шиг болсон. Ц-ын үйлдлээс болж миний дээд уруул дотор гадаргүй язарсан, шүд суларсан, хэвлийн хэсэг эмзэглэлтэй байсан. Тухайн үед би цусаар бөөлжсөн учраас эмнэлэгээр явж үзүүлж харуулсан. Тодотгогчтой томографын зураг 300.000 төгрөгөөр авхуулсан, шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн, шүд бэхжүүлэх эмнүүд 27.000 төгрөгөөр авсан. Мөн шарлага хийлгэсэн, эмчилгээний зардалд ойролцоогоор 350.000 төгрөг гарсан. Мөн тэр үед өмсөж явсан поло цамцыг урагдсан байсан тул цамцны 120.000 төгрөг, нийт надад 450.000 төгрөгийн хохирол учирсан.

Надад цаашид гомдол санал байхгүй. Холбогдогч этгээд өөрийн хийсэн хэргээ ухамсарлан ойлгож нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Би эмнэлэгт хэвтэж байна, шүүх хуралд оролцож чадахгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-8х/,

 

2. Гэрч Ч.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2017 оны 08 сарын 21-ний өдөр /цагийг нь сайн санахгүй байна/ намайг ажил дээрээ байж байхад 50-60 орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн орж ирээд цуйван захиалсан. Тухайн үед манай захирал гал тогооны өрөөндөө мах хэрчээд зогсож байсан. Тухайн үед мах нь хөлдүү байсан бололтой “махаа гаргахгүй яасан юм бэ, пизда юм аа” гээд хэлчихсэн. Тэгтэл тэр 50-60 орчим настай эрэгтэй хүн “өөрийг нь хэллээ” гэж бодсон бололтой текний хажуу талд зогсож, маргалдаж байгаад манай гал тогооны өрөө рүү яваад орчихсон. Би араас нь дагаж ороогүй, зааланд тооцоогоо хийгээд зогсож байсан. Тэгтэл ойролцоогоор 5 орчим минут болсны дараа нөгөө ах ганцаараа гарч ирсэн. Тэр  ахын уруулын хэсэг орчмоос цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр хүн цагдаа дуудна гээд өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирээд, манай захирал Ц- болон маргаан хийгээд байсан ахыг аваад явсан. Тухайн үед цэргийн алба хаагч бололтой 3 хүн, энгийн нэг эгч байсан. Намайг харж байх үед зодоон цохион болоогүй, маргаан хийсэн ах манай гал тогооны өрөө рүү яваад орчихсон. Тухайн өдөр манай захирал хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй, харин зүгээр ажлаа хийгээд байж байсан. Тэр ах өөрөө хэрүүл маргааныг эхлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

3. Гэрч З.Ч-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ ажиллаж байхад 50 гаран настай өндөр нуруутай шар царайтай эрэгтэй хүн ирээд манай текний хажууд зогсож байгаад нэг цуйван, нэг шарсан хавирга захиалах шиг болсон. Манай захирал Ц- гал тогооны өрөөнд хоолны мах хэрчих гээд зогсож байсан. Тэр үед мах нь хөлдүү байсан болохоор уурлаад, хэзээ гэсэх юм бэ, пизда гэж хэлсэн. Тэгтэл тэр шар царайтай ах өөрийг нь хэлж байна гэсэн бололтой, чи намайг пизда гэж хэллээ гээд маргаан хийж эхэлсэн. Тэгэхэд манай захирал “би тантай яриагүй” гэж хэлтэл нөгөө ах манай гал тогооны өрөөнд орж ирээд, манай захирлыг ар нуруу хэсэгт цохиод авах шиг болсон.

Тухайн үед бид нар “гал тогооны өрөөнд орж ирлээ, гар” гэхэд тэр ах манай захиралтай зууралдаад гарахгүй байсан. Захирал тэр ахыг түлхээд гал тогооны өрөөнөөс гаргасан. Манай захирал тэр ахыг дагаж гараагүй, тэгтэл нөгөө ах дахиж орж ирээд, хэрүүл хийгээд байсан. Тэр ах манай захирлыг хэл амаар доромжлоод “гараад ир” гэсэн.

Тэр үед захирал гараад тэр хүнийг дахин түлхэх шиг болсон. Тэр үед нөгөө маргаан хийгээд байсан ах цагдаа дуудсан гэх шиг болсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд манай захирал болон маргаан хийсэн ахыг аваад явсан. Маргаан хийсэн ахыг орж ирэхэд манай захирал гартаа хутга билүү заазуур барьсан байсан. Тэгээд нөгөө ахыг орж ирээд хэрүүл хийж байх үед хутгаа газарт шидсэн. Өөр ямар нэгэн зүйл бариагүй байсан. Тухайн ах гал тогооны өрөөнд орж ирэхдээ ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн, цус гарсан зүйл ажиглагдаагүй. Харин манай гал тогооны өрөөнөөс гарахдаа уруулны дээд хэсгээс цус гарсан байдалтай харагдаж байсан. Манай захирал тэр өдөр цэргийн хувцастай хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10707 тоот дүгнэлт:

 1. Б.М--н биед уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, дотор салстын язрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 20х/,

 

 5. Шүүгдэгч Ц.Ц-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын 21-ний өдрийн цайны цагийн үеэр зоогийн газрынхаа гал тогооны өрөөнд хоол хийж байсан тогооч нартаа хандаад “махаа эртхэн гаргахгүй яасан юм бэ, хөлдүү махтай байна” гэж хэлээд уурласан. Тэр өргөдөл гаргасан ах текний хажууд хоол захиалах гэж зогсож байгаад “юу гээд байгаа хужаа вэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тантай яриагүй, би энд ажлаа хийж байна, та юу гээд балайраад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах намайг доромжилж байгаад гараад явах шиг болсноо гэнэт манай гал тогооны өрөөний хаалгыг онгойлгон орж ирээд, миний баруун гарын булчин хэсгээс татаж зүүн хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би тэр ахын нүүр хэсэгт гартаа барьж байсан хусуураараа цохисон. Гэхдээ санаатай цохиогүй хусууртай гараа хойшоо савахдаа тэр ахын нүүр хэсэгт оносон байсан. Тэгээд би тэр ахыг “та гарын ая даахгүй байж, гал тогооны өрөөнөөс гар” гэж хэлээд цээжин хэсэг рүү нь түлхсэн. Тэгтэл миний гар луу цохиод миний гарт байсан модон хусуурын иш хэсэгт уруулын хэсгээ цохих шиг болсон. Тэгтэл тэр ахын уруулын дээд хэсгээс цус гарсан.

Намайг гал тогооны өрөөнд байж байхад “гараад ир хужаа минь” гээд байхаар нь би гарч очоод “манайхаас гар” гэж хэлээд түлхсэн. Тэр үед тэр ах унаж гэмтээгүй. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэр ах цагдаа дуудаж эргүүлийн цагдаа нар ирсэн. Би хохирогч Б.М-ийн нэхэмжилсэн 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид хоёр сайн дураар эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-12х, 22-24х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поларис” зоогийн газарт, тус газраар  үйлчлүүлж байсан иргэн Б.М-тэй маргалдах явцдаа түүний биед “уруулын зөөлөн эдийн няцрал шарх, дотор салстын язрал цээжинд цус хуралт” бүхийн хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.М-ийн мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 10707 тоот дүгнэлт, гэрч Ч.П-, З.Ч- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Ц.Ц- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй.  /хэргийн 41х/

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Ц.Ц-ын хохирогч Б.М-тэй маргалдах явцдаа биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүртэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй.

 

Хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт үзүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршиг болно.

 

Энэ хэргийн хохирогч Б.М- нь гэмт хэргийн хор уршигт тооцож 450.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн ХААН банкны 2017 оны 08 сарын 28-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримт хэргийн 38-р талд авагдсан байх ба хохирогчийн зүгээс гэм хорын хохиролтой холбоотой баримт бүхий нэхэмжлэл шаардлага гаргасан талаар хэрэгт тодорхой баримтгүй тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх зохих,  шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан тухай /хэргийн 30-31х/ шүүхийн шийдвэр, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х/ баримт хэрэгт авагдсан ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 

Энэ хэрэгт Ц.Ц- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.М- нь гэм хорын хохирол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч баримтаар тогтоогдсон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Ц- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Ц- нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.М-эд нь төлвөл зохих баримт бүхий хохирол төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД