Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

З.Тд холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч З.Тгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1009 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Тд холбогдох 2108 00007 0887 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн З-ийн Т, 20... оны .. дугаар сарын ...:-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... дүүргийн ..... дугаар хороо, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

З.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 19-13 тоотод бага насны буюу 13 нас 10 сар 22 хоногтой Б.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн З-ийн Т-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн тухайн хохирол, хор уршигтай холбоотой зардлыг баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч З.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 409 дүгээр хаалттай хорих ангид байх хугацаанд ээж маань өнгөрч миний бие сэтгэл санаагаар унаж сүрьеэ өвчин туссан тул хаалттай 461 дүгээр ангийн эмнэлэгт өөрийн биеийг эмчлүүлж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймээс надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн хүсэлт болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1502 дугаартай тодорхойлолтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргиин Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Булгантай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулан тус хэлтсээс өмгөөллийн зардал 1.000.000 төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргасны дагуу миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч З.Тд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгч миний бие Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний хувийг хэрэгт хавсаргуулаагүй, хариуцлага алдсанаас үүдэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэмээн дүгнэж шийдвэрлэсэн ба шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад та бүхнээс хүлцэл өчье. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөллийн зардал болох 1.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1009 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч З.Тгийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд анхан шатны шүүхээс түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хуульд заасан доод хэмжээнээс хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч З.Тгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдааны явцад өөрийн холбогдсон төхөөрөмжийн техникийн саатлын улмаас тайлбар гаргаагүй болно.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал. ...” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаардаг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед өмгөөлөгч Л.Батжаргалаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт хавсаргуулаагүй байсан нөхцөл байдал тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах гомдолдоо хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргаж шүүхэд хүргүүлсэн байна. Түүнчлэн биечлэн шүүх хуралдаанд оролцож насанд хүрээгүй хохирогч Б.Оын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцсон. Иймд шүүгдэгч З.Тгээс 1.000.000 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргиин Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгуулах үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Оын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч З.Тгийн тухайд гэм буруутайд тооцогдсон зүйл ангийн хорих ялын хамгийн доод хэмжээгээр анхан шатны шүүх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг бүх талаас нь харгалзан үзээд хорих ялын хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Хуульд зааснаас доош хэмжээгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч З.Т анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1009 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

З.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 19-13 тоотод бага насны буюу 13 нас 10 сар 22 хоногтой Б.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Оын “...2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Батболд ах намайг утсаар залгаж “хүрээд ир, хэлэх юм байна” гэхээр нь байгаа газар нь яваад очтол Батболд, Баттөр ах нар байсан. Тэгсэн Батболд ах “Баттөрийн гэрт нүүрс авч галлаж байгаад орж юм ярьж сууя” гээд Баттөрийн гэрт юм яриад сууж байтал Тэмүүжин гэх залуу гаднаас ороод ирсэн. ...Тэгээд 23 цаг өнгөрч байхад гаднаас Анужин эгч орж ирээд бид нар хоорондоо юм ярьж сууж байтал шөнийн 04 цаг болж бүгдээрээ унтаж амарцгаах болсон. Тэр үед Анужин эгч бид хоёр хамтдаа унтсан юм. Харин нэг сэрэхэд Анужин эгч бид хоёрын хажууд Тэмүүжин унтаж байсан. ...Тэр өдөр Тэмүүжин надад цайны аягаар нэг удаа пиво өгөөд “энэ пивийг уучих” гээд хүчээр өгөхөөр нь би бүгдийг нь уусан. Тэрнээс өөрөөр бол пиво уугаагүй. ...Намайг унтаж байхад хаалга хаах юм шиг чимээ гарахаар нь сэртэл Баттөр ах гадагшаа гарч байсан. Тэр үед Тэмүүжин миний хажууд Анужин эгч, Батболд ах хоёр гал тогооны өрөөнд байсан. Намайг босоод явах гэтэл Тэмүүжин ах босгохгүй миний хөх, бөгсийг барьж байснаа миний дээр гарчихсан. Тэгэхээр нь би “буугаач” гэж хэлтэл буухгүй миний үгэнд орохгүй байсан. Тэр үед Баттөр ах хашааны хаалга онгойлгоод орж ирж байх шиг байсан чинь Тэмүүжин нь “Баттөр ирж байна” гээд миний дээрээс буугаад хажуу талд хэвтсэн. Баттөр ахыг орж ирэхээс өмнө Тэмүүжин миний өмд болон дотоожийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэнд хийчихсэн байсан. ...Тэмүүжин намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. ...Би газар гудсан дээр унтах үедээ хувцастайгаа унтсан юм. Харин намайг сэрэх үед Тэмүүжин миний өмдийг тайлж байсан. ...Би Тэмүүжинг “боль” гэж хэлсэн боловч болихгүй миний хоёр гарыг дээшээ болгож барьж байгаад хувцсыг маань хүчээр тайлж байгаад надтай бэлгийн харьцаанд орсон. Надтай нэг их удаан бэлгийн харьцаанд ороогүй байхад хашааны хаалга дуугараад Баттөр ах гаднаас ороод ирсэн чинь Тэмүүжин хийж байсан үйлдлээ зогсоосон. ...” /1хх 35-36/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13307 дугаартай “...Отгондуламын охин хальс 6-н цагийн сэтэрхийн түвшинд ирмэг дагуу жижиг цус хуралттай, 7-н цагийн байрлалд охин хальсны гадна шилжих нугалааст 0.3х0.2см салст жижиг өнгөц язарсан байна. ...” /1хх 111-112/ гэх дүгнэлт,

шинжээч эмч Б.Ганзоригийн “...Б.Оын охин хальс нь урагдалгүй байсан. Эдгээр шинж нь дээрх дүгнэлтэд тусгасан шинжүүдээр салстын цус хуралт язрал байсан. ...Охин хальс нь 2-6 цагийн байрлалд төрөхийн сэтэрхийтэй, энэ 6-н цагийн сэтэрхийн түвшинд ирмэг дагуу салстад цус хуралттай, 7 цагийн байрлалд гадна шилжих нугалааст жижиг салстын язралтай байсан байна. Энэ цус хуралт язралт нь шинэ байна. ...” /1хх 117/ гэсэн,

гэрч Б.Баттөрийн “...Намайг гар утсаараа тоглож байхад Тэмүүжин, Отгондулам нарын амьсгаадах чимээ сонсогдоод хоолойгоо засаж дугараад хөнжлөө татаж чангаагаад нэлээн чимээ гаргаад байхаар нь би хувьдаа бэлгийн харилцаанд ороод байгаа шиг санагдсан. Тэгээд удалгүй тэр 2 чимээгүй болоод унтаж амрах шиг болсон. 5 цагийн орчим би тоглож байхад утас дугараад найз Амарсанаа залгаад “Өргөө дээр байна гэр рүү хүргээд өг” гэхээр нь би гэрээсээ гарах гээд хувцсаа өмсөж байтал гал тогооны өрөөнд Анужин, Батболд хоёр миний хэвтэж байсан орны хажууд Тэмүүжин, Отгондулам нар нь хөнжлөө нөмрөөд унтаж байсан. Би хаалгаа хаагаад гэрлээ унтраагаад гэрээсээ гараад явсан. Намайг гэртээ орж ирэхэд Отгондулам гал тогооны өрөөнд Батболд, Анужин хоёрын хөнжилд орчихсон унтаж байсан. ...” /1хх 70-72/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч А.Анужины “...үүрээр 6 цаг болж байхад Отгондулам намайг сэрээгээд гарч бие засъя гэж хэлэхээр нь би гадаа гартал миний давсгаар хатгуулаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнтэй унтчихсан юм уу яасан юм бэ гэж асуутал үгүй гэж хэлсэн. ...” /1хх 95-96/ гэсэн,

шүүгдэгч З.Тгийн яллагдагчаар өгсөн “...Би харин Отгондуламын хамт газар унтахаар болоод хэвтэж байхад миний бэлэг эрхтэн рүү Отгондулам гарын хойд хэсгээр 2-3 удаа цохиод байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэж хэлэхэд урдаас инээгээд “яадгийн” гээд байсан. Бид хоёр тэгээд нэлээн хэвтэж байхад Отгондулам намайг түрүүлж үнсэж авахаар нь би зөрүүлээд үнстэл Отгондулам миний дээр гарахаар нь дотоожийг нь тайлаад өөрийн дотоожийг мөн тайлтал Отгондулам миний дээр хөдөлж эхэлсэн. Отгондулам бид хоёр 4-5 минут бэлгийн харьцаанд орсон. Отгондулам бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Анужинг сэрээгээд гадагшаа гарсан. Харин удалгүй Отгондулам орж ирээд Анужин, Батболд хоёртой хамт унтсан. ...” /1хх 133-136/ гэсэн мэдүүлгүүд,

нас тоолсон тухай тэмдэглэл /1хх 184/, насанд хүрээгүй хохирогч Б.Оын төрсний гэрчилгээний хуулбар /1хх 185/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.Тг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан ...-ыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч З.Тгийн бага насны буюу 13 нас 10 сар 22 хоногтой Б.Оыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.Т “...надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт заасан хамгийн бага буюу 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч З.Тгийн гаргасан гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо “Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний хувийг хэрэгт хавсаргуулаагүй, хариуцлага алдсанаас үүдэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэмээн шийдвэрлэсэн ба шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад та бүхнээс хүлцэл өчиж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар гэм хорын хохиролд өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаа нэмж бүрдүүлж өгсөн байдлуудыг харгалзан гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид олгох зайлшгүй гарах зардал мөн бөгөөд гагцхүү хуульд заасныг үндэслэн уг хохирлыг арилгавал зохих этгээдээс гаргуулан хохирогчид олгох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ:” гэж, 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж тус тус заасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хорооны тодорхойлолт зэрэг холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч З.Тгээс гаргуулан Сонгинохайрхан дүүргиин Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгох нь зүйтэй байна.

Иймд, энэ талаар бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1009 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тгээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргиин Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч З.Тгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ