Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 271

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Б-ийн З-д холбогдох эрүүгийн 201626031425 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.З-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэндолгор нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл урлагийн удирдах ажилтан мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний төвд орлогч захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 1-10 насны 2 хүүхдийн хамт амьдрах, гавъяа шигналгүй, ял шийдгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Б-ийн З

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.З- нь 2016 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Күй” гэх үйлчилгээний газарт иргэн Б.Э-ийг найз Н.Т-ыг өмөөрч “дуугаа сонсооч” гэж хэлсний улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, мэдүүлгээ өгсөн байгаа. Иймээс шүүх хуралдаанд урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Э-д эмчилгээний зардал төлбөрт 4.0 сая төгрөг төлсөн байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан, Э- нь гомдол саналгүй тухай хүсэлтээ гаргасан байгаа. Миний хувьд өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Цаашид ийм зөрчил хэрэгт холбогдохгүй байж, өөртөө дүгнэлт хийж байна. Прокуророос сонсгосон ялыг хүлээн хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 201626031425 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01:00 цаг өнгөрч байхад санагдаж байна. Би найз нар М, Х, Т, П нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын “Күй” нэртэй караокед орсон. Тэнд хэсэг суугаад манай найз нар пиво уусан юм. Тэгээд биллъяард тоглох гээд оочирлож байхад хажууд Т- дуу тавиад зогсож байсан, ...бас нэг залуу хөгжимний хажууд очоод дуу тавих гээд, ...тэр хоёрын дунд маргаан үүссэн. Маргаан нь болохоор “чи дараа дуугаа тавьчих, би одоо тавьмаар байна” гэсэн шалтгаанаас болсон байсан.

Тэгээд Т- руу “хэрэв ээ би чамайг банди байсан бол зодох байлаа” гээд орилолдоод байхаар нь би дуугүй болгох гээд “тэгээд дуугаа тавьмаар байгаа бол тавилдаа пизда” гэж хэлэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг нүүрнээс базаж аваад, мангасдаад түлхэхэд ..би хойшоогоо унангаа алдаад тонгойгоод босч ирсэн. Тэгэхэд би уурлаад З- гэх залууг хувцасны захаар нь заамдаж авсан. Би З-ыг зүүн гараар заамдсан байсан, З- мөн зүүн гараараа заамдсан. Тэгэхэд З- миний нүүр лүү баруун гараараа хэд хэдэн удаа цохиж эхэлсэн. ...Би Т-д уурласан уураа гаргаж чадахгүй болохоор над руу хандаж гаргачихсан байх гэж бодож байна. ... Намайг зодуулж байх үед манай найз нар харсан. Мөн Күй караокены бармен, зөөгч нар харсан байх гэж бодож байна. Би тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч өөрийгөө хянах чадвартай байсан.  Би тэгээд зодуулснаас хойш бараг ухаан алдаад юу болсон тухайгаа сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд З- бид хоёр зууралдсан чигээрээ бүүр караокены үүд хэсэгт гадаа барьцалдчихсан байсан. Тэгээд нарийн зүйлийг санахгүй байна.

Би найзуудын хамт 2016 оны 10 сарын 07-ны шөнө 23:00 цаг өнгөрч байхад Күй бааранд орсон, харин зодоон 01:00 цагийн үед болсон. Тухайн үед би З-д гар хүрч зодсон зүйл байхгүй. Би тухайн үед урт гэзэгтэй байсан. Миний гэзэгнээс З- татчихсан байсан учраас надад З-ыг эсэргүүцэх, зодох, цохих ямар ч боломж байгаагүй. Би З-ыг энгэрээс нь заамдаж авсан. Надад З-ын гар хуруунд хүрч, мушгисан асуудал байхгүй. ...З- намайг цохиж зодож байхдаа юм уу, үсдэж чирж байхдаа гэмтээсэн байх гэж бодож байна.

...Надад учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг З- учруулсан. З-д зодуулж эрүүний хоёр яс хугарсан. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод 5 хоног хэвтэн эмчлүүлж, ...эрүүндээ төмөр чиг 3 ширхэгийг тавиулсан. Төмөр чиг авхуулах хагалгаанд бас орно. Эмчилгээний зардлын талаарх бүх баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. ...Эмчилгээний зардалд бүгд 3.500.000 төгрөг гарсан. З- надад хохиролд 4.000.000 төгрөг төлсөн. Үүнд миний дахин хийгдэх эмчилгээний зардал орсон байгаа. ...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...Миний зүгээс З-той харилцан тохиролцоод учир зүйгээ олсон, ямар нэг санал гомдол байхгүй тул хэргийг  хурдан шийдвэрлэж өгнө үү, шүүх хуралдаанд оролцох боломжгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14-17х, 120-121х, 238-240х, хэргийн 2-р хавтас 6-7х, 27х/,

 

2. Гэрч Э.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 сарын 07-ны өдөр 00 цагийн үед ажлаа тараад найз М, Э-, Т-, Н- нарын хамт ...ХУД-н нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын Күй нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд манай найз /Ошин/ Т- дуу сонсох гээд очоод З-той маргалдсан. Тэнд байсан бүх хүмүүсийн анхаарал тэр хоёр луу чиглэсэн байсан. Тэгэхэд нь З- гэх залуу Т-д хандаж дуу явуулахыг хүссэн юм шиг харагдаж байсан. Юуны тухай ярилцсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан З- гэх хүн Т-д хандаж “би чамайг эрэгтэй хүн байсан бол цохиод авчихмаар байна. Эмэгтэй хүн болохоор яаж ч чадахгүй юм” гэж хэлж байхыг сонссон. Т- бааранд чанга дуугаар орилж эхэлсэн. Т-, З- хоёр маргалдаж байхад Э- хажуунаас Т-д хандаж “зүгээр наад дууг нь тавиулчихаач дээ” гэж хэлж байсан. Харин З-д хандаж “чи наад дуугаа тавиачдээ” гэж хэлэхэд З- шууд үгийн зөрөөгүй аль гараараа гэдгийг санахгүй байна Э-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, тэгээд дагуулаад гарсан. З-  Э-ийг баруун хөлөөрөө хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь өшиглөж байхыг харсан. Ингээд удалгүй хүмүүс салцгаасан. Түүний дараа би шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед З-ын гар хуруу хугарсан, гэмтсэн талаар яриа өгүүлэл болоогүй. Э- тухайн үед хүн эсэргүүцээд гар хуруу мушгих завдал байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26-27х, 23х, хэргийн 2-р хавтас 28х /,

 

3. Гэрч Г.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 сарын 08-ны өдөр 21:00 цагийн орчим Лимон гэх студи дээр И-тэй уулзах гээд бас клипний зураг авалттай танилцах гэж очсон. Намайг очих үед И-, Б-, Э-, М, Х-, Т- нар байсан. Бид хэд уулзаад 2 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд тэндээсээ 23:00 цагийн орчим ХУД-н нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын 3 давхарт байрлах Күй нэртэй баар луу миний машиныг И- бариад явсан. Бид нарыг хүргэж өгчихөөд И-, Б-той хамт явсан. Э-, М, Х-, Т- бид нар Күй баар луу орж үйлчлүүлсэн.

Тухайн үед цаг 23:00 цаг өнгөрч байсан байх. Баарны тамхины өрөөнд ороод тамхи татчихаад явж байхад найз О-той таарсан. Ингээд шууд буцаад О-той хамт баарнаас гараад Гэгээнтэн цогцолборын 2 давхарт байдаг сандал дээр юм яриад суусан. 30 минут орчим тэндээ О-той хамт суусан. Тэгээд буцаад 3 давхар луу баар луу гарахад Х- надад “Э- зодуулчихлаа би цагдаа дуудчихсан” гэж байсан. Тухайн үед Х-, М нар Э-ийн хоёр талаас барьчихсан явж байсан. Тэр үед Э-ийн нүүр нь хавдчихсан, зодуулсан шинжтэй байсан. Удалгүй Х- миний гадуур хувцасыг аваад гараад ирсэн. ...Э-ийг хэн зодсоныг хараагүй. З- гэх залуу өмнө нь манай ажил дээр ирж байсан. Юу хийдэг талаар нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23-24х/,

 

4. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 сарын 08-ны өдөр үүрээр ээж О яриад “дүү Э- чинь зодуулчихсан байна” гэсэн. Тэгээд тухайн өдрийн 14:00 цагийн орчим Э- ГССҮТ-д хагалгаанд орно гэхээр нь очсон. Хагалгааг нь хүлээж байгаад 17:00 цагийн орчим Э-ийг гавал тархины тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Шаардлагатай эм тариаг нь авах гээд гарахад Э-ийн хэвтэн эмчлүүлж байгаа тасгийн үүдэнд Э-ийн биеийн байдлыг асуугаад нэг залуу зогсож байсан. Надаас тэр залуу Э-ийн биеийн байдлыг нь асуугаад байсан. Эм тариагаа авчихаад эргээд орох үед Т- гээд Э-тэй хамт ажилладаг залуу нь ирчихсэн байсан. Надад хандан Т- гэж хүн З- гэж хүнийг заагаад “энэ хүн зодоонд оролцсон хүн” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнээс “чи миний дүү Э-ийг ийм байдалтай болгосон юм уу” гэж асуухад З- “архи дарс уугаад, ийм зүйл болчихлоо” гэж хэлж байсан.

Тухайн үед З- нь гадна харагдаж шарх сорви байхгүй, гар нь хугарсан гэсэн зүйл байхгүй байсан. Ядаж хугарсан бол сойлт хийх байсан байх. Мөн З- нь надад танай дүү Э- нь гар хурууг минь хугалчихлаа гээд тухайн үед ярьж хэлээгүй. Маргааш өдөр нь болох 2016 оны 10 сарын 09-ний өдөр 12:00 цагийн орчим ГССҮТ дээр дүүгээ эргэх гээд хоол унд авчирч ирэхэд мөн тасгийн үүдэнд З- гээд залуу зогсож байсан. Надтай З- нь юм ярих гээд байхаар нь би юм яриагүй. Цагдаа шүүх дээр уулзая гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл тэр хүнтэй огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-29х/,

 

5. Гэрч З.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Күй бааранд байнга үйлчлүүлдэг болохоор эндхийн ажилчид, үйлчүүлдэг хүмүүсийг мэднэ. 2016 оны 10 сарын 08-ны өдөр би Күй бааранд үйлчүүлж байхад цэнхэр үстэй охин гэнэт орилоод З- гэж хүн рүү дайрч давшилж байсан. Тэгээд З- тэр охинд “би чамтай юм ярихгүй” гэх зэргээр хэрүүл маргаан үүссэн. Тэгээд З- жаахан холдоод явж байхад хажуу талаас нь Э- нэг юм хэлэх шиг болсон. Ингээд би өөр тийш хараад эргээд З-, Э- хоёр луу харахад тэр хоёр барьцалдаад зууралдаж байсан. Ингээд Күй баарны менежер М ах салгаад үүд рүү аваад гарсан.

Тэгэхэд гэнэт хүмүүс шуугилдсан чимээ гарахаар нь үүд рүү гарахад З-, Э- хоёр, хоёр талаасаа бие биенийгээ хараагаад хэрэлдээд байсан. Тэгээд би Э-тэй хамт явж байсан залууд “найзыгаа салгаарай” гэж хэлсэн. Коридорт хүмүүс бөөгнөрсөн байсан. Тэнд яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би найз охинтойгоо явж байсан болохоор тийшээ анхаарал сайн хандуулаагүй. Ингээд зодоон болсны дараа би Гэгээнтэний гадаа гарахад Э-ий нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан байдалтай, энд тэнд нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 32-33х/,

 

6. Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Күй бааранд менежер ажилтай хүн байгаа юм. ...Манай бааранд хүүмүүс дуугаа тавиад үйлчүүлж байхад цэнхэр үстэй охин зүс таних З- гэж залуу нарын хооронд дуунаас болж маргаан үүссэн юм. Цэнхэр үстэй охин З- гэж залуу руу дунд хуруугаа гаргаад, пизда гэх зэргээр З- руу дайрч давшилаад байсан. З- хариуд нь “чамайг эмэгтэй хүн болохоор чинь юу ч ярихгүй” гэж байсан. Хажуу талаас нь Э- гэж залуу З-д хандаж “чи муу надтай ярь пизда минь” гэсэн. Тэгээд З- Э- хоёр барьцалдаад авсан. Яг нарийн зүйлийг би санахгүй байна, хараагүй. Олон хүмүүс хоорондоо зодолдох нь гэж бодоод би бүгдийг нь гадагшаа коридорт гаргасан.

Тухайн өдөр манайд хамгаалагч байгаагүй. Ингээд коридорт 3 эмэгтэй, Э-, З-, Э-ий найз гээд 2 эрэгтэй хүн З-ын хамт явж байсан нэг залуу гарсан. Би зодоон үүсгэсэн хүмүүс тооцоотой байгаа эсэхийг лавлахаар дотогшоо баар луу орсон. Ингээд гарч ирэхэд З-, Э- хоёр барьцалдчихсан байсан. З- Э-ийг ямар ч байсан нүүр лүү нь цохиж байсан. Зүүн гараараа мөрнөөс нь барьчихсан, баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би шууд явж очоод зодооныг болиулж салгасан. Намайг салгах үед Э- нүүрээ дарчихсан коридорт шалан дээр сууж байсан. Миний харснаар З- Э-ий нүүр лүү нэг удаа цохисон, өөр цохиж зодсон асуудлыг хараагүй, мэдэхгүй. З- Э-ийг баарны заалан дотор текний хажууд нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 34-35х/,

 

7. Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 сарын 08-ны өдөр 22:00 цагийн орчим Э, М, Н, Б, Х нартай Лимон нэртэй дуу бичлэгийн студид уулзацгаасан. Тэндээ бид нар 2 литрийн 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Тухайн өдрийн 23:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын 3 давхарт байрлах “Күй” нэртэй баарлуу Э-, М, Н-, Билгүүн, Х- нартай орж тэндээ хөгжим сонсож, 05 литрийн Чингис нэртэй пиво Х-тай уусан.

Тухайн бааранд үйлчүүлж байсан хүмүүсийн дууны захиалгыг авч, дэс дарааллын дагуу явуулангаа бүжиглээд зогсож байсан. Энэ үед З- гэж залуу над дээр ирж “дуу тавьмаар байна” гэсэн. Тэгэхэд нь би З-ын дууны захиалгыг авч байсан. Тэгсэн З- өөрийн дураар дууны оролтыг салгаж, өөрийнхөө утаснаас дуу тавьчихаад, хаяад яваад байсан. Хамгийн сүүлд З-ыг над дээр ирээд дуу явж байсан хөгжимийн оролт салгах гээд байхаар нь “дуугаа биччих, хоёр хүний захиалсан дууны дараа явуулья” гэж хэлэхэд З- “үгүй, би өөрийнхөө утаснаас дуу тавьмаар байна” гээд бид хоёрын дунд маргаан үүссэн.

Ингээд З- намайг үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад баарны зааланд чанга дуугаар хараалын үг хэлсэн. Тэр үед З- надад хандаж “энэ удаа чамайг эмэгтэй хүн болохоор чинь зүгээр өнгөрөөж байна” гэсэн. Тэгэхэд Э- цаана сууж байгаад “наад дуугаа тэгээд тавиач дээ” гэж чангаар хэлсэн. З- шууд Э- лүү очоод үгийн зөрөөгүй заамдаж аваад, нүүрэн тус газар нь хэдэн удаа гэдгийг санахгүй байна, ямар ч байсан цохиж байсан. Дараа нь шууд З- Э-ийг үснээс нь чирээд гарсан. Би араас нь баарнаас ганцаараа гарахад бааранд байсан хүмүүс гарчихсан байсан. Намайг гарах үед Э-ийн нүүрэн тус газар нь З- гэх залуу хэд хэдэн удаа цохиж байсан. Х- салгах гэж оролдох үед З-, Э-ийг үсдэж байгаад нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс тараад, З- баар луу ороод явчихсан. З-ыг явсны дараа хэвтсэн байрлалтай байсан Э- дээр очиход нүүр нь маш их хавдалт үүсчихсэн, эрүү нь тэр чигтээ хавдсан, бага зэрэг далийсан байдалтай байсан. ...Х- цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед З-ын хуруу гар нь гэмтсэн зүйл огт харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36-37х/,

 

8. Гэрч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би З- гэж хүний эхнэр нь байна. 2016 оны 10 сарын 07-ны 22:00 цагийн орчим З- гэрээсээ гараад явсан. Юу гэж хэлж гарсныг би одоо санахгүй байна. Ингээд 2016 оны 10 сарын 08-ны шөнө намайг унтаж байхад ирсэн. Маргааш өглөө нь би З-оос “яагаад оройтсон” талаар нь асуухад яг гарах гээд байж байтал нэг залуутай муудалцсан гэсэн. Юунаас болж муудсан талаар нь асуухад “нэг хүүхэнтэй хэрүүл хийгээд, тэдний найзтай нь муудсан” гэж байсан. Яг яаж зодолдсон талаараа нарийн юм хэлээгүй. Зөвхөн хүнтэй муудалцаж, хэрүүл  маргаан үүссэн гэж л хэлсэн.

2016 оны 10 сарын 08-ны шөнө хуруу хугарсан гэж яриагүй. Маргааш өглөө нь зүүн гарын чигчий хуруу нь үл ялиг хавдсан, бага зэрэг мурийж, өнгө нь хөх туяа орсон байсан. Тэгэхээр нь би “наад хуруугаа үзүүл” гэж хэлсэн. Күй бааранд хүнтэй муудахад тэр зодолдсон залуу нь эхлээд хурууг нь мушгисан гэж ярьж байсан. ...Зүүн гарын чигчий хуруу нь 2016 оны 10-р сарын 07-ны орой гарахад ямар нэгэн гэмтэл авсан зүйл байгаагүй. Тийм зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40-42х/,    

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13949 тоот актын:

1. Б.Э-н биед эрүү ясны хоёрлосон хугарал, оочинд цууралт, цээж, хүзүү, баруун нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, хоёр хацар болон эрүүгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 46х/,

 

10. Шинжээч эмч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б.Э- нь тухайн үед ирж үзүүлэхдээ толгой нь өвдөнө, нүүрээр өвдөнө, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай байдал идэвхитэй, баруун нүдний орчимд хөхөрч туяарсан, эрүү хаван хавдар өвчин эмзэглэл ихтэй, хүүхэн хараа эерэг, эрүү яс баруун зүүн булангийн хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугаралттай, эрүүний зөөлөн эд хаван хавдартай байсан. Эрүү ясны хоёрлосон хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Э-ийн эрүү ясны хугарал нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53х/,

 

11. Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 10 сарын 07-ны орой 22:00 цагийн орчим гэртээ байж байгаад биллъяард тоглохоор ганцаараа гэрээсээ гарсан. Ингээд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын 3 давхарт байрлах Күй биллъяард клуб бааранд биллъяард тоглохоор очоод, тоглож байхад 2016 оны 10 сарын 08-ны 01 цагийн орчим 2 эмэгтэй, 3 залуу нийлсэн залуучууд орж ирж байсан. Тэгэхэд тэдэнтэй хамт явж байсан Х- гэж охинтой танилцаж, тамхины өрөөнд бага зэрэг юм яриад зогссон. Тухайн үед тэнд зүс таних Ч, П гэх хүмүүс үйлчүүлж байсан. Хамт тэд нартай биллъяард тоглоод, хөгжим сонсоод байж байтал Т- гэж охин миний тавьсан дуунуудыг удаа дараа унтраагаад байсан. Тэгэхээр нь Т- дээр очоод “ээлжлээд сонсъё, дуугаа дараа сонсчих” гэж хэлэхэд над руу шууд “чи хөгшин нохой” гэх зэргээр хараалын үг хэлж над руу орилж эхэлсэн. Тэгэхээр нь би “эмэгтэй хүн байж ямар муухай харьцаатай юм бэ, чамтай ч юу ярих вэ” гээд явах гэтэл цаанаас Э- гэх залуу “чи ямар чалчиганасан залуу вэ” гээд хажуунаас хэрүүл өдөөд харааж эхэлсэн.

Тэгээд Э- над руу нүүрээр тулж ирээд, духаараа нүүрлүү мөргөх гээд тулаад байхаар нь ...би Э-ийг хоёр гараараа нэг удаа цааш нь  өөрөөсөө холдуулж түлхсэн. Ингээд барьцалдаад, ноцолдоод байж байтал хамгаалагч нар гар гээд коридорт гаргасан. ... Э-ийн нүүрэн тус газар луу нь нэг удаа баруун гараараа цохисон, нүүрэн тус газар болон чихний дээд хэсэгт нэг удаа баруун гараараа Э-ийг цохисон. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Б.Э-д учирсан гэмтлийг би учруулсан. 

Тухайн үед Э-тэй муудалцаад заамдалцаж, үсдэлцээд зодолдож байхад Гэгээнтэн цогцолборын хамгаалагч болон баарны ажилчид салгасан. Ингээд тэр орчимын үйлчилгээний хүмүүсээс уулчлалт гуйгаад тарцгаасан. Тэгээд удалгүй миний зүүн гарын чигчий хуруун маш их өвдөөд хавдчихсан байсан. Би тэр үедээ чигчий хуруугаа яаж хугарсныг мэдээгүй. Маргааш нь Э-тэй уулзахаар Гэмтлийн эмнэлэгт очихдоо зургыг нь авхуулахад хугарсан байна гэсэн.

Тухайн үед уур хүрч, цочролд орчихсон, хуруугаа яаж хугарсныг мэдээгүй байж хэн нэгнийг холбогдуулж буруутгамааргүй байна. Болчимгүй зан гаргаж бусдад гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-94х, 96х, 116-117х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай урьд ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас, бакалаврын дипомын хуулбар зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.З- нь 2016 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гэгээнтэн цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Күй” гэх үйлчилгээний газарт иргэн Б.Э-ийг найз Н.Т-ыг өмөөрч “дуугаа сонсооч” гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь “эрүү ясны хоёрлосон хугарал, оочинд цууралт, цээж, хүзүү, баруун нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, хоёр хацар болон эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий” эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Б.Э-ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14-17х, хэргийн 2-р хавтас 6-7х, 27х/, гэрч Э.Х- /хэргийн 1-р хавтас 26-27х, 123х, хэргийн 2-р хавтас 28х/, Г.Н- /хэргийн 1-р хавтас 23-24х/, Б.Н- /хэргийн 1-р хавтас 28-29х/, Б.М /хэргийн 1-р хавтас 34-35х/, Н.Т- /хэргийн 1-р хавтас 36-37х/ нарын мэдүүлгүүд, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13949 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 46х/, шинжээч эмч М.Энхтайваныг асуусан байцаалтын тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 53х/, шүүгдэгч Б.З-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.З-ын дээрх үйлдлийг “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин догшин авирлаж танхайрсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байхад 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль тус тус хүчингүй болж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн уг гэмт хэргийн хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох “догшин авирлаж үйлдэх”, мөн  “ганцаараа нийтийн хэв журам зөрчих, танхайрах” гэсэн ойлголтууд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдаагүй, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна. 

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 

Энэ хэргийн хохирогч Б.Э-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нь шүүгдэгч Б.З- түүний нүүрэн тус газар нь цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн /цохих/ улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол/ байдал яллах болон өмгөөлөх талаас судлуулахаар санал гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З-ын бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.  

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Б.З- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, саналыг прокурорын хяналтын шатанд гаргаж, 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 201 дугаартай Прокурорын тогтоолоор Б.З-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршигийн тухайд:

 

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Б.Э-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож эмчилгээний төлбөрийн 4.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Б.Э- эмчилгээний зардалд тооцож 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан талаараа мэдүүлж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай тэдгээр нь 2017 оны 05 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн /хэргийн 1-р хавтас 232-247х, /хэргийн 2-р хавтас 6-7х, 27х, 35х/ байх тул шүүгдэгч Б.З-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй тул  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.З-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.З- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Б-ийн З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-ыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд  мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.З- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Б.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД