Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 110/ШШ2023/0063

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.М,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хатраны Бакен,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.М Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах“-аар маргаж байна.

              Нэхэмжлэгч анх “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах“ шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах“ гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба  шүүх хуралдаан  дээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан болно.

2. Х.М 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаас  ““Улаан туг” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул уг хугацааг ажилласнаар тооцох боломжгүй”  гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу амаар өгсөн байх ба  уг шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан байна.

            3. Тус зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор “1992 онд ажиллаж байсан Улаан туг” нэгдэл нь цалингийн  сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учир ажилласан жилд оруулан тооцох боломжгүй” гэж, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл  Нийгмийн  даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж  шийдвэрлэснээр Х.М нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн  даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж, энэ тухай мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр  2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

  Миний бие Х.М нь 1962 онд төрсөн, 61 настай, эрэгтэй. Би 1980-1983 онуудад хилийн цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж ирээд 1983 оны 10 дугаар сараас 1992 он хүртэл Толбо сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан. Тус нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлаа Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/0725 дугаар шийдвэрээр тогтоолгосон.

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан болзол, нөхцөлийн дагуу 1993-2000 он хүртэлх 8 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Нийтдээ цэргийн алба хаасан хугацаа 4 жил 6 сар, малчнаар ажилласан 9 жил 3 сар, нөхөн тооцуулсан 8 жилтэй нийлээд 21 жил 9 сарын тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, шалгуурыг бүрэн хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн.Миний холбогдох материалуудыг хүлээж авсан Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар тодорхой шийдвэр гаргахгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхгүй олон сар чирэгдүүлсэн. Учрыг асуухаар таны 1992 онд ажиллаж байсан гэх Толбо сумын “Улаан туг” нэгдэл нь тухайн жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир 1992 оныг ажилласан жилд тооцох боломжгүй, үүнээс болж таны ажилласан жил хүрэхгүй байна гэдэг. Тэгсэн мөртөө тодорхой шийдвэр гаргадаггүй байсан. Тэгээд би аргагүйн эрхэнд энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Тус зөвлөл миний гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд мөн өдрийн 34 дугаартай тогтоолоор 1992 оныг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Миний бие тус тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 1.5-д заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын  шаардлагын зөвлөлд гомдол гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Гэвч тэрнээс хойш 1 сар өнгөрсөн боловч тус зөвлөлөөс ямар нэгэн хариу мэдэгдээгүй учир эрх ашгаа хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө  төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж хуульчилсан. Мөн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө" гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудын хүрээнд миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох бүрэн боломжтой байгаа ба миний 1992 онд Толбо сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан байдал Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад ажил олгогч Толбо сумын “Улаан туг” нэгдлээс 1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь иргэн намайг 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

“2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ” гэж заасан тул 2023 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нийт хугацаа 21 жил 6 сар байх ёстой.

Иргэн Х.М нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр 1983 оны 10 дугаар сараас 1992 онд Толбо сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгосон байна. “Улаан туг” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл 1991 онд төлж, 1992 онд шимтгэл төлөөгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгал /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөл/-д даатгуулсанд тооцож, уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тайлбарт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна” гэж тайлбарласан.

Иймд 1992 он нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд орж тооцогдохгүй тул нийт шимтгэл төлж ажилласан байх 21 жил 6 сарын болзлыг хангахгүй байгаа учир 60 насандаа тэтгэвэр тогтоож өгөх боломжгүй байсан болно. Иргэн Х.М нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нийт 20 жил 9 сар ажиллаж, 61 нас 6 сарын насны болзол хангаж өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгон авч байгаа болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгчийн “Х.М Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00725 дугаартай шийдвэрээр /Хавтаст хэргийн  42-45 дах  тал/  Х.М нь  Баян-Өлгий аймгийн Толбо  сумын “Улаан туг” нэгдэлд  1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал малчнаар ажилласан болохыг тогтоосон байх ба энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.М  нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Улаан туг” нэгдэлд   малчнаар 1983 оны 10 дугаар сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  нийтдээ 9 жил 3 сар  ажилласан нь тогтоогдсон тул  энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

3. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул Х.М ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жилээр /1993-2000 он/ нөхөн тооцсон болохыг  баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн  5 дах  тал/ тогтоогдсон болно.

4.Нэхэмжлэгч  Х.М нь 1980-1983 онд хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн  6 дах  тал/  тогтоогдож байгаа ба  Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар нийтдээ 4  жил 6 сарыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.

5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр  зүйлд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан өндөр насны  тэтгэврийг  өөрийн хүсэлтээр   эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил 3 сараар нэмэгдүүлнэ”  гэж тус тус зохицуулсан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд  БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна гэж  Улсын Дээд шүүхээс тайлбарласан байна /УДШ, Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл ,заалтыг тайлбарлах тухай, 2008, тогтоол 47,х.5, мөр 8/.

6.Хариуцагчаас “Иргэн Х.М нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр 1983 оны 10 дугаар сараас 1992 онд Толбо сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгосон байна. “Улаан туг” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл 1991 онд төлж, 1992 онд шимтгэл төлөөгүй байна. Иймд 1992 он нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд орж тооцогдохгүй тул нийт шимтгэл төлж ажилласан байх 21 жил 6 сарын болзлыг хангахгүй байгаа учир 60 насандаа тэтгэвэр тогтоож өгөх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч  Х.Муптиханд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр  зүйлд заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг буюу 2023 онд  тэтгэвэрт гарах даатгуулагчийн хувьд 21 жил 6 сарын хугацааг хангаагүй гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан бусад  болзлыг хангаж байгаа талаар  болон 20 жил 9 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар  маргаагүй болно.

7.1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй: 1/ төрийн үйлдвэрийн газар ; 2/улс, орон нутгийн төсвөөр  санхүүждэг байгууллага; 3/олон нийтийн болон   шашны байгууллага, 4/ хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс” гэж,

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн  Толбо сумын “Улаан туг” нэгдлээс  1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд  төлсөн баримт байхгүй хэдий ч нэхэмжлэгч Х.М  “Улаан туг” нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  малчнаар ажилласан нь  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  бөгөөд  1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг  тус нэгдэл нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байсан, мөн  уг хугацааг  тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор тус тус  хуульчилжээ.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд  нийт 21 жил 9 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр  байна.

8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус заасан.

Иймээс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Х.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын ”Улаан туг” нэгдэлд  1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуусталх хугацаанд малчнаар ажилласан болох нь тогтоогдсон байхад ажил олгогч  “Улаан туг” нэгдлээс Х.М 1992 оны ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  заавал төлөх үүргээ  биелүүлээгүй нь  нэхэмжлэгчийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих 21 жил 6 сарын  шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.

9. Дээрх байдлаар  нэхэмжлэгчээс гаргасан  өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих 21 жил 6 сарын  шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь    Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай  тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно”  гэж  заасан ба нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох  өргөдөл гаргасан өдрөөр биш харин  2023 оны 4 дүгээр  сарын 03-ны өдөр буюу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 1, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Х.М Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ