Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 272

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Л-ийн Э-т холбогдох эрүүгийн 17020000120009 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ,,,, тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Л-ийн Э

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ,,,, дугаарын хуурамч гадаад паспортоор Монгол Улсын хил нэвтэрсэн, ,,,, дугаарын гадаад паспортыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

1. Шүүгдэгч Л.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд би өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв, тодорхой мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Солонгосын Виз авахдаа дүү Э-н паспортоор авсан. Тэгээд Буянт-Ухаагаас буцсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр паспорт авч Э-ийг Э- болгож зассан нь үнэн. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1702000020009 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хэргийн 163-164х/,

2. Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай эгч Э анх 1999 онд Солонгос улс руу ажил хийх зорилгоор явсан. Манай эгч ганц хүүтэй. Хүүгийнх нь нэрийг Д гэдэг. 1993 онд төрсөн. Эгчийг Солонгост байгаа дээр нь сургуульд сургах зорилгоор 2009 онд Солонгос руу явуулсан. Тэгсэн 2009 онд эгч маань Солонгост баригдаад албадан гаргагдаж, Монгол улсад ирсэн. Буцаад Солонгос руу явах гэхээр эгч өөрийнхөө нэрээр явж болохооргүй, хар тамга даруулсан байсан. Тэгээд хүү Д нь Солонгост очсон байсан учир эгч маань буцаж Солонгос руу ямар нэгэн аргаар очихоос өөр арга байгаагүй.

Хүү нь тухайн үед Солонгост ямар ч таних хүн байхгүй, газар мэдэхгүй байсан юм. Би явах эрхтэй байсан боловч би яваад хэл ус ч байхгүй, газар орон ч мэдэхгүй юм чинь яаж явахав дээ. Тэгээд “өөр танихгүй хүний нэрээр гадаад паспорт бичиг баримт гаргуулж явна гэж байснаас миний нэрээр хөөцөлдөөд виз, гадаад паспорт гаргуулаад явчих” гэж би ярьж байсан. Тэгээд ярилцаж байгаад миний нэрээр виз хөөцөлдсөн чинь виз гарсан. Тэгэхээр нь миний нэрээр гадаад паспорт захиалж аваад 2010 онд гарах гэсэн боловч Монголын хилээр гарч чадаагүй. Тэгээд эгч өөрийнхөө нэрээр гадаад паспорт захиалаад түүн дээрээ засвар хийгээд Солонгос руу явсан. Тэгээд түүнээс хойш эгч маань Монголд ирээгүй байж байгаад сая буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Монголд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 83-85х/,

 

3. Гэрч Ц.Э-нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд Буянт-Ухаа агаарын замын боомтын орох чиглэлд, зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ-312 дугаар аяллын онгоцоор зорчин ирсэн зорчигчдыг шалгаж хилээр нэвтрүүлж /орох чиглэлд/ нэг эмэгтэй хүн орж ирээд гадаад паспортоо өгсөн. Би тэр эмэгтэй хүний биеэ авч яваа байдлыг ажиглахад жаахан сэжигтэй, сандарсан байдалтай харагдсан. Гадаад паспортыг нь аваад зургийг нь тулгахад тухайн хүнтэй төстэй байсан, гадаад паспортын дугаар нь ,,,, дугаартай байсан.

Гадаад паспортынх нь хүчинтэй хугацааг хараад, хойшоо эргүүлээд гарах штампыг харсан. Тэгэхэд 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан гэх бүдэгхэн штамп дарагдсан байсан. Тэгэхээр нь гадаад паспортыг нь паспорт уншигчинд уншуулахад хилээр нэвтэрсэн бүртгэл /мэдээлэл/ байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн хүнээс регистрийн дугаарыг нь асуухад зөвхөн он, сар, өдрөө л хэлсэн.

Тухайн хүн авч яваа паспорт дээрх регистрийн дугаараа бүтнээр нь хэлж мэдэхгүй байсан. Тус гадаад паспорт дээрх нэр нь бол Л-ийн Э- гэх 1970 онд төрсөн хүний мэдээлэл байсан. Тэгэхээр нь улсын бүртгэлийн программ руу орж тухайн хүний /паспорт дээрх хүний мэдээллийг/ гаргаж, гарч ирсэн хүний мэдээлэлтэй тулгаж, ургийн овог, эцэг, эхийн нэр зэргийг нь асуухад юм хэлж чадахгүй байсан.

Тэгтэл тэр эмэгтэй гэнэт уйлаад эхэлсэн. Би “та яасан бэ юу болов” гэж асуухад “ах өнгөрсөн ажил явдал гараад ирсэн" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тайвшруулаад “та яг үнэнээ хэлээ, программд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үнэнээ хэл” гэхэд тэр эмэгтэй “Би 2010 онд дүүгийнхээ паспортыг ашиглаж гарсан” гэхээр нь би “та яг өөрийнхөө жинхэнэ овог, нэр, регистрийн дугаараа бүтнээр нь хэлээ” гэхэд Л-ийн Э- гээд регистрийн дугаараа хэлсэн. Өөрийнх нь нэр, регистрийн дугаараар нь улсын бүртгэлийн сан руу нэвтэрч мэдээллийг нь авч, программдаа бүртгэж, хилээр орсон штамп дарсан юм.  Тэгээд би ээлжийн ахлахыг дуудаж хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 106-107х/,

 

4. Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэсэлт ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хэргийн 3-11х/,

 

5. Л-ийн Э-н ,,,, тоот энгийн гадаад паспортад үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл:

Үзлэгээр тогтоогдсон байдал: Монгол Улсын иргэн Л-ийн Э-н

,,,, тоот гадаад паспортын зураг болон паспортын дугаар нь Монгол Улсын иргэн Л овогтой Э-ийнх, овог, нэр болон /,,,,/ регистрийн дугаар нь Л-ийн Э-н мэдээлэл байв” гэсэн тэмдэглэл /хэргийн 12-13х/,

 

6. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-21х/,

 

7. Л-ийн Э- гэсэн нэртэй, ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг Эд мөрийн баримтаар тооцсон 2017 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хэргийн 22х/,

 

8. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э-, ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э- нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт олгосон мэдүүлгийн лавлагаа баримтууд /23-41х/,  

 

9. ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э-, ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э- нарын 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хилээр нэвтэрсэн талаархи ХХЕГ-ын лавлагаа баримтууд /хэргийн 58-60х, 61-63х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээчийн 3889 дугаартай: 

1. Шинжилгээнд хүргүүлж буй Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт нь хуурамч байна.

2. Шинжилгээнд хүргүүлж буй Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт засвартай байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 130-134х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээчийн 3890 дугаартай:

1. Шинжилгээнд хүргүүлсэн Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон Л-ийн Э- (хавсралт-1)-н зураг нь нэг хүний зураг мөн.

Харин ,,,, дугаарын гадаад паспорт дээрх зураг болон Хавсралт-2 дээрх Л-ийн Э-н зураг өөр хүний зураг мөн...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 138-151х/,

 

12. Шинжилгээнд хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хэргийн 154-155х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээчийн 4071 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ,,,, дугаарын гадаад паспортын 32 дугаар нүүрэнд байх “17.07.2010 Буянт-Ухаа” гэх тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн “Буянт-Ухаа 63” цохиур хэвний дардастай тохирч байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 156-158х/, 

 

14. Шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн:

“...Би анх 1999 онд Солонгос улс руу явсан. 10 жил ажил хийгээд 2009 онд Монгол улсад буцаж орж ирсэн. Солонгосоос баригдаж, хар тамга даруулж орж ирсэн. Тэгээд 2010 онд буцаад Солонгос руу явах зорилгоор дүүгийнхээ бичиг баримт, мэдээллээр материалаа бүрдүүлж виз хөөцөлдсөн. Виз нь гарсан. Дүүгийнхээ нэртэй гадаад паспорт /дугаарыг нь санахгүй байна/, дүүгийнхээ нэртэй визийг ашиглан Буянт-Ухаа боомтоор гарах гэсэн боловч гарч чадаагүй буцаагдсан.

Тэгэхээр нь би өөрийнхөө нэрээр гадаад паспорт захиалж авсан. Тэгээд тэр паспорт дээрх мэдээллүүдэд засвар хийлгэсэн. Э- гэсэн нэрийг нь Э- болгоод, мөн регистрийн дугаар болон бусад мэдээлэлд нь засвар өөрчлөлт оруулаад,  өмнөх дүүгийнхээ нэр дээр авсан байсан гадаад паспорт дээрх визээ хуулж аваад, сүүлд өөрийн нэр дээр авсан гадаад паспорт дээр наасан. Тэр гадаад паспорт нь одоо энэ хураалгасан байгаа ,,,, дугаартай паспорт байгаа юм. Би өөрөө засвар өөрчлөлт хийж чадахгүй учир тухайн үед дам дамаа хүнээр дамжуулж хийлгэсэн.

Энэ ,,,, дугаарын гадаад паспортаар 2010 оны 07 сарын 17-ны өдөр Монгол улсаас гарч, Солонгос улсад очиж ажиллаж, амьдарч байгаад 2017 оны 07 сарын 16-ны өдөр Монгол улсад ирсэн. Би хил дээр ирээд гадаад паспортаа шалгуулахад ...шалгагч нь гээд Эрдэнэ хэн билээ дээ нэг эрэгтэй хүн байсан. Би шалгагчид гадаад паспортаа өгч шалгуулахад тэр шалгагч шалгаад нилээн удсан, мэдээлэл нь гарч ирэхгүй байсан бололтой байсан. Тэр шалгагч надаас “та хүний нэртэй гадаад паспортоор орж ирж байгаа юм уу” гэж асуухаар нь би “тиймээ, би дүүгийнхээ нэртэй гадаад паспортоор орж ирж байгаа юм” гэж үнэнээ хэлсэн. Би тэр шалгагчид учраа тайлбарлаж хэлсэн. Манай дүү болон гэр бүлийнхэн маань намайг Монголд ирэх гэж байсныг мэдэж байсан. Гэхдээ намайг ямар бичиг баримтаар, хэрхэн яаж ирэхийг мэдэхгүй байсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би 2010 онд Буянт-Ухаа 63 штамп эзэмшиж байсан Ж гэж хүнийг танихгүй. Мөн Б гэх хүнийг танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-82х, 103-104х, 165-167х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Э-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ-312 дугаар аяллын онгоцоор Монгол улсад ирэхдээ ,,,, дугаарын хуурамч гадаад паспорт ашиглаж Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, мөн уг ,,,, дугаарын гадаад паспорт нь хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- гэрч Л.Э- /хэргийн 83-85х/, гэрч Ц.Э- /хэргийн 106-107х/ нарын мэдүүлэг,

- ТЕГ-ын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн Хилийн зөрчлийн материал /хэргийн 3-11х/,

- “Монгол Улсын иргэн Л-ийн Э-н ,,,, тоот гадаад паспортын зураг болон паспортын дугаар нь Монгол Улсын иргэн Л овогтой Э-ийнх, овог нэр болон /,,,,/ регистрийн дугаар нь Л-ийн Э-н мэдээлэл байв” гэсэн Л-ийн Э-н ,,,, дугаартай энгийн гадаад паспортад үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл /хэргийн 12-13х/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-21х/, 

- Л-ийн Э- гэсэн нэртэй, ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг Эд мөрийн баримтаар тооцсон 2017 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хэргийн 22х/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э-, ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э- нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт олгосон мэдүүлгийн лавлагаа баримтууд /23-41х/,

- ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э-, ,,,, регистрийн дугаартай Л-ийн Э- нарын 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хилээр нэвтэрсэн талаархи ХХЕГ-ын лавлагаа баримтууд /хэргийн 58-60х, 61-63х/,

- “Шинжилгээнд хүргүүлж буй Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт нь хуурамч байна. Шинжилгээнд хүргүүлж буй Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт засвартай байна” гэсэн ШШҮХ-ийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээчийн 3889 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 130-134х/,

- “Шинжилгээнд хүргүүлсэн Л-ийн Э- гэх нэртэй ,,,, дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон Л-ийн Э-ийн (хавсралт-1) зураг нь нэг хүний зураг мөн. Харин ,,,, дугаарын гадаад паспорт дээрх зураг болон Хавсралт-2 дээрх Л-ийн Э-н зураг өөр хүний зураг мөн...” гэсэн ШШҮХ-ийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээчийн 3890 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 138-151х/

- шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

 

Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон. 

Мөн Үндэсний гадаад паспорт нь Монгол улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх эрх олгосон, иргэний баримт бичиг болох утгаараа түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй бөгөөд эсхүл бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах,  уг баримт бичгийн мэдээлэл агуулга өөрчлөгдсөн засварласан засвартай гэдгийг мэдсээр байж ашиглах зэрэг аливаа үйлдэл нь хууль бусд тооцогдох шууд санаатай гэмт үйлдэл болно.

 

Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцогдох юм.

Шүүгдэгч нь 2017 оны 07 сарын 16-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хил нэвтрэхдээ Л-ийн Э- нэртэй, хуурамч, засвартай ,,,, дугаартай энгийн гадаад паспортыг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Хуурамч баримт бичиг ашиглах  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нэгэн зэрэг хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. /ЭХТА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

 

Шүүгдэгч Л.Э-ийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ,,,, дугаарын хуурамч гадаад паспортоор Монгол Улсын хил нэвтэрсэн, ,,,, дугаарын гадаад паспортыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Л.Э- нь гадаад паспорт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, уг хуурамч гадаад паспортаар /бичиг баримт/ Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, /хэргийн 187х/ 2017 оны 09 сарын 16-ны өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Э-ийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Э- нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, “Хуурамч баримт бичиг ашиглах”  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Э-т торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л-ийн Э- нэртэй, ,,,, дугаартай хуурамч энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, энэ хэрэгт Л.Э- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Л-ийн Э-ийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт, Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгэн нэгж буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн торгох ял,,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгэн нэгж буюу 1.351.000 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.351.000 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийт 1.802.000 /нэг сая найман зуун хоёр мянга/ төгрөгийн торгох ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Э- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан Л-ийн Э- нэртэй ,,,, дугаартай хуурамч гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй. 

 

6. Энэ хэрэгт Л.Э- нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД