Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/01737

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/01737

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Г овогт М.Ц /РД: …/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,, АэЖИ ХХК/РД: ..., гүйцэтгэх захирал Б.Х/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, урамшуулал, гаргуулах, цалин хөлсний зөрүү гаргуулах, дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г овогт М.Ц нь АэЖИ ХХК-д 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Маркетинг борлуулалтын менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болно. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэлгүй ажиллаж байсан болно. АэЖИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тушаалыг танилцуулсан болно.

АэЖИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.9.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул М.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэжээ. Компанийн хувьцаа эзэмшигчид 2022 оны 11 дүгээр сард солигдож, улмаар Гүйцэтгэх захирал Э.Мыг ажлаас чөлөөлж, Б.Х гэх хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлын 22/12-730 тоот албан бичгээр Компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн маркетинг, борлуулалтын албыг борлуулалтын алба болгон өөрчлөх, маркетинг борлуулалтын албаны дарга, менежер гэсэн албан тушаалыг борлуулалтын менежер болгон өөрчилж, цалинг 50% буюу 800,000 төгрөг болгон бууруулсан санал ирүүлсэн. Улмаар Гүйцэтгэх захирал, хувь эзэмшигч нарын өрөөнд үйл ажиллагаа хариуцсан захирал н.Б намайг дуудан уулзаж, дээрх саналыг танилцуулсан, саналыг хүлээж авахгүйг гэхэд өргөдлөө өг гэж шахсан. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Х захирал намайг дуудаж уулзахад миний бие дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэлсэн, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтаар намайг ажилдаа ирэхгүй байж болно. Ажлаас чөлөөлж байгаа талаар хэлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Х-гийн ... утас руу тушаал гарсан эсэхийг асуухад 2022 оны 12 дугаар 22-ны өдөр тушаал танилцуулсан болно. Миний бие ажил таслаагүй, гүйцэтгэх захирлын хувьд ажлаас халж буй талаар хэлж, миний бие хүүхэд өвдөж, хүүхдээ эмнэлэгт сахиж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Гэтэл тушаалын тушаах хэсэг дээр ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах (Маркетинг, борлуулалтын албаны менежер), ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 589,044 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,017,137 төгрөг нийт 1,606,181 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Миний бие Г овогт М.Цнь АэЖИ" ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Маркетинг борлуулалтын менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ ажиллаж байсан болно. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэлгүй ажиллаж байсан болно.

Нэг. Борлуулалтын урамшуулал гаргуулах тухай

АэЖИ ХХК-ийн маркетинг, борлуулалтын менежер албан тушаалд ажилд ороход нийт борлуулсан орон сууц захиалгын гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувьд тооцон урамшуулал олгохоор заасан байдаг.

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.М болон Борлуулалт, маркетингийн албаны ахлах менежер Б.О болон надтай 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх урамшууллын тооцоо эцэслэн акт үйлдсэн. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ажлаас халахдаа дээрх урамшууллыг олгоогүй болно.

Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ., 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй. гэж заасан бөгөөд олгогдоогүй цалин хөлс олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Миний хувьд ажиллах хугацааны орон сууц борлуулсан борлуулалтын урамшуулал нь нийт 6 орон сууц, 614,072,500 төгрөгийн орон сууц борлуулсан. Үүний 2 хувь нь 12,281,450 (Арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин) төгрөг болж байгаа болно.

№ Огноо Гэрээний дугаар Блок Мкв Мкв үнэ Нийт үнэ Борлуулалтын

Урамшуулал2%

1.    8/7/2022 Б220807116-2 А2 35.51 2,500,000 88,775,000 1,775,500

2.    8/17/2022 А5220817053-2 А5 39.11 1,350,000 49,828,500 996,570

3.    8/22/2022 Б220822117-2 А2 48.86 2,000,000 97,720,000 1,954,400

4.    9/8/2022 220708141-2 А1 65.71 1,900,000 124,849,000 2,496,980

5.    11/3/2022 221103139-2 А1 35.45 2,500,000 88,625,000 1,772,500

6.    11/4/2022 А1 65.71 2,500,000 164,275,000 3,285,500

614,072,500 12,281,450

Хоёр. Цалин хөлсний зөрүү гаргуулах тухай

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Маркетинг, борлуулалтын менежер албан тушаалд туршилтын хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт "...Туршилтын хугацааны цалин 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг гэж заасан байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалингтухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно. гэж заасан байна.

Надад Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулсан албан тушаалын үндсэн цалингаас 200,000(Хоёр зуун мянган) төгрөгөөр доогуур үндсэн цалинг тогтоож дээрх цалингаар 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болно.

Иймд 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн зөрүү нийт 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Гурав. 11,12 дугаар сарын цалин хөлс гаргуулах тухай

2022 оны 11 дүгээр сараас миний цалин хөлсийг дутуу олгож, 12 дугаар сард бүтэн цалин хөлс олгоогүй болно.

2022 оны 11 дүгээр сарын цалин 1,256,175.24 (Нэг сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун далан таван төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийн цалин бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэлд 144,460 (нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун жаран) төгрөг, ХХОАТ- т 95,172 (Ерэн таван мянга нэг зуун далан хоёр) төгрөг суутгасан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 280,000 (Хоёр зуун наян мянган)төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 120,000 (Нэг зуун хорин мянган) төгрөг буюу нийт 11 дүгээр сарын цалинд 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг олгосон болно. Иймд 11 дүгээр сарын цалингийн зөрүү 589,044 (Таван зуун наян есөн мянга дөчин дөрвөн) төгрөгийг нэхэмжилж байна.

 

2022 оны 12 дугаар сарын цалин 1,256,920.75 (Нэг сая хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун хорин төгрөг далан таван мөнгө) цалин бодогдсоноос Нийгмийн даатгалын шимтгэлд 144,546 (нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөчин зургаан) төгрөг, ХХОАТ-т 95,237 (ерөн таван мянга хоёр зуун гучин долоон) төгрөг, гарт олгох 1,017,137 (нэг сая арван долоон мянга нэг зуун гучин долоон) төгрөгийг огт олгоогүй байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 589,044 (Таван зуун наян ееөн мянга дөчин дөрвөн) төгрөг, 12 дугаар сарын цалин 1,017,137 (нэг сая арван долоон мянга нэг зуун гучин долоон) төгрөг нийт 1,606,181 (Нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэгэн) төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Орон сууц борлуулсны урамшуулал болох 12,281,450 (Арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин) гаргуулах.

2.    2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарын үндсэн цалин хөлсний зөрүү 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулах

3.    2022 оны 11, 12 дугаар сарын дутуу олгосон цалин хөлс болох нийт 1,606,181 (Нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэгэн) төгрөгийг гаргуулах

Нийт 15,087,631 (Арван таван сая наян долоон мянга зургаан зуун гучин нэгэн) төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч М.Цын өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг сарын 1,307,422 төгрөг нэг өдрийн 62.258,19 төгрөг, нийт 16 сар, 5 хоног, 21,230,044 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ компанийн гүйцэтгэх удирдлага сар болгон өөрчлөгддөг. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний гарын үсэг н.Төмөр захирлын гарын үсэг биш. Харьцуулан үзсэн үндсэн дээр тогтоогдож байгаа. 730 гэсэн албан бчигээр цалинг 50 хувь буурууллаа гэсэн албан бичиг ирсэн. Энэ бичиг дээрх н.Халиунаа гэсэн бичилт хөдөлмөрийн гэрээний бичилт таарна.

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр компанийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Энэ тушаалын 1-т 1-р хавсралтад заасны дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан байна. Тушаах хэсгийн 4, 5 дахь хэсгээс харагдаж байна. 12, 16-ны өдөр М.Цтой уузалт хийсэн ажилдаа ирэхгүй байж болно гэсэн.

Үзлэг хийлгий гэсэн шүүх хүлээж аваагүй, энийг тэмдэглэлд тусгайлан тусгуулах хүсэлтэй байна. 10, 11-р сарын цалин хөлсийг олгоогүй. Нэхэмжлэгчид 80-р зүйлд зааснаар ажилд ирэхгүй байж болно гэсэн албан бичиг өгсөн. гэв.

 

Хариуцагч АэЖИ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлуулалтын урамшуулалд 12,281,450 төгрөгийг олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтан М.Цтой 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХГ-23/22 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж батлуулсан. Уг хоёр хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд борлуулалтын урамшуулал олгох тухай заагаагүй ба талууд анх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа борлуулалтын урамшуулал олгох тухай харилцан тохиролцоогүй нь ажилтан М.Цтой байгуулсан гэрээнүүдээр нотлогдож байх ба 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гүйцэтгэх захирал Э.Мтай энэ тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх боловч энэ тухай гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, санхүүгийн албанд борлуулалтын урамшуулал олгох тухай мэдээ мэдээлэл байхгүй тул уг борлуулалтын урамшуулал гэх 12,281,450 төгрөгийг олгох үндэслэлгүй болно. 2022 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн зөрүүнд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/23 тоот тушаалаар Гүйцэтгэлийн цалин бодох тухай журам-ыг баталсан. Уг журмаар компанийн нийт ажилчдад хамаарахаар журмыг баталсан ба журмын 4.1.2-т Үндсэн цалингийн бүтэц нь Цагийн болон гүйцэтгэлийн цалин гэсэн бүтэцтэй байна. гэж заасны дагуу ажилтны 2022 оны 7, 8, 9, 10,11, 12 дугаар саруудад тухайн сарын ажиллавал зохих фонд цаг болон тухайн сарын ажлын гүйцэтгэлийг уг журмын дагуу ажилтны бодит ажилласан цаг болон ажлын гүйцэтгэлээр бодож олгосон болно. Иймд цалин хөлсийг дутуу олгосон гэх 1,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. 2022 оны 11, 12 дугаар саруудын цалин хөлсөнд 1,606,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтны 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд 1,256,175.24 төгрөг бодогдсоноос 400,000 төгрөгийг олгож, 589,044 төгрөгийг олгоогүй. 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсөнд 985,137 төгрөг олгоогүй байх тул нийт 1,574,181 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иргэн М.Цын нэхэмжлэлтэй АэЖИ ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Борлуулалтын урамшуулалд 12,281,450 төгрөгийг олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтан М.Цтой 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХГ-23/22 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж батлуулсан. Уг хоёр хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд борлуулалтын урамшуулал олгох тухай заагаагүй ба талууд анх хөдөмлөрийн гэрээг байгуулахдаа борлуулалтын урамшуулал олгох тухай харилцан тохиролцоогүй нь ажилтан М.Цтой байгуулсан гэрээнүүдээр нотлогдож байх ба 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Мтай энэ тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх боловч энэ тухай Гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, санхүүгийн албанд борлуулалтын урамшуулал олгох тухай мэдээ мэдээлэл байхгүй тул уг борлуулалтын урамшуулал гэх 12,281,450 төгрөгийг олгох үндэслэлгүй болно.

2. 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн зөрүүнд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад: Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/23 тоот тушаалаар Гүйцэтгэлийн цалин бодох тухай журам-ыг баталсан. Уг журмаар компанийн нийт ажилчдад хамаарахаар журмыг баталсан ба журмын 4.1.2-т Үндсэн цалингийн бүтэц нь Цагийн болон Гүйцэтгэлийн цалин гэсэн бүтэцтэй байна. гэж заасны дагуу ажилтаны 2022 оны 07, 08,09, 10,11,12 дугаар саруудад тухайн сарын ажиллавал зохих фонд цаг болон тухайн сарын ажлын гүйцэтгэлийг уг журмын дагуу ажилтаны бодит ажилласан цаг болон ажлын гүйцэтгэлээр бодож олгосон болно. Иймд цалин хөлсийг дутуу олгосон гэх 1,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно.

3. 2022 оны 11, 12 дугаар саруудын цалин хөлсөнд 1,606,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтаны 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд 1,256,175.24 төгрөг бодогдсоноос 400,000 төгрөгийг олгож, 589,044 төгрөгийг олгоогүй. 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсөнд 985,137 төгрөг олгоогүй байх тул нийт 1,574,181 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хариуцагчаас гаргаж өгсөн цаг бүртгэлийн системээр бол 16-ны өдрөөс хойш ажилдаа ирдэггүй. Нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй. Нийт 2 удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан хөдөлмөрийн гэрээг байгуулсан. 2 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан энэ хоёр гэрээнд урамшууллын тухай заагаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар тушаал, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1231 дугаар албан бичиг, М.Цын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төслөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт, өөрчлөлт, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, АэЖИ ХХК-ийн МВ/ төслийн марктенгийн идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, МВ-мөнгөн урсгал, АэЖИ ХХК-ийн Орон сууц захиалгын гэрээ, хариуцагчийн баримтаар гаргасан АэЖИ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, АэЖИ ХХ-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/22 тоот тушаалын хуулбар, АэЖИ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн алба, хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах, албан тушаалтнуудын цалингийн цэсийг шинэчлэн батлах тухай № Ш-23 тогтоолын болон хавсралтуудын хуулбар, АэЖИ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, АэЖИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/23 тоот тушаалын болон хавсралтын хуулбар, АэЖИ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын хуулбар, АэЖИ ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын хуулбар, АэЖИ ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан 2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх цалингийн тайлан, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.О-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Э.Мын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц хариуцагч АэЖИ ХХК-д холбогдуулан Маркетинг, борлуулалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай, урамшуулалд 12,281,450/арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай, цалин хөлсний зөрүү 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181/нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АэЖИ ХХК нь ажлаа хийлгүй хаяад явсан, хууль зөрчиж ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй, гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, урамшуулал олгох үндэслэлгүй, ажилтны бодит ажилласан цаг болон алжын гүйцэтгэлээр бодож олгосон, цалин хөлсийг дутуу олгосон гэх үндэслэлгүй, 1,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хариуцагчийн Маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд ажилласан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/ байгуулсан талаар маргахгүй байна.

 

Зохигчид 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний талаарх нэмэлт, өөрчлөлтийг оруулсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт, өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.10, 10.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгэх захирал томилогдсон талаарх мэдээллийг ажлын 15/арван тав/ өдрийн дотор бүртгүүлж байсан болох нь хариуцагчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба хариуцагчийн гүйцэтгэх захирал тушаал, шийдвэр гаргаж байсан байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээний 5.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-ий 5-ын 5.2.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан; гэжээ.

 

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн хувьцаа эзэмшигчдийн Компанийн алба, хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах, албан тушаалтнуудын цалингийн цэсийг шинэчлэн батлах тухай № Ш-23 тогтоол гарсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн алба, хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах, албан тушаалтнуудын цалингийн цэсийг шинэчлэн батлах тухай № Ш-23 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт зааснаар компанийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой Маркетинг, борлуулалтын менежерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид 30/гуч/ хоногийн дотор Борлуулалтын албаны менежер ажлын байранд ажиллах эсэх саналаа ирүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн болох нь энэ талаарх зохигчийн тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй ажлын байр хасагдсантай холбоотой Борлуулалтын албаны менежер ажлын байранд ажиллах эсэх талаар уулзсан талаар зохигчид маргахгүй байна.

 

Дээрх уулзалтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа ирэхгүй байж болно, ажлаас чөлөөлж байгаа талаар хэлсэн гэх тайлбар нэхэмжлэгч нь гаргаж байна.

 

Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаал болон нэхэмжлэгчид чөлөө олгох тухай тушаал гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд ажлын байрандаа ирээгүй талаар маргахгүй байна.

 

Гэрч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн удирдлагатай ганцаарчилж уулзсан болох нь гэрч Б.О-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалт, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-ий 5-ын 5.2, 5.2.5-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачлгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх боловч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-ий хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр ... үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд ... хувийг ажилтанд өгөх үүрэгтэй., мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:, 50.1.2-т туршилтын хугацаагаар ажиллуулах; гэж заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-г туршилтын хугацаатай байгуулж, нэг хувийг нэхэжлэгчид өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2 дахь заалтад нийцсэн байна.

 

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-ий 3/гурав/ сарын туршилтын хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчид үргэжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар зохигчид маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр ... үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. гэж заасан.

 

Зохигчид Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.

Зохигчид хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд ажлын байрандаа ирээгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлн, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тайлбар авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Маркетинг, борлуулалтын албаны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1,600,000/1,600,000х3=4,800,000, 4,800,000:3=1,600,000/ /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг болох нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/туршилтын хугацаатай/-ий хуулбар, хариуцагчийн нягтлан бодогчийн гаргасан 2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх цалингийн тайлангаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажлын 29/хорин ес/ хоног, 15/арван тав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 26,209,510/1,600,000:21=76,190, 29x76,190=2,209,510, 15x1,600,000=24,000,000, 2,209,510+24,000,000=26,209,510/ /хорин зургаан сая хоёр зуун есөн мянга таван зуун арав/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181/нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.1-т гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох , мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ тусгана. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Гүйцэтгэлийн цалин бодох журмын 4-ийн 4.1.6-д Ажилтны цалинг сард 2 хуваан олгох ба сар бүрийн 10-ны өдөр сар бүрийн 25-ны өдөр бодож олгоно. гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалин хөлсийг дутуу олгосон талаар маргахгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсөд 589,044/таван зуун наян есөн мянга дөчин дөрвөн дөрөв/ төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсөд 1,017,137/нэг сая арван долоон мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг, нийт 1,606,181/589,044+1,017,137=1,606,181/ /нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг дутуу олгосон болох нь хариуцагчийн нягтлан бодогчийн гаргасан 2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх цалингийн тайлангаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд нийт 1,606,181/589,044+1,017,137=1,606,181/ /нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас урамшуулалд 12,281,450/арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, урамшуулал олгох тухай мэдээ мэдээлэл байхгүй гэж маргасан.

 

Зохигчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2-ын 2.2.4.7-д зааснаар урамшуулал олгож болох бөгөөд гүйцэтгэлийн урамшуулал олгох нөхцөл, шалгуурыг Гүйцэтгэлийн үнэлгээний журам, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ ... нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ: гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гүйцэтгэлийн цалин бодох журам-ыг баталжээ.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2-т Урамшууллын дүнг ... тухайн жилийн төлөвлөгөө, хэрэгжүүлж ажилласан байдлыг харгалзан тогтооно., 2.4.5-д Мөн ажил үүргээ хангаллттай гүйцэтгэж ... буй ажилтанд ажил үүрэгтэй нь холбоотой урамшуулал олгож болно., 2.4.6-д 2.4.5-д заасан урамшууллын хэмжээг тухай бүр нь Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж олгоно. гэжээ.

 

МВ/ төслийн марктенгийн идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, МВ-мөнгөн урсгал гэх баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч уг баримтад 11-р сар, 12-р сар, 2023 оны 1-р сар, 2-р сар гэжээ.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2, 2.4.5, 2.4.6-д зааснаар дээрх баримтаар нэхэмжлэгчийн тухайн жилийн төлөвлөгөөг баталсан, нэхэмжлэгч нь тухайн төлөвлөгөөг биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, урамшууллын тухай гэх Орон сууц захиалгын гэрээ гэх баримтад нэхэмжлэгчид урамшуулал олгох тухай заагаагүй, хариуцагчийн гүйцэтгэх захирлын урамшуулал олгох тухай тушаал гараагүй байна.

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журам-ын 2-ын 2.4.2, 2.4.5, 2.4.6-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид урамшуулалд 12,281,450/арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг олгох үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас орон сууц борлуулсны урамшуулалд 12,281,450/арван хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсний зөрүү нийт 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын дутуу олгосон цалин хөлс гэх нийт 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгтэй холбоотой сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байх тул нэхэмжлэгч нь уг маргаантай холбогдуулан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 104 дүгээр зүйлийн 104.1, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цыг хариуцагч АэЖИ ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч АэЖИ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг, дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181/нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг, нийт 22,836,225/хорин хоёр сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч АэЖИ ХХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 13,481,450/арван гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 233,389 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч АэЖИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 155,131 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 104 дүгээр зүйлийн 104.1, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цыг хариуцагч АэЖИ ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч АэЖИ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг, дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181/нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг, нийт 22,836,225/хорин хоёр сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч АэЖИ ХХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 13,481,450/арван гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 233,389 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч АэЖИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 155,131 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ