Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 273

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Г-т холбогдох эрүүгийн 171000090012 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, “Жавхлант Богд” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ,,,,тоотод оршин суух, урьд 2003 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б-ын Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,,тоотод оршин суух иргэн Г.Г-ийн эзэмшлийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,,тоотод оршин суух иргэн Г.Г-г эзэмшлийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслээ гэрийнхээ хашааны гадаа үлдээсэн байсныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ах дүү нартайгаа Тэрэлж орж ирчихээд эцсийн буудлаас гэр лүүгээ харих гээд явж байсан. Би Г.Г- ахыг танина, Г.Г- ах надаар машинаараа ийш тийшээ хүргүүлдэг байсан. Би тухайн үед эрүүл байсан. Тэгээд би дэлгүүр орж зээл авахаар явж байтал Г- ахын машины үүдэнд очиход түлхүүрээ орхисон байсан. Би Г.Г- ахаар дэлгүүр лүү хүргээд өгөөч гэж хэлэх гэж байтал хүн гарч ирэхгүй болохоор нь машиныг нь аваад дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүр орчихоод явж байтал Дэнжийн ойролцоо хоёр, гурван танидаг хүн тааралдсан. Тэгээд хоёр шил архийг тавуулаа уусан. Тэгээд би архи уучихлаа, яаж машинаа барих уу гэхэд хамт байсан хүмүүс жолооч олоод ирье гэж байсан. Тэгээд жолооч авч ирэхийг хүлээгээд сууж байтал цагдаа, Г.Г- ах хоёр ирсэн. Г.Г- ах намайг хэлээд явахгүй яасан юм бэ гэсэн. Тухайн үед би Г.Г- ахын машиныг хашлага руу шахаад хаалгыг нь зурсан байсан. Тэгээд Г.Г- ах өргөдөл өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд Г.Г- ахад 183.000 төгрөг төлсөн...Би мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г-д 100.000 төгрөг өгөөд үлдсэн 83.000 төгрөгийг нь өнөөдөр манай эхнэр аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/           

            3. Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирээд машинаа хашааныхаа гадаа үлдээгээд гэр лүүгээ орчихоод 30 орчим минутын дараа гараад иртэл миний ,,,, улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашин алга болчихсон байсан. Тэгээд машиныхаа түлхүүрийг хайтал байхгүй байсан учраас машинаа түгжилгүй түлхүүрээ зоолттой орхисноо мэдсэн. Тэгээд гудамжаар машинаа хайгаад явж байтал зүс таних О, Т гэх хоёр залуу таны машиныг Гамбий буюу Г- уначихсан Яармагийн хуучин эцсийн буудал руу хойшоо явж байсан, ганцаараа жолоодоод явж байсан гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн үед цагдаа нар машиныг оллоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн гудамжнаас олсон гэж ярихаар нь би шууд яваад очтол Г- миний машиныг унаад явж байсан нь үнэн байсан. Г- нилээн согтуу байсан. Өөр хүн хажууд нь байхгүй байсан. Тэгээд машинаа хартал миний машины урд талын гупер, жолоочийн эсрэг талын хаалганы хажууд хонхойлгосон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/

            4. Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Ашид Билгүүн ХХК...Автомашин техникийн үнэлгээний тайлан...Нийт дүн 163.000 төгрөг...” /хх-ийн 18-19/

            5. Яллагдагч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Хан-Уул дүүргийн ,,,,тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би 14-15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцэс дээр 6-7 хүнтэй юм яриад зогсож байсан. Гэртээ харих гээд явж байгаад тэнд таньдаг хүмүүстэйгээ таарсан юм. Тэр хүмүүсийг би зүсээр нь танина, нэрийг нь хэлж мэдэхгүй. Тэгээд байж байтал Яармагийн дэнжийн Т гэх 30 гаран насны залуу согтуу ирээд “Г ахаа та миний тэргийг дээш нь хүргээд өгөөч” гэсэн. “Юун тэрэг юм бэ, хаана байгаан” гэхэд “энэ байна” гээд надад машиныхаа түлхүүрийг үзүүлсэн. Хэний тэрэг юм бэ, юун тэрэг юм бэ гэж асуухад “манай найзын тэрэг, манай найз тасарчихлаа, би машинд суулгаад явуулчихлаа, араас нь машиныг нь хүргэж өгмөөр байна” гэсэн. “Тэр найз чинь хаана байгаан, хаана нь хүргэж өгөх юм бэ” гэхэд “Дэнж дээр байгаа” гээд надад түлхүүрээ өгсөн. Машин тэр байна гээд Яармагийн хуучин эцсийн Жаргалантын гудамж талдаа чигтээ гудамжинд зогсож байгаа цагаан саарал өнгийн Гранд марк 2 маркийн машиныг заасан. Тэгэхээр нь би “би Дэнж явах юм чинь, машиныг чинь дөхүүлж өгчихөөд харьлаа” гэхэд “хамт явъя” гээд суусан. Тэгээд машиныг асаагаад дээш Дэнж дээр аваачтал Давхар дэлгүүрийн гадна зогсоогоод “Та наанаа машинаа хараад байж бай, би найзыгаа дуудаад ирье” гээд явсан. Би машиных нь гадаа хүлээгээд зогсож байтал доороос миний таньдаг 5-6 хүн ирсэн. Тэд нар Давхар дэлгүүрээс 2 шил архи авсан. Тэгээд гудамжинд ууж яахын машинд чинь ороод уучихъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тэд нартай тэр 2 шил архийг нь тэр машинд сууж байгаад уусан. Ууж дуусаад тарах гэж байтал 2 машин ирээд хулгайн машин болоод явчихсан. Удаагүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Г- нь урьд 2003 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 42-43, 44-45/-аар тогтоогдлоо.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг ялгүй болсон гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Г.Г- ахыг танина, Г.Г- ах надаар машинаараа ийш тийшээ хүргүүлдэг байсан...би дэлгүүр орж зээл авахаар явж байтал Г- ахын машины үүдэнд очиход түлхүүрээ орхисон байсан. Би Г.Г- ахаар дэлгүүр лүү хүргээд өгөөч гэж хэлэх гэж байтал хүн гарч ирэхгүй болохоор нь машиныг нь аваад дэлгүүр орсон...би Г.Г- ахын машиныг хашлага руу шахаад хаалгыг нь зурсан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...машинаа хашааныхаа гадаа үлдээгээд гэр лүүгээ орчихоод 30 орчим минутын дараа гараад иртэл миний ,,,, улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашин алга болчихсон байсан. Тэгээд машиныхаа түлхүүрийг хайтал байхгүй байсан учраас машинаа түгжилгүй түлхүүрээ зоолттой орхисноо мэдсэн. Тэгээд гудамжаар машинаа хайгаад явж байтал зүс таних О, Т гэх хоёр залуу таны машиныг Гамбий буюу Г- уначихсан Яармагийн хуучин эцсийн буудал руу хойшоо явж байсан, ганцаараа жолоодоод явж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ,,,,тоотод оршин суух иргэн Г.Г-г эзэмшлийн ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслээ гэрийнхээ хашааны гадаа үлдээсэн байсныг зөвшөөрөлгүйгээр авч явсныг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Г-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Г-д 183.000 төгрөгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал /“Жавхлант Богд” ХХК-нд гагнуурчин ажилтай, 45 настай/ зэргийг харгалзан Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Г-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г- оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

5. Б.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР